Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01435

 

 

 

 

 

 

 

 

УБГГын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 183/ШШ2021/01165 дугаар шийдвэртэй УБГГын хариуцагч "Э" ХХК-д холбогдуулан гаргасан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүү нийт 7,456,462,777.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: "Э" ХХК нь 2015 оны 04 сарын 10-ны өдрөөс мөн оны 07 сарын 24-ний өдрийн хооронд нийт 7 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр 26,210,525 ам.долларын үнэ бүхий барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн. Засгийн газрын 2014 оны 09 сарын 04ий өдрийн 284 тоот тогтоолоор дээрх үнийн дүн бүхий бараанд ногдох 4,970,975,185 төгрөгийн нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулсан боловч төлж барагдуулаагүй. Дээрх тогтоол гарах үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 06 сарын 14-ний өдрийн 194 тоот тогтоолын хавсралт журмын 2.6-д улсын чанартай томоохон төсөл арга хэмжээний үргэлжлэх хугацаа тасалдсан, хойшлогдсон, түр хугацаагаар зогссон, сунгагдсан зэрэг аливаа байдлаар өөрчлөгдсөн нь албан татвар хойшлуулах хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн журмын 5.1заасан хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барагдуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 заасны дагуу төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү тооцно гэж заасан. Дээрх хууль, журмын дагуу төлбөл зохих 4,970,975,185.13 төгрөг, түүнд тооцогдох хүү 2,485,487,592.26 төгрөг, нийт 7,456,462,777.39 төгрөгийг хариуцагч "Э" ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Э" ХХК-аас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүүнд 7,456,462,777.39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБГГт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар хариуцагчаас 37,440,264 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 09 :00 цагт зарлагдсан шүүх хуралдаанд оролцохоор явж байхдаа хөлөө гэмтээсний улмаас биечлэн оролцож чадаагүй. Энэ талаар мэдэгдэх гэж оролдсон боловч шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгчийн туслахтай холбогдсон. Шүүх өндөр үнийн дүн бүхий маргаанд хариуцагч талыг ирээгүй талаар тодруулаагүй атлаа эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд 2020 оны 10 сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, түүнээс хойш хариуцагчид нэхэмжлэл гардуулах ажиллагааг явуулаагүйн улмаас хариуцагч 2021 оны 03 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор гардуулна гэж заасан. Ийнхүү 150 хоногийн дараа нэхэмжлэл гардуулсан атлаа хариуцагчийг хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцсонд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцүүлсэн бол нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч компанид татварын хэдий хэмжээний өр төлбөртэй эсэхийг нотлох баримтаар гаргуулах, татварын өрийг төлөхөөр ажиллагаа хийгдсэн эсэх лавлагаа, татварын өртэй болохыг татвар төлөгчид хүргүүлсэн эсэх лавлагаа болон манай компани татварын бүртгэлд нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай гэх зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулах байсан. Хүү тооцох талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ажиллагааг явуулсан бол нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох байсан. Захиргааны журмаар мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр нэхэмжлэл гаргасныг шүүхээс шууд хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой. Иргэн, хуулийн этгээд хуулиар тогтоосон татварыг төлөх үүрэгтэй. Татварын өрийг тодорхойлоогүй байж хэрхэн яаж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч УБГГ нь хариуцагч "Э" ХХК-д холбогдуулан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, хугацаа хожимдуулсан хүү нийт 7,456,462,777.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал 2021 оны 03 сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд болон түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэсэн 2021 оны 05 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 1-2, 55/

 

Түүнчлэн, хариуцагч нь 2021 оны 05 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул  “хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх 63/

 

Дээрх тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн үндсэн болон нэмэлт маягт /хх21-48/, УБГГаас "Э" ХХК-д хүргүүлсэн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 01/53 тоот албан бичиг /хх 18/, уг албан бичигт хариу өгсөн хариуцагч компанийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн албан бичиг /хх 8/ зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, импортлогч "Э" ХХК нь Монгол Улсын хилээр 2015 оны 04 сарын 10-ны өдрөөс мөн оны 07 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 7 удаа 4,970,975,185.13 төгрөгийн татварт ногдох бараа нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж, улмаар уг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан тайлбараар нэхэмжлэлд дурдсан 4,970,975,185.13 төгрөгийн нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвар төлөөгүй үйл баримтад маргаагүй гэж үзэхээр байна. Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч нь гаалийн болон бусад татварыг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Татвар төлөгч "Э" ХХК нь нэхэмжлэлд дурдсан нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг хугацаанд нь төлөөгүй байх тул Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1аалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэж заасны дагуу хүү тооцно. Иймд “татварт ногдуулан тооцсон хүү болох 2,485,487.777.39 төгрөгийг эс зөвшөөрсөн” агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн хүү тооцохдоо нөхөн ногдуулалтын акт тавиагүй, үүнийг нотлох хүсэлт гаргах байсан гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь дээрх хуулиар нөхөн ногдуулалтын акт тавих журам тогтоогоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 183/ШШ2021/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-т тус тус зааснаар...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,585,388 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА                                                        

                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР