Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/01211

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/01211

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Н албаны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э төв

Хариуцагч: Т ХХК  нарт холбогдох,

 

газрын төлбөрт 11,539,136 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У, хариуцагчийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э төв нь Н албатай Нийслэлийн Засаг даргын 2011 оны .... дүгээр захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилдээ  1,475,936 төгрөг төлөхөөр 8015/0245 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Э төв нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээ зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин газар эзэмшсэний төлбөр болох 2015 оны 1,475,936 төгрөг, 2016 оны 1,475,936 төгрөг, 2017 оны 1,475,936 төгрөг, 2018 оны 1,475,936 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 2,683,520 төгрөг нийт 8,587,264 найман сая таван зуун наян долоон мянга хоёр зуун жаран дөрвөн/-ийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд манай байгууллага Монгол Улсын Иргэний хуулийг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож 2,951,872 төгрөг, нийт 11,539,136 төгрөгийг Э төвийн газрын төлбөрт нэхэмжилж байгаа учир зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь төсвийн байгууллага учраас тухайн газрыг хувийн компанид эзэмшүүлж орон сууцны барилга бариулсан. Газрын бичиг баримтыг шилжүүлэх асуудлыг хариуцагч дангаараа шийдвэрлэх боломжгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийдвэр гарах ёстой байсан, Э төвөөс энэ асуудлыг шийдүүлэхээр албан тоот хүргүүлж байсан боловч хариу ирээгүй. Энэ асуудлыг 2 төрийн байгууллага ойлгож байгаа, тухайн үед Т ХХК газрын төлбөрийг төлөх ёстой гэдгээ мэдэж байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Н албаны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээний дагуу газар эзэмшсэний төлбөрт 8,587,264 төгрөг, алданги 2,951,872 төгрөг нийтдээ 11,539,136 төгрөгийг хариуцагч Э төвөөс анх гаргуулахыг хүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

Хариуцагч Э төв хариу тайлбартаа “...ажилчдыг хямд орон сууцаар хангах зорилгоор Э газар болон Т ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, 2014 онд барилгын ажлыг бүрэн дуусгаж, А болон Б хэсэг бүхий 2 барилгыг ашиглалтад оруулсан, барилгын ажил гүйцэтгэгч Т ХХК газрын төлбөрийг төлөх үүрэгтэй” гэжээ.

 

 Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийн хувийг 2020.11.11-ний өдөр гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

           Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Н алба, Э газрын хооронд 2011.05.20-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 5 жилийн хугацаагаар байгуулагдсан, гэрээний 2.1-д зааснаар ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших газрын хэмжээ 4193 м/кв, гэрээний 2.2-т зааснаар газрын төлбөрийн хэмжээг нэгжийн үнэ 352 төгрөг, бүгд үнэ 1,475,936 төгрөгөөр тогтоож, улирал бүр  368,984 төгрөгийг төлж байхаар тохирчээ.

Газар эзэмшигч нь 2015 оноос хойш 2019 оныг дуустал хугацааны газрын төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, Н албаны 2019.09.30-ны өдрийн ... тоот зөрчил арилгуулах тухай албан бичгээр тогтоогдсон, газар эзэмшсэний төлбөрт 2015-2018 онуудад тус бүр 1,475,936 төгрөгийг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 2,683,520 төгрөг нийтдээ 8,587,264 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч өөрийн биет бус хөрөнгөнд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 4193 м/кв газарт 2014 онд 240 айлын орон сууц, 1149 м/кв газарт 2017 онд 88 айлын орон сууцыг  тус тус Т ХХК-иар бариулж ашиглалтад оруулсан байх бөгөөд тухайн газруудыг өөрийн эзэмшлээс хасуулах тухай Төрийн бодлого зохицуулалтын газарт уламжлахыг хүссэн 2019.06.06-ны .... тоот албан бичгийг Э яаманд хүргүүлсэн, мөн барилга ашиглалтад орсон цагаас эхлэн Т ХХК газрын төлбөрийг төлөхөөр тохирсон гэжээ.

Гэвч дээрх албан бичгийн дагуу Э яам хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу болон Т ХХК-тай тохиролцсон талаарх  баримт хэрэгт байхгүй болно.

Э газар, Т ХХК-ийн хоорондын 2012.05.08-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.10-т зааснаар барилгын суурийн ажлыг гүйцэтгэж дуусмагц газар эзэмшлийн гэрчилгээг захиалагчийн ажиллагсдад зээл олгуулах зорилгоор гүйцэтгэгчийн нэр дээр шилжүүлэх үүргийг захиалагч буюу Э газар хүлээсэн байх бөгөөд Н албатай байгуулсан 2011.05.20-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний гэрээний 5.1-д заасан “...газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох,...”-оор  хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Н алба нь  Э газартай байгуулсан 2011.05.20-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.6-д “төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч Э төвөөс газрын төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.3-т зааснаар газар эзэмшигч  нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байна.

           Нэхэмжлэгч тал алдангид 2,951,872 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй гэсэн заалтад нийцээгүй, алдангийн хэмжээг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,951,872 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8,587,264 төгрөгийг хариуцагч Э төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.  

           Мөн нэхэмжлэгч тал хариуцагч Т ХХК-тай гэрээ байгуулаагүй байх тул хариуцагч Т ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э төв өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Э төвөөс газрын төлбөрт 8,587,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Н албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,951,872 төгрөгийг болон хариуцагч Т ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 152,346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ