Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01450

 

 

 

 

 

 

 

 

 

Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш- ХХК-ийн хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 132.74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш- ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2010 оноос эхлээд арматурын төмөр худалдах, импортоор оруулж ирэх, Монгол Улсад худалдах үйл ажиллагаа эрхэлдэг. 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 25 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах гэрээг Х- ХХК-тай хийсэн. Гэрээний үүргийн дагуу нийт 45 000 тонн арматурын төмрийг Х--т нийлүүлж дуусгасан ба гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоогоо нийлж баталгаажуулахад Х- ХХК, Ш- ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Х- ХХК нь гэрээний нэг тал болох Ш- ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Ш- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б- гэх хүнтэй арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Гэрээг үндэслээд 132.74 м.кв үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Энэ нөхцөл байдлыг би сүүлд мэдсэн, манайд Д.Б- гэж хүн ажиллаж байгаагүй. Тухайн үед Х- ХХК-д арматурын төмөртэй холбоотой зуучилж өгсөн гэж Д.Б- хэлдэг. Гэхдээ Ш- ХХК зуучлуулсан зүйл байхгүй. Харин Голомт банктай зуучилж байсан ба тухайн үед тохирсон хөлсийг нь өгч байсан. Гэтэл Х- ХХК дээр очиж би энэ компанийн гүйцэтгэх захирал байна гэж хэлээд Х- ХХК ч гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үл хөдлөх хөрөнгөө Д.Б- гэж хүнд шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулсан, арматураа нийлүүлсэн гэрээ болон тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгөө өнөөдрийг хүртэл олж авч чадахгүй байна. Х- болохоор манайх гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг боловч Ш- ХХК-иас манай авах ёстой авлагыг Д.Б- гэж хүнд шилжүүлээрэй гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Ш- ХХК-ийн захирал, гүйцэтгэх удирдлагууд нь бүгд Хятад улсын иргэд, гэрээн дээр хэзээ ч гүйцэтгэх захирал Д.Б- гэж Монголоор бичиж гарын үсэг зурахгүй. Хэрэгт авагдсан 2 гэрээн дээр ерөнхий захирал Хэли чань гэж гарын үсэг зурдаг. Манай тамга бөөрөнхий хэлбэртэй, одоо 817 938 000 төгрөгийн тооцоо нийлсэн, энэ тооцоололд багтаагаад 132,74 м.кв талбайг бартерт өгөхөөр тохирсон байхад Д.Б- гэж хүн манай өмнөөс уг үл хөдлөх хөрөнгийг авсан тул Х- ХХК-иас дутуу төлсөн тооцоо болох 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ, болон төлбөр тооцооны талаар маргахгүй. Манай компани 132.74 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Ш- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-ад шилжүүлж өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгийг Д.Б-ын өмчлөлд шилжүүлсэн. Ш- ХХК нь манай компанитай гэрээ байгуулахад гүйцэтгэх захирал Д.Б- ирж гэрээ хийсэн. Гэрээ болгоны нүүрэн дээр гүйцэтгэх захирал Д.Б- гэж баталгаажуулсан. Гүйцэтгэх захирал гэдэг бол тухайн компанийг төлөөлөх, мөн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй этгээд байдаг. Ш- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-ад шилжүүлэн өгсөн 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгсөн. Х--ийн зүгээс Ш- ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Ш- ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х- ХХК-иас гэрээний үүрэгт 132,74 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 500 000 төгрөгийг нэмж гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Х- ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээний дагуу Ш- ХХК нь гэрээнд тохирсон тоо хэмжээний дагуу армартурийн төмрийг Х- ХХК-д нийлүүлсэн. Х- ХХК-тай тооцоо нийлж төлбөрийн үлдэгдэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Рапид харш орон сууцны барилгын 29 дүгээр байрны 2 тоотод байрлах 174,74 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг Ш- ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл уг орон сууцыг бусдад шилжүүлэн өгч, гэрээ байгуулснаар Ш- ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй болсон ба Х- ХХК ч иргэн Д.Б-ад шилжүүлэх ёсгүй байснаа мэдэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ш- ХХК- ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, 2013 оны үйл баримтыг цаг хугацаанд нь шийдвэрлүүлээгүй орхисон, Х- ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг өгөх ёсгүй хүнд өгсөн нь буруутай гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг буруутган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01485 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Ш-" ХХК нь "Х-" ХХК-д гэрээнд заасан тоо ширхэг, хэмжээний арматур төмрийг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Х- ХХК өөрийн барьсан барилгад ашигласан, гэрээний биелэлтээ дүгнэсэн энэ талаар талууд маргадаггүй. Гагцхүү Х- ХХК гэрээний 6 дугаар зүйлд заасан бартерт тооцон Ш--т шилжүүлэн өгөх нийлүүлсэн бараа материалын хэсэг үнэ 373 843 626 40 төгрөгийн үнэ бүхий 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах биш этгээд болох Л.Бат гэгч иргэнд шилжүүлэн өгч гэрээний үүргээ одоо болтол биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан юм. Ш- ХХК Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө төлөөлүүлэн зөвхөн бараа материал нийлүүлэх тухай хэлцэл хийхийг Л.Батад олгосон болохоос гэрээний үүргийг хүлээн авах эрх олгоогүй. Өөрөөр хэлбэл хэлцлээс үүсэх эрх, үүргээ Шинэ их эзар ХХК Л.Батад шилжүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах итгэмжлэл олгоогүй байдаг. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Л.Батыг гэрээ байгуулахад байлцсан учраас хөрөнгийг шилжүүлсэн гэдэг ба Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийг хүлээн авах талаарх итгэмжлэлийг шаардан авах байсан үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна гэрээний нэг тал болох Ш- ХХК-д мэдэгдээгүй байдаг. Энэ талаар ч шүүх Х- ХХК-ийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л.Батын өмчлөлд шилжүүлснийг буруутай гэж дүгнэсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Х- ХХК зөвхөн Ш- ХХК-д хүлээлгэн өгөх ёстой бөгөөд хэлцэл байгуулсан этгээдэд хүлээлгэн өгөх ёсгүй. Хэрэв бартерт тооцох үл хөдлөх эд хөрөнгийг Л.Батыг хүлээн авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар байсан бол зөвшөөрөл олгох ёстой байсан. Үзүүлэх ямар нэгэн баримтгүй байснаас гадна Х- ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Л.Бат гэгч бүрэн төлсөн гэж хуурамч баримт үйлдэж бүртгэлийн газар түүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ гаргуулахаар өгсөн байдаг. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн ба талуудын хооронд байгуүлсан гэрээний 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар өнөөдрийг хүртэл Х- ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа тул үүрэг дуусгавар болоогүй талаар шүүх дүгнээгүйгээс шийдвэр үндэслэлгүй юм. Х- XXК гэрээний үүргийн гүйцэтгэлийг төөрөгдүүлэн шилжүүлэн авсан иргэн Л.Батаас хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг шүүх анхаарах ёстой. Шүүх бартераар шилжүүлэн өгөх ёстой 132.74 м.кв үл хөдлөх хөрөнгө одоо Х- ХХК-ийн эзэмшилд байхгүй гэсэн нь үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэл биш. Хөрөнгө байгаа эсэх нь хамаагүй бөгөөд гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцөлөө тохирч, төлбөрийг хэрхэн хийх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээнээс үүсэх маргааны үндэслэл болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Ш- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш- ХХК нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 132,74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Нэхэмжлэгч Ш- ХХК нь гэрээний үүрэгт 132,74 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х- ХХК-иас шаардаж байх боловч талуудын байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээнд заасан Рапид харш хороолол, 29-р блок, 1 давхрын үйлчилгээний төвийн 132,74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х- ХХК нь арматур худалдах, худалдан авах гэрээнд заасан тодорхой хөрөнгө болох 132,74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш- ХХК-д биет байдлаар шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш- ХХК нь арматур худалдах, худалдан авах гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй адил чанарын, өөр хөрөнгө шаардаж байгаа эсэх, эсхүл тухайн хөрөнгийн үнийг шаардаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнд өгөх хариуцагчийн хариу тайлбар тодорхой болсны дараа талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс арматур худалдах, худалдан авах гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-ын өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхисон нь үндэслэл муутай болжээ. /2хх-ийн 7, 16-р тал/

 

Хэдийгээр 1-р хавтаст хэргийн 111-р талд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг байгаа боловч нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлэх нотлох баримт нь талуудын байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд ач холбогдолтой, маргааны зүйлд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х- ХХК нь нэхэмжлэгч Ш- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргийг Д.Б-ад шилжүүлэн өгсөн үндэслэл, нотлох баримтууд тодорхой бус байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 027 170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ