Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01215

 

 

 

 

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01215

 

 

 

 

 

 

 

                                       “ДУЭЯ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01368 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ДУЭЯ” ХХК-ийн хариуцагч М.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 870 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.А 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр iPhone XS Max маркийн гар утсаа барьцаалж зээл авах хүсэлтийг “ДУЭЯ” ХХК-д гаргасан. Гар утсыг шалгаж үзэхэд асахгүй байсан, модел дугаарыг нь интернетээс судалсан, хариуцагч оргинал утас гэсэнд итгэсний үндсэн дээр хариуцагчид 1 200 000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 3-4 хоногийн дараа гэрээний хугацааг сунгах талаар нэхэмжлэгчид хэлсэн. Үүнээс хойш хариуцагчийн утас холбогдох боломжгүй болсон. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр М.Ат холбогдох нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Аыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. М.Ааас зээл 1 200 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи зээлийн хүү 600 000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр 70 200 төгрөг, нийт 1 870 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч нь Phone XS Max маркийн гар утсаа барьцаанд тавьж 1 200 000 төгрөгийн зээл авсан, тухайн үед 3 500 000 төгрөгөөр худалдаалагддаг байсан. Мөнгөний боломжгүй байсан учраас гар утсаа авч чадаагүй ба одоо уг утасны үнэ буурсан. Нэхэмжлэгч гар утасны модел номерыг интернэтээс хайж шалган, оргинал утас гэж авсан. Ломбардын дотоод журмаар зээлдэгчид 7 хоногийн хугацаа олгож хүлээх, хугацаа нь өнгөрвөл барьцааны зүйлийг борлуулах эрхтэй талаар заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүчээр тулгаж шаардаагүй,  хууль бусаар мөнгө зээлж аваагүй. Зээлийн гэрээнд гэрээний хугацаа дууссанаас хойш 7 хоног хүлээх, 8 дахь хоногоос барьцааны зүйлийг байгууллагын орлого болгоно гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ааас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1 200 000 төгрөг, хүүнд 600 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 870 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ДУЭЯ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 44 873 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Ат холбогдуулан мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь барьцаанд бариулсан утас нь хуурамч утас байсан тул худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах боломжгүй учир хариуцагч М.Ат өгсөн мөнгөө, компанид учирсан хохирлоо шаардсан агуулгаар гаргасан байхад шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болох хуурамч утас барьцаалж буюу хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль зүйн мэдлэггүй тул өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж болох боловч шүүхээс тухайн харилцааны төрлийг зөв тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Талуудын хооронд мөнгө өгсөн авсан дээр маргаан байхгүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэх, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байхад хэргийн бодит нөхцөл байдал, маргааны зүйлийг зөв тогтоож чадаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс М.Атай утсаар холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдохгүй, орох ярианы эрх нь хаагдсан байсан тул бүртгүүлсэн хаягаар нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт оршин суудаггүй байсан. Нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа хаягийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж М.Аын хаягийг тогтоосноор өөрт учирсан хохирол болон өгсөн мөнгөө буцаан шаардсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн хариуцагч М.А анхнаасаа нэхэмжлэгчийг хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан нь түүний байгууллагад бүртгүүлсэн хаяг, дугаар дээрээ байхгүй байсан нөхцөл байдал болон түүний авсан мөнгөө буцааж өгөх хүсэл сонирхол байхгүй байгаа хариу тайлбараас тодорхой харагдана. Гэтэл шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй атлаа үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч “ДУЭЯ” ХХК нь хариуцагч М.Ааас зээлд 1 200 000 төгрөг, зээлийн хүүд 600 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нийт 1 870 200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М.А 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “ДУЭЯ” ХХК-аас 1 200 000 төгрөг 7 хоногийн хугацаатай, 50 000 төгрөгийн хүүтэй зээлдэн авч, зээлийн барьцаанд iphone xs max гар утсыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх боловч нэхэмжлэлийн дүнг шаардаж байгаа үндэслэл тодорхой бус байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан, эсхүл гэрээг хууран мэхлэн хийсэн гэх үндэслэлээр хохирол шаардаж байгаа эсэхийг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай. /хх4/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” гэж тэмдэглэсэн байх бөгөөд хэргийн 21 дүгээр талд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “ДУЭЯ” ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр батламж олгосон нь авагджээ. Талуудыг зээлийн гэрээ байгуулах үед буюу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч тал барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан нь тодорхой бус байна. Энэ нь талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх батламж нь талуудыг зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2020 онд олгогдсон байгаа учраас дээрх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/01368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                                              ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                              А.МӨНХЗУЛ