Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01136

 

 

 

 2021 оны 05 сарын 25 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01136                       Улаанбаатар хот

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Л.Г нарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар шийдвэрийн дагуу миний бие нь иргэн Л.Г-д 139 881 089 төгрөгийг төлөх болсон билээ. Үүний дагуу НШШГ-аас миний эзэмшлийн Toyota highlander маркийн 00-00УНВ улсын дугаартай машиныг маань битүүмжлэн хураасан. НШШГ-аас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон “хураагдсан тус машины үнийн саналаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирж өгөхийг хүссэн” албан бичгийг надад хугацаа нь өнгөрсөн байхад буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14.05 цагт шуудангаас өгсөн. Дахиад НШШГ-аас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон “хураагдсан тус машины үнийн саналаа 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирж өгөхийг хүссэн албан бичгийг надад хугацаа нь өнгөрч байхад буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16:40 цагт шуудангаас өгсөн. Ингээд машины үнийн саналаа өгч чадаагүй байхад НШШГ-аас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон албан бичгээр “шинжээчээр үнэлгээ тогтоож машины  үнийг 24 500 000 төгрөгөөр тогтоосон”-ыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар надад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу “...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан...” гэсэн заалтыг зөрчиж миний эзэмшлийн хураагдсан машины үнэлгээг тогтоосон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тус дүүргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б-г Л.Г-д зээлийн гэрээний үүрэгт 139 027 999 төгрөгийг төлүүлэхээр гарсан. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн болон түүний өмгөөлөгч аль аль нь оролцоогүй, хэрэв оролцсон бол энэ үнийн дүнд өөрчлөлт орох боломжтой байсан. Энэ шийдвэрийг гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн газарт Л.Г нь хандасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт автомашиныг хураан авсан талаар маргахгүй. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр автомашины үнийн саналыг өгөх тухай албан бичгийг бидэнд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн, мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр огноолсон албан бичгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үнийн санал өгөх гэдгийг тухйн өдрийн орой шуудангаар өгсөн. Тэгээд үнийн санал өгөөгүй байхад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шинжээчээр машины үнийг 24 500 000 төгрөгөөр тогтоосон гэдгийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар ирүүлсэн. Тиймээс энэ үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд гомдол гаргасан. Учир нь шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан төлбөр төлөгчийн саналыг харгалзан гэснийг зөрчиж төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүйгээр үнэлгээ тогтоосон учир үнэлгээг хүчингүйг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Тогтоосон үнэлгээний талаар гаргах тайлбар байхгүй учир нь уг үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн учраас тогтоосон үнэлгээ хүчингүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр Ж.Б-гаас 139 027 999 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулахад биелүүлээгүй тул Арилжааны банкнуудад хасалт хийх битүүмжлэх тухай тогтоолыг хүргүүлж, төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн мэдүүлэг авч, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ж.Бгийн эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 000/00дугаар тогтоолоор хураасан. Талууд хураасан тээврийн хэрэгслийн үнийг харилцан тогтоогоогүй тул 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/2 дугаар тогтоолоор шинжээчийг томилж үнэлгээ хийлгэхэд 24 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч Ж.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад түүний тээврийн хэрэгслийг хураан авсан. Тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-нд хураан авч, хураан авсан хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр үнийн санал авах тухай 2021 оны 02 дугаар сарын 03-нд мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул дахин 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг төлбөр төлөгчийн гэрийн хаягаар нь хүргүүлсэн. Уг албан бичигт миний утасны дугаар ч бичигдсэн байсан. Хэрэв хугацаа хожимдож ирсэн бол энэ тухайгаа надад утсаар ч мэдэгдэж болох байсан боловч ямар ч хариу өгөөгүй, холбогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад албан бичиг, мэдэгдэл хугацаандаа очсон байдаг, гэтэл үнийн санал авах тухай албан бичгүүд л хугацаа хэтрүүлж очоод байсан байгааг анхаарч үзнэ үү. Энэ талаараа мэдэгдэх бүрэн боломжтой байхад мэдэгдээгүй болно гэв.   

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ж.Б нь шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа болно. Төлбөр огт төлөгдөхгүй байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийн автомашиныг хураан авлаа гээд уг автомашины үнийн саналаа ирүүлэхийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Нөгөө талдаа ч гэсэн адилхан албан бичиг явуулсан гэсэн. Гэтэл албан бичгийг авсан байж шийдвэр гүйцэтгэгчтэй ч холбогдоогүй, төлбөр төлөгч өөрөө л шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд идэвхгүй байгаа юм. Тэгээд шүүхэд хандаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулаад байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчөөд төлбөрөө төлөхөөс зайлсхийгээд байна гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа талуудын оролцоотой, хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 24 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 24 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн, үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгчийн саналыг харгалзаагүй, үнийн санал авах албан бичиг нь хугацаа өнгөрч ирсэн, үнийн санал хүргүүлэх боломж олгоогүй тул хууль зөрчиж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд хураасан тээврийн хэрэгслийн үнийг харилцан зөвшилцөөгүй тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнийн санал авах тухай албан бичиг мэдэгдлийг талуудад хугацаанд нь хүргүүлсэн, хугацаандаа ирээгүй буюу хугацаа хоцорсон талаар төлбөр төлөгч нь мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд идэвхгүй, төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулаад байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж тайлбарласан.  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Л.Гийн нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 139 027 999 төгрөг гаргуулах тухай хэргийн хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлйин 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 139 027 999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 18-21-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20290976 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2020/00000 “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж”, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2020/0000 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 22-24-р хуудас/ 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №180/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Toyota highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэн мөн өдрийн №000/00тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй болно. /хэргийн 57-62-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байна.

Хариуцагч нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хураагдсан хөрөнгө болох Toyota highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийн үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс саналыг нь авахаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/1876 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгээр тус тус нэхэмжлэгч Ж.Б-д уг тээврийн хэрэгслийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 57-59, 64, 67-р хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тээврийн хэрэгслийн үнэлгээний талаар санал хүргүүлэх боломж олгоогүй, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/1876 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг, мэдэгдлүүд нь хугацаа хоцорч буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой шуудангаар ирсэн гэж тайлбарласан. 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г нарт үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг хариуцагч нь тэдний оршин суугаа хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн хотхон 00/0 байрны 00 тоот хаягаар нь хүргүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад талууд хэн аль нь гарын үсэг зурсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилвөл энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн оршин суугаа хаягт нь өөрчлөлт ороогүй, уг хаягтаа оршин сууж байгаа талаараа маргаагүй болно. /хэргийн 51-р хуудас/

Иймд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгүүд нь хугацаа хэтэрч буюу хожимдож ирсэн талаар баримтаар нотлоогүй тул шүүх тус албан бичгүүд болох мэдэгдлүүд нь хугацаа хэтэрч ирсэн гэж дүгнэх боломжгүй байна гэж үзэв.

Мөн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4480/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичигт “...тээврийн хэрэгслийн үнийн саналаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус газрын 000 тоотод ирж шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.От /89086180/-д ирүүлэхийг мэдэгдье” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14.05 цагт уг албан бичгийг шуудангаас өгсөн, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16.40 цагт шуудангаар ирсэн гэсэн боловч ийнхүү хугацаа хожимдож ирсэн тухайгаа хариуцагч болох НШШГГ-т биечлэн ирж буюу шийдвэр гүйцэтгэгчийн албан бичигт дурдсан утсаар нь мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээ тогтоосон тухай албан бичгийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар ирүүлэхэд нь мэдсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн явцад хийгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон ажиллагаатай холбоотой баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, ажиллагааны явцад нэмэлт баримт гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэхээр заасан байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр автомашиныг хурааснаас хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь тээврийн хэрэгслийн үнэлгээний талаарх саналаа ямар нэгэн байдлаар өгөөгүй, тээврийн хэрэгслийн үнийн санал авах талаарх албан бичгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 09-ний өдөр шуудангаас хүлээн авч танилцсан боловч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрхээ эдлэж, хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар саналаа илэрхийлээгүй байна гэж үзэв.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авахад үйлдсэн Эд хөрөнгө битүүмжлэх болон Эд хөрөнгө хураан авах тухай тогтоолын “....үнэлэх нэгжид” тээврийн хэрэгслийн үнэлгээний талаар ямар нэгэн зүйл бичигдэж, тэмдэглэгдээгүй байна. /хэргийн 57-60-р хуудас/

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.Б-д 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/0000 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгүүдийг хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй, үнэлгээний саналаа ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй бөгөөд төлбөр авагч Л.Г нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...төлбөрт хураагдсан Toyota Highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай машины үнэлгээг 10 000 000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн үнэлгээний санал ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар төлбөр төлөгч Ж.Бгийн өмчлөлийн Toyota Highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай арлын JTEES41A492111470 дугаартай, тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэхээр “М-О Т” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/2 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор тогтоогдож байна. /хэргийн 64-68-р хуудас/

Мөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол”-той танилцаж, шийдвэр гүйцэтгэгчийн явуулж байгаа арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих албан тушаалтанд хуульд зааснаар гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Хариуцагчаас хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр томилсон шинжээч “М-О Т” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №05/Ш дугаартай Хөрөнгө үнэлгээний тайланд “...Toyota Highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай арлын JTEES41A492111470 дугаартай, суудлын автомашины зах зээлийн үнэ цэнийг 24 500 000 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 71-90-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “М-О Т” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №4-180/0000 тоот албан бичгээр хүргүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно. /хэргийн 95-97-р хуудас/

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн, төлбөр төлөгчийн саналыг харгалзаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хууль зөрчиж хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь хөрөнгийн үнэлгээний талаар санал өгөх боломжгүй байсан талаараа баримтаар нотлоогүй, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрхээ хэрэгжүүлээгүй, мөн “М-О Т” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №05/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлангаар тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 24 500 000 төгрөгөөр тодорхойлсон үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн эсэх, үнэлгээ нь үндэслэлтэй эсэх талаар мэтгэлцээгүй тул хариуцагч нь хууль зөрчин шинжээч томилж, үнэлгээ хийсэн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч НШШГГ-т холбогдох Toyota Highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай арлын JTEES41A492111470 дугаартай, тээврийн хэрэгсэлийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч НШШГГ-т холбогдох Toyota Highlander маркийн 00-00 УНВ улсын дугаартай арлын JTEES41A492111470 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН