Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00776

 

 

 

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00698 дугаар шийдвэртэй  Ш.М-ын нэхэмжлэлтэй “ШК ” ХХК-д холбогдох, 47 984 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн төлөөлөгч Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ШК ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны байр захиалгаар барих тухай 01/83 тоот гэрээг байгуулж, уг гэрээний 3.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь барилгыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч барилгыг барьж дуусгалгүй өдийг хүрсэн. Гэрээний дагуу захиалагч тал гэрээнд заасан нөхцөлийн дагуу орон сууцны 30 хувийн төлбөр 25 984 800 төгрөгийг хугацаанд нь төлсөн. Гүйцэтгэгч нь анхнаасаа хууль бусаар барилга барихаар төлөвлөж, иргэдээс мөнгө төвлөрүүлсэн, санаатай үйлдэл хийсэн болохыг би мэдсэн бөгөөд, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрч, хэт удсан тул миний зүгээс гэрээгээ цуцлахаар удаа дараа холбогдсон ч утсаа авахгүй зугтаж, ажлын байранд нь олон удаа очсон боловч уулзалдаж чадахгүй байна. Үүний улмаас миний бие байр ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр хөлсөлж суух, бусдаас мөнгө зээлэх зэргээр эдийн засгийн хувьд болон ахуй амьдрал, сэтгэл санааны хувьд их хохирсон. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/11421 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, хаяг тогтоох хүсэлт гаргасны дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103/ШШ2018/00311 тоот шийдвэрээр тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчиж, урт удаан хугацааны турш хохироож, шүүхээр шийдвэрлэхэд хаяг тодорхойгүйн улмаас хүндрэл учруулсан. Иймд захиалагч би гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227.1, 227.4, 229.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан төлсөн орон сууцны үнийн 30 хувь буюу 25 984 800 төгрөг, учирсан хохирол болох байр хөлсөлсөн төлбөр 22 000 000 төгрөг, нийт 47 984 800 төгрөгийг хариуцагч “ШК ” ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Э , түүний өмгөөлөгч Ш.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.М-тай 01/83 тоот гэрээ байгуулж байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр 25 984 800 төгрөгийг авсан. Дээрх гэрээний дагуу уг барилгыг 2015 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулах ёстой боловч манай хөрөнгө оруулалт бусад хүчин зүйлүүдээс үүдэн одоо хүртэл ашиглалтад ороогүй. Нэхэмжлэлд манай компанийг барилга барих зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлүүд аваагүй байж иргэдээс мөнгө төвлөрүүлж дээрх барилгуудыг барьсан гэж дурдсан байна. 2013 онд “МХБХ ” ХХК-ийн эзэмшлийн 60.0 га газарт Ирээдүй нэртэй хороолол барих шийдвэр гарч, инженерийн ажил эхэлж, хорооллоор нь барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл, холбогдох техникийн нөхцөлүүд гарч барилгын ажлууд эхлэн, эхний ээлжийн барилгууд 2015 онд ашиглалтад орсон. Манай компани дээрх зөвшөөрлүүдийн хүрээнд 2014 оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлэн, одоогийн байдлаар 3 давхар, 10 айлын 9 блок, нийт 90 айлын орон сууцны барилга барьж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй үйл ажиллагаа явуулж, 2019 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч тал манайхыг утсаа авдаггүй, хаяг дээрээ байдаггүй гэжээ. Ш.М-ын эхнэр надтай байнга утсаар холбогдож байсан. Миний утсыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өгч, эрэн сурвалжлуулахад би холбогдож энэхүү нэхэмжлэлийг авсан. Манай компани дээрх нэхэмжлэлээс үндсэн төлбөр болох 25 984 800 төгрөгийг буцаан авахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн байрны түрээсийн 22 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манай компани 2019 оны 4 дүгээр сараас ажлаа эхэлж 9 сард барилгаа ашиглалтад оруулж оршин суугчдаа оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. “ШК ” ХХК нь хүмүүсийн мөнгийг зүгээр авсан зүйл байхгүй. Орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгөөр 3 давхар 9 блок барилга барьсан. Нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч болон гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөд, өмнөх захирал н.Э-ын  үед хийгдсэн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байсан. н.Л  захирлын үед тооцогдсон алдангаа ярилцаж тохиролцож төлсөн. Хугацаа хожимдсон ч тохиолдлын шинжтэй үүссэн хариуцлагыг хариуцагч байгууллага хариуцахгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалах гэрээг цуцална гэж яриад байгаа болохоос түүнээс цааш олох байсан орлого болон учрах хохирлыг хариуцахгүй. Хохиролд шаардаж буй орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 13 900 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан н.Л  гэж байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13 900 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө байр ашиглалтад орсон бол тохиолдлын шинжтэй үүссэн хариуцлагыг хариуцахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ШК ” ХХК-иас 47 984 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397 874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Э  давж заалдах гомдолдоо: “ШК ” ХХК нь 2014 оны 9 дүгээр сард өргөтгөлийн орон сууц барих төсөл хэрэгжүүлж эхлэн 2015 оны 9 дүгээр сар хүртэл 3 давхар, 10 айлын 9 блок, нийт 90 айлын орон сууцны барилга барьж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ ёсоор 2015 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан боловч төслийн хөрөнгө оруулалт зогссон шалтгаанаас хугацаандаа ашиглалтад ороогүй болно. Ш.М нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/83 тоот байр захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 25 984 800 төгрөгийг төлсөн. Манай компани нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байр нэхэмжлэгчид байр хэзээ ашиглалтад орох талаар тодорхойлолт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч байрны түрээсийн төлбөр гэж Ж.Л д 13 200 000 төгрөг төлсөн гэсэн нь түрээсийн гэрээ байгуулж нотариатоор баталгаажуулаагүй нь нотлох баримт болж чадахгүй байна. Анх авсан 30 хувийн урьдчилгаа төлбөр буюу 25 984 800 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байна. Харин байрны түрээсэнд төлсөн гэх 22 000 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч “ШК ” ХХК-д холбогдуулан 47 984 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Ш.М болон  “ШК ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/83 тоот “Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Ирээдүй хорооллын 12 дугаар байр, 2 дугаар орцны 2 давхарт 80 м.кв талбайтай орон сууцны байрыг 86 616 000 төгрөгөөр тохирч, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах, төлбөрийг гэрээний 4.4-т заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 9-11 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 Ш.М дээрх гэрээний дагуу захиалсан орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 25 984 800 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2 удаагийн төлөлтөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүснэгтийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 12 дугаар тал/

“Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ”-ний 3.2-т “Уг сууцны барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж ашиглалтад оруулна” гэж зааснаар ажил гүйцэтгэгч буюу “ШМК  ХХК нь орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалагч Ш.М-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Иймд гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэгэнт захиалагч гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 25 984 800 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буцаан өгөх үүрэгтэй ба тэрээр хүлээн зөвшөөрчээ.

“ШК ” ХХК гэрээнээс учирсан хохиролд шаардсан 22 000 000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч буй өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Ш.М нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Т , Ж.Л  нартай “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулан, тэдний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 116 дугаар байрны 31 тоот хаягт орших 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, 1 сарын 550 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, төлбөрийг 1 жилээр нь буюу 6 600 000 төгрөгийг төлсөн үйл баримт хэргийн 39 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдсон.

Дээрх гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусахад “ШМК ” ХХК нь Ш.М-ын захиалсан орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар “Орон сууц хөлслөх гэрээ”-г сунган, 13 200 000 төгрөгийг хөлслүүлэгчид төлж, улмаар уг хугацаа дуусахад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дахин 2 жилийн хугацаагаар гэрээг сунгаж төлбөр 13 200 000 төгрөгийг Ш.М нь хөлслүүлэгчид төлсөн талаар “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 4.4-т нэмж тусгажээ. /хх-ийн 39-40 дүгээр тал/

 Гэрээний үүргийн биелэлт хэзээ биелэгдсэн нь тодорхойгүй байхад “Орон сууц хөлслөх гэрээ”-г шууд 2, 2 жилээр сунгаж тус бүрт нь 13 200 000 төгрөгийг орон сууцны хөлсний төлбөрт төлсөн гэх энэхүү баримт нь үнэн зөв тухайн үйл баримтыг эргэлзээгүй нотолж байна гэж үзэхэд учир дутагдалтай.

Мөн хэргийн 47 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод “.... Ш.М ам бүл 4, түр оршин суугч” гэсэн боловч хэзээнээс эхлэн ямар хугацаанд оршин сууж буй нь тодорхойгүй байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн 40 сарын хугацаанд орон сууц хөлсөлсөн, төлбөрт 22 000 000 төгрөг төлсөн болох нь эргэлзээтэй. Иймд, орон сууц хөлсөлсөн 1 жил 6 сар буюу 18 сарын хугацааны төлбөрт 9 900 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх дээрх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн алдаа гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ШК ” ХХК-иас 35 884 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 100 020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “397 874” гэснийг “337 374” гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 397 874 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ