Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01417

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01417

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01414 дугаар шийдвэртэй Б.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-д холбогдох Сургалт зуучлалын гэрээний төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Итали улсын их дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргаж, А ХХК-тай сургалт зуучлалын гэрээ байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус байгууллагын Худалдаа хөгжлийн банк ХХК дах дансанд шилжүүлсэн. Гэтэл ямар ч хариу өгөөгүй, сураггүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А ХХК-ийн оффис руу очтол ... луйвардуулчлаа, ТВ 8 дуудна, энэ компанид мөнгөө луйвардуулаад 2 жил болж байна... гээд хэсэг хүмүүс зогсож байсан. Маргааш нь би гэрээг цуцлах өргөдлөө гаргахад ...45 хоногийн дотор шийдэж өгнө... гэж хэлсэн боловч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 500 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй тул үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 54 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тайшир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 2 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан сургалт зуучлалын гэрээний 5.4-т ...гэрээ байгуулсан өдрөөс эхлэн зуучлалын гэрээг цуцлах санал гаргасан өдрийг хүртэлх хугацаанд өдрийн ажлын хөлсийг 5 ам.доллараар тооцон суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцааж олгоно... гэж заасан. Анх гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээг цуцлах хүсэлт гаргасан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 29 хоног байгаа бөгөөд 391 935 төгрөг болж байгаа. Иймд 2 500 000 төгрөгөөс 391 935 төгрөгийг хасч тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...А ХХК-тай Итали улсад суралцахаар зуучлалын гэрээ байгуулж, 4 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 11 дүгээр 04-ний өдөр сургалт зуучлалын гэрээ байгуулагдсан, анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт ...аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно... гэж тус, тус заасан.

Гэрээний 4.1-д зааснаар зуучлалын үйлчилгээ үзүүлсний төлбөр 1 500 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг байхаар тохирсон байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар тооцож 4 052 000 төгрөгийг А ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь Б.Мгийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогджээ. /хх.7/

Нэхэмжлэгч Б.М нь гэрээ цуцлах саналыг гаргасан, хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний төлбөрөөс 1 500 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, уг асуудлаар зохигчид маргаагүй байна. Иймд хариуцагч А ХХК-иас сургалт зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...Гэрээ байгуулсан өдрөөс гэрээг цуцлах өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр/ хүртэлх хугацаанд нийт 29 хоног буюу 145 ам.доллартай тэнцэх 391 935 төгрөг болно. Иймд хариуцагч талын үлдэгдэл төлбөр болох 2 500 000 төгрөгөөс дээрх 391 935 төгрөгийг хасч тооцуулна гэжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Мг Итали улсын их дээд сургуульд суралцуулахад зуучлах үүргээ биелүүлсэн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул ажлын хөлс 145 000 ам.доллар буюу 391 935 төгрөгийг хасаж тооцох боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01414 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО