Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0429/з |
Дугаар | 221/МА2017/0110 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0110
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “******* *******” ХХК-д холбогдох, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Үйлст од сэр” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч "******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон "Үйлст од сэр" ХХК-ийн зүгээс уг хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрт холбогдуулан энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д "... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан "******* *******" ХХК-д холбогдох, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан "Үйлст од сэр" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай" гэснийг гуравдагч этгээдийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг нэхэмжлэгч "******* *******" ХХК зөрчөөгүй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч "******* *******" ХХК нь анх маргаан бүхий газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар авсан байдаг бөгөөд үүнээс бүтэн 2 жил 7 сарын дараа буюу 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 2011/135 тоот "Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-г байгуулсан байдаг. Нэхэмжлэгч энэхүү гэрээг байгуулсан цагаас бид газрын төлбөрөө төлж эхэлсэн тул газрын төлбөрийн хувьд хууль зөрчөөгүй гэдэг. Анхан шатны шүүхийн зүгээс "******* *******" ХХК нь газрын төлбөрийн хувьд хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд нэгэнт тухайн компанид уг газрыг ашиглах эрх 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүссэн бол энэ өдрөөс эхлэн газрын төлбөрөө төлөх үүрэг буюу хариуцлага мөн үүсч, эрх зүйн үр дагавар бий болно. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хувьд нийтийн эрх ашгийг төлөөлж, нэг иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгож байгаа бөгөөд энэ эрхтэй хамт нэгэн зэрэг хууль тогтоомжид заасан тодорхой үүрэг, хариуцлага дагаж үүсдэг, өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашиг нь нөгөө талаас газар ашиглагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, тухайлбал, газрын төлбөр төлөх үүргийг хүлээнэ. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2011/135 тоот "Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх гэж газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхой зааж өгсөн. Гэтэл "******* *******" ХХК-д тухайн газрыг ашиглах эрх 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон байтал газрын төлбөрөө 2013 оноос төлж эхэлсэн нь "******* *******" ХХК нь бүтэн 2 жилийн турш газрын төлбөр төлөөгүй байсан нь нотлогддог. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.1 ба 35.3.3-д заасан "гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", "газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх" үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзэх хууль ёсны үндэслэл болно.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн хуулийн заалтыг хэрэглэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал гарсан нь өөрөө хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй тушаал байсан гэж үзэж байна. 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2011/135 тоот "Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ" байгуулах хууль зүйн үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаал гэж үзэж, түүнийг шүүхээс хүлээн зөвшөөрсөн атлаа уг тушаалыг үндэслэн үүсэх, эрх ба үүргийн талаар зохих хуулийн зүйл, заалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөв хэрэглээгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг нэхэмжлэгч "******* *******" ХХК зөрчөөгүй гэж дүгнэсэн. Энэ талаар нэхэмжлэгч болох "******* *******" ХХК нь бид үйл ажиллагаа явуулах гэтэл төр засгийн байгууллагын зүгээс боломж олгоогүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан бөгөөд гэтэл энэхүү байдлыг нотлох хангалттай нотлох баримт хэргийн материалд байхгүй, тухайн компани нь яг ямар албан бичгээр, төр засгийн ямар холбогдох байгууллагад хандсан, хэн гэдэг албан тушаалтан, мэргэжилтнээс ямар хариу авсан зэрэг бичмэл нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь бид зураг төслөө батлуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар удаа дараа хандахад холбогдох эрх бүхий байгууллага зөвшөөрөл өгөөгүй гэдэг. Гэтэл хэрэгт энэ талаар удаа дараа хандсан баримт байхгүй, ямар нэг төрийн байгууллагаас албан ёсоор бичгээр хариу өгсөн баримт байхгүй. Ямар шалтгааны улмаас нэхэмжлэгч болох "******* *******" ХХК-ийн барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах зөвшөөрлийг олгоогүй талаар баримт мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, үүнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байсан эсэхийг тодруулж үзээгүй. Энэ талаар ямар ч нотлох баримт, эх сурвалж байх байхгүй, төр засгийн холбогдох эрх бүхий байгууллагаас албан ёсоор өгсөн хариулт, албан бичиг байдаггүй. Энэ байдлыг тодруулж үзэлгүйгээр анхан шатны шүүхээс "******* *******" ХХК-ийн зүгээс үйл ажиллагаа явуулаагүйг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан"-д холбон үзэж байгаа нь учир дутагдалтай юм. "******* *******" ХХК хууль тогтоомжийг баримтлаагүй, үйл ажиллагаа явуулаагүй зөрчсөн үйлдлийнх төлөө чиг үүргийн захиргааны байгууллага татгалзах нь хууль ёсны үйлдэл мөн, харин "******* *******" ХХК-ийн тухайд энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх ямар нэг бодит бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар "газар ашиглах эрх" үүссэн, улмаар 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2011/135 тоот "Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-ээр баталгаажуулсан уг газрыг "******* *******" ХХК-иас хоёр жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна. Байгаа нотлох баримтыг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид ашигтайгаар, нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг зөрчсөнөөс болж гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нэхэмжлэгч "******* *******" ХХК-д газар ашиглах эрх цуцалсан тухай мэдэгдээгүй гэжээ.
Гуравдагч этгээдийн зүгээс энэхүү нөхцөл байдлын талаар сайн мэдэхгүй, энэ талаар мэдээлэл аваагүй байсан тул анхан шатны шүүх хуралдааны дараа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох хүмүүстэй уулзахад энэ тухай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "******* *******" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд тухайн компанийн газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай мэдээллийг тус яам дээр уулзаж байхдаа тухайн үед нь өгсөн болохыг олж мэдлээ. Нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй энэ байдал нь уг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа "Үйлст од сэр" ХХК-ийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо ноцтой зөрчүүлэх байдалд хүргэсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тухайн үед энэ асуудлыг хариуцан ажиллаж байсан холбогдох мэргэжилтнийг гэрчээр оролцуулж, уг хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийг зайлшгүй авах ажиллагааг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх энэ үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байна.
3. Тус газрын маргаан бүхий хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа "Үйлст од сэр" ХХК-ийн хувьд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, чиг үүргийн дагуу төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 тоот тушаалаар манай компанид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон. Бидний хувьд холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргээ бүрэн биелүүлж байсан бөгөөд энэ үүднээс "Үйлст од сэр" ХХК-д уг газрыг ашиглах эрх олгосон. Өөрөөр хэлбэл, газар эзэмших, ашиглах эрх олгодог, хяналт тавьдаг, эрхийн зөрчил гаргасан бол уг зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй төрийн захиргааны төв байгууллагын зүгээс уг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, газар ашиглах эрхийг маань хүчингүй болгоогүй, өөрөөр хэлбэл, манай компанид олгосон газар ашиглах эрхийн асуудал энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас ангид, чиг үүргийн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон газар ашиглагч хуулийн этгээдийн хооронд, хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх асуудал байтал шүүх өөр хэн нэгэн этгээдийн гаргасан хүсэлтээр манай компанид олгогдсон газар ашиглах эрхийг маань хүчингүй болгож шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн үйлдэл юм.
4. Гуравдагч этгээдийн зүгээс Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгчтэй байгуулсан, анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнөх хойшлогдсон бүх хуралдаануудад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуралд өмгөөлөгчтэй оролцсон байтал шийдвэр гаргасан шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох эсэх, өмгөөлөгч байгаа эсэх, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирж оролцох эсэх талаар тодорхой асуулгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж хэргийг үнэн зөв, бодитоор шийдвэрлэх боломжийг олгож өгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын "******* *******" ХХК-д холбогдох хэсэг болон мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын "Үйлст од сэр" ХХК-д холбогдох газар ашиглах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч тал "Монгол таун хаус" гэх төсөл батлуулсан гэх боловч төсөл хийхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх төсөл байгаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Барилга барих эскиз зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй, анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ Богдхан уулын хамгаалалтын захиргааны санал гаргуулалгүйгээр газар ашиглах тушаал гаргуулсан зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.2.1, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2, 41 дэх заалтуудыг зөрчсөнийг шүүх дүгнээгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаал болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд “******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-277 дугаар тушаалаар маргаан бүхий 3.5 га газрыг “Үйлст од сэр” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх маргаан бүхий актууд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч компани нь гэрээнд заасны дагуу газар ашиглах эрх үүссэн өдөр буюу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж газрын төлбөр төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх гэрээ байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс газрын төлбөр төлнө гэж дүгнэсэн нь буруу. “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д зааснаар нэхэмжлэгч 3 сарын дотор гэрээ байгуулах үүрэгтэй байсан” гэж маргажээ.
Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж зааснаар дүүргийн Засаг дарга болон хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгжтэй газар ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-д 3.5 га газар ашиглах эрх олгохдоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч С.Наранцэцэгт газар ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах үүргийг хүлээлгэжээ. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч “******* *******” ХХК-д 2010 онд газар ашиглах эрх олгосноос хойш 3 сарын дотор талууд газар ашиглах гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу хариуцагчийн үүрэг юм.
Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, 2 дахь хэсгийн 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж тус тус зохицуулснаас үзэхэд гэрээ байгуулагдсанаар газрыг ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч болох бөгөөд газар ашиглах эрх олгосон хэдий ч газар ашиглах гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч нь газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг мэдэх боломжгүй учир нэхэмжлэгч “******* *******” ХХК газар ашиглах тухай гэрээг байгуулсан өдрөөс буюу 2013 оноос эхэлж газрын төлбөр төлснийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд “Үйлст од сэр” ХХК газар ашиглах хүсэлт гаргахдаа хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлээгүй талаар дүгнэснээс биш маргаан бүхий актын үндэслэл болох нэхэмжлэгч хуулийн этгээд нь зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашигласан эсэх, ашиглаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “газраа зориулалтын дагуу ашиглаж болохгүй нөхцөл байдлууд үүссэний улмаас төлөвлөгдсөн төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн байх ба улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор Зайсан толгой орчимд шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох ажлын хэсэг байгуулсан зэргээс үзэхэд “******* *******” ХХК газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглах боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Нэгэнт дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр маргаан бүхий газарт барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох болон барилга барих асуудлыг зогсоосон нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч төрийн ямар байгууллагуудад хандаж, ямар хариу авсан талаарх нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг 14 хоногийн өмнө гуравдагч этгээд “Үйлст од сэр” ХХК-ийн өмгөөлөгч В.Гэрэлт-Одод мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч хэргийн оролцогчдоос ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад хүсэлт гаргаагүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох эсэх талаар тодорхой асуулгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд, хариуцагчаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 636 дугаар албан бичгээр тогтоогдсон төдийгүй хариуцагч тухайн үед нь мэдэгдсэн гэх байдлаа баримтаар нотлохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийнх нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг 2016 оны 02 дугаар сард мэдэж, Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан байх ба гомдлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад шилжүүлсний дагуу хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” ХХК-д газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “******* *******” ХХК-д холбогдох хэсэг, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Үйлст од сэр” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Харин шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН