Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00851

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00851

 

ХУДНДХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00538 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХУДНДХ-ийн хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10 207 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж тухайн шимтгэл хураамжийг төлсөн бичилт хийх ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг зөрчиж 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2019 оны 5 сараас 2020 оны 8 сар хүртэл хугацааны төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 7 234 627 төгрөг, үүнд тооцсон хугацаа хэтрүүлсний алданги 2 973 343 төгрөг, нийтдээ 10 207 970 төгрөгийн өр авлага үүсээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсан болон ажилгүйдлийн, жирэмсний амаржсаны тэтгэмж авах болон өндөр настны тэтгэмж авах боломжгүйд хүрч даатгуулагчдын болон нийгмийн даатгалын сангийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн хүүтэй алданги тооцож уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу алданги, шимтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин бусад төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн тухай хуульд алдангийн тухай дурдсан байдаг. Уг зөрчлийн асуудал нь өнөөдрийн иргэний хэргээс тусдаа асуудал учир Зөрчлийн тухай хуульд заасан алдангийн асуудлыг шүүх оногдуулахгүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа учир нэхэмжлэлд Х ХК гэснийг ХК болгон залруулах боломжтой гэж үзэж байна. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн нэгдсэн сангийн холбогдох материалыг хэрэгт хавсаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч компани үйл ажиллагаагаа явуулахгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа тул хариуцагч талын гаргасан тайлбар, үндэслэл нь хууль ёсны биш байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Х ХК-иас 10 207 970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХУДНДХ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 178 277 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Х ХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10 207 970 төгрөгийг гаргуулж ХУДНДХ-т олгож шийдвэрлэснээс алданги 2 973 343 төгрөгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс үүдэн гарах алдангийн асуудал нь ямар хууль тогтоомжоор зохицуулагдах, тухайн асуудал нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах эсэх талаар ямар ч дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэж хариуцагч Х ХК-ийн эрхийг дордуулсан шийдвэр гаргажээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дах хэсэгт зааснаас үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол зөрчилд тооцож, тус асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулан алдангийг төлж барагдуулахаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэн хариуцагч Х ХК-иас алданги 2 973 343 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын хэлтэст олгохоор үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Х ХК-иас алданги 2 973 343 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХУДНДХ нь хариуцагч Х ХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7 234 627 төгрөг, алдангид 2 973 343 төгрөг, нийт 10 207 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Х ХК нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөнөөс 7 234 627 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2 973 343 төгрөг, нийт 10 207 970 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь хэргийн 9-13, 18-21 дэх талд авагдсан тус компанийн 2020 оны 8 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан шаардлагууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хариуцагч Х ХК нь албан журмаар даатгуулагч байх бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Х ХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 7 234 627 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар уулзалт хийж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан шаардлага, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэлүүдийг хариуцагчид тус тус хүргүүлж Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т заасан ажиллагааг явуулсан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан боловч хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйийн 17.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7 234 627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв харин шүүх алданги 2 973 343 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ.

 

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дах хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчдөд алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр зохицуулагдсан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсарлтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дах хэсгийн 3.3.1-т Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэх-ээр заасан боловч уг журам нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан зохицуулалттай нийцэхгүй болсон тул дээрх журмыг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулах боломжгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 973 343 төгрөгийн алдангийг Нийгмийн даатгалын тухай хуульд үндэслэн шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2 973 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуучин хуулийг баримталсан байгааг зөвтгөж хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХК-иас 7 234 627 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХУДНДХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 973 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 178 277 гэснийг 130 705 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 524 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ