Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01631

 

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01631

 

 

Ч.А-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дугаар шийдвэртэй,

Ч.А-ны нэхэмжлэлтэй,

Ш СӨХ-д холбогдох,

5** дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг, уг хурлаас 5** дугаар байрны оршин суугч С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг болон Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, 5** дугаар байрны оршин суугчид 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдуулж, Ш СӨХ-г байгуулсан баримт бүрдүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлын албанд хүргүүлж бүртгүүлсэн байна. Энэ бүртгэлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлын албанд хүсэлт гарган баримтуудыг авч танилцан хууль бус болохыг олж мэдсэн болно.

1.1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 5.6 дахь заалтаар зөвхөн тухайн байрны орон сууц өмчлөгчид хуралдан СӨХ байгуулах эрхэнд хөндлөнгийн этгээдүүд ноцтойгоор халдан санаачилгаараа бидний өмнөөс СӨХ байгуулах хурал хийсэн байна. Байрны оршин суугчдад хурлын зар хүргээгүй, хурлыг байрны оршин суугч бус У.С гэх этгээд зохион байгуулж, энэ хурлаараа 513 дугаар байрны оршин суугч С.Г гэх хүнийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг насанд хүрсэн хүнийг сонгоно гэж заасныг зөрчсөн байна.

1.2. Мөн хуулийн 9 дугээр зуйлийн 9.2, 9.3, 9.5 дахь заалтаар 517 дугаар байрны сууц өмчлөгчид хуульд тавигдсан шаардлага ханган хүчин төгөлдөр хурлыг хуралдуулан СӨХ байгуулах эрхээ сэргээн эдлэх шаардлагатай байна. Сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ёстой. СӨХ байгуулах талаар болон хурлын зарыг ТОСК-д мэдэгдээгүй, оролцуулаагүй. 517 дугаар байрны 72 оршин суугчид нь ТОСК-ынх бөгөөд ТОСК нь хожим нөхөж бичиг явуулсан нь албан бичгүүдээр тогтоогдож байгаа.

Иймд бүх гишүүдийн хурал хууль бус, бүх гишүүдийн хурлаас ТУЗ-ийг сонгож, ТУЗ-д тогтоох эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй тул Ш СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг хурлаас С.Г гэх 513 дугаар байрны оршин суугчийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах Зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны 5**-5** дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурлыг хууль ёсоор хуралдаж Ш СӨХ-ийг байгуулан, удирдах зөвлөлөө сонгосон.

2.1. Нэхэмжлэлд дурдсан С.Г нь 513 дугаар байрны оршин суугч биш 517 байранд оршин суудаг бөгөөд үүнийг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслээд өмчлөлдөө шилжүүлэн авахаар буюу эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнийг төлж дууссаны дараа авах нөхцөлтэй гэрээ байгуулан тус байранд байнга оршин сууж байгаа болно.

2.2. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар удирдах зөвлөлийн гишүүдээр 5**-5** байрны оршин суугч сонгогдсон учир хууль зөрчөөгүй болно. Бид хуульд заасны дагуу СӨХ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагад тусгасан шиг зүйл огт болоогүй.

Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А-ны хариуцагч Ш СӨХ-д холбогдуулан гаргасан Ш СӨХ байгуулах 517 дугаар байрны оршин суугчдын гэх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурал хууль бус болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас С.Г гэх 5** дугаар байрны оршин суугчийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. гэж заасан байна. Өмчлөгч бус У.С гэх этгээд хурал санаачлан 28 гишүүн биеэр ирж, 13 гишүүн бичгээр санал ирүүлсэн тул 57,44 хувийн ирцтэй гэх хуурамч тэмдэглэл үйлдсэн нь дараах баримтуудаар тогтоогддог юм. Холбоог зохион байгуулах хурлыг тус байрны орон сууц өмчлөгчид зарласан талаар нотлох баримт байдаггүй, өөр байрны этгээд болох У.С хурал даргалж хуралдуулсан байдаг, мөн 5** дугаар байрны 144 ш орон сууцны 50 хувийн өмчлөгч болох ТОСК нь СӨХ байгуулах тухай зар тус байрны орон сууц өмчлөгчдөөс ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдоогүй" гэж албан бичгээр хариу өгсөн. 517 дугаар байранд СӨХ байгуулахаар оршин суугчид хуралдсантай холбоотой бүрдүүлсэн баримт бичгүүдийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын архиваас лавлагаа авахад хуралд биечлэн оролцсон гэх оршин суугчдын гарын үсгээр баталгаажсан бүртгэл мөн бичгээр санал өгсөн гэх материал хувийн хэрэгт байхгүй байсан.

Хурлын ирцтэй холбоотой нотлох баримтуудыг нөхөж чадахгүй, хамаагүй нэг этгээд хуулиар олгогдоогүй эрх эдлэн хурал хийсэн мэтээр тоо тавьсан тэмдэглэлийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж чадаагүй.

4.2. 5** дугаар байрны орон сууц өмчлөгчид СӨХ байгуулах хурал зарлан хуралдуулаагүй, энэ талаар ярилцан хэлэлцэгдээгүй байхад манай байранд орон сууц өмчилдөггүй этгээд болох У.С нь хуурамч тэмдэглэл үйлдэн СӨХ байгуулсан нь хууль зөрчсөн. Хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг билээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох шаардлага гаргаагүй болно.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болсон гэх хурал хуулийн дагуу явагдсан эсэх, хурал хийсэн эсэх, хуулийн шаардлага хангасан эсэхийг дүгнэхгүйгээр ТОСК-аар татгалзахгүй гэсэн агуулга бүхий бичгийг 20 гаруй хоногийн дараа гаргуулсныг тухайн өдрийн хурал хуулийн дагуу болсон ирц бүрдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүйгээр үнэлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сууц өмчлөгч нар хуралд оролцсоноор биш оршин суугчид хуралд оролцох эрхтэй гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хууль заасан. Өөрөөр хэлбэл, 6 блокийн 4 блок нь тус бүр 144 оршин суугчтай, 2 блок нь тус бүр 77 оршин суугчтай. Блок тус бүрд хуралдсан. Оршин суугч байр тус бүртээ хуралдаж байгаа нь хууль зөрчөөгүй.

517 дугаар байрны оршин суугч Ч.А нь 07 дугаар сард өмчлөгч болсон байсан. Нэг байр нь 11 дүгээр сард өмчлөгч болсон байсан. Хурал болох үед саналын 1 эрхтэй оролцож байсан. Өмчлөгч гэх этгээд нь тус байрны 1 давхарт дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн үед засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан бүрэн ашиглаагүй байсан. Хуралд оролцоогүйтэй холбогдуулан нэхэмжлэл болон гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хуралд оролцох эсэх нь тухайн хүний эрхийн асуудал юм. Хурлын ирцийн тухайд 50 дээш хувийн ирцтэй болсон тохиолдолд хүчин төгөлдөр болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ш СӨХ-д холбогдуулан 517 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг, уг хурлаас 5** дугаар байрны оршин суугч С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг болон Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэв.

4. 517 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын талаар:

4.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.

Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны 5**-5** дугаар байрны оршин суугчид Ш СӨХ байгуулсныг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, 18/098 дугаартай гэрчилгээ олгожээ. /1хх-12/

4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

Хэргийн баримтаас үзэхэд 517 дугаар байр нийт 144 айлын орон сууцтай бөгөөд үүнээс 72 айлын орон сууц ТОСК-ийн өмчлөлийнх болох нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцэх акт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолоор тогтоогдсон. /хх 114-115/

Хэрэгт авагдсан 517 дугаар байрны нийт оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хуралд 28 гишүүн биечлэн оролцож, 13 гишүүн өмнө нь бичгээр санал ирүүлж, нийт 41 гишүүн оролцсоноос 100 хувийн саналаар Х хотхоны 517 дугаар байранд Ш СӨХ байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээр С.Г-ийг сонгожээ. /1хх 78-79/ Өөрөөр хэлбэл, тухайн байранд оршин суух 144 гишүүнээс 28.48 хувь буюу 41 гишүүн хуралд оролцжээ.

4.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заажээ.

517 дугаар байрны орон сууцны 50 хувь нь ТОСК-ийн өмчлөлийнх бөгөөд СӨХ байгуулах хурлын товыг ТОСК-д мэдэгдээгүй, ТОСК тухайн хуралд оролцоогүй талаар Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/667 дугаартай албан бичиг хэрэгт авагджээ. /1хх-137/

Хуульд бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болохоор заасан бөгөөд хуралд бүх гишүүдийн 28.48 хувь оролцсон байх тул хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нэхэмжлэгч зөвхөн 517 дугаар байрны оршин суугчдын хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх 5**-5** дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэн, улмаар ТОСК ТӨҮГ нь СӨХ байгуулахыг дэмжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хэргийн 130 дугаар талд авагдсан ТОСК ТӨҮГ-ын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1/1365 дугаартай албан бичигт иргэд шинээр СӨХ байгуулахад татгалзах зүйлгүй талаар дурдсан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд 5** дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 5. Дээрх хурлаас 513 дугаар байрны оршин суугч С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ С.Г нь 5** дугаар байрны оршин суугч тул 5** дугаар байрны хурлаас удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь хууль бус гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/ТАХ-49 дугаартай төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХХ/ЗГБ-029 дугаартай төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээгээр С.Г нь Хангай хотхон, 5** дугаар байрны ** давхарт ** тоот, 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшдэг нь тогтоогдсон байна. /хх 23-26, 56-59/ Иймд С.Г-ийг 5** дугаар байранд оршин суудаггүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Хэдийгээр С.Г нь 5** дугаар байрны оршин суугч боловч дээрх хүчин төгөлдөр бус хурлаас түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.

Шүүх бүх гишүүдийн хурлаар С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сууц өмчлөгчдөөс сонгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхаараагүй байна.

Иймд С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

6. Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 517 дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус тул Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус гэж тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай 1, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн СӨХ-ны төлбөр батлах тухай 2, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СӨХ-ны төлбөр батлах тухай 9 дугаартай тогтоолууд авагджээ. /хх 100-102/

Ш СӨХ-г Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны 5**-5** дугаар байрны оршин суугчид байгуулсан тул 5** дугаар байрны СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болсноор Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчингүй болно гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны 5** дугаар байрны оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн СӨХ байгуулах хурал хүчин төгөлдөр бус болохыг болон уг хурлаас С.Г-ийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хууль бус болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Ш СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН