Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 23

 

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00323 дугаар шийдвэртэй,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэг 13-241, “Сб” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын тамгын газар, “Гэгээн нуур цэвэр ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

Нэхэмжлэгч С ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний хүлээн авагч тал болох “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ /шинэ нэрээр/ санхүүжүүлэгч тал “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТТБ болон нийлүүлэгч тал болох Сб ХХК-ний хооронд 16/01 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гурван талт гэрээг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр манай компани нь гэрээ байгуулагдсан өдрөөс 50 хоногийн дотор 18.9 литрийн хуванцар торх үлээлгэх тоног төхөөрөмжийг Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ-т нийлүүлж, угсарч суурилуулан хүлээлгэн өгөх, Нутгийн хөгжил бидний зүтгэл ТББ тоног төхөөрөмжийн үнийг төлөх, хүлээн авагч нь тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс хүлээн авах, санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулах үүднээс төлбөрийг өөрийн дансанд хүлээн авч бүртгээд, нийлүүлэгчид дамжуулан төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Манай компани нь тоног төхөөрөмжийг холбогдох иж бүрдлийн хамт 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд заасан газар хүлээн авагчид нийлүүлж, суурилалт туршилтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 3 сарын баталгаат хугацаатайгаар хүлээлгэж өгсөн. Баталгаат хугацаанд хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд өнөөдөр ч хэвийн ажиллаж 10 гаруй мянган торх үйлдвэрлээд байгаа билээ. “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ нь манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ-аас 2016 оны 03 дугаар сард хүлээн авсан бөгөөд мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор манай компанийн данс руу шилжүүлэх үүрэгтэй байсан юм. Гэтэл Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нийт төлбөрөөс 2.000.000 төгрөгийг л төлсөн. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь 2015 онд 277 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 120 гаруй сая төгрөг, 2017 онд 257 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 202 сая төгрөг олгож, 2018 онд 260 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн атал, 2016 онд ижил зардал гаргаж ажиллаж, 243 мянган торх ус үйлдвэрлэсэн байхад 66.7 орчим сая төгрөгийг тус үйлдвэрийн газарт орон нутгийн төсвөөс олгосон байх тул Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж байгаа юм. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь 2016 онд 1 торх усыг 1.250 төгрөгийн өртөгөөр нийт 243 мянган торх ус үйлдвэрлэсэн гэвэл орон нутгийн төсвөөс 66.7 сая биш 182 сая төгрөг олгох байжээ. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ манай компанид төлөх өглөгөө барагдуулах ёстой. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.0 сая, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцсон алданги 20.0 сая, НӨАТ 6.0 сая, нийт 66.0 сая төгрөгийг хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сб ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 66.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй Сб ХХК-ний аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Сэнгүнбилгэ ХХК нь 2016 онд Эрүүл ус ОНӨААТҮГ-ын дарга П.М- тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазрын захирал Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ Сэнгүнбилгэ ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхэд тайлбар гаргаж өгсөн. Энэ тайлбарт хуучнаар Эрүүл ус одоогийнхоор Гэгээн нуур цэвэр ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлж үйлдвэрийн менежер Д.Ганбаатар гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Тухайлбал Д.Г манай байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгагдаагүй. Эрх олгогдоогүй байхад энэ гэрээ хийгдсэн байна гэж үзэж байна. Нөгөө талаар тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүн нь захирал боловч аймгийн Засаг даргаас олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийдэг. Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авалт хийхэд тендер сонгон шалгаруулалт явуулж байж гэрээ хэлцэл хийгддэг байхад тийм зүйл огт явагдалгүй гэрээ хэлцэл хийгдсэн нь хууль бус байна гэж үзэж байна. Тиймээс орон нутгийн өмчийн хөрөнгөөр эд зүйл худалдан авахдаа хууль тогтоомж зөрчиж хэлцэл хийгдсэн байх тул 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16/1 дугаартай Гэгээн нуур цэвэр ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, С ХХК, Нутгийн хөгжил бидний зүтгэл төрийн бус байгууллагын хооронд хийгдсэн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл учраас энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас 60.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 457.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сэнгүнбилгэ ХХК-д олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00323 дугаартай шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүл ус ОНӨААТҮ-н газар /цаашид хуулийн этгээд гэх/-г төлөөлж инженер Д.Г гэрээ байгуулж дарга П.М баталсан байгаа нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Д.Г нь тухайн байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хуульд зааснаар эрх олгогдоогүй, П.М нь ОНӨААТҮ газрыг хэлцэлд шууд төлөөлөх эрхгүй өөрөөр хэлбэл ОНӨААТҮ газар нь тусгай эрхтэй хуулийн этгээд бөгөөд үүсгэн байгуулсан баримт бичиг болон хуулиар даргыг эрх хэмжээ хязгаарлагдана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуульд зааснаар шууд бараа ажил үйлчилгээ худалдан авах доод хязгаарыг 10 сая төгрөгөөр Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд түүнээс дээш төгрөгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендэр, сонгон шалгаруулалт явуулах талаар хуульчилсан боловч дээрх хууль тогтоомж зөрчигдөж гэрээ хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хууль зөрчигдсөн болох нь нотлогдож байгаа талаар дүгнэсэн атлаа шударга ёсонд нийцэхгүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн худалдах худалдан авах гэрээ гэж дүгнээд худалдагч тал нь ХХК, худалдан авагч нь Нутгийн хөгжил бидний зүтгэл ТББ гэж тодорхойлоход болно. Гэрээний үнэ 42.000.000 төгрөг нь төрийн болон орон нутгийн өмч биш гэж тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь 42.000.000 төгрөг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, тусламж, дэмжлэг бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэснээс Эрүүл Ус ОНӨААТҮГ-н өмч юм.

Иймээс 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 16/01 дугаартай Эрүүл ус ОНӨААТҮГ, “С” ХХК-ний нарын хооронд хийгдсэн Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхийн 60.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Д.Б би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С" ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга, Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГ-д холбогдох, гэрээний үүрэгт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм.

133/ШШ2018/00323    дугаар    шийдвэрийн    зарим    хэсгийг    эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00323 дугаар шийдвэрээр "тоног төхөөрөмжийн үнэ 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГ-с гаргуулан "С" ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ "С ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоо, мөн нэмэгдсэн өртгийн албан татварт дээрх мөнгийг төлсөн болох талаарх баримтуудыг ирүүлээгүй зэргийг үндэслэсэн байна.

2015   онд   шинэчлэн    батлагдсан    Нэмэгдсэн   өртгийн   албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй. аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ" гэжээ.

"С" ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон бөгөөд уг албан татварын суутган төлөгч биш байсан бол нэхэмжлэх шаардлагагүй байсан билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д албан татвар ногдуулах хугацааг "Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно" гэжээ.

Эсрэгээрээ, "С" ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш хэрнээ уг албан татварыг нэмэгдүүлэн нэхэмжилсэн, шүүхээс уг албан татварыг тоног төхөөрөмжийн үнэ, алданги дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГ уг албан татварыг төлөхгүй байх бүрэн эрхтэй юм. Гэтэл Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГ нь "С" ХХК-г нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш эсэх талаар маргаан гаргаагүй билээ. Монголын татварын албаны цахим сүлжээн дэх бүртгэлд "С" ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болох нь нийтэд ил тод зарлагдсан байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу бараа, ажил, үйлчилгээний үнийн дүн дээр хуульд заасан хувь хэмжээний албан татварыг нэмэн хэрэглэгчээс суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийн дагуу "С" ХХК үнийн дүн дээр дээрх албан татварыг нэмэн нэхэмжилсэн юм.

Татварын ерөнхий хуулийн 5.4-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нь уг төрлийн татвар суутган төлөгчийн борлуулалтын орлогын дүнгээс шууд хамааралтайгаар тогтоодог шууд татвар бөгөөд Татварын байгууллага нь "С" ХХК-ний борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг шууд нэхэмжлэн төлүүлнэ.

Хариуцагчаас суутган авч төсөвт төвлөрүүлэх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварыг Шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгсэхгүй болгосон нь татварын байгууллагад хамаагүй бөгөөд тоног төхөөрөмжийн үнэ 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон борлуулалтын орлого хэмээн үзэж 5.454.545,45 /таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин тав төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн албан татварыг улсын төсөвт төлөх үүргийг "С" ХХК-д ногдуулна. "С" ХХК орлого энэ хэмжээгээр шууд буурч хохирно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д "Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:

10.2.1.  борлуулагч   бараа,   ажил,   үйлчилгээний   борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;

10.2.2.  бараа,   ажил,   үйлчилгээг   борлуулж  төлбөрийн   баримт үйлдсэн өдөр;

10.2.3.  бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр" гэжээ.

Одоогоор эдгээрээс алийг нь ч үйлдээгүй байгаа тул шүүхэд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлсөн баримт гаргаж өгөх боломжгүй юм. Түүнчлэн "Сэ" ХХК дээрх үйлдлүүдийг гүйцэтгээгүй байх нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг эрхэм шүүгч анхааран үзнэ үү.

Суутган аваагүй байгаа нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцагчийн өмнөөс түрүүлэн төлөх шаардлага, санхүүгийн боломж "С" ХХК-д байхгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон борлуулалтын орлогыг хүлээн аваад дараа нь татварын байгууллагад төлдөг жишгийг дийлэнх аж ахуйн нэгж мөрддөг юм.

Хариуцагчийн төлбөр төлөх асуудал маргаантай байгаа тул төлбөрийг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтоох болно.

"С" ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбарыг хавсаргав. Гэрчилгээ "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ" нэртэй боловч 2015 онд шинэчлэн батлагдсан хуулийн дагуу бүх аж ахуйн нэгжүүд "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч" болсон юм.

Дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00323 дугаар шийдвэрийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, тоног төхөөрөмжийн үнэ 40.000.000 /дөчин сая/ төгрөг. алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, дээр нэмж түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөгийг хариуцагчаар "С" ХХК-д төлүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь “Гэгээн нуур цэвэр ус”/шинэ нэршлээр/ ОНӨААТҮГ /Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/-т холбогдуулан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 төгрөг нийт 66.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

       Хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ Газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер,  сонгон шалгаруулалт хийлгүйгээр  хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх гэрээний хүлээн авагч тал болох “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар, санхүүжүүлэгч тал “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ/Төрийн бус байгууллага/, нийлүүлэгч тал “С” ХХК-ний хооронд Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гурван талт гэрээг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулаад “С” ХХК нь хуванцар торх үлээлгэх тоног төхөөрөмжийг одоогийн “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ Газарт нийлүүлж, хүлээлгэн өгөх, “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ уг тоног эөхөөрөмжийн үнийг санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ нь тоног төхөөрмж худалдан авах, “С” ХХК нь тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр гэрээний гол нөхцлийг тохирсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээнээс үндэслэсэн харилцаа, үйл баримт гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.2-т зааснаар хүлээн авагч тал болох “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар нь нийлүүлэгчид төлөхөөр санхүүжүүлэгчээс өгсөн хөрөнгийн эх үүсвэрийг тохирсон хугацаандаа нийлүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

Энэ нь “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ нь гадаадын хөрөнгө оруулагч буюу Люксембургийн их гүнт улсын төслийн санхүүгийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар нь Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, дээрх төслийн санхүүжилттэй “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын хөрөнгөөр уг бараа, ажил, үйлчилгээг авсан байгаа нь үүнийг гэрчилж байгаа учраас хариуцагчийн гэрээний үндсэн үнэ 42.000.000 төгрөг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай ажиллагааг тендер зарлалгүйгээр шууд тухайн ажиллагаа хийгдсэн. Энэ нь хууль зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.

Гэрээний 4.2.2-т заасан хүлээсэн үүргийнхээ дагуу “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар нь нийлүүлэгчид учирсан хохирлыг хариуцан төлөх бөгөөд мөн гэрээний 5.1.1-д зааснаар нийлүүлэгч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон зохих ёсоор биелүүлэхийг хүлээн авагчаас шаардах эрхтэй байна.

Шүүхээс 3 талт гэрээний 3.3-т заасан тооцоо хийх хугацааг 2 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг тооцож, нийт хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй гэж үзэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 40.000.000 төгрөгний алдангид 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосныг мөн гэрээний 7.1-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 2 сарын хугацаатай байгуулж талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэсэн ба нэхэмжлэгч “ХХК гэрээний үүргийн биелэлтээ шаардаагүйн улмаас анзын хэмжээ ихэссэн нь “Эрүүл ус” ОНӨААТҮ Газарт хохиролтой байх тул анзын хэмжээг 10.000.000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “С” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох талаарх баримтуудыг ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ зэрэг баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хамт ирүүлсэн байх боловч давж заалдах шатны шүүх үүнийг үнэлэх боломжгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй гэж үзсэн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8- дахь хэсэгт зааснаар шийдвэрт заасан алданги 20.000.000 төгрөг гэснийг 10.000.000 төгрөг гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар “...алданги 20.000.000 төгрөг...” гэснийг, “...алданги 10.000.000 төгрөг...” гэж,

        2 дахь заалтын “60.000.000 төгрөгт...” гэснийг “...50.000.000 төгрөгт...” гэж, “...457.950 төгрөгийг...” гэснийг “...407.950 төгрөгийг...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

        2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш .БАТТОГТОХ

                                  ШҮҮГЧИД                                         Ч.ЭНХТӨР

                                                                                           Т.ЖАРГАЛСАЙХАН