Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01313

 

 

 

 

 

 

 

 

 

НГЗБА ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/01211 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НГЗБА ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ, Т-А ХХК нарт холбогдох газрын төлбөр 11,539,136 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 401 дугаар захирамжийг үндэслэн ЭХХТтэй 8015/0245 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөрийг жилийн 1,475,936 төгрөгөөр тохиролцсон. ЭХХТ нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин газар эзэмшсэний төлбөр болох 2015 оны 1,475,936 төгрөг, 2016 оны 1,475,936 төгрөг, 2017 оны 1,475,936 төгрөг, 2018 оны 1,475,936 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 2,683,520 төгрөг нийт 8,587,264 төгрөгийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд Иргэний хуулийг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож 2,951,872 төгрөг, нийт 11,539,136 төгрөгийг ЭХХТ-ийн газрын төлбөрт нэхэмжилж байгаа учир зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ хариу тайлбартаа: Хариуцагч нь төсвийн байгууллага учраас тухайн газрыг хувийн компанид эзэмшүүлж орон сууцны барилга бариулсан. Газрын бичиг баримтыг шилжүүлэх асуудлыг хариуцагч дангаараа шийдвэрлэх боломжгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийдвэр гарах ёстой байсан, ЭХХТөөс энэ асуудлыг шийдүүлэхээр албан тоот хүргүүлж байсан боловч хариу ирээгүй. Тухайн үед Т-А ХХК газрын төлбөрийг төлөх ёстой гэдгээ мэдэж байсан гэжээ.

 

Хариуцагч Т-А ХХК бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ЭХХТөөс газрын төлбөрт 8,587,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НГЗБАнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,951,872 төгрөгийг болон хариуцагч Т-А ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 152,346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ давж заалдах гомдолдоо: Ажилчдыг хямд орон сууцаар хангах зорилгоор Эрчим хүчний газар болон Т-А ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, 2014 онд уг барилгын ажлыг бүрэн дуусгаж, А ба Б хэсэг бүхий 2 барилгыг ашиглалтад оруулсан тул барилгын ажил гүйцэтгэгч Т-А ХХК газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тус төв нь тухайн газрыг өөрийн эзэмшлээс хасуулах талаар 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 1/709 тоот албан бичгийг ЭХЯ-нд хүргүүлж, ТӨБЗГ-аас газар шилжүүлэх зөвшөөрөл авахыг уламжилсан, дээд газрын шийдвэргүйгээр ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах боломжгүй бөгөөд Т-А ХХК-ийн захирал н.Бямбасүрэнтэй 9910-0298 утсаар холбогдож газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөр төлөхгүй, утсаа ч авахгүй байгаа болно. Анхан шатны шүүх хэргийн талаар бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж, хамтран хариуцагчаар татсан боловч Т-А ХХК-ийг шүүхэд албадан ирүүлэхгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэгт гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч НГЗБА ТБАГУТҮГ нь хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-т холбогдуулан 2015-2019 онуудын газрын төлбөр 8,587,264 төгрөг, алданги 2,951,872 төгрөг, нийт 11,539,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх 1/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т-А ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ. /хх 110/

 

Хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч газрын төлбөрийг Т-А ХХК хариуцна гэж маргасан бол хариуцагч Т-А ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааныг түүний эзгүйд хийлгэхийг хүссэн байна. /хх 17-18, 115/

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 сарын 13-ны өдрийн 401 дүгээр захирамж, түүний хавсралт /хх 77-78, 79-82/, 2011 оны 05 сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 5-6/, Кадастрын зураг /хх 7/, 2011 оны 05 сарын 23-ны өдрийн Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 89/ зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ЭХХТ ТӨААТҮГ-т Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4,193 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Газрын албанаас хариуцагчтай газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан, уг гэрээгээр газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал тутам төлөх, хугацаанд нь газрын төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. Түүнчлэн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах санал гаргаагүй, газар эзэмшигч газрыг эзэмшсэн хэвээр байгаа тохиолдолд гэрээний хугацааг 1 жилээр сунгагдсанд тооцохоор гэрээнд тусгажээ.

 

Хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан газрын төлбөрийн тооцоололтой /хх 4/ маргадаггүй боловч түүний эзэмшлийн газар дээр барилга барьсан Т-А ХХК газрын төлбөрийг хариуцна гэж тайлбарладаг.

 

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тус тус зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээх тул хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-ын тайлбар, татгалзал үндэслэлгүй, улмаар анхан шатны шүүх газар эзэмшигчээс газрын төлбөрийг гаргуулан шийдвэрлэснийг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Т-А ХХК нь маргаан бүхий газрын эзэмшигч биш учир газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээхгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

Харин анхан шатны шүүхийн зүгээс алданги 2,951,872 төгрөгийг хуульд нийцээгүй, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/01211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2021 оны 07 сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР