Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01253

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр                        Дугаар 102/ШШ2021/01253                        Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 4 дүгээр хороо оршин байх “Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 10 дугаар хороо оршин суух  Б Ан

 

Хариуцагч: Ба дүүрэг, 10 дугаар хороо оршин суух  Б Ар

 

Хариуцагч: Б дүүрэг, 21 дүгээр хороо оршин суух  Б Ари  нарт холбогдох,

 

2,988,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, хариуцагч Б.Ари, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ан, Б.Ар, Б.Ари нар нь манай байгууллагад 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хандаж өөрийн аавын эрхэлдэг хоолны бизнест хөрөнгө оруулах гэж байгаа тул 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Б.Ан, Б.Ар, Б.Ари нарын зээлийн хүсэлт болон бусад холбогдох бичиг баримттай танилцаад Б дүүрэг, 10 хороо  56 м2 хувийн сууц, 310 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж ЗГ/18/ тоот зээлийн болон БГ/18/ тоот барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2018 оны 8 сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай сарын 2,5%-ийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 4,355,100 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 600,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 44,600 төгрөг, нийт 5,000,000 төгрөг төлсөн. Ингээд үлдэх төлбөрөө төлөхгүй байсан учир 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан. Тухайн үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,644,900 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 536,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 107,300 төгрөг, нийт 6,288,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар, мөн барьцаанд байгаа хөрөнгөнөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан.

Энэхүү хэрэг маргаан хариуцагч нарыг эрэн сурвалжлах, хариуцагч нар “...зээлийг төлнө, эвлэрнэ” гэх зэрэг шалтгаануудаас болж нэлээдгүй удааширсан. Хариуцагч Б.Ан, Б.Ар нар ч зээлийн гэрээнээс нэлээдгүй хэмжээгээр төлсөн ба одоо үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бодит үлдэгдэл нь 2,988,000 төгрөг байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын хэмжээг багасгаж хариуцагч нараас 2,988,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн уг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаа дэмжиж байгаа. Зээлийн гэрээн дээр хариуцагч нар гарын үсгээ зурсан тул хариуцах хэмжээ тэнцүү гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгч анх л 2019 онд шүүхэд хандсан хэмжээгээр нэхэмжлэлийн тооцооллыг бодсон, үүнээс өөр ямар нэг мөнгө нэмээгүй гэдгийг шүүхээс харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэжээ.  

 

Хариуцагч Б.Ари шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ББСБ” ХХК-аас Б.Ан, Б.Арт гэх ах дүү хоёр 10,000,000 төгрөг зээлэх гэхэд барьцаа хөрөнгө нь зээлийн дүнд нь хүрэхгүй, шаардлага хангахгүй байна гэж надаас тусламж хүсэх үед миний хашаа болон газар тус “Б ББСБ” ХХК-д барьцаанд байсан. Бид 10,000,000 төгрөгийн зээлийг яаж барьцаагаар хангаж болох талаар “Б ББСБ” ХХК-иас асуухад таны хашаа байшин, газар 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй одоо манайд барьцаанд байгаа болохоор та өөрийнхөө энэ хөрөнгийг 10,000,000 төгрөгийн зээлд нэмж барьцаалсан баримт үйлдвэл 10,000,000 зээлийг олгож болно. Зээлдэгч 10,000,000 төгрөгийн зээлийнхээ 50 хувийг буюу 5,000,000 төгрөгийг төлсний дараа бид таны барьцааг чөлөөлөөд өгч болно гэхээр нь би Б.Ан, Б.Ар нарыг зээлээ цаг хугацаанд нь төлчих юм байна гэж итгээд өөрийн хашаа газар байшинг тэдний авсан 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 50 хувь хүртэл төлбөрийг төлөх хүртэл байлгахаар гарын үсэг зурсан юм. 2018 оны 10 дугаар сард би хашаа байшингаа суллуулж авъя гэхэд “Б ББСБ” ХХК нь Б.Ан, Б.Ар нар огт төлбөр төлөөгүй байгаа гэсэн. Ингээд би 2018 оны 10 дугаар сарын 09-нд 1,500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 3,500,000 төгрөгийг төлсөн ба хашаа газар, байшингаа тэдний зээлээс чөлөөлүүлсэн. Гэтэл “Б ББСБ”-аас 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Ах дүүс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа ба “Б ББСБ” ХХК надаас үлдэгдэл төлбөр болох 6,288,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд би уг төлбөрийг төлөх үүрэг бүхий зээлдэгч биш тул жинхэнэ хариуцагч, зээлдэгчээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байх. “Б ББСБ” ХХК нь зээлийн гэрээний барьцаанд тухайн үедээ байсан миний хашаа, газар  байшинг бусдын зээлд давхар барьцаалсан мэтээр хуурамч гэрээ хийж, надыг дарамтлан бусдын зээл төлбөр 5,000,000 төгрөгийг төлүүлсэнд гомдолтой байгаа болно. Миний төлсөн 5,000,000 төгрөгийг “Б ББСБ” ХХК буцаан төлж, өөрсдийн 10,000,000 төгрөгийг Б.Ан, Б.Арт нараас гаргуулан авах ёстой юм. Би хохирч үндсэндээ гомдолтой байна. Одоо бол 5,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж авмаар байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Энэ хугацаанд хэдий улс орны болон ард иргэдийн амьдрал эдийн засаг хүнд байгаа нь миний бие хариуцлагаа ухамсарлан төлбөрийг барагдуулах гэж хичээн ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрөө 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны хооронд төлж барагдуулах тул хүсэлтийг минь хүлээн авч нааштай шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлтэй холбоотой мөнгөн дүнгээс боломжоороо төлөлт хийсэн бөгөөд одоогоор үлдэгдэл 2,988,000 төгрөг үлдээд байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Ар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Би санхүүгийн байгууллагаас зээл авахыг огт мэддэггүй, өөрсдөд нь итгэж, эд хөрөнгөө барьцаанд тавьж итгэмжлэл гаргаж өгсөн хамтран зээлдэгч болгож, гарын үсэг зуруулсан нь хамтарсан, бодлоготой залилан болохыг сүүлд нь ойлгож мэдсэн. Миний ах Б.Ан түүнтэй хамтран амьдрагч Б.Э нарын хүсэлтээр өөрийн нэр дээрх хашаа, байшингаа тэдний анхны яриа байдалд нь итгэн итгэмжлэл хийж өгсөн боловч итгэл эвдэн одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй. Зээл авахаар явж байхад Б.Э, чи наадах хашаа байшингаа Б.Анын нэр дээр болгочих, хэд хүрдэг юм бүр ханатал нь ав гэж шаардаж байсан. Б.Э нь мэргэжлийн гэмт хэрэгтэн төдийгүй, залилангийн хэргээр удаа дараа шийтгүүлж байсан эрүүгийн том элемент болохоо огт мэдэгдэлгүй нуун дарагдуулсан болох нь сүүлдээ тодорхой болсон юм. Бид гэр бүлээрээ энэ байдлыг мэдмэгцээ Б дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан өргөдөл өгч шалгуулсан, цагдаа прокурорт шилжүүлсэн, прокурор дахин мэдүүлэг авахаар дуудахад нь очилгүй оргон зайлсан байхад гэмт хэрэгтнийг өөрөөс нь авсан анхны мэдүүлгийг үндэслэн тэдний талд шийдвэр гарган хэрэгсэхгүй болгосонд бид гомдолтой байгаа. бусад олон хүнийг залилсан, хохироосон нь одоо цагдаа дээр байгаа юм билээ. Нийт манай  гэрээс 1. У хотод орших хашаа байшин, 2. Миний бага ах, дүү хоёрын автомашинууд ломбардад тавьсан. 3. С аймаг М сум дахь аав, ээж хоёрын маань амьдарч байгаа газар, хашаа байгаа Б.Анын нэр дээр байгаа. 4. Аавын тэтгэврийн зээл 2,377,000 төгрөг, 5. Миний ажил дээрээс 200,000 төгрөгийн хувцас. 6. Ааваас бэлнээр 240,000 төгрөг, 7. 400,000 төгрөгийн үнэтэй үхэр, 8. Б.Анын 15 саяын үнэтэй машиныг 4,5 сая төгрөгөөр зарсан. 9. Б.Анын цалингийн зээл 6,000,000 төгрөгийн зээл зэрэг зүйлүүд залилан авч хохирол учруулсан нь бүгд онцгой залилан байсныг үгээр хэлэхийн аргагүй юм. Дээрх бүгд авсан мөнгөний дүн 50,000,000 гаруй төгрөг болж байгаа юм. Б.Анр бүх өр зээлдээ гарын үсэг зуруулж зээл авахуулж, өрөнд хийж, өөрөө захиран зарцуулж дуусгаад Б.Аныг өөрөөсөө хандаж зайлах ямар ч боломжгүй нөхцөлд оруулсан. Б.Анр их хэмжээний мөнгө олуулж өөрөө үрээд одоо Б.Анр төлүүлж арга хэрэглэж байгаа. Иргэний үнэмлэхээ хөдөөгийн болгочхоод хотод ийм төрхийн залилан хийдэг юм билээ. Б.Э нь ямар ч байцаагч, ямар  ч байгууллага ямар ч хүнийг залгаж чаддаг чадвар нь үнэхээр гайхмаар, ижил залилангийн хэрэгтэн н.О гэгчтэй нийлэн залилж, түүнийг тендерт зуучлагч болгон мөнгө олох шаардлагатай гэж шаардан их хэмжээний мөнгө гаргуулж авсан нь тодорхой болсон. Б.Э найз Б.Арин танил банк бус байгууллагаас 10,000,000 төгрөгийн зээл тус банк бус байгууллагаас авч эргэн төлөхгүй итгэл эвдэн надын хөрөнгө болох хашаа байшинг тавьж авсан мөнгийг нь н.Э, Б.Ан нараар төлүүлж, иргэн надыг хохиролгүй болгож өгнө үү. “Б ББСБ” ХХК-тай ярихаар өмнө надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зээлийн 10,000,000 төгрөгийг Б.Э гардан авч хар торонд хийгээд гарч байсан нь үнэн болно. Б.Анд бол мөнгөнд хүрэх, зарцуулах ямар ч мэдэл байхгүй зөвхөн түүний хүнд дарамт, шахалт мөнгө олохгүй бол амиа хорлоно гэж айлгаж сүрдүүлэх башир аргын дор сүрдэн номхорч заавал мөнгө олж нийлүүлэх хатуу үүрэгтэй юм билээ гэдгийг бид бүгд мэдэлд байгаа. Тэд дандаа буудлаар хоноглож амьдардаг, тогтмол хаяг дээр байхыг хүсдэггүй. Манай гэрийнхээ төлбөрийн ямар ч чадваргүй болохыг нуулгүй хэлье гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ан, Б.Ар, Б.Ари нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 5,644,900 төгрөг, үндсэн хүү 536,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,300 төгрөг, нийт 6,288,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ. 

 

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Б ББСБ” ХХК болон хариуцагч Б.Ант, Б.Ар, Б.Ари нар №ЗГ.18/ тоот зээлийн гэрээ байгуулсан байна. “Б ББСБ” ХХК нь хариуцагч нарт 10,000,000 төгрөгийг нэг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.   

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгчийн зүгээс эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 14 хаягт байршилтай, 56 м2 талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, 310 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байна. 

 

Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ.18/000114 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч тал 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардан шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн  байдлаар нийт 6,288,400 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан” гэж дурдсан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч талаас цуцалж, гэрээний үүргээ шаардсан гэж үзнэ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүүхэд гаргасан шаардлагын хэмжээг “...хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийн зарим хэсгийг төлсөн” гэсэн үндэслэлээр 2,988,000 төгрөг болгон багасгасан. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаа дэмжин оролцож байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан Б.Ар, Б.Ан, Б.Ари нарын зээл хүссэн өргөдөл, “Б ББСБ” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын мэдүүлэг  зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б.Ар, Б.Ан, Б.Ари нараас 2,988,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.    

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ан, Б.Ар, Б.Ари нараас 2,988,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох   эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 14 хаягт байршилтай, 56 м2 талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, 310 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ан, Б.Ар, Б.Ари нараас 185,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ