Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/00587

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр  Дугаар 183/ШШ2021/00587 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  С ХХК -д холбогдох,

 

гэрээний үүрэгт 979,459,500.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч тал 2019.01.16-ны өдөр гэрээ байгуулж нийтдээ 13 удаагийн ачилтаар 725.500 литр дизель түлшийг 1.429.269.000 төгрөгөөр худалдан авсан байдаг, түүнээс 776.296.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 652.973.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү төлбөрийг талууд тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд төлбөрийг 100 хувь төлж барагдуулах, төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байдаг. Талууд харилцан тохиролцож алдангийн хэмжээ 0.3 хувь болгон бууруулж гэрээний хавсралтад дурдсан. Хариуцач төлбөр төлөлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч энэ хугацаанд төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Тийм учир гэрээний хавсралтад дурдсанаар 0.3 хувийн нийт алдангийг тооцож, Иргэний хуульд үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан учир 326.486.500 төгрөгийн алдангийг үлдэгдэл төлбөрийн хамт нийтдээ 979.459.500 төгрөгийг шаардсан нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрч байгааг өөрөө нотлох ёстой байдаг. Гэтэл хариуцагч талаас гаргасан хариу тайлбар нь нотлогдохгүй, үндэслэлгүй байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд хүнд нөхцөл, давагдашгүй хүчин зүйлсийн талаар тодорхойлсон боловч ямар эрх бүхий байгууллагаар нотолж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөтэйгөөр төлбөр төлөх боломжгүй болсон, мөн лиценз цуцалсан болон компанийн үйл ажиллагаа доголдсон талаар ямар нөхцөл байдал болсон нь тодорхойгүй байна. Компанийн үйл ажиллагаа явуулах чиглэл нь туслах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг гэрчилгээнд бичигдсэн байсан. Тэгэхээр энэ талаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн талуудын хоорондын ачилтын ажил 2019 оны 2 сараас хойш 5 сар хүртэл хийгдсэн. Гэрээнд заагдсан хугацааны дагуу ачилт хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Үнэхээр 8 сараас хойш төлбөр төлөх боломжгүй болсон бол 2019 оны 5 сараас 8 сар хүртэл хугацаанд ямар шалтгааны улмаас төлбөрийг төлөхгүй байсан нь эргэлзээтэй, ойлгомжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв

 

Хариуцагч С ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... С ХХК нь Ашигт малтмалын ашиглалтын .... тусгай зөвшөөрлийг 2042 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар, ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 08 сарын 21-ны өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байсан ба эдгээр тусгай зөвшөөрлүүдийн дагуу .... аймгийн .... сумын нутагт ... нүүрсний уурхайг нээн ажиллуулж байсан билээ. Харамсалтай төрийн захиргааны байгууллага манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн талбайг орон нутаг цаашлаад улсын тусгай хэрэгцээнд авч, тусгай зөвшөөрлийг маань цуцалсны улмаас 2019 оны 06 дугаар сараас олборлолтын ажил зогсож, уурхайгаас олборлосон байсан нүүрсээ худалдан борлуулах, захиалагч талдаа нийдүүлэх ямар ч боломжгүй болсон.

Бид олборлосон нүүрсээ худалдан борлуулж, өртэй иргэд, аж ахуй нэгж байгууллагадаа өр төлбөрөө төлөх шаардлагатай байгаа талаар удаа дараа төрийн шат шатны байгууллагад тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шийдвэрлээгүй байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсан, Ковид-19 цар тахлын улмаас экспорт зогссон зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас манай компани их хэмжээний төлбөрийн дарамт, өрөнд ороод байгаа болно. Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрөл цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Хариуцагч С ХХК-ийн хувьд алдангид нэхэмжилсэн 326,486.500 төгрөгийг төлөх санхүүгийн нөөц бололцоогүй хүнд нөхцөл байдалд байна. Түүнчлэн түс компанитай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 9-р зүйлд Хүнд нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагаврыг зохицуулсан байгаа.

Шатахууны үнэд нэхэмжилж буй 652,973,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө олборлосон нүүрсээ худалдан борлуулах замаар мөнгөн урсгалтай болмогц төлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хариуцагч нь төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч З ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 652,973,000 төгрөг, алданги 326,486,500 төгрөг нийтдээ 979,459,500 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагч С ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...гэрээний үлдэгдэл төлбөр 652,973,000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн, харин алданги 326,486,500 төгрөгийг төлөх санхүүгийн нөөц бололцоогүй хүнд нөхцөлд байгаа гэснээс үзэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна гэж дүгнэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.01.16-ны өдөр ... дугаартай Газрын тосны бүтээгдхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1 болон хавсралт 1-д зааснаар 145,440 литр түлш нэгж үнэ 2,050,00 төгрөг нийтдээ 298,152,000 төгрөгийг, хавсралт 2-т зааснаар 580,060 литр нэгж үнэ 1,950,00 төгрөг нийтдээ 1,131,117,000.00 төгрөгийг тус тус ачилт хийсэн өдрөөс эхлэн хуанлийн 30 хоногийн дотор төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохирсон байна.

 

Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээний 5.1-д гэрээний үнийг тухай бүр нийлүүлэгдэж буй шатахууны хавсралтад заасан үнээр тодорхойлох, шатахууны үнийг тухайн үеийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоож, хавсралтад заана гэжээ.

 

Төлбөрийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.2, 263.2.1, 263.2.2, 263.2.3-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлийг заавал гэрээнд тусгана гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

З ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /2019.01.01-нээс 2019.12.31-ний байдлаар/, 2020.08.13-ны өдрийн нэхэмжлэх-2, талуудын хоорондын тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн 2020.07.31-ний өдрийн ... тоот мэдэгдэл, шатахуун тослох материалын зарлагын падаан, нэмэгдсэн өртөгийн татварын падаан зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд харилцагч С ХХК нь 13 удаагийн ачилтаар 725,500 литр дизель түлш худалдан авсан байх бөгөөд нийт үлдэгдэл 652,973,000.00 төгрөгийг төлөөгүй, нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 425-445 хоногоор хэтрүүлсэн болох тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2, хавсралт 1, 2-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрийн 50 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс болон хүнд нөхцөл байдлын улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол тэр даруйд нөгөө талдаа мэдэгдэх, дээрх байдал нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл талууд харилцан зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэхээр заасан байх боловч хариуцагч С ХХК нь ...санхүүгийн нөөц бололцоогүй хүнд нөхцөлд байгаа талаар тухайн үедээ мэдэгдээгүй байна.

 

Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт нийтдээ 979,459,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зуунннайман Ойл ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,055,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,055,248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ