Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01328

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр                        Дугаар 102/ШШ2021/01328                          Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 20 дугаар хороо оршин байрлах, “П” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 1 дүгээр хороо оршин байрлах, “А” ХХК ,

 

Хариуцагч: Б дүүрэг, 1 дүгээр хороо оршин суух хаягтай,  Г О  нарт холбогдох

 

316,756,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П ХХК болон хариуцагч “А” ХХК-иуд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44/19 дугаар бүхий “Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний төлбөрийн нөхцөлийг “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.1, 3.2-т “худалдан авагч нь нэмэлт гэрээгээр тодорхойлсон сар бүрийн зээлийн худалдан авалтын нийт төлбөрийн тооцоог дараа сарын 05-ны өдрийн дотор баталгаажуулан төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэж, мөн гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцно гэж заасан. “А” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нийт 211,170,800 төгрөгийн шатахуун худалдан авсан. Үүнээс хойш бүтэн жил гаран өнгөрч байхад огт төлбөр төлөөгүй өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний 3.7 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно гэсний дагуу алданги нь 224,896,902 төгрөг байх ёстой боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 105,585,400 төгрөгийн алданги төлөхөөр байна. Нэхэмжлэгч нь анх “А” ХХК-д холбогдуулж гэрээний үлдэгдэл төлбөрт 211,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 316,756,200 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хамтран хариуцагчаар Г.Ог татан оролцуулсан. Учир нь “П” ХХК болон хариуцагч “А” ХХК-иудын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 дугаар бүхий “Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг Г.О батлан дааж 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Уг батлан даалтын гэрээгээр “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 200,000,000 хүртэл төгрөгийг хэмжээгээр, хувийн хөрөнгөөр хариуцан төлөх баталгаа гаргасан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1/  Хариуцагч “А” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 116,756,200 төгрөгийг гаргуулна. Энэ нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 116,756,200 төгрөг болж байгаа. 

2/ Хариуцагч Г.Ос 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 1.4 дэх заалтын дагуу 200,000,000 төгрөгийг гаргуулна. Тэрээр “А” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ийм хэмжээний мөнгөн хариуцлага хүлээнэ гэж батлан даасан байгаа. Худалдагч талын зүгээс бид гэрээнд заасан шатахууныг нийлүүлсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариу төлбөрийг шаардах эрхтэй мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “П” ХХК, “А” ХХК болон Г.О нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК болон хариуцагч “А” ХХК-иудын байгуулсан 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”, хариуцагч Г.Он байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-нүүдийг байгуулсан, уг гэрээнүүдийн агуулга, мөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр, тооцоолол зэрэг дээр маргаан байхгүй. Харин нэхэмжлэлийг хоёр хариуцагч нар дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. 

Хариуцагч “А” ХХК-ийн хувьд:

Хариуцагчийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Э” ХХК нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Ж” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах ажил гүйцэтгэх” гэрээг байгуулан Б аймгийн  нутагт байрлах Б гол гэх газарт байрлах 2А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний төлбөрт нэхэмжлэгч, түүний хамаарал бүхий этгээдийн данс руу нийтдээ 850,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба “Ж” ХХК-ийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээг цуцалсан. “Э” ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэсэн төлбөр тооцооны асуудлыг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850,000,000 төгрөгөөс өр төлбөрийг суутган тооцохоор болсон. “Э” ХХК-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850,000,000 төгрөгөөс 400,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу, 450,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Ц.Бн данс руу шилжүүлсэн. Дээрх үүссэн харилцаанд оролцож буй “Ж” ХХК түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Б болон, нэхэмжлэгч “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох нь улсын бүртгэлийн нэгдсэн системээс хайлт хийж үзэхэд харагдана. Өөрөөр хэлбэл, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломжтой нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох нь харагддаг. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Э” ХХК нь “А” ХХК-д хандаж албан бичиг ирүүлсэн байгаа. Уг албан бичгээр “П” ХХК-иас “Э” ХХК нь түлшний өглөгтэй байгаа. Харин “П” ХХК-ийн харилцан хамаарал бүхий “Ж” ХХК-иас “Э” ХХК нь 850,000,000 төгрөгийн авлагатай байгаа. “Ж” ХХК-тай тохирсон байгаа учир танай “П” ХХК-д төлөх өрийг уг авлагаас хасч тооцохыг зөвшөөрч байна гэсэн агуулгатай албан бичиг өгсөн. Ийм учраас уг авлагаар өрөө хааж дуусгах хүсэлтэй байгаа. Ийм байдлаар эвлэрэх гэсэн боловч нэхэмжлэгч эвлэрээгүй. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч Г.Он хувьд:

Хариуцагчийн хувьд талуудын хооронд үүссэн батлан даалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэнтэй маргаан байхгүй ба гагцхүү “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсныхаа хувьд түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар нэхэмжлэгчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг гүйцэтгэгч “А” ХХК-ийн даалгавраар үүрэг батлан даалтын гэрээ байгуулах, тухайн харилцаанд батлан даагчаар оролцох үүрэг хүлээсэн. Үндсэн үүрэг гүйцэтгэгч “А” ХХК нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгээгүй байдлаас шалтгаалж түүний даалгавраар гэрээний үүргээс тодорхой хувийг батлан даахаар гэрээ байгуулсан боловч дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан үүрэг гүйцэтгэгчийн санхүү болоод эд хөрөнгийн байдал эрс муудаж, үүргээ хугацаандаа биелүүлээгүй зэргээс шалтгаалан батлан даагч болох хамтран хариуцагчийг үүргээсээ татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдлыг бий болсон. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хариуцах ёстой өр төлбөрөө хугацаанд нь биелүүлээгүйгээс шалтгаалж Г.Ог хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд “П” ХХК-н нэхэмжлэлтэй Г.Ог хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотой нэмэлт хугацаа авах шаардлага байхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК болон хариуцагч “А” ХХК-иуд 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. 

 

Дээрх гэрээний дагуу “П” ХХК нь “А” ХХК-д шатахуун нийлүүлэх, үүний хариуд “А” ХХК нь тодорхой төлбөрийг төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн тайлбар буюу гэрээний үүргийг тохирсон хугацаанд биелүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй. Эсрэгээрээ гэрээний үүргээ тохирсон ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс үзлээ. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот гэрээгээр нэхэмжлэгч  болон хариуцагч нар гэрээний хариуцлага буюу алдангийг харилцан тохирсон байна. Дээр дурдсанчлан хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар бичгээр тохирсон тул нэхэмжлэгчид хариуцагч “А” ХХК-иас гэрээний үлдэх төлбөр, алдангийг шаардах эрх үүссэн байна.

 

Тодруулбал, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот гэрээний үүрэгт хариуцагч “А” ХХК нь гэрээний төлбөрт 211,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 316,756,200 төгрөг төлөхөөр байна.

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “П” ХХК болон Г.О нар “Батлан даалтын гэрээ” байгуулжээ. Уг гэрээний зорилгыг талууд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “П” ХХК болон “А” ХХК-иудын хооронд байгуулагдсан 44/19 тоот гэрээгээр үүссэн худалдан авагчийн төлбөрийн үүрэгт батлан даалт гаргахад оршино гэж тодорхойлсон ба батлан даагчийн батлан даах хэмжээг 200,000,000 төгрөг байхаар харилцан тохирчээ /хх 13 хуудас/. 

 

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулж гэрээний үндсэн үүрэгт 211,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 316,756,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт хамтран хариуцагчаар Г.Ог татан оролцуулсан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:

 

1/ Хариуцагч “А” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 116,756,200 төгрөгийг гаргуулах;

2/ Хариуцагч Г.Ос 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 1.4 дэх заалтын дагуу 200,000,000 төгрөгийг гаргуулах;

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...анх ‘А’ ХХК-иас гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрт 211,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 316,756,200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татан оролцуулснаар хувь хүнээс 200,000,000 төгрөгийг, хуулийн этгээдээс үлдэх төлбөр 11,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 116,756,200 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байна.

  

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болон үлдэгдэл төлбөр, тооцооллын талаар хариуцагч талаас маргаагүй.  

  

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. “А” ХХК-д холбогдох шаардлага:

 

Дээр дурдсанчлан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 тоот гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч “А” ХХК-иас үндсэн үүрэгт 211,170,800 төгрөг, алданги 105,585,400 төгрөг, нийт 316,756,200 төгрөгийг шаардах эрх үүссэн. 

 

Гэвч нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд үлдэгдэл төлбөр 11,170,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...алдангийг багасгах боломжтой” гэх тайлбар болон хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил зэргийг харгалзан үзээд алдангийн хэмжээг тал хувиар багасгаж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “А” ХХК-иас үлдэгдэл төлбөр 11,170,800 төгрөг, нэхэмжилсэн алдангийн тал хувь болох 52,585,400 төгрөг, нийт 63,756,200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн  232.6, 232.8 дахь хэсгүүдтэй харшлахгүй. 

 

Хоёр. Хариуцагч Г.От холбогдох шаардлага:  

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “П” ХХК болон Г.О нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байна.   

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэжээ.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2.-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.

 

Батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилготой болохоос гадна үндсэн үүргийн байдлаас шууд хамааралтай байдаг. Үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус бол батлан даалтын гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна. 

 

Хариуцагч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-гээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК болон хариуцагч “А” ХХК-иудын хооронд байгуулагдсан 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу “А” ХХК-ийн хүлээсэн үүргийг 200,000,000 төгрөгийн хэмжээгээр хариуцахаар үүрэг хүлээсэн байна. 

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК болон хариуцагч “А” ХХК-иудын хооронд байгуулагдсан 44/19 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”- г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ тохирсон ёсоор биелүүлээгүй талаар дээр дүгнэсэн.

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаас үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2, 460.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ос 200,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 63,756,200 төгрөг, хариуцагч Г.Ос 200,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,585,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,741,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 476,731 төгрөгийг, хариуцагч Г.Ос 1,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ