Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01187

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01187

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102Ш2021/01328 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АЦТ ХХК, Г.О- нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 211 170 800 төгрөг, алданги 105 585 400 төгрөг, нийт 316 756 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь АЦТ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44/19 дугаар зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөрийн нөхцөлийг 3.1, 3.2худалдан авагч нь нэмэлт гэрээгээр тодорхойлсон сар бүрийн зээлийн худалдан авалтын нийт төлбөрийн тооцоог дараа сарын 05-ны өдрийн дотор баталгаажуулан төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж, мөн гэрээний 3.7 заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцно гэж тус тус заасан. АЦТ ХХК нь нийт 211 170 800 төгрөгийн шатахуун худалдан авсан. Үүнээс хойш бүтэн жил гаран өнгөрч байхад төлбөр төлөөгүй. Алданги 224 896 902 төгрөг байх ёстой боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 105 585 400 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хамтран хариуцагчаар Г.О-ыг татан оролцуулсан. Учир нь П ХХК болон АЦТ ХХК-ийн байгуулсан зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийг Г.О- батлан дааж 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулсан. Уг батлан даалтын гэрээгээр АЦТ ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 200 000 000 хүртэл төгрөгийг хэмжээгээр, хувийн хөрөнгөөр хариуцан төлөх баталгаа гаргасан.

Иймд АЦТ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11 170 800 төгрөг, алданги 105 585 400 төгрөг, нийт 116 756 200 төгрөг гаргуулна.

Г.О-аас батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу 200 000 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр П ХХК болон АЦТ ХХК-иудын хооронд 44/19 тоот худалдах, худалдан авах гэрээ, Г.О-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан. Уг гэрээнүүдийн агуулга, мөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр, тооцоололд маргаан байхгүй. Харин нэхэмжлэлийг хариуцагч нар дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

АЦТ ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Эм жи эм ресурс ХХК нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Жамп ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байрлах Бөөргийн гол гэх газарт байрлах 20399А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний төлбөрт нэхэмжлэгч, түүний хамаарал бүхий этгээдийн данс руу нийт 850 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Жамп ХХК-ийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээг цуцалсан. Эм жи эм ресурс ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэсэн төлбөр тооцооны асуудлыг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850 000 000 төгрөгөөс суутган тооцохоор болсон. Эм жи эм ресурс ХХК-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850 000 000 төгрөгөөс 400 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу, 450 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Ц.Баярмаагийн данс руу шилжүүлсэн. Дээрх үүссэн харилцаанд оролцож буй Жамп ХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Баярмаа болон П ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох нь улсын бүртгэлийн нэгдсэн системээс хайлт хийж үзэхэд харагдана. Өөрөөр хэлбэл, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломжтой нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох нь харагдана. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эм жи эм ресурс ХХК нь АЦТ ХХК-д хандаж албан бичиг ирүүлсэн. П ХХК-ийн харилцан хамаарал бүхий Жамп ХХК-аас Эм жи эм ресурс ХХК нь 850 000 000 төгрөгийн авлагатай байгаа. Жамп ХХК-тай тохирсон учир танай П ХХК-д төлөх өрийг уг авлагаас хасч тооцохыг зөвшөөрч байна гэсэн агуулгатай албан бичиг өгсөн. Ийм учраас уг авлагаар өрөө хааж дуусгах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч Г.О-ын хувьд талуудын хооронд үүссэн батлан даалтын гэрээний харилцаа үүссэнтэй маргаан байхгүй ба гагцхүү АЦТ ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсныхаа хувьд түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн шаардлага, даалгавраар нэхэмжлэгчтэй батлан даалтын гэрээ байгуулах, тухайн харилцаанд батлан даагчаар оролцох үүрэг хүлээсэн. Үндсэн үүрэг гүйцэтгэгч АЦТ ХХК нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж түүний даалгавраар гэрээний үүргээс тодорхой хувийг батлан даахаар гэрээ байгуулсан боловч Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан үүрэг гүйцэтгэгчийн санхүү болоод эд хөрөнгийн байдал эрс муудаж, үүргээ хугацаандаа биелүүлээгүй зэргээс шалтгаалан батлан даагч болох хамтран хариуцагчийг үүргээсээ татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдлыг бий болгосон. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хариуцах ёстой өр төлбөрөө хугацаанд нь биелүүлээгүйгээс шалтгаалж Г.О-ыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд П ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.О-ыг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотой нэмэлт хугацаа авах шаардлага байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч АЦТ ХХК-иас 63 756 200 төгрөг, хариуцагч Г.О-аас 200 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52 585 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 741 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЦТ ХХК-иас 476 731 төгрөгийг, хариуцагч Г.О-аас 1 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн батлан даалтын гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дах хэсгүүдэд заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458. 1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2, 460.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.О-аас 200 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв гэж батлан даалтын гэрээний гол онцлог болсон нөхөх хариуцлагын хэлбэрийг орхигдуулан шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

П ХХК болон Г.О- нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулсан үйл баримтын тухайд маргахгүй.

Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1.2-т Батлан даагч нь зээлээр худалдан авагч худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөрөө хариуцан үүрэг гүйцэтгүүлэгчид төлнө, мөн гэрээний 1.3-т Батлан даалтын дээд хэмжээ 200 000 000 төгрөгийн үнийн дүн байх бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд АЦТ ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буусан тохиолдолд 200 000 000 төгрөгийн батлан даалтын үнийн дүнг болон анз, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, хуульчийн хөлс, хүү, торгууль зэргийг батлан даагч хариуцна гэж заасан ба үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буусан тохиолдолд батлан даалтын гэрээний үүргийг нэхэмжлэхдээ Иргэний хуульд заасан мэдээлэх үүргийн шаардлагыг баримтална.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт ... үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ... гэж заасны дагуу АЦТ ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар П ХХКас батлан даагч буюу Г.О-т мэдэгдсэн талаарх баримт авагдаагүй, АЦТ ХХК нь П ХХК-д гэрээний төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Г.О-т холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах боломжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хянаж, батлан даагчид хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч АЦТ ХХК, Г.О- нарт холбогдуулж шатахууны үнэ 211 170 800 төгрөг, алданги 105 585 400 төгрөг нийт 316 756 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

П ХХК болон АЦТ ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44/19 дугаартай зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч П ХХК нь агуулах нөхцөлөөр чанар, стандартын шаардлага хангасан шатахууныг нийлүүлэх, худалдан авагч АЦТ ХХК нь сар бүрийн зээлийн худалдан авалтын нийт төлбөрийн тооцоог дараа сарын 05-ны өдрийн дотор баталгаажуулан төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд бүрэн төлж барагдуулах, мөн гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцохоор харилцан тохиролцсон гэрээний агуулга хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн талаар тохиролцож, анзын гэрээ бичгээр байгуулагджээ. /хх-ийн 8-12/

 

Дээрх худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу АЦТ ХХК нь нийт 211 170 800 төгрөгийн шатахуун худалдан авсан боловч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь гэрээ байгуулагдсан талаар болон төлөх төлбөрийн тооцоололд маргаангүй болох нь зохигчдын тайлбар, шатахуун нийлүүлэлтийн задаргаа, алдангийн тооцоолол зэргийг үндэслэн анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Хариуцагч АЦТ ХХК нь худалдан авсан шатахууны үнийг гэрээний 3.1, 3.2-т заасан хугацааны дотор шилжүүлэх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн байх боловч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний 3.7-д заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн тул нэхэмжлэгч мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцоогүй тул хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн авлагаар төлбөрийг хааж гэрээг дуусгавар болгох гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, үүргийн зөрчил зэргийг харгалзан алдангийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 232.8 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, 105 585 400 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээрх 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 44/19 дугаартай гэрээнээс гадна мөн өдөр П ХХК болон Г.О- нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан байх ба Г.О- нь П ХХК-тай байгуулсан шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн АЦТ ХХК-ийн үүргийг батлан дааж, нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцжээ. /хх-ийн 13/

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг нөхөн гүйцэтгэдэг тул гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгчтэй хамт нэгэн зэрэг хариуцахгүй юм. Зохигчдын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан үүргийг хамтран хариуцах тохиролцоо байгаагүй байна.

Батлан даагч нөхөх хариуцлага хүлээх эсэх нь мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч АЦТ ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх, үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болох эсэх нь тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад шүүх Г.О-т холбогдох батлан даалтын гэрээний үүргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд хариуцагч Г.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ шийдвэр нь батлан даалтын гэрээний үүргийг шаардах нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч АЦТ ХХК-аас 263 756 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 52 585 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч АЦТ ХХК-иас 263 756 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 585 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын .....хариуцагч АЦТ ХХК-иас 476 731 төгрөгийг хариуцагч Г.О-аас 1 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч АЦТ ХХК-иас 1 476 731 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.О-ын төлсөн 1 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ