Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01452

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01452

 

 

Х.Дгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 102/ШШ2021/01754 дугаар шийдвэртэй, Х.Дгийн нэхэмжлэлтэй А.А, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч А.Ааас 1 860 000 төгрөг, М.Бээс 860 000 төгрөг нийт 2 720 000 төгрөгийг гаргуулна. Х.Д нь 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.А, М.Б нарт 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэрээгээр А.А, М.Б нар нь 2013 оны 3 дугаар сарын05-ны өдрийн дотор зээл 2 000 000 төгрөг, хүү 480 000 нийт 2 480 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. А.А, М.Б нар нь 2 480 000 төгрөгөө төлөөгүй.

Зээлийн гэрээнд алданги тооцохоор тохиролцсон. А.А, М.Б нар нь зээлээ төлөлгүй 700 хоног өнгөрч нийт алдангийн хэмжээ 8 680 000 төгрөг болсон. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 1 240 000 төгрөг төлүүлнэ. А.А, М.Б нарыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. М.Б 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн.

Хариуцагч М.Бээс зээл 1 000 000 төгрөг, хүүд 240 000 төгрөг, алдангид 640 000 төгрөг, нийт 1 860 000 төгрөгийг гаргуулахаар байсан боловч түүний төлсөн 1 000 000 төгрөгийг нийт төлбөрөөс нь хасч 860 000 төгрөг гаргуулна. А.А нэг ч төгрөг төлөөгүй тул зээл 1 000 000 төгрөг, хүүд 240 000 төгрөг, алдангид 640 000 төгрөг, нийт 1 860 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Дгээс дээрх мөнгийг зээлсэн. Зээлсэн мөнгөө бага багаар тэдний ажилтан Амгаланбаатар, Цэцгээ нарт төлөөд дууссан ба 300 000 төгрөг төлөөгүй үлдсэн. Амгаа гээд залуу байнга ирж дарамтлан лангуун дээрээс зарсан барааны мөнгө, эд бараа, өдрийн орлого юу байна аваад явдаг байсан.Тухайн үед өөрийгөө Х.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг байсан. Тэр үед бүгдийг өгөөд дууссан гэж бодсон. Гэтэл цагдаагийн газраас дуудсан, тэгээд Х.Дд 1 000 000 төгрөг өгөөд хаагаад дуусъя гээд төлсөн. Тухайн үед мөнгө өгч байхдаа баримт үйлдэж байгаагүй. 2017 онд Х.Дтэй уулзахад Амгаланбаатар, Цэцгээ хоёртой нэг ч уулзаагүй тэр хоёрт гомдол гаргаад цагдаад хандаж байгаа гэсэн. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ мөнгийг би аваагүй. М.Бийг зээл авахад батлан даагч хэрэгтэй гээд би найздаа тусалсан. М.Б 300 000 төгрөг үлдсэн гэж байсан. Би ч хүүхэд төрүүлээд холбоо тасарсан. Гэтэл Х.Д над руу яриад танай найз алга болсон, чи хамтран зээлэгдэгчээр батлан дааж энэ мөнгийг авсан юм чинь төл гэсэн. Гарын үсэг зурж батлан даасан болохоосмөнгө аваагүй. Гэхдээ би 2013 онд Х.Дгийн Голомт банкны дансаар нь 800 000 төгрөгийг төлж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч М.Бээс зээлийн гэрээний үүрэгт 860 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дд олгож, хариуцагч А.Ааас зээлийн гэрээний үүрэгт 1 860 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 44 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох Г.Дэлгэрсүрэнгийн өөрийн хүсэлтээр бичиж өгсөн энэхүү маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэсэн утга бүхий бичгийг бичиж өгч байсныг шүүх үнэн зөв үнэлээгүй. Мөн шүүх хуралдаанд ямар ч төсөөлөлгүй юу ч мэдэхгүй оролцсон бөгөөд шүүхээс өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр маань хангаагүй. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Х.Д, М.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай байна. Иймд шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсэг болох 860 000 төгрөг гаргуулахыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Х.Д нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Бээс 860 000 төгрөг, хариуцагч А.Ааас зээл 1 000 000 төгрөг, хүүд 240 000 төгрөг, алдангид 620 000 төгрөг, нийт 1 860 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 26-28/

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч М.Бтэй 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд 2 000 000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаангүй. /хх7/

Анхан шатны шүүхээс хариуцагч А.Ад холбогдох 1 860 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. Мөн шүүх хариуцагч М.Бээс зээлийн гэрээний үүрэгт 860 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Зээлийн тооцооллыг шалгаж үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч М.Бээс зээлийн гэрээний үүрэгт 860 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус нийцсэн. /зээл 1 000 000, хүүд 240 000, алданги 640 000, нийт 1 860 000 төгрөг/ Хариуцагч М.Б нь зээлийг төлж дууссан, 300 000 төгрөг төлөөгүй үлдсэн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй. Харин М.Бийн 1 000 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсон байна. /хх 1-2/

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх нүүрэнд зээлийг М.Б төлөх нь зүйтэй хэмээн үзсэн атлаа нэхэмжлэгч Х.Д, М.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж техник алдаа гаргасныг залруулан дүгнэх нь зүйтэй.

Мөн хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргасан гэх баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 102/ШШ2021/01754 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Бийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 190 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД