Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01277

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01136 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, "М" ХХК-ийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийдвэрийн дагуу Ж.Б- нь Л.Г-д 139,881,089 төгрөгийг төлөх болсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота Хайландер маркийн 14-09 УНВ улсын дугаартай автомашиныг битүүмжлэн, хураасан. Улмаар хариуцагч байгууллагаас 2021 оны 02 сарын 03-ны өдрөөр огноолсон “хураагдсан автомашины үнийн саналаа 2021 оны 02 сарын 04-ний өдөр ирж өгөх” тухай албан бичиг шуудангаар илгээснийг нэхэмжлэгчид 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 14:05 цагт шуудангаас хүлээлгэн өгсөн. Дахин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 сарын 05-ны өдрөөр огноолсон “хураагдсан автомашины саналаа 2021 оны 02 сарын 08-ны өдөр ирж өгөх” талаарх албан бичгийг мөн хугацаа нь өнгөрч байхад буюу 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 16:40 цагт шуудангаас өгсөн. Ингээд автомашины үнийн саналаа өгч чадаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 сарын 25-ны өдрөөр огноолсон албан бичгээр “шинжээчээр үнэлгээ тогтоож автомашины үнийг 24,500,000 төгрөгөөр тогтоосон” гэдгийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр шуудангаас хүлээлгэн өгсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу “...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан...” гэсэн заалтыг зөрчиж хураагдсан автомашины үнэлгээг тогтоосон хариуцагч байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01523 дугаар шийдвэрээр Ж.Б-гаас 139,027,999 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулахад биелүүлээгүй тул арилжааны банкуудад хасалт хийх, битүүмжлэх тухай тогтоолыг хүргүүлж, төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн мэдүүлэг авч, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Мөн Ж.Б-гийн эзэмшлийн 41-05 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 180/01 тоот тогтоолоор битүүмжилж, 180/02 тоот тогтоолоор хураасан. Талууд хураасан тээврийн хэрэгслийн үнийг харилцан тохиролцоогүй тул 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 1/2 тоот тогтоолоор шинжээчийг томилж үнэлүүлэхэд 24,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Төлбөр төлөгч Ж.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөр огт төлөгдөхгүй байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийн автомашиныг хураан авлаа гээд уг автомашины үнийн саналаа ирүүлэхийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Нөгөө талдаа ч гэсэн адилхан албан бичиг явуулсан гэсэн. Гэтэл албан бичгийг авсан байж шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдоогүй атлаа шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрхийг ашгийг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа талуудын оролцоотой, хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч НШШГГ-т холбогдох Тоёота Хайландер 14-09 УНВ улсын дугаартай арлын JTEESA41A92111470 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу “...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан...” гэсэн заалтыг зөрчиж хураагдсан машины үнэлгээг хууль бусаар тогтоосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01523 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Б-гаас 139,881,089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 18-21/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.Б-гийн өмчлөлийн 14-09 УНВ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашиныг үнэлүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргажээ. /хх 1-2/

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнээс үнийн санал аваагүй, үнэлгээний талаар санал өгөх тухай албан бичгийг түүнд заасан хугацаа өнгөрсний дараа авсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 16/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 08 сарын 11-ний өдөр дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх 25/ төлбөр төлөгч Ж.Б-гийн банк дахь харилцах дансыг битүүмжилэн /хх 26/, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэж /хх 27-28, 38-39, 41-42, 48-49/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх /хх 33/, төлбөр төлөгчөөс хөрөнгийн мэдүүлэг авах /хх 43-44/, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилэх /хх 46-47, 57-58/, хураах /хх 59-60/ зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг мөн хуулийн 86 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Улмаар хариуцагч байгууллага нь битүүмжлэн, хураагдсан эд хөрөнгө болох 14-09 УНВ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашины үнийн саналаа 2021 оны 02 сарын 04-ний өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 02 сарын 03-ны өдөр баталгаат шууданд хийж, төлбөр төлөгчид хүргүүлжээ. /хх 64/ Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчид үнийн саналаа албан бичигт дурдсан хугацаанд ирүүлэх боломжит хугацааг олгоогүй гэж үзнэ.

 

Дараа нь хариуцагч байгууллага дээр дурдсан алдааг залруулж, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр баталгаат шууданд хийж, төлбөр төлөгчид хүргүүлсэн байна. /хх 67/ Нэхэмжлэгч нь тус 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 4-180/1876 тоот мэдэгдлийг 2021 оны 02 сарын 08-ны өдөр 16:40 цагт хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй гэж үзэх ба төлбөр авагч автомашины үнийн саналыг 10,000,000 төгрөг гэсэн  байх тул хариуцагч байгууллага 2021 оны 02 сарын 08-ны өдөр эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх оргил” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх 68/

 

Шинжээчээр томилогдсон "М" ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 92/ байх ба “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээ гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ. /хх 71-92/

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                        167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                             

                ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР