Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/хт2023/00232

 

Ч.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмоннарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дүгээр магадлалтай,

Ч.А-ны нэхэмжлэлтэй

“Шх” СӨХ-д холбогдох000 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг, уг хурлаас 000 дугаар байрны оршин суугч С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг болон “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, нарийн бичгийн дарга Б.Намсрай  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ч.А нь “Шх” СӨХ-д холбогдуулан 000 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг, уг хурлаас 000 дугаар байрны оршин суугч С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг болон “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А хариуцагч “Шх” СӨХ-д холбогдуулан гаргасан “Шх” СӨХ байгуулах 000 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 000 дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар С дүүргийн 00 дүгээр хорооны 000 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг болон уг хурлаас С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ч.А нэхэмжлэлтэй “Шх” СӨХ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Д.Т миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дугаартай магадлалыг 2023 оны 09 сарын 04-ний өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4.1. 000 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Шх” СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 3. “Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэв. Тус магадлалын хянавал хэсгийн 4.2-т “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хэрэв сууц өмчлөгчдийн ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно.” Хэрэгт авагдсан 000 дугаар байрны нийт оршин суугчдын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хуралд 28 гишүүн биеэр оролцож, 13 гишүүн өмнө нь санал ирүүлж, нийт 41 гишүүн оролцсоноос 100 хувийн саналаар “Х хотхон”-ы 000 дугаар байранд “Шх” СӨХ байгуулж удирдах зөвлөлийн гишүүнээр С.Г сонгожээ. Магадлалын 4.3 дурдсанаар “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заажээ. 000 дугаар байрны орон сууцын 50% нь ТК-ийн өмчлөлийн бөгөөд СӨХ байгуулах хурлын товыг мэдэгдээгүй, ТК тухайн хуралд оролцоогүй талаар “Т” ТӨХХК-ийн 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 1/667 дугаартай албан бичиг хэрэгт авагджээ. Хуульд бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр бус гэж үзнэ.” Нэхэмжлэгч зөвхөн 000 дугаар байрны оршин суугчдын хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх 000-000 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэн, улмаар “Т” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэргийн 130 дугаар талд авагдсан “Т” ТӨҮГ-ын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1/0 дугаартай албан бичигт иргэд шинээр СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй талаар дурдсан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох талаарх хуулийн зохицуулалтын хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд 000 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Тайлбар гаргах тухайд: С дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, Н гудамж, Х хотхоны 000, 000, 000, 000, 000, 000-р байрны оршин суугчид Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна” мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж заасны дагуу 2018.09.27-ны өдөр бүх гишүүдийн хуралдаан хийж “Шх” СӨХ нь анх байгуулсан юм. Тухайн үед ТК-оос СӨХ байгуулах талаар удаа дараа асуусан бөгөөд манай байгууллагаас СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй хэмээн тайлбарласан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Гишүүдийн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно” гэж заасантай нийцсэн байна. ТК-оос санал авч зөвшилцсөний дагуу байр тус бүрд СӨХ байгуулах талаар санал хүсэлт аван хуралдсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасанчлан 000 дугаар байрны нийт оршин суугчдын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн хуралд 28 гишүүн биеэр оролцож, 13 гишүүн өмнө нь санал ирүүлснийг бүртгэж, нийт 41 гишүүн оролцсон 57.44%-ийн ирцтэй тул хуульд зааснаар хурлыг хүчин төгөлдөр юм. 2018 оны 10 сарын 01-ний өдөр С дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Шх” СӨХ-ийг шинээр бүртгүүлэхээр хүсэлт өгөн холбогдох материалуудын хамт хүргүүлсэн болно. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5-т “Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна” гэж заасны дагуу ТК энэ хуралд төлөөлөгч томилж оролцуулаагүй боловч амаар болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1/00 дугаар албан тоотоор “С дүүргийн Засаг даргын Тамгын газарт “000-000” дугаар байранд СӨХ байгуулахаар 2018.09.27-ны өдөр оршин суугчид хуралдсан, шинээр СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн “Шх” СӨХ нь анх байгуулагдахдаа “000-000” дугаар байрнуудад тус бүр дээр хурал зарласан бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ингээд албан ёсоор 2018 оны 11 сарын 01-ний өдөр “Шх” СӨХ-ийг Сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хуульд бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ хэмээн тайлбарлаж 000 дугаар байранд хийгдсэн хурлыг ирц хүрээгүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэнд гомдолтой байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/12023/02071 дугаартай шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 5-т тусгаснаар "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөлийг заасан. Энэ нь сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцдогтой холбоотойгоор сууцны хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй тохиолдолд тухайн этгээдийн 20-оос дээш хувийн саналын эрхээр асуудал шийдвэрлэгдэх нөхцөлийг хаах зорилготой заалт юм. Мөн “Шх” СӨХ-г дан ганц 000 дугаар байрны оршин суугчид байгуулаагүй, 000-000 дугаар байрны оршин суугчид байгуулсан, 000-000 дугаар байрны оршин суугчид байгуулсан, мөн “Т” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн тул “Шх” СӨХ-г байгуулсан 000-000 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байна.” хэмээн үзсэнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг илт зөрүүтэй тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна.

4.2. Дээрх хурлаас 000 дугаар байрны оршин суугч С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 5-т нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ С.Г нь 000 дугаар байрны оршин суугч тул 000 дугаар байрны хурлаас удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь хууль бус гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Х/ТАХ-49 дугаартай төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХХ/ЗГБ-0 000 дугаартай төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээгээр С.Г нь Х Хотхон, 000 дугаар байрны 00 давхрын 0 тоот, 0,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшдэг нь тогтоогдсон байна. Хэдийгээр С.Г нь 000 дугаар байрны оршин суугч боловч дээрх хүчин төгөлдөр бус хурлаас түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Шүүх бүх гишүүдийн хурлаар С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сууц өмчлөгчдөөс сонгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхаараагүй байна. Иймд С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн. 2018 оны 09 сарын 27-ны өдөр 000-000 дугаар байрнуудын оршин суугчид СӨХ-байгуулах, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, СӨХ-ийн дүрэм батлах тухай асуудлаар хуралдаж, хурлын ирцийг биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлснийг бүртгэж 52.8%- 59.72% ирцтэйгээр хуульд зааснаар хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж, хурлаас “Шх” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчийн гишүүдийн саналаар байр болгоноос нэг гишүүдийг төлөөлөл болгон сонгохоор тохиролцсон сонгосон. 000 дугаар байрнаас С.Г нийтийн саналаар хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” мөн хуулийн 10.1-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна” гэж заасныг зөрчөөгүй юм. Хяналтын зөвлөлийн гишүүн С.Г нь 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Х/ТАХ-49 дугаартай төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХХ/ЗГБ-000 дугаартай төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээгээр С.Г нь Х Хотхон, 000 дугаар байрны 0 давхрын 0 тоот, 0,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшдэг нь тогтоогдсон. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т “удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заасан. С дүүргийн 0 дүгээр хороо, Х хотхоны 000 дугаар байрны нийт оршин суугчдын хурлын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн С.Г олонхын саналаар зөвлөлийн гишүүнээр томиллоо. Бусад байрны оршин суугчдын төлөөллийг зөвлөлд оруулахаар тогтоолоо” гэж шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Ч.А нь анхнаасаа 000 дугаар байрны оршин суугчийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй юм. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн магадлалд 000 дугаар байр нийт 144 гишүүн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй учир нь 72 гишүүн нь ТК- ийн өмчлөлийнх бөгөөд тус өмчлөгчид нь шинээр СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үлдсэн 72 гишүүнээс 41 оршин суугч 2018 оны 09 сарын 27-ны өдрийн хуралд оролцсон хэдий ч хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлж, дүгнээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, 000 дугаар байрны оршин суугчдын хурлыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, С.Г удирдах зөвлөлийг гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ний өдрийн 210/МА2023/01631 дугаартай магадлалын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2023/001262 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

7. Нэхэмжлэгч Ч.А нь “Шх” СӨХ-д холбогдуулан “Шх” СӨХ байгуулах 000 дугаар байрны оршин суугчдын 2018.09.27-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бус болохыг, уг хурлаас 000 дугаар байрны оршин суугч С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...зөвхөн тухайн байрны орон сууц өмчлөгчид хуралдан СӨХ байгуулах эрхэнд халдан хөндлөнгийн этгээдүүд санаачилгаараа бидний өмнөөс СӨХ байгуулах хурал хийсэн...” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...000-000 дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурлыг хууль ёсоор хуралдаж “Шх” СӨХ-ийг байгуулан, удирдах зөвлөлөө сонгосон, Удирдах зөвлөлийн гишүүнээр 000-000 дугаар байрны оршин суугч сонгогдсон учир ямар нэгэн хууль зөрчөөгүй, С.Г нь 000 дугаар байрны оршин суугч биш 000 дугаар байранд оршин суудаг, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Байр тус бүрийн хурлын ирцийг биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлснийг бүртгэж 52,8%-59,72%-ирцтэйгээр хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж хуралдсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 8 дугаар зүйлийн 8.8-д нийцсэн, ... “Шх” СӨХ-г дан ганц 000 дугаар байрны оршин суугчид байгуулаагүй, 000-000 дугаар байрны оршин суугчид байгуулсан, мөн “Т” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн тул “Шх” СӨХ-г байгуулсан 000-000 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, ...С.Г нь “Т” ТӨҮГ-тай 2021.04.01-ний өдөр №ХХ/ЗГБ-00 дугаар Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээ-г байгуулж 000 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй, ... “Шх” СӨХ байгуулсан хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн тул ...бусад шийдвэрүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.7-д тус тус заасантай нийцсэн...” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянаад “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу ...хуралд бүх гишүүдийн 28,48 хувь оролцсон байх тул хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. ...Нэхэмжлэгч зөвхөн 000 дугаар байрны оршин суугчдын хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх 000-000 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэн, улмаар “Т” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, ...С.Г нь 000 дугаар байрны оршин суугч боловч дээрх хүчин төгөлдөр бус хурлаас түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон, ...бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхаараагүй, ...“Шх” СӨХ-г С дүүргийн 00 дүгээр хорооны 000-000 дугаар байрны оршин суугчид байгуулсан тул 000 дугаар байрны СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болсноор “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчингүй болно гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан бүх гишүүдийн хурлын ирц, түүний хүчин төгөлдөр байдлын талаарх зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэх үндэслэл болсон.

10. Хэрэгт цугларсан маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой буюу бүх гишүүдийн хурлын ирцтэй холбоотой нотлох баримтыг шүүхүүд өөр өөрөөр үнэлснээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

11. Нийслэлийн С дүүргийн 00 дүгээр хорооны 000-000 дугаар байрны оршин суугчид “Шх” нэртэй Сууц өмчлөгчдийн холбоог байгуулан, гэрчилгээг 2018.11.01-ний өдөр авсан байх ба 000 дүгээр байрны оршин суугчид 2018.09.27-ны өдөр тус бүрдээ хуралдаж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, холбооны дүрмийг батлах асуудлыг хэлэлцэж, хурлын ирцийг биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлснийг бүртгэж, ирцийг 52,8-59,72 хувьтай буюу хүчин төгөлдөр гэж үзжээ.

Маргаан бүхий 000 дугаар байрны хувьд нийт 144 орон сууцтай, үүнээс 72 орон сууцны өмчлөгч нь “Т” ТӨҮГ ба бүх гишүүдийн хуралд 28 гишүүн биечлэн оролцож, 13 гишүүн бичгээр урьдчилан санал ирүүлснээр 41 гишүүн оролцсон байна.

Харин “Т” ТӨҮГ-ын хувьд бүх гишүүдийн хуралд төлөөлөгч томилж оролцуулаагүй боловч өөрийн саналыг С дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан 2018.10.19-ний өдрийн 1/1/00 дугаартай албан бичгээр “...тус хотхоны 000 дугаар байранд 223 айлын орон сууц манай байгууллагын хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд иргэд шинээр сууц өмчлөгчдийн холбоо байгуулахад татгалзах зүйлгүй...” гэж илэрхийлжээ.

12. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор, хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болохоор байна.

12.1. Анхан шатны шүүх бүх гишүүдийн хурлын ирцийг хүчин төгөлдөр гэж үзэхдээ “...биечлэн оролцсон болон бичгээр санал ирүүлсэн гишүүдээс гадна “Т” ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн хүсэл зоригийг илэрхийлснээр С дүүргийн Засаг даргаас “Шх” СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгосон...” гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх хуульд нийцсэн гэж үзэв.

Учир нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно”, 5.3-т “холбоог байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна”, 5.4-т “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулсанд тооцох” зохицуулалттай.

Мөн Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, С дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэхээр заасан.

Энэхүү хуульд заасны дагуу Нийслэлийн С дүүргийн 00 дүгээр хорооны 00 дугаар байрны оршин суугчид өөрсдийн санаачилгаар хуралдаж “Шх” СӨХ байгуулахыг дэмжиж, хурлын шийдвэрт хурал даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, улмаар 2018.09.27-ны өдрийн 0 дугаартай “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор холбоог бүртгүүлж, гэрчилгээ авахаар шийдвэрлэж, С дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Т” ТӨҮГ-ын СӨХ байгуулахыг дэмжсэн агуулгатай албан бичиг болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн “Шх” Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгосон нь хүчинтэй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий 000 дугаар байрны тухайд “Т” ТӨҮГ нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хуралд биечлэн оролцоогүй боловч холбоо байгуулахыг дэмжсэн саналаа С дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн нь хурлаас шийдвэр гаргахад оролцсон гэж адилтган үзэх боломжтой, хуралд бусад гишүүдийн 57,44 хувь оролцсоноор тухайн байрны оршин суугчид “Шх” СӨХ-нд нэгдсэн нь дээрх хуулиудыг зөрчөөгүйн гадна энэ тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Шх” СӨХ байгуулах тухай 000 дугаар байрны оршин суугчдын 2018.09.27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

12.2. Харин давж заалдах шатны шүүх бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ хурлын ирцийг Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д заасан хувьд хүрээгүй буюу 000 дугаар байрны орон сууцны 50 хувийн өмчлөгч “Т” ТӨҮГ-т хурлын товыг мэдэгдээгүй, хуралд оролцоогүй нь “Т” ТӨҮГ-ын 2023.06.15-ны өдрийн 1/000 дугаартай албан бичгээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хэрэгт авагдсан “Т” ТӨҮГ-ын 2023.06.15-ны өдрийн 1/000 дугаартай албан бичгийн агуулгаас үзэхэд “Т” ТӨҮГ нь 2018.09.27-ны өдрийн хуралд оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй гэсэн агуулгатай байх ба өөрөөр өмнө нь 2018.10.19-ний өдрийн албан бичгээр сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг дэмжсэн болохоо үгүйсгээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, бүх гишүүдийн хурлын ирцийг хуульд заасан хувьд хүрээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу байна.

Энэ нь “Т” ТӨҮГ нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг дэмжсэн саналаа энэ талаар хуралдсан бүх гишүүдийн хурлын дараа гаргасан ч сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг эсэргүүцэж, татгалзаагүй, “Шх” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тогтоогдсон.

Нөгөө талаар Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар нэг гишүүн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цөөнхийн эрх нь сэргэхгүйгээс гадна энэ нь олонхийн шийдвэрийг хөндөх эрх зүйн үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

13. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгч үндэслэлээ “...С.Г нь маргаан бүхий 000 дугаар байрны оршин суугч биш...” гэж тодорхойлсон байна.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь удирдах зөвлөлтэй байх бөгөөд хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлаас сууц өмчлөгчдөөс сонгох буюу тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох журамтай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Г нь 000 дугаар байрны 00 тоотод “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-ний дагуу оршин сууж байгаа нь тогтоогдсон боловч тэрээр Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээнд зааснаар орон сууцны үнийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй байна.

Энэ нь дээрх хуульд заасан “...сууц өмчлөгч, ...орон сууцны байшинд байнга оршин суудаг...” гэсэн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоход тавигдах нөхцөлийг зөрчөөгүй тул 000 дугаар байрны оршин суугчид удирдах зөвлөлөө байгуулж, гишүүдийн олонхийн саналаар тус байрны оршин суугч С.Г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосныг буруутгах үндэслэлгүй.

Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд харин давж заалдах шатын шүүх С.Г хүчин төгөлдөр бус хурлаас сонгогдсон гэж үзсэн нь дээрх хуулиудад нийцээгүй.

14. Түүнчлэн хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд нийцсэн.

Тухайлбал, “Шх” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2018.09.27-ны өдрийн 1 дүгээр тогтоол, 2018.09.28-ны өдрийн 2 дугаар тогтоол, 2021.11.08-ны өдрийн 9 дүгээр тогтоолууд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр тогтоолоор У.Самданнямыг гүйцэтгэх захирлаар томилсон, СӨХ-г бүртгүүлж, гэрчилгээ авахаар шийдвэрлэсэн, мөн холбооны төлбөрийн хэмжээг тогтоосон нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.7-д заасан эрхийг хэрэгжүүлсэн байх ба эдгээр шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

15. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01631 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Шх” Сууц өмчлөгчдийн холбооны 2023.09.18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ 

             Н.БАТЧИМЭГ

                           П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН