Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2018/00323

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: С.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ИТХ, ЗД, ЗДТГ, ГНЦУ ОНӨААТҮГ-т холбогдох,

тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/, нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.А, гэрч Г.Б, гэрч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний “хүлээн авагч тал” болох “ГНЦУ” ОНӨААТҮГ /шинэ нэрээр/ санхүүжүүлэгч тал “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТТБ болон “нийлүүлэгч” тал болох “С.Б” ХХК-ийн хооронд 16/01 тоот “тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай гурван талт гэрээг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр манай компани нь гэрээ байгуулагдсан өдрөөс 50 хоногийн дотор 18.9 литрийн хуванцар торх үлээлгэх тоног төхөөрөмжийг “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-т нийлүүлж, угсарч суурилуулан хүлээлгэн өгөх, “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ тоног төхөөрөмжийн үнийг төлөх, хүлээн авагч нь тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс хүлээн авах, санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулах үүднээс төлбөрийг өөрийн дансанд хүлээн авч бүртгээд, нийлүүлэгчид дамжуулан төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Манай компани нь тоног төхөөрөмжийг холбогдох иж бүрдлийн хамт 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд заасан газар хүлээн авагчид нийлүүлж, суурилалт туршилтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сарын баталгаат хугацаатайгаар хүлээлгэж өгсөн. Баталгаат хугацаанд хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд өнөөдөр ч хэвийн ажиллаж 10 гаруй мянган торх үйлдвэрлээд байгаа билээ. “”Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ нь манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг “Нутгийн хөгжил бидний зүтгэл” ТББ-аас 2016 оны 03 дугаар сард хүлээн авсан бөгөөд мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор манай компанийн данс руу шилжүүлэх үүрэгтэй байсан юм. Гэтэл “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийт төлбөрөөс 2.000.000 төгрөгийг л төлсөн. Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ нь 2015 онд 277 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 120 гаруй сая төгрөг, 2017 онд 257 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 202 сая төгрөг олгож, 2018 онд 260 мянган торх ус үйлдвэрлэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн атал, 2016 онд ижил зардал гаргаж ажиллаж, 243 мянган торх ус үйлдвэрлэсэн байхад 66.7 орчим сая төгрөгийг тус үйлдвэрийн газарт орон нутгийн төсвөөс олгосон байх тул Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж байгаа юм. ”Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ нь 2016 онд 1 торх усыг 1.250 төгрөгийн өртөгөөр нийт 243 мянган торх ус үйлдвэрлэсэн гэвэл орон нутгийн төсвөөс 66.7 сая биш 182 сая төгрөг олгох байжээ. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар ”Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ манай компанид төлөх өглөгөө барагдуулах ёстой. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.0 сая, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцсон алданги 20.0 сая, НӨАТ 6.0 сая, нийт 66.0 сая төгрөгийг хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч ГАА ИТХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “СБ” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 66.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй “С.Б” ХХК-ийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад “С.Б” ХХК нь 2016 онд “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-тэй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “ГНЦУ ОНӨААТҮГазрын захирал Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ “СБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхэд тайлбар гаргаж өгсөн. Энэ тайлбарт хуучнаар “Эрүүл ус” одоогийнхоор “ГНЦУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлж үйлдвэрийн менежер Д.Г гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Тухайлбал Д.Г манай байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгагдаагүй. Эрх олгогдоогүй байхад энэ гэрээ хийгдсэн байна гэж үзэж байна. Нөгөө талаар тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүн нь захирал боловч аймгийн Засаг даргаас олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийдэг. Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авалт хийхэд тендер сонгон шалгаруулалт явуулж байж гэрээ хэлцэл хийгддэг байхад тийм зүйл огт явагдалгүй гэрээ хэлцэл хийгдсэн нь хууль бус байна гэж үзэж байна. Тиймээс орон нутгийн өмчийн хөрөнгөөр эд зүйл худалдан авахдаа хууль тогтоомж зөрчиж хэлцэл хийгдсэн байх тул 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16/1 дугаартай “ГНЦУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “СБ” ХХК, “Нутгийн хөгжил бидний зүтгэл” төрийн бус байгууллагын хооронд хийгдсэн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл учраас энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь ГААИТХ, ГААЗД, ГААЗДТГ, ГГНЦУ ОНӨААТҮГ-т холбогдуулан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ГААИТХ болон аймгийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тус тус  “ЭУ” ОНӨААТҮГ /хуучин нэрээр/, “СБ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч “ГНЦУ ОНӨААТҮГ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна.

“ЭУ” ОНӨААТҮГазар нь “ГНЦУ ОНӨААТҮГ- болон нэршил нь өөрчлөгдөж, захирлаар Ж.Г-г томилсныг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ.

“ЭУ ОНӨААТҮГ, “СБ” ХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16/01 дугаартай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагджээ.

 Дээрх гэрээнд хүлээн авагч талыг төлөөлж Говь-Алтай аймгийн “ЭУ” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн инженер Д.Г, нийлүүлэгчийг төлөөлж, “СБ” ХХК-ийн менежер Т.Н, санхүүжүүлэгч талыг төлөөлж, Нутгийн хөгжил, бидний зүтгэл ТББ-ын менежер Н.Б нар гарын үсэг зурсан байх бөгөөд Говь-Алтай аймгийн “ЭУ” ОНӨААТҮГ-ын захирал П.М, “СБ” ХХК-ийн захирал Г.С, “НХБЗ” ТББ-ын тэргүүн Г.Л нар батлав гэж мөн гарын үсэг зуржээ.

Иймд тухайн үед хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан П.М нь гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрч баталсан байх тул хариуцагч Ж.Г-ийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан буюу Д.Г-ыг ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй эрхийг хэрэгжүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх гэрээгээр “СБ” ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, 18.9 литрийн хуванцар торх үлээлгэх, 1 ширхэг иж бүрдэл тоног төхөөрөмжийг санхүүжүүлэгчийн захиалгын дагуу хүлээн авагчид нийлүүлэх, хүлээн авагч нь тус тоног төхөөрөмжийг хүлээн авч, санхүүжүүлэгч нь тоног төхөөрөмжийн үнэ болох НӨАТ ногдуулаагүй дүнгээр 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг тоног төхөөрөмжийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан нийлүүлэгчийн Голомт банк дахь 3350000564 тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Уг гэрээ нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаатай байгуулж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээр дуусгавар болохоор заажээ.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлахад маргаан бүхий гэрээ нь гурван талт гэрээ байх ба гэрээнд тусгасан талуудын оролцоо, хүлээх үүргийг тодорхойлоход дээрх тогтоогдож буй үйл баримт нь гэрээний нэг тал болох “НХБЗ” ТББ нь тоног төхөөрөмж худалдан авах, “СБ” ХХК нь тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр гол нөхцлийг тохирсон байна. Харин нэмэлт нөхцлийн хувьд худалдан авагч нь гурав дахь тал болох “ЭУ” ОНӨААТҮГ-ын дансанд төлбөрийг байршуулах байдлаар баталгаажуулах, нийлүүлэгч тал нь тоног төхөөрөмжийг “ЭУ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна. Дээрх шинжээрээ тоног төхөөрөмж нийлүүлэх №16/01 дугаартай гэрээ нь “ХӨБЗ ТББ, “СБ” ХХК нарын хооронд гол нөхцлийн талаар тохирсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнээс үндэслэсэн харилцаа буюу үйл баримт байна гэж тодорхойллоо.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчлагджээ. Иймд “СБ” ХХК, НХБЗ ТББ-ийн хооронд  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг гэрээний 3.2-д заасны дагуу тоног төхөөрөмжийг үнийг нийлүүлэгчид төлөхдөө хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах үүднээс хүлээн авагчийн дансаар дамжуулан гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл санхүүжүүлэгч хүлээн авагчийн дансанд хөрөнгийн эх үүсвэрийг шилжүүлж, хүлээн авагч цааш дамжуулан нийлүүлэгчид төлбөрийг төлнө, 4.1.4-д хүлээн авагч нь үнийг нь төлсөн тоног төхөөрөмжийг өмчлөх эрхтэй гэсэн нөхцлүүдээр “ЭУ” ОНӨААТҮГ уг гэрээнд оролцсон байна.

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 18.9 литрийн торх үлээлгэх тоног төхөөрөмж 1 иж бүрдлийг тоног төхөөрөмжийг хүлээлцэн акт үйлдэн гарын үсэг зуран баталгаажуулж, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тоног төхөөрөмжийг угсарч тохируулсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тоног төхөөрөмж хүлээлцсэн акт, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрийн үндсэн хөрөнгийн 0010000001, 0010000002 дугаартай орлогын баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож, нийлүүлэгч тал үүргээ биелүүлсэн ба эд хөрөнгийн доголдлын талаар маргаан гараагүй байна.  

Тоног төхөөрөмж угсарч тохируулсан актын 2.1-д “тоног төхөөрөмжийг туршиж үзээд нийлүүлэгч нь гэрээний дагуу нийлүүлэгдэх нийт тоног төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрэн гүйцэт нийлүүлж, хүлээн авагчийн ажилтнуудыг сурган дадлагажуулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзлээ” гэсэн байх тул нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр тохиролцсон үнийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...гэрээний үндсэн үнэ нь 42.000.000 төгрөг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай ажиллагааг тендер зарлалгүйгээр шууд тухайн ажиллагаа хийгдсэн. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шууд бараа худалдан авах ажиллагааны дээд хэмжээ нь 10 сая төгрөг байхад 42.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хийсэн учир хууль бус...” хэмээн маргаж байна.

Худалдан авагч нь “Нутгийн хөгжил бидний зүтгэл” төрийн бус байгууллага учраас нийлүүлэгчийг өөрөө сонгох эрхтэй байх ба тендер зарлах, шалгаруулах шаардлагагүй байна.

Дээрх гэрээний харилцаанд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар нь эрх хэмжээнийхээ хүрээнд оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хариуцагч нараас гэрээний төлбөрийг гаргуулах үндэслэлгүй, хариуцагч биш байна.

Харин “ГНЦУ ОНӨААТҮГ нь тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж, гэрээний төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлсөн, мөн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөхөө удаа дараа албан бичгээр илэрхийлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд байгууллагын нэр, удирдлага өөрчлөгдөх нь хуулийн этгээд гэрээний тал биш болох, гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй мөн дээрх гэрээний 4.2.2-т нийлүүлэгчид төлөхөөр санхүүжүүлэгчээс хүлээлгэн өгсөн хөрөнгийн эх үүсвэрийг цаг хугацаанд нь төлөхөөр нийлүүлэгчид бүрэн гүйцэт төлөх үүрэгтэй. Ингээгүйгээс санхүүжүүлэгч болон нийлүүлэгчид учирсан хохирлыг хүлээн авагч хариуцахаар заасан тул гэрээний үлдэгдэл төлбөрийг 40.000.000 төгрөгийг “ГНЦУ ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Мөн гэрээний 3.3-т төлбөр тооцоо хийх хугацааг 2 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлбөр төлөгчөөс нэхэмжилнэ. Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх бөгөөд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 3 хоногт багтаан шилжүүлэх буюу бэлэн мөнгөөр төлөхөөр гэрээнд тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй байна. Дээрх хугацаанаас алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 40.000.000 төгрөгний алдангид 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн байх боловч “СБ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татван төлөгч болохоо, мөн нэмэгдсэн өртгийн албан татварт дээрх мөнгийг төлсөн болох талаарх баримтуудыг ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч “ГНЦУ ОНӨААТҮГ-аас гаргуулан “СБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГНЦУ ОНӨААТҮГ-аас 60.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 457.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 40.000.000 /дөчин сая/ төгрөг, алданги 20.000.000 /хорин сая/ төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч “ГНЦУ ОНӨААТҮГ-аас гаргуулан “СБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдсэн өртгийн албан татварт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГНЦУ ОНӨААТҮГ-аас 60.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 457.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭНүү