Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01485

 

 

 

2021 оны 07 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2021/01485                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 132,74 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Ж, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани 2010 оноос эхлээд арматурын төмөр худалдах, импортоор оруулж ирэх, Монгол улсад худалдах үйл ажиллагаа эрхэлдэг. 2013.03.21-ний өдөр 25 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах, 2014.03.13-ны өдөр 20 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах гэрээг Х ХХК-тай хийсэн. Гэрээний үүргийн дагуу нийт 45,000 тонн арматурын төмрийг Х-т нийлүүлж дуусгасан ба гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоогоо нийлж Балгаажуулахад Х ХХК, Ш-т төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Х нь гэрээний нэг тал болох Ш ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Б гэх хүнтэй арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Гэрээг үндэслээд 132.74 м.кв үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Энэ нөхцөл байдлыг би сүүлд мэдсэн, манайд Б гэж хүн огт ажиллаж байгаагүй. Тухайн үед Хт арматурын төмөртэй холбоотой зуучилж өгсөн гэж Б хэлдэг. Гэхдээ Ш ХХК зуучлуулсан зүйл байхгүй. Харин Г банктай зуучилж байсан ба тухайн үед тохирсон хөлсийг нь өгч байсан. Гэтэл Х дээр очиж би энэ компанийн гүйцэтгэх захирал байна гэж хэлээд Х ч гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үл хөдлөх хөрөнгөө Б гэж хүнд шилжүүлээд өгчихсөн. Гэрээ байгуулсан, арматураа нийлүүлсэн гэрээ болон тооцооны үлдэгдэлээ Балгаажуулсан 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгөө өнөөдрийг хүртэл олж авч чадахгүй байна. Х болохоор манайх гэрээний үүргээ биелүүлсэн гээд байдаг боловч Ш ХХК-иас манай авах ёстой авлагыг Б гэж хүнд шилжүүлээрэй гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Ш ХХК-ин захирал, гүйцэтгэх удирдлагууд нь бүгд Хятад улсын иргэд, гэрээн дээр хэзээ ч гүйцэтгэх захирал Б гэж Монголоор бичиж гарын үсэг зурахгүй.  Хэрэгт авагдсан 2 гэрээн дээр ерөнхий захирал Хэли чань гэж гарын үсэг зурдаг. Манай тамга бөөрөнхий хэлбэртэй, одоо 817,938,000 төгрөгийн тооцоо нийлсэн, энэ тооцоололд багтаагаад 132,74 м.кв талбайг бартерт өгөхөөр тохирсон байхад Б гэж хүн манай өмнөөс уг үл хөдлөх хөрөнгийг авсан тул Х ХХК-иас дутуу төлсөн тооцоо болох 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ, түүний талаар төлбөр тооцооны талаар маргахгүй. Манй компани 132.74 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Бад шилжүүлж өгсөн. 2013.04.03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2013.06.13-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгийг Бын өмчлөлд шилжүүлсэн. Ш ХХК нь манай компанитай гэрээ байгуулахад гүйцэтгэх захирал Б ирж гэрээ хийсэн. Гэрээ болгоны нүүрэн дээр гүйцэтгэх захирал Б гэж Балгаажуулсан. Гүйцэтгэх захирал гэдэг бол тухайн компанийг төлөөлөх, мөн  компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй этгээд байдаг. Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Бад шилжүүлэн өгсөн 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгсөн. Хийн зүгээс  Ш ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ  бүрэн биелүүлсэн бөгөөд Ш ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт бартераар шилжүүлэх байсан гэх 132,74 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Х ХХК-иас гаргуулахыг шаардсан, харин хариуцагч тал гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй байна.

 

  Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2013.03.21-ний өдөр 25 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах, 2014.03.13-ны өдөр 20 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, нийт 45,000 тонн арматурын төмрийн үнийн тооцоог нийлэхэд 817,938,000 төгрөг төлөхөөс Х ХХК нь 444,094,374.60 төгрөгийг төлсөн үлдэх 373,843,626.40 төгрөгт тооцож 132,74 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бартераар шилжүүлэн өгөхөөр тохирсон болох нь талуудын тайлбар болон хоорондын гэрээгээр тогтоогджээ.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Арматур худалдах, худалдан авах гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх нөхцөл, төлбөрийн үлдэгдэлийн талаар талууд маргаагүй байх боловч 2013.06.04-ний өдрийн гэрээний 6-д зааснаар төлбөрийн нөхцөлийг бэлэн бусаар болон бартераар хийх,  .... хороолол, .... дүгээр блок 1 давхарын үйлчилгээний төвийн 132,74 м/кв талбайг 373,843,626.40 төгрөгт тооцож бартераар шилжүүлэх байсныг нэхэмжлэгч Ш хүлээн аваагүй гэж маргаан үүссэн байна.

Х ХХК нь .... дүүргийн .....  дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 2013 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох,  ....  орон сууцны барилгын  ....  дүгээр байрны .... тоот 132,74 м/кв талбайг  2013.04.03-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Д.Б шилжүүлсэн байх бөгөөд анхны өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй байсан, 2013.11.18-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу М.Э-д шилжүүлсэн, 2017.04.09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу А ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.06.02-ны өдрийн .... дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

 “... Д.Б гэгчээр зуучлуулан барилгын арматур төмрийг Х ХХК-д худалдсан, зуучлалын хөлс өгөөгүй тул уг байрыг авсан болох нь нотлогдож, уг асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй эрүүгийн хэргийн бүрэлдхүүнгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014.09.23-ны өдрийн ..... дугаар прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ...  дугаар шүүхийн 2015.04.21-ний өдрийн ......  дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015.06.05-ны өдрийн .... дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.09-ний өдрийн .... дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.20-ний өдрийн ....... дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2019.10.23-ны өдрийн . дугаар .......шийдвэрээс үзэхэд талуудын хэн алин бартерийн талбай Д.Б шилжсэнийг буруу болохыг мэдэж, нэхэмжлэгч Ш ХХК нь 2015 онд, Х ХХК нь 2017.04.05-нд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч эцэслэн шийдвэрлүүлээгүй орхижээ.

Тухайн үедээ Ш ХХК-иас тодруулахгүйгээр Х ХХК нь хуулийн этгээдийн хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Д.Б-ын өмчлөлд шилжүүлсэн нь буруутай, нөгөөтэйгүүр Д.Б компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэх боловч Ш ХХК-ийн  бусадтай байгуулсан удаа дараагийн гэрээ хэлцэлд гүйцэтгэх захирал Д.Б гэсэн гарын үсэг зурагдсан байдлыг залруулаагүй нэхэмжлэгч буруутай байх бөгөөд 2013 оны үйл баримтын талаарх маргааныг тухайн цаг хугацаанд нь шийдвэрлүүлэхгүйгээр орхисон талууд өөрсдөө буруутай гэж үзлээ.

Иймд талуудын хооронд байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, тухайн бартерын талбай хариуцагч Х ХХК-ийн эзэмшилд байхгүй, хэд хэдэн өмчлөгч солигдсон байх тул Ш ХХК-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.4-т “зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн үлдэх хэсэг 1,500,000 төгрөгийг  нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас гэрээний үүрэгт 132,74 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг нэмж гаргуулж улсын орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ