Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/01754

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/01754

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 15 дугаар хороо, 27 дугаар байр, 41 тоот хаягт оршин суух, Шаазгайт овогт Хишигбуянгийн Дэлгэрсүрэн /РД: ГЮ78102802/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 9 дүгээр хороо, Ард Аюушийн 33-52 тоотод оршин суух, Шарнууд овогт Алтанцэцэгийн Амаржаргал /РД: ЧО80071029/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, 44-13 тоотод оршин суух, Цомог овогт Мөнхцэцэгийн Баярцэцэг /РД: ИЦ86022607/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч А.Амаржаргал, М.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага хариуцагч А.Амаржаргалаас 1,860,000 төгрөг, хариуцагч М.Баярцэцэгээс 860,000 төгрөг гаргуулах, нийт 2,720,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь Х.Дэлгэрсүрэн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А.Амаржаргал, М.Баярцэцэг нарт 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж бэлнээр хүлээлгэж өгсөн. Зээлийн гэрээгээр А.Амаржаргал, М.Баярцэцэг нар нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг нийт 2,480,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. А.Амаржаргал, М.Баярцэцэг нар нь 2,480,000 төгрөгөө төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тогтоосон. А.Амаржаргал, М.Баярцэцэг нар нь зээлээ төлөлгүй 700 хоног өнгөрч нийт алдангийн хэмжээ 8,680,000 төгрөг болсон. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлж, алдангид 1,240,000 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байна. Улмаар А.Амаржаргал, М.Баярцэцэг нар нь холбоо барихгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй болсон учраас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 02079 тоот шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. М.Баярцэцэг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлэгч Х.Дэлгэрсүрэнд 1,000,000 төгрөг буцаан төлсөн, хариуцагч М.Баярцэцэгээс үндсэн зээлийн үүрэгт 1,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 640,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулахаар байсан боловч түүний төлсөн 1,000,000 төгрөгийг нийт төлбөрөөс нь хасч 860,000 төгрөг, харин А.Амаржаргал нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээлийн үүрэгт 1,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 640,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч М.Баярцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх би 3, 4 дүгээр хороололд Тумбаш дэлгүүрийн 2 дугаар давхарт лангуу ажиллуулдаг байсан. Энэ мөнгийг Х.Дэлгэрсүрэн эгчээс зээлсэн. Зээлсэн мөнгөө бага багаар тэдний ажилтан Амгаланбаатар, Цэцгээ нарт төлөөд дууссан. Үлдэгдэл нь 300,000 төгрөг үлдсэн. Энэ тухай Х.Дэлгэрсүрэн эгч мэдэж байгаа. Тухайн үед би нөхрөөсөө салсан байсан учраас хэл ам ихтэй, нөхрөөсөө зугтааж гэр бүлийн асуудалтай байсан. Тэгэхэд энэ Амгаа гээд залуу байнга ирж дарамтлан лангуун дээрээс зарсан барааны мөнгө, эд барааг бүгдийг аваад явдаг байсан. Тухайн үед өөрийгөө Х.Дэлгэрсүрэн эгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг байсан. Тэр үед бүгдийг өгөөд дууссан гэж бодсон. Гэтэл цагдаагийн газраас дуудсан, тэгээд Х.Дэлгэрсүрэн эгч 1,000,000 төгрөг өгөөд хаагаад дуусъя гээд би төлсөн. Тухайн үед мөнгө өгч байхдаа баримт үйлдэж байгаагүй. Шууд л ирээд тэр өдрийн орлого, бараа, материал юу байна аваад явдаг байсан, аймар залуу байсан. Өдрийн хоолны мөнгө ч үлдээдэггүй байсан. Авсан 2,000,000 төгрөгөөрөө би урагшаа явж бараа дарсан. 2017 онд Х.Дэлгэрсүрэнтэй уулзахад Амгаланбаатар, Цэцгээ хоёртой нэг ч уулзаагүй тэр хоёрт гомдол гаргаад цагдаад хандаж байгаа гэсэн. Миний хувьд 2,000,000 төгрөгөөс төлсөөр байгаад 300,000 төгрөг үлдсэн гэдгээ хэлсэн. Гэтэл 1,000,000 төгрөг өгөөд хоёулаа энэ хэргийг хаая гээд Х.Дэлгэрсүрэн эгч гуйгаад уйлаад байхаар нь би 1,000,000 төгрөг өгсөн. Тэгээд одоо дахиад гараад ирэхээр гайхаад байна. Би ч гэсэн гомдол гаргаад явмаар байна гэв.

 

Хариуцагч А.Амаржаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Надад бол авсан мөнгө төгрөг байхгүй, М.Баярцэцэгийг зээл авахад батлан даагч хэрэгтэй гээд би найздаа тусалсан юм. Найз маань надад өөрийн байдлаа ярьж, зээлээ төлөөд дуус ч байгаа 300,000 төгрөг үлдсэн гэж байсан. Гэтэл Х.Дэлгэрсүрэнгийн доод ажилтан Амгаа, Цэцгээ нар ирээд байнга дарамталж мөнгө өгнө, өгөхгүй дээрээ тулаад өдрийн алданги 10 хувиар тооцож өдөрт 100 гаран мянган төгрөг төлдөг, нөхөртэйгөө муудалцаад салж байгаа гээд утсаар ярьж байсан. Би ч хүүхэд төрүүлээд холбоо тасарсан. Гэтэл нэг өдөр Х.Дэлгэрсүрэн над руу яриад танай найз алга болсон. Чи хамтран зээлэгдэгчээр батлан дааж энэ мөнгийг авсан юм чинь чи үүрэг хариуцлагыг хүлээ гээд над руу жил гаран ярьсан. Би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн юугаа төлөх вэ гэсэн. Ирээд уулз гээд байхаар нь очоод уулзахад М.Баярцэцэг нэг ч төгрөг төлөөгүй тул намайг 5-6 сая төгрөг төл гэсэн. Энэ хүний доор ажиллаж байсан хүмүүс мөнгийг аваад нэг ч төгрөг өгөөгүй байсан. Цэцгээ, Амгаланбаатар хоёрт төлсөн мөнгө огт байхгүй. Би гарын үсэг зурж батлан даасан болохоос би мөнгө аваагүй, гэхдээ би 2013 онд Х.Дэлгэрсүрэнгийн Голомт банкны дансаар нь 800,000 төгрөгийг төлж байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэн нь хариуцагч М.Баярцэцэг, А.Амаржаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Баярцэцэгээс 860,000 төгрөг, хариуцагч А.Амаржаргалаас үндсэн төлбөрт 1,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 620,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.Баярцэцэг ... зээлийн гэрээ байгуулж Х.Дэлгэрцэцэгээс 2,000,000 төгрөгийг би авсан, А.Амаржаргал энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Х.Дэлгэрсүрэнгийн хүмүүс болох Амгаа, Цэцгээ гэх хүмүүс намайг ажил дээр ирж дарамталж, лангууны өдрийн орлого, бараа зэргийг авдаг байсан. Энэ зээлийг би төлж явсаар байгаад 300,000 төгрөг үлдсэн гэж би тооцож байгаа. Мөн 2017 онд Х.Дэлгэрсүрэн эгч дуудаад байхаар нь очиж уулзахад 1,000,000 төгрөг төлчихвөл энэ зээлийг хаая гэхээр нь 1,000,000 төгрөгийг нь би төлсөн гэж, хариуцагч А.Амаржаргал ... найз М.Баярцэцэг зээл авах гэхээр батлан даагч хэрэг болоод байна гэхээр нь би түүнтэй хамт Х.Дэлгэрсүрэн дээр очиж зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан. Би энэ 2,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, харин Х.Дэлгэрсүрэн намайг найз чинь алга болсон чи энэ зээлийг төл гээд дарамтлаад байхаар нь 2013 онд түүний Голомт банкны данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэн нь хариуцагч М.Баярцэцэгтэй 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 2,000,000 төгрөгийг тухайн өдөр хариуцагч М.Баярцэцэгт бэлнээр хүлээлгэн өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., мөн хуулийн 79.2Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Баярцэцэг, А.Амаржаргал нарыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/0279 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжлуулж байсан нь шүүхийн шийдвэрээр /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ тогтоогдсон нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөг бэлнээр хариуцагч нарт дунд нь хүлээлгэж өгсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нар тул үндсэн зээлийг тэнцүү хариуцуулсан, хариуцагч М.Баярцэцэгээс үндсэн зээлийн үүрэгт 1,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 640,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулахаар байсан боловч түүний төлсөн 1,000,000 төгрөгийг нийт төлбөрөөс нь хасч түүнээс зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөг, харин А.Амаржаргал нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээлийн үүрэгт 1,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 640,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Гэвч шүүх хуралдаанд хариуцагч М.Баярцэцэгийн ... 2,000,000 төгрөгийг би авсан, А.Амаржаргал аваагүй. Энэ мөнгөөр би урагшаа явж бараа дарсан гэх, хариуцагч А.Амаржаргалын ... 2,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. Найз М.Баярцэцэг бусдаас зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэг болоод байна гэхээр нь очиж гэрээнд нь гарын үсэг зурсан гэх тайлбарууд, мөн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд М.Баярцэцэг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.Амаржаргал гүйцэтгэхээр гэх хэсгээс үзэхэд гэрээний зүйл болох 2,000,000 төгрөгийг хариуцагч М.Баярцэцэгт хүлээлгэн өгсөн, тэрээр дангаараа ашигласан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар хариуцагч М.Баярцэцэг дээрх зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй байх бөгөөд зохигчид 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлдүүлэх зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр байгуулснаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон, энэ хугацааны хүүнд /2,000,000 төгрөг, 8 хувь, 3 сар = 480,000 төгрөг/ 480,000 төгрөгийг төлөх, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 2957 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлж, /үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, нийт 2,480,000 төгрөг : 50 хувь = 1,240,000 төгрөг/ алданги 1,240,000 төгрөгийг тус тус хариуцагч М.Баярцэцэг төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Баярцэцэг үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 480,000 төгрөг, алдангид 1,240,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөг төлөх үүрэгтэй боловч хариуцагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэнгийн Хаан банкин дахь 5077002480 тоот данс /хавтаст хэргийн 8 дугаар тал/-аар төлсөн 1,000,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч М.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 2,720,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэн нь хариуцагч М.Баярцэцэгээс 860,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

Харин хариуцагч А.Амаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлага үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсан нотлох баримтуудаар гэрээний зүйлийг хариуцагч А.Амаржаргал хүлээж аваагүй, ашиглаагүй нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэн, М.Баярцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч М.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэнд олгож, хариуцагч А.Амаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч М.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дэлгэрсүрэнд олгож, хариуцагч А.Амаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баярцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 44,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР