Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 181/2022/00983/И |
Дугаар | 001/ХТ2023/00229 |
Огноо | 2023-11-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/00229
Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Н.Батзориг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01671 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01507 дугаар магадлалтай,
Б.Э-ын нэхэмжлэлтэй
З.Н-д холбогдох
68,910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч З.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э- нь З.Н-д холбогдуулан 68,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01671 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч З.Н-эс нийт 68,910,000 /жаран найман сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01507 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01671 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Н-эс 57,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,410,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч З.Н-эс 445,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч З.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээр тогтоосон үйл баримтыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, мөн хуулийг буруу тайлбарласнаас хууль хэрэглээний зөрүү үүсэж хариуцагчийн эрх ашгийг хөндсөнд гомдолтой байна. Үндэслэл нь:
4.1. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээ болон түүнтэй төстэй ямар нэгэн харилцаа үүсээгүй гэж дүгнэн “... талуудын эрх зүйн маргаан нь худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан бөгөөд маргааны зүйл нь амны хаалтны үнэ буюу хариу төлбөр болох 57,500,000 төгрөг ... хэрэв талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн бол хариуцагч амны хаалтыг хүлээн авч өөрийн зардлаар буюу сард 1,000,000 төгрөгийн түрээс төлж, агуулахад байрлуулах хэрэгцээ, шаардлага байхгүй, амны хаалтны эзэмшил, өмчлөлийг өөртөө шилжүүлж авах эрхгүй хариу үүргийн гүйцэтгэл болох 32,500,000 төгрөгийг өөрөөсөө төлөх эрхгүй бөгөөд эдгээр эрх зүйн үр дагаврыг өөрт үүсгэх нөхцөл байдал үүсэхгүй байх байсан....” гэжээ. Харин анхан шатны шүүхээс худалдах худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэхдээ өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон талуудын хооронд ямар нэгэн үнийн талаар тохиролцоо хийгээгүй болохыг дурдсан байдаг нь үндэслэл бүхий юм.
Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэг ширхэг маскны үнийг 600 төгрөгөөр гэрээ байгуулсан гэдэг боловч нэг ширхэг маскийг 650 төгрөгөөр зарсны үнэ болох 50 мянган маскны үнэ нийт 32,500,000 төгрөгийг З.Н- дамжуулж өгсөн байдаг. Харин нэхэмжлэгч 100 мянган маскны үнэ 57,500,000 нэхэж байгаа. Нэхэмжлэгч 600 төгрөгөөр бодож мөнгөө нэхэж байхад давж заалдах шатны шүүх 650 төгрөгөөр бодож мөнгийг өгсөн үйл баримтыг зөв гэж дүгнэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтийн дагуу амны хаалт худалдан авах гэрээ байгуулсан гэж үзвэл 7,500,000 зөрүү гарч байна. Энэ нь шүүхийн магадлалаар илүү үнийг нэхэмжлэгчид үг дуугүй өгөхөөр нөхцөл байдал үүсгэж байна. Мөн хариуцагч 3.Номин-Эрдэнийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авсан гэх амны хаалтыг цагдаагийн байгууллагаас үзлэг хийж битүүмжилсэн байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой.
4.2. Шүүх магадлалдаа зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалжин харилцаа үүссэн байх явдал бөгөөд нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талд нь зуучлагчаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байдаг, өөрөөр хэлбэл зуучлалын гэрээний эрх зүйн үр дагавар нь худалдагч худалдан авагч нарыг холбож өгөх л эрх үүргийг зуучлагч хүлээх бөгөөд зуучлуулагчийн нэрийн өмнөөс аль эсвэл зуучлуулагчийн нэрээр худалдан авагч талтай гэрээ байгуулах, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөртөө шилжүүлж авах эрх зуучлалын гэрээгээр зуучлагчид үүсдэггүй...” гэж дүгнэхдээ сүүлд буюу нэг ширхэг маскийг 650 төгрөгөөр зуучилж борлуулж өгсөн үйл баримтыг үндэслэлээ болгосон. Дээрх зуучлалын тохироо нь анх 150,000 ширхэг байхаар байгуулагдаж зуучлагчтай холбох ажлыг хийсэн боловч нэхэмжлэгч өөрийн нийлүүлэх байсан маскаа хугацаандаа өгөөгүйгээс үндсэн худалдан авагчтай тухайн өдрийн маскны үнээр гэрээ байгуулах боломжгүй болсон нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулжээ. Түүнчлэн З.Н- нэхэмжлэгчтэй нэг ширхэг амны хаалтыг 450 төгрөгөөр авах хүн байна, зарах уу гэж ярилцаж байсан үйл баримтыг анхааралгүй орхигдуулсанд гомдолтой.
4.3. Давж заалдах шатны шүүхээс гэрээний үнэ буюу нэг ширхэг амны хаалтны үнийг 650 төгрөг эсхүл 600 төгрөг байх нь зөрүү багатай ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талууд гэрээний гол нөхцөл буюу үнийг талууд тохиролцоогүй байна гэж нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн.
4.4. Давж заалдах шатны шүүхээс амны хаалтыг хариуцагчийн өмчлөлд байна гэжээ. Харин хэрэгт хавсаргасан прокурорын тогтоол болон цагдаагийн байгууллагын үзлэг хийсэн тэмдэглэлээр 100,000 ширхэг амны хаалтыг хариуцагчийн өмчлөлд байгаа гэж үзэх боломжгүй юм.
5. Гэрч Т.Э-ы өмнө өгсөн мэдүүлгүүдээр зуучилсан тусалсан талаарх агуулга хангалттай тодорхой байхад 2023 оны 4 сарын 20-ны өдрийн гэрчээр асуусан тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тулгаж хөтөлж асуусан асуултын хариултыг шийдвэртээ ашигласан, мөн уг хариултыг агуулгаар нь үнэлж үзэхгүйгээр зөвхөн З.Н-тэй холбож өгсөн гэх хариултыг худалдан авахад зуучилсан мэтээр мушгиж тайлбарласан, “32,500,000 төгрөгийг төлсөн нь үнэн үү” гэсэн асуултанд “үнэн” гэж хариулсныг худалдаж авсан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс хуулийг зөрүүтэй буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.27-ны өдрийн 001ШХТ2023/01293 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч З.Н-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагч З.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч З.Н-д холбогдуулан 100,000 ширхэг амны хаалтны үнэ 57,500,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хүүгийн төлбөрт 11,402,330 төгрөг, нийт 68,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлээ “ ... хариуцагч З.Н- нь 2020.04.10-ны өдөр Т.Э- гэх хүнээр дамжуулан 100,000 ширхэг амны хаалт худалдан авах тухай санал тавьсан, ... нэг ширхэг амны хаалтын үнийг 600 төгрөг байхаар тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулсан. ... гэрээний дагуу хариуцагчийн нэрлэсэн газар болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх агуулахад хүлээлгэн өгч нийлүүлсэн ... хариуцагч тал барааны үнийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. ... 2020.04.22-ны өдөр З.Н- 50,000 ширхэг амны хаалт нэмж захиалсныг 05.07-ны өдөр хүлээлгэн өгсөн. ... нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ... үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн. ... З.Н- 2020.06.20-ны өдөр 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн төлсөн ... үлдэгдэл 57,500,000 төгрөг, хуульд заасан хүүгийн төлбөр 11,402,330 төгрөг, нийт 68,910,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарласан.
9. Хариуцагч З.Н- нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... 2020.04 сарын дундуур Т.Э- нь Б.Э-ыг маскаа зарж чадахгүй байгаа тухай хэлж тус болооч гэснээр З.Н- маск шаардлагатай байгаа газрыг олж өгч тусалсан. ... гэвч нэхэмжлэгч Б.Э- нь хугацаандаа нийлүүлж чадаагүйгээс дээрх газар нь өөр газраас худалдаж авсан байсан. Тухайн үед маскны үнэ өдөр хоногоор унаж байсан тул З.Н- тус болох зорилгоор 50,000 ширхгийг борлуулж өгсөн. З.Н-ийн хувьд маскийг худалдан авах тохиролцоо байгаагүй, Б.Э- гэх хүнийг харж байгаагүй, худалдан авах хүн олж өгөх гэж байснаас өөр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй ... харилцан туслалцах асуудал үүссэн. ... худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй ...” гэж маргасан байна.
10. Анхан шатны шүүх талуудын хоорондын ердийн зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх маргаантай харилцааг худалдах худалдах авах гэрээ гэж тодорхойлон 150,000 ширхэг амны хаалтны үлдэгдэл үнэ 57,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох хуульд заасан хүүгийн төлбөр 11,410,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан байх ба гомдолд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хоёр шатны шүүх ялгаатай тодорхойлсны улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарах тул тус иргэний хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцлээ.
12. Нэхэмжлэгч Б.Э-ын нийлүүлсэн 150,000 ширхэг амны хаалтыг хариуцагч З.Н- худалдан авсан эсэх асуудлаар зохигчийн хооронд маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч З.Н-д 150,000 ширхэг амны хаалтыг нэг бүрийг нь 600 төгрөг, нийт 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсноос 32,500,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 57,500,000 төгрөгийг шаардана гэж, хариуцагч З.Н- тэдний хооронд харилцан туслалцах, эсхүл зуучлалын харилцаа үүссэн гэж үзэн 57,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй талаар мэтгэлцсэн байна.
13. Давж заалдах шатны шүүх З.Н- амны хаалтыг бодит эзэмшилдээ хүлээн авч өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн хяналтдаа байлгаж буй байдал, 150,000 ширхэг амны хаалтны үнийн зохих хэсэг болох 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдал зэргийг үнэлэн Б.Э-, З.Н- нарын хооронд зуучлалын гэрээ бус, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.Э- “... тухайн үеийн эрүүл мэндийн сайд н.Сарангэрэл нь З.Н-ийн хадам ээж, ... З.Н- нь маскийг худалдаж аваагүй, зарагдахгүй байгаа маскийг зарж өгнө гэсэн, 32,500,000 төгрөгийг З.Н- өөрөөсөө төлөөгүй, 50,000 ширхэг маскийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлээд мөнгийг нь авсан. ... 700,000 маскны квотыг З.Н- авсан эсэх талаар урьд мэдүүлж байснаа санахгүй байна. ...” гэх зэргээр мэдүүлсэн байх ба уг мэдүүлгээр З.Н- нь Б.Э-ын нийлүүлсэн амны хаалтыг цааш худалдан борлуулж, 32,500,000 төгрөгийг Б.Э-т хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэрчийн мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдох бөгөөд гэрч нь зохигчийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнийг тодорхойлох этгээд биш. Хэрэв З.Н- нь Б.Э-ын амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд худалдан борлуулахад зуучилсан бол зуучлалын дүнд байгуулсан худалдах-худалдах авах гэрээний худалдагч тал Б.Э-, худалдан авагч нь Эрүүл мэндийн яам, эсхүл өөр аль нэг этгээд байх бөгөөд энэ харилцаанд Б.Э- өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож, гэрээний нөхцөлөө тохирох, амны хаалтаа шилжүүлэх, төлбөрөө хүлээн авах үйлдлүүдийг хийх байсан. Гэвч нэхэмжлэгч түүний амны хаалтыг худалдан авч байгаа этгээд хэн болох талаар мэдээлэлгүй, худалдаж буй амны хаалтны үнэ, тоо ширхгийг яам, эсхүл худалдан авагчтай тохиролцон тогтоогоогүй, төлбөрийг өөрөө хүлээн аваагүйн зэрэгцээ энэ бүх үйлдлийг түүний нэрийн өмнөөс хийх эрхийг З.Н-д шилжүүлсэн тухай аливаа баримт хэрэгт авагдсангүй. Илүүтэй эсрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүний зэрэгцээ амны хаалтыг худалдахад нэхэмжлэгчид туслах шинжтэй, эрх зүйн үр дагаваргүй харилцаа үүссэн гэж хариуцагч тайлбарлаж байх боловч дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан утасны зурвас, З.Н- өөртөө зардал үүсгэн амны хаалтыг эзэмшилдээ байлгаж буй нөхцөл байдлуудаас амны хаалтыг худалдахад З.Н-д хувийн ашиг сонирхол байгаагүй, туслалцаа үзүүлсэн байдлаар оролцсон гэж дүгнэхээргүй байна.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
14. Зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн атлаа амны хаалт нэг бүрийн үнийг тогтоохдоо давж заалдах шатны шүүх алдаа гаргасан нь тус шүүхийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болсон талаар гомдол гаргажээ.
Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн нэг үнэ байх бөгөөд зохигчийн хооронд 150,000 ширхэг амны хаалтыг, нэг бүрийг нь 600 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирсон, нийт үнэ 90,000,000 төгрөг болох талаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байна. Улмаар энэ үнийн дүнгээс 32,500,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх 57,500,000 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 150,000 ширхэг амны хаалтыг нийлүүлснийг хариуцагч хүлээн авч, өөрийн мэдлийн байранд байрлуулж байгаа, 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зэрэг үйл баримтуудаар уг тайлбараа дэмжин маргасан бол хариуцагч эдгээр нөхцөл байдлыг няцаах, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.
Иймд нэхэмжлэгч нийт 150,000 ширхэг амны хаалт нэг бүрийг нь 600 төгрөгөөр тооцохдоо хүлээн авсан төлбөр 32,500,000 төгрөгийг хасч үлдэх дүнг 57,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 57,500,000 төгрөгийг 100,000 ширхэг амны хаалтны үнэ гэж хэлж байсан нь агуулгын хувьд буруу биш тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардах эрхийг үгүйсгэхгүй.
15. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020.06.21-ний өдрөөс 2021.03.31-ний өдрийг хүртэлх нийт 658 хоногоор мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсний хүүд 11,402,330 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Ингэхдээ Монголбанкнаас тогтоосон хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү буюу 2020.06 дугаар сарын хүү 11 хувиар тооцсон байна. Анхан ба давж заалдах шатны шүүх аль аль нь тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх тодорхой хугацаа тогтоогүй гэх үндэслэл дурдсан байна. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч тус гэрээгээр үлдэгдэл амны хаалтны үнийг хэзээ, хэрхэн төлөх талаар зохигчид тухайлан хугацаа тохироогүй байх ба худалдагч төлбөрөө төлөх шаардлагыг худалдан авагч З.Н-д бус, түүнтэй холбож байсан бусад этгээдэд хандан гаргасан, улмаар шүүхэд хандсан нөхцөл байдал хэргийн баримтаас тогтоогдож байна. Иймд хуулиар тогтоосон хүүг тооцон 11,402,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
16. Эдгээр үндэслэлээр зохигчийн хооронд үүссэн шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан хариуцагч З.Н-ийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01507 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч З.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Н-ийн төлсөн 445,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН