Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01165

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01165 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э ХХК-д холбогдох,

 

гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүү нийтдээ 7,456,462,777,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Э ХХК нь 2014.09.04-ны өдрийн Засгийн газрын .... тоот тогтоолоор 26.210.525 ам долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 4.970.975.185 төгрөгийн гаалийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр жилийн хугацаанд хойшлуулах тогтоол гаргуулсан байдаг. Энэ хүрээнд Э ХХК нь 2015.04.10-ны өдрөөс 2015.07.24-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр 26.210.525 ам долларын үнэ бүхий барааг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Ингээд 2 жилийн хугацаа дуусахад татвараа ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй юм. 2014.09.04-ны өдрийн Засгийн газрын 284 тоот тогтоол гарах үед мөрдөгдөж байсан 2014.06.14-ны өдрийн .... тоот Засгийн газрын тогтоол байдаг. Уг тогтоол Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах эсхүл уг татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх журмыг хавсралтаар баталсан байдаг. Уг журмын 2.6 дахь хэсэгт Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээний үргэлжлэх хугацаа тасалдсан, хойшлогдсон, түр хугацаагаар зогссон, сунгагдсан зэрэг аливаа байдлаар өөрчлөгдсөн нь албан татвар хойшлуулах хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй гэж дурдсан. Мөн журмын 5.1 дэх хэсэгт журмын 4.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барагдуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 294.1-д заасны дагуу төлөгдөөгүй албан татварт хүү тооцно гэж дурдсан. Эдгээр хууль журмуудыг үндэслэж нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч Э ХХК-иас гаргуулж Улсын төсөвт төвлөрүүлэх үүргийг нь биелүүлмээр байна гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Г гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүүнд 7,456,462,777,39 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, хариуцагч Э ХХК нэхэмжлэлийн хувийг 2021.03.22-ны өдөр хүлээн авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Э ХХК Г-т дээрх өр төлбөртэй холбоотой асуудлаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай 2020.09.09-ний өдрийн 135 дугаартай хүсэлт, 2020.02.13-ны өдрийн 28 дугаартай хүсэлт, 2019.05.21-ний өдрийн .... дугаартай хүсэлт, 2019.04.09-ний өдрийн .... дугаартай хүсэлт, 2017.11.22-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Г-аас Э ХХК-д хүргүүлж байсан 2020.09.30-ны өдрийн .... тоот албан бичиг, 2020.08.27-ны өдрийн .... тоот албан бичиг, 2020.02.06-ны өдрийн .... тоот албан бичиг, 2019.03.28-ны өдрийн ...... тоот албан бичиг, 2017.02.07-ны өдрийн ..... тоот албан бичиг, хавтаст хэргийн 21-48-р талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтуудаар хариуцагч Э ХХК нь 7,456,462,777,39 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-д зааснаар гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.

 

Иймд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүүнд 7,456,462,777,39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 37,440,264 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ