Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01414

 

2021 оны 06 сарын 25                                Дугаар 183/ШШ2021/1414                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,    

       

Хариуцагч: А ХХК -д холбогдох,

 

Сургалт зуучлалын гэрээний төлбөрт 2,500,000 төгрөгийг буцааж гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Итали улсын их дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргаж, А ХХК-тай сургалт зуучлалын гэрээ байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөгийг Х банкны өөрийн нь дансанд шилжүүлсэн. Гэтэл ямар ч хариу өгөлгүй сураггүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А ХХК-ийн оффис руу очтол хүмүүс луйвардуулчихсан гээд ТВ8 дуудна, энэ компанид мөнгөө луйвардуулаад 2 жил болж байна гэж хэлсэн. Маргааш нь би гэрээгээ цулах өргөдлөө гаргахад 45 хоногийн дотор шийдэж өгнө гэж хэлсэн боловч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй. Одоо  үлдэгдэл 2,500,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.М нь сургалт зуучлалын гэрээний төлбөрт 2,500,000 төгрөгийг буцааж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч М.Т 2021.05.28-нд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд Б.М, А ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр 04-ний өдөр сургалт зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээний 4.1-д зааснаар зуучлалын үйлчилгээ үзүүлсэний төлбөр 1500 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг байхаар тохирсон байх бөгөөд 2019.11.05-ны өдрийн ханшаар тооцож 4,052,000 төгрөгийг А ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь Б.М-гийн Г банкны дансны хуулгаар тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ, 410.2-т хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ гэж заажээ.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.М-гийн тайлбараас үзэхэд  “...зуучлалын төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээ цуцлах өргөдөл гаргаснаас хойш 2020.03.02-ны өдөр А ХХК нь түүний Г банкны 3005112202 тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан, одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн байх тул шүүх хариуцагч А ХХК-иас сургалт зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.   

 

             Нэхэмжлэгч Б.М нь  гэрээ цуцлах саналыг гаргасан,  хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний төлбөрөөс 1,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний Г банкны дансны хуулгаар тогтоогдсон   байна.

     

             Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн  205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн   72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас  54,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ