Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01464

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр                         Дугаар 102/ШШ2021/01464                             Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 4 дүгээр хороо оршин суух хаягтай, Р О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 11 дүгээр хороо оршин суух хаягтай, Ж Б-д холбогдох,

 

5,222,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие хариуцагч Ж.Бт 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг өгсөн. 

Хариуцагчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан талаар маргаагүй, буцаан төлөхийг зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх тайлбар байхгүй. Харин үлдэх төлбөрийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

Миний охин АНУ-д амьдардаг бөгөөд түүн дээр очих зорилгоор визний материал бүрдүүлж, орчуулга хийдэг н.Ө гэж хүнтэй танилцсан. Тэр хүн надад “...хуурай ах Б гэж хүн байгаа” гэсний дагуу анх Ж.Бтэй танилцсан. Тэрээр “...амьдрал хэцүү байна, тус болооч” гэсний дагуу өөрийн ээж болон Ж.Бн хамт АНУ-ын визэнд орсон.  Ингэхдээ визний хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Харин 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр авсан 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн хувьд уг мөнгийг Ж.Б рүү “махны үнэ” гэсэн утгаар хийсэн. Учир нь АНУ-ын виз мэдүүлэхэд, ярилцлаганд ороход хариуцагчийн дансанд мөнгө орж гарсан байх ёстой байсан. Тэрээр өөрийгөө хувийн бизнестэй гэсэн учир түүний хүсэлтээр, түүнд туслахаар мөнгийг шилжүүлсэн. Харамсалтай нь виз гараагүй. Ингээд мөнгөө буцааж төл гэхэд хариуцагч төлөөгүй, олдохоо больсон. Ийм учраас нийт 5,222,400 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж өгнө үү. Бид хоёр 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд хамтран амьдраагүй, хариуцагч хүнийг гүтгэж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Р.Ос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг хүлээн авсан талаар маргаан байхгүй. Нийт нэхэмжилж буй мөнгөнөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлж авсан тул угаасаа буцааж төлнө. 

Харин 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс авсан 422,400 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр авсан 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,422,400 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  

Нэхэмжлэгч Р.О 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 422,400 төгрөгийг хариуцагч Ж.Бн АНУ-ын визний хураамжийн төлбөрт зориулж зарцуулсан, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг АНУ-ын виз мэдүүлэхэд зориулж, мөнгөтэй харагдах гэж дансаар авсан. Энэ талаар ч маргахгүй. Яагаад энэ мөнгийг төлөхгүй шалтгаан нь нэхэмжлэгч бид хоёр 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд бие биедээ татагдаж хэсэг хугацаанд хамт амьдарсан. Би нэхэмжлээд байгаа 2,422,400 төгрөгөөс ч илүү их мөнгийг нэхэмжлэгчид буцаан зарцуулсан. Бид хамт хоолонд орох, караокед орох зэргээр мөнгөө хамтдаа зарцуулсан. Мөн нэхэмжлэгч миний картыг авч яваад их хэмжээний мөнгийг өөрөө авч, дураараа захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,422,400 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ж.Бт холбогдуулж 5,222,400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Р.Ос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй байна.

 

Хариуцагчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан 200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан талаар маргаагүй, буцаан төлөхийг зөвшөөрч байна. 

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” заасны дагуу дээрх 2,800,000 төгрөгийг хариуцагч Ж.Бс гаргуулан нэхэмжлэгч Р.От олгож шийдвэрлэв.

 

Харин хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс авсан 422,400 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр авсан 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,422,400 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.

 

Нэхэмжлэгч Р.О 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 422,400 төгрөгийг хариуцагч Ж.Бн АНУ-ын визний хураамжийн төлбөрт зориулж зарцуулсан, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг АНУ-ын виз мэдүүлэхэд зориулж төлсөн талаар зохигчид маргаагүй хэдий ч хариуцагчаас 2,422,400 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд нэхэмжлэгчтэй хамтран амьдарсан. Би 2,422,400 төгрөгөөс ч илүү их мөнгийг нэхэмжлэгчид буцаан зарцуулсан тул уг мөнгийг төлөхгүй” гэж тайлбарлаж байна. 

 

Бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.

 

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ж.Бн бусдад өгөх ёстой төлбөрийг төлснөөр хариуцагчид эд хөрөнгийн давуу байдал үүсгэсэн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,422,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд  заасныг баримтлан хариуцагч Ж.Бс 5,222,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.От олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бс 99,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ