Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 22

 

Т.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00336 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоотод оршин суух Төв халх овгийн Б-н             нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоотд оршин суух Я.А

Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Бл анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тн Бл нь Ян овогтой А-тай 2004 онд танилцсан. Тэрнээс хойш хоёр гэрийн хооронд үерхэж нөхөрлөж байгаад 2007 онд оюутан болоод явсан. Тэр хооронд байнгын холбоотой байсан. 2010 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа том охин А овогтой М-гийг 2012 оны 02 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрүүлсэн, тэрнээс хойш угаахад нь ирсэн. Даахийг нь авахад ирсэн. Түүнээс хойш өөр хүнтэй явдаг байсан. Охиныг төрснөөс хойш жил байсан. Бага охин Бл овогтой М-г 2016 оны 07 дугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрүүлсэн. Төрөхийн өмнөх өдөр ээжтэйгээ хот руу явсан. Аав нь байхгүй учир би өөрийн нэр дээр охиныхоо нэрийг нь бүртгүүлсэн. Миний хоёр хүүхдийн аав Я-н овогтой А нь цаашдаа хамтарч гэр бүл болно гэж намайг оюутан байх хугацаанд ярилцаж хоёр гэрийн хооронд хамтран амьдарч байгаад 2 охиноо төрүүлсэн болно. Гэтэл манай нөхөр Ян овогтой А нь сүүлийн үед ямар ч харилцаа холбоогүй, утсаа ч авахаа больсон. Хотод Ховд аймгийн нэг хүүхэнтэй амьдарч байгаа гэсэн сураг гарсан. Хоёр охин дээрээ ирэхээ больсон тул охин А.Мг, Б.Мл нарыг ээж миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А-н Мг, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Блын Мл нарыг эх Трын Блын асрамжид үлдээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А-н Мг М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Урианхай овгийн Ягийн Агаас / / тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Бд даалгаж, Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Я.А нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн асрамж тогтоолгоход оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 2.136.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 49.126 төгрөг, нийт 119.326 төгрөгийг хариуцагч Я.А-гаас гаргуулж, улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00336 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие Улаанбаатар хотод байдаг. Т.Б-н нэхэмжлэлийг хүлээж аваад тайлбараа гаргаж өгөөгүй байсан нь үнэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тайлбараа яаж бичихээ сайн мэдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн юм. Тухайн үед өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад тайлбараа бичих гэхэд ярьсан өмгөөлөгч Улаанбаатар хотод ажилтай явна гээд уулзалдаж чадаагүй учир өмгөөлөгч авах хүсэлт гаргахад татгалзаж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2 хүүхдэд шинжилгээ хийлгэж байж үнэхээр миний хүүхэд мөн байвал тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй юм. Миний хүүхэд гэхэд эргэлзээтэй байгаа юм.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00336 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг өмгөөлөгч авах эрхээр минь хангаж уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Бл нь хариуцагч Я.А-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Шүүх  хариуцагч нэхэмжлэлийг  гардаж  авсан  бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байх тул шүүх нотлох баримтыг цуглахыг хүлээхгүйгээр хуульд заасан хугацааг баримтлан шүүх хуралдааныг зарласан.

Хариуцагч нь шүүх хуралдаан болтол өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч Я.А нь шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авах тухай хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт  гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг нь хангаагүй байгаа нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 119.326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш .БАТТОГТОХ

                                    ШҮҮГЧИД                                         Ч.ЭНХТӨР

                                                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН