Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01368

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01368

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-1-46 тоот хаягт оршин байх, ДУЭЯ ХХК /РД: 6017924/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81-51 тоот хаягт оршин суух, Борнууд овогт Мөнхтөрийн Анхбаяр /РД: ТБ90011514/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Уянга, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дуэя ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Уянгын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад 20 цагийн үед утас дугарсан. Утсаа аваад ярихад нь утсаа барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би манай ажлын цаг дууссан гэж хэлсэн боловч яаралтай мөнгө хэрэг болоод байна гэж гуйсан. Тэгээд би хүрээд очиход iPhone XS Max маркийн утас барьцаанд тавина гэсэн бөгөөд уг утсыг MEI кодоор нь шалгаж авах гэтэл алдаа заагаад болохгүй байсан. Би энэ утас чинь хуурамч юм байна, авахгүй гэж хэлсэн боловч үгүй ээ, зүгээр утас гэж хэлсэн. Тэгээд уг утсыг шалгаж цаг гаран зогссон бөгөөд би өөрийн 2 найз руугаа ийм утас тавих гээд байна гэж чат бичихэд нэг найз маань Model number-н нь интернэтээс хайгаад үзэхэд гарч ирж байна гэж хэлэхээр нь биын санал болгосон 1,200,000 төгрөгийг өгч уг утсыг барьцаанд авсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 3-4 хоногийн дараа нь миний утас руу нэг удаа залгасан бөгөөд утсаа авч чадахааргүй байна, эхний ээлжид хугацааг нь сунгана гэж ярьж байсан. Барьцаанд авах хоног нь 7 хоног байдаг бөгөөд 7 хоногийн дарааын утас болох 9405-0000 гэх дугаар руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би өмнө нь iPhone XS Max маркийн утсыг харж байгаагүй болохоорт итгэж оргинал утас байна гэж бодсон. 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр би Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж явуулахад хаяг нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, энэ хугацаанаас хойш би ажилтай, завгүй байсан болохоор энэ асуудлыг хөөцөлдөж чадаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөрын эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар хаяг нь тодорхой болсон учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Биаас iPhone XS Max маркийн утас барьцаанд авч байхдаа зээлдүүлсэн 1,200,000 төгрөг, мөн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи хүүнд 600,000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр 70,200 төгрөг, нийт 1,870,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тухайн үед би ажлаар Эрдэнэт хотод явж байсан бөгөөд мөнгөний яаралтай хэрэг гараад аваад удаагүй байсан iPhone XS Max маркийн гар утсаа Дуэя ХХК-ийн ломбарданд барьцаанд тавьсан. Тэр үед iPhone XS Max маркийн утас нь 3,500,000 төгрөгөөр зарагддаг байсан. Одоо яагаад надаас мөнгө нэхэмжлээд байгааг нь мэдэхгүй байна. Ломбардын дотоод журамд нь зааснаар эд зүйл хүлээж авсан, шалгасан, мөнгө хүлээж авсан гэж гарын үсгээ зурсан байдаг бөгөөд уг журамдаа 7 хоног хугацаа олгож хүлээгээд хугацаа нь өнгөрвөл борлуулах эрхтэй байдаг. Би тэр үед мөнгөний боломжгүй iPhone XS Max маркийн утсаа авч чадаагүй. Тэр хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн байна, одоо уг утасны үнэ нь буурсан. Миний утсыг барьцаанд авахдаа интернэтээс А.Уянга нь модел номероор нь хайж шалгаж авсны үндсэн дээр оргинал утас юм шиг байна гэж ярилцсаны үндсэн дээр л уг утсыг авсан. Би энэ А.Уянгад хүчээр тулгаж шаардаагүй, ямар нэгэн барьцаагүйгээр хууль бусаар мөнгө зээлж аваагүй юм. Ломбардтай байгуулсан зээлийн гэрээнд мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 7 хоног хүлээж, 8 дахь хоногоос барьцааны утсыг байгууллагын орлого болгоно гэж заасан байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагчт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,200,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 1,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ... зээлийн гэрээгээр 1,200,000 төгрөг авсан нь үнэн, iPhone XS Max маркийн гар утсаа барьцаалсан, тухайн ломбард нь дотоод журамд зааснаараа болон зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй бол хугацаа дууссан өдрөөс хойш 7 хоног хүлээж, 8 дахь өдрөөс барьцааны утсыг ломбардны орлого болгодог тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ДУЭЯ ХХК нь хариуцагчтай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 000818 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 1,000,000 төгрөгийг тухайн өдөр хариуцагчын Хаан банкин дахь 5029613703 тоот дансанд шилжүүлсэн, 200,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангажээ.

 

Зохигчид Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж зааснаар талууд зээлийн гэрээний хүүг 7 хоногийн 50,000 төгрөг байхаар тохиролцсон, мөн нэхэмжлэгч******* нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг болон зээлийн гэрээгээр зээлдэгч 1,200,000 төгрөг хүлээн авсан, барьцаанд хариуцагч iPhone XS max загварын гар утас барьцаалсан талаар зохигчид маргаагүй болно.

Зээлийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 7 хоногийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон нь 000818 тоот зээлийн гэрээ, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Уянгын шүүх хуралдаанд гаргасан ... Гэрээний хугацаа дууссанаас хойш 3-4 хоногийн дараа нь миний утас руу нэг удаа залгасан бөгөөд утсаа авч чадахааргүй байна, эхний ээлжид хугацааг нь сунгана гэж ярьж байсан гэх тайлбараас үзэхэд зээлийн гэрээг сунгаагүй, гэрээний хугацаа дууссан талаар хариуцагчт мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хугацаа дууссанаас хойш 7 хоног хүлээх ба 8 дахь өдрөөс байгууллагын орлого болно гэж зааснаар барьцааны зүйл болох хариуцагчын iPhone XS max загварын гар утас нь нэхэмжлэгч*******-ийн орлого болсон, өөрөөр хэлбэл зээлдэг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч******* нь хариуцагчыг ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00002 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан талаар Орхон аймгийн цагдаагийн газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 39/05-965 дугаартай албан бичигт дурдсан байх боловч зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч*******-ийн шүүхэд гаргасан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,200,000 төгрөг, хүүнд 600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-д заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,200,000 төгрөг, хүүнд 600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 44,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР