Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00724

 

 

 

 

 

 

“З Н О” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00587 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “З Н О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С Г К Т” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 979 459 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, нийтдээ 13 удаагийн ачилтаар 725 500 литр дизель түлшийг 1 429 269 000 төгрөгөөр худалдан авсан байдаг, түүнээс 776 296 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 652 973 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү төлбөрийг талууд тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд төлбөрийг 100 хувь төлж барагдуулах, төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байдаг. Талууд харилцан тохиролцож алдангийн хэмжээ 0.3 хувь болгон бууруулж гэрээний хавсралтад дурдсан. Хариуцагч төлбөр төлөлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч энэ хугацаанд төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Тийм учир гэрээний хавсралтад дурдсанаар 0.3 хувийн нийт алдангийг тооцож, Иргэний хуульд үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан учир 326 486.500 төгрөгийн алдангийг үлдэгдэл төлбөрийн хамт нийтдээ 979 459 500 төгрөгийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Талуудын хоорондын ачилтын ажил 2019 оны 02 дугаар сараас хойш 5 сар хүртэл хийгдсэн. Гэрээнд заагдсан хугацааны дагуу ачилт хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Үнэхээр 8 сараас хойш төлбөр төлөх боломжгүй болсон бол 2019 оны 5 дугаар сараас 8 сар хүртэл хугацаанд ямар шалтгааны улмаас төлбөрийг төлөхгүй байсан нь эргэлзээтэй, ойлгомжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С Г К Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С Г К Т ХХК нь Ашигт малтмалын ашиглалтын МУ-017038 тусгай зөвшөөрлийг 2042 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар, ашигт малтмалын ашиглалтын МУ-019036 дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байсан ба эдгээр тусгай зөвшөөрлүүдийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Баянтэсийн нүүрсний уурхайг нээн ажиллуулж байсан билээ. Харамсалтай төрийн захиргааны байгууллага манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн талбайг орон нутаг цаашлаад улсын тусгай хэрэгцээнд авч, тусгай зөвшөөрлийг маань цуцалсны улмаас 2019 оны 6 дугаар сараас олборлолтын ажил зогсож, уурхайгаас олборлосон байсан, нүүрсээ худалдан борлуулах, захиалагч талдаа нийцүүлэх ямар ч боломжгүй болсон. Бид олборлосон нүүрсээ худалдан борлуулж, өртэй иргэд, аж ахуй нэгж байгууллагадаа өр төлбөрөө төлөх шаардлагатай байгаа талаар удаа дараа төрийн шат шатны байгууллагад тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шийдвэрлээгүй байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсан, Ковид-19 цар тахлын улмаас экспорт зогссон зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас манай компани их хэмжээний төлбөрийн дарамт, өрөнд ороод байгаа болно. Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрөл цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Хариуцагч С Г К Т ХХК-ийн хувьд алдангид нэхэмжилсэн 326 486 500 төгрөгийг төлөх санхүүгийн нөөц бололцоогүй хүнд нөхцөл байдалд байна. Түүнчлэн түс компанитай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлд Хүнд нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагаврыг зохицуулсан байгаа. Шатахууны үнэд нэхэмжилж буй 652 973 000 төгрөгийг тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө олборлосон нүүрсээ худалдан борлуулах замаар мөнгөн урсгалтай болмогц төлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хариуцагч нь төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С Г К Т ХХК-аас гэрээний үүрэгт нийтдээ                 979 459 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зуун ннайман Ойл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З Н О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 055 248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 055 248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндэтгэн үзэх гэнэтийн шалтгааны улмаас буюу бусдыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүх хуралдааны өмнөх өдөр бичгээр гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  110 дугаар зүйлийг зөрчиж хүсэлтэд хавсаргасан буюу онлайнаар авсан тасалбар, бодит нөхцөл байдпыг үнэлж дүгнэлгүйгээр хүсэлтийг маань хангахгүй орхиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаа тайлбарлах, нэхэмжлэлийг үгүйсгэн мэтгэлцэх боломжийг олгоогүйн улмаас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ноцтой үр дагаварт хүргэсэн болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.3-т “Худалдан авагч нь энэ гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд нийлүүлсэн шатахууны үнийг бүрэн төлж барагдуулаагүй, хавсралтаар нийлүүлсэн шатахууны төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал шатахууны нийлүүлэлтийг зогсоож, төлөгдөөгуй унийн дунгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулна" гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З Н О ХХК нь өөрийн стандарт нөхцөл бүхий гэрээний төслөөр хариуцагчтай байгуулсан гэрээнийхээ 5.2.2, 5.2.3 дугаар зүйлүүдэд нийлүүлсэн шатахууны үнийн үлдэгдлээс алданги 0,5 хувь, торгууль 5 хувиар тооцохоор заасан нь ойлгомжгүй байдалд хүргэж байна. Гэрээний бусад заалтыг харьцуулан үзэхэд 5.2.2 заасан алдангийг тухайн заалтын үгийн шууд утгаар гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу шатахууны үнийг төлөөгуй тохиолдолд буюу хуваарь зөрчиж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцох агуулгатай байна. Гэтэл гэрээний хавсралтад үндсэн гэрээнд зааснаас өөрөөр шатахууны үнийг төлөх хуваарийг тохиролцоогүй, харин ачилт хийснээс хойш 30 хоногийн дотор түлшний үнийг төлнө хэмээн заасан. Энэ нь үндсэн гэрээний 5.2.1 “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтүүдад заасан шатахүуны төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор,100 хувь төлж барагдуулсан байна” гэх заалттай адил байна. Иймд Гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан бараа нийлүүлсэн өдрөөс хойш буюу хавсралтад дурдснаар ачилт хийснээс хойш 30 хоногийн дотор нийлүүлсэн шатахууны үнийг бүрэн төлж барагдуулаагүй ... тохиолдолд ...төлөгдөөгуй унийн дунгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулна" гэх гэрээний 5.2.3 дах заалтыг хэрэглэх боломжтой байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт заасан. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан гэрээний 5.2.2 дугаар заалтыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцож, 326 486 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв гэрээний 5.2.3 дугаар заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дугаар заалтын дагуу торгууль тооцвол 32 648 650 төгрөгийн торгууль төлөх тооцоо гарах юм. Түүнчлэн хавтаст хэрэгт зохигчдын төлөөлөгчдийн үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Тооцоо нийлсэн актад алдангид нэхэмжилж буй 326 486 500 төгрөгийг нэхэмжлэгч тусгаагүй буюу тооцоо нийлсэн дүнд алданги, торгууль тооцохоор заагаагүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 9.4- т “Гэнэтийн ... хүнд нөхцлийн улмаас нэг тал нь гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биөлүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй” гэж заасан. С Г К Т ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг гэнэт цуцлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны улмаас
компанийн уурхайн үйл ажиллагаа зогссон.
З Н О ХХК-аас зээлээр авсан
шатахууныг хэрэглэж олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш экспортлох
боломжгүй болсон буюу зардлаа нөхөх орлогын эх үүсвэргүй болсон билээ.
Гэтэл анхан шатны шүүх гэрээний 9.3 заалтын дагуу нөгөө талдаа мэдэгдээгүй гэх үндэслэлийг шийдвэртээ дурджээ. Гэтэл гэрээний 9.3 дугаар зүйл нь давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл үйлдлийн улмаас үүргээ гүйцэтгээгүйн үр дагаврыг зохицуулсан агуулгагүй, 9.4-д зүйлийн урьдчилан нөхцөл болоогүй заалт юм. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 заасан зохигч, түүний төлөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч З Н О ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 652 973 000 төгрөг, алданги 326 486 500 төгрөг, нийт 979 459 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 108/2019/SO/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 3.1 болон хавсралт 1-д зааснаар 145 440 литр түлшийг нэгж үнийг 2 050 000 төгрөгөөр тооцож нийт 298 152 000 төгрөг, хавсралт 2-т зааснаар 580 060 литр түлшийг нэгж үнэ 1 950 000 төгрөгөөр тооцож нийт 1 131 117 000 төгрөгийн үнэ бүхий түлшийг “З Н О” ХХК-аас “С Г К Т” ХХК-д нийлүүлэх, “С Г К Т” ХХК нь ачилт хийсэн өдрөөс эхлэн хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байхад шүүх мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу боловч талууд энэ үндэслэлээр маргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “З Н О” ХХК нь 13 удаагийн ачилтаар 725 500 литр дизель түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь “З Н О ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, талууд хоорондын тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хэргийн 14-16, 85-91 дүгээр тал/

            Хариуцагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр 652 973 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй гэх тайлбар гаргасан бөгөөд үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй байна.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги” төлнө гэж, гэрээний хавсралт 1.2-т “... худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.

            Талуудын хооронд байгуулсан гэрээ болон гэрээний хавсралтаар алдангийн хэмжээг 2 янзаар тусгасан тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу санал хүлээн авагч тал буюу хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, алдангийн хэмжээг гэрээний хавсралт 1.2-т  заасны дагуу 0,3 хувиар тооцох үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “гэрээнд алданги, торгуулийг зэрэг тооцохоор шаардсан нь ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу торгууль 32 648 650 төгрөгийг төлөх үндэслэлтэй” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байхаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги, торгууль аль алийг нь тусгасан байгаа нь хууль зөрчөөгүй байна. Энэ тохиолдолд гэрээний дагуу анзын аль төрлийг тооцон хариуцагчаас шаардах нь нэхэмжлэгчийн эрх хэмжээнд хамаарах юм. Иймээс анзыг алдангийн хэмжээгээр тооцоолон шаардлага гаргасныг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүхээс алданги 326 486 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

            Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүсэлтээ баримтаар нотлоогүй байна. Учир нь уг хүсэлтэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Анна каренина жүжиг үзсэн хүнтэй хамт ажилладаг эсэх, хамт ажилладаг хүн шинжилгээнд хамрагдсан эсэх, хүсэлтэд хавсаргасан тасалбар хэний тасалбар болох нь  тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 С Г К Т ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гэнэт цуцлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны улмаас компанийн уурхайн үйл ажиллагаа зогссон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн дээрх гэрээний 9.4-т “Гэнэтийн ... хүнд нөхцлийн улмаас нэг тал нь гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биөлүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй” гэж заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоодохгүй байна. Хариуцагч талаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш гэрээнд заасан хугацааны дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь өөрөөс нь үл хамаарах шалтгаантай холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 790 382 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

                   

                                                                                           С.ЭНХТӨР