Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 146

 

Ч.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар магадлалтай, Ч.Д-д холбогдох 1733000030014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Ч-гийн Д нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ч.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2 хүний амь насыг хохироож, 6 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Г.Т-г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-гээс 15,263,371 төгрөг гаргуулж Ц.Б-д, 18,928,655 төгрөг гаргуулж Д.У-д, 5,647,000 төгрөг гаргуулж Г.Ц-д, 2,142,517 төгрөг гаргуулж Ү.Э-д тус тус олгож, Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 88,372,797 төгрөгийг, Д.У-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 59,100,000 төгрөгийг, Г.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,000 төгрөгийг, Ү.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,610,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-гээс 15,263,371 төгрөг гаргуулан Ц.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 44,472,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, банкны зээлийн үлдэгдэл 43,900,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 18,928,655 төгрөг гаргуулан Д.У-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 59,100,000 төгрөгт холбогдох хэсгийг, 5,647,000 төгрөг гаргуулан Г.Ц-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,000 төгрөгт холбогдох хэсгийг, 2,142,517 төгрөг гаргуулан Ү.Э-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,610,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд гаргасан гомдолдоо “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээр нас барсан жолооч Б.Ц-гийн гэрээгээр ажиллаж байсан “А” ХХК-ийн захирал Г.Т-г иргэний хариуцагчаар татсан байсан. Жолооч Б.Ц нь тус компанитай байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ осолд орж, тээврийн хэрэгсэл дотор сууж явсан олон хүн гэмтсэн. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд жолооч Б.Ц нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дурдагдаагүй ч зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэж явснаас олон хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Гэмтэл авсан дээрх хохирогч нарын эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-д хариуцлагыг хүлээлгэж төлүүлэх ёстой атал шүүх хууль буруу хэрэглэж иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх Ч.Д-гээс 15,263,371 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д, 18,928,655 төгрөгийг Д.У-д, 5,647,000 төгрөгийг Г.Ц-д, 2,142,517 төгрөгийг Ү.Э-д, 300,000 төгрөгийг М.Н-д олгохоор шийдвэрлэж, 5 жил хорих ял оногдуулсан. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Ц.Б-д төлөх төлбөрөөс 5,000,000 төгрөг, Д.У-д төлөх төлбөрөөс 5,000,000 төгрөг, Г.Ц, Ү.Э, М.Н нарт төлбөрийг тус тус төлж барагдуулсан байхад шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн ухамсарлаж байгаа байдал, бусдад төлөх төлбөрөө өөрийн бүх бололцоог ашиглан төлж барагдуулж байгааг харгалзан үзэлгүй, хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаар хөнгөрүүлэлгүйгээр шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчид төлсөн төлбөрийг нийт төлбөрөөс хасаагүй байгааг анхаарч үзнэ үү. Иймд шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, хохирол төлсөн байдал, мөн болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг бүрэн дүүрэн шалгаж, тогтоосон. Талийгаачийн ажиллаж байсан компанийн захирлыг иргэний хариуцагчаар татсан байсныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Талийгаач нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хүүхдүүд тээвэрлэх ёстой хүний тоонд орохгүй гэдэг нь шинжээчийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Д нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замын 39-өөс 40 дүгээр тэмдэгт замаар хх хх УББ дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Соната-6” загварын хх хх ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 2 хүний амь насыг хохироож, 6 хүний биед хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх Ч.Д-гийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд “...нас барсан жолооч Б.Ц-гийн гэрээгээр ажиллаж байсан “А” ХХК-ийн захирал Г.Т-г иргэний хариуцагчаар татсан. Гэмтэл авсан хохирогч нарын эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-д хариуцлагыг хүлээлгэж төлүүлэх ёстой атал шүүх хууль буруу хэрэглэж иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Ц.Б-д төлөх төлбөрөөс 5,000,000 төгрөг, Д.У-д төлөх төлбөрөөс 5,000,000 төгрөг, Г.Ц, Ү.Э, М.Н нарт төлбөрийг тус тус төлж барагдуулсан байхад шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн ухамсарлаж байгаа байдал, бусдад төлөх төлбөрөө өөрийн бүх бололцоог ашиглан төлж барагдуулж байгааг харгалзан хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаар хөнгөрүүлээгүй” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Нас барсан жолооч Б.Ц нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар нэг зөрчил гаргаагүй тул түүний ажил үүрэг гүйцэтгэж байсан байгууллагад гэмт хэргийн хохирлыг төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хохирлоос зарим хэсгийг төлсөн байдлыг магадлалд дурдаагүй нь шийтгэх тогтоолд заавал өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхээс Ч.Д-д оногдуулсан ял нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН