Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00238

 

*******-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02582 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01659 дүгээр магадлалтай,

*******-гийн нэхэмжлэлтэй

“ХӨСҮТ”-д холбогдох

ХӨСҮТийн ерөнхий захирлын 2022.01.10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч “ХӨСҮТ”-д холбогдуулан ХӨСҮТийн ерөнхий захирлын 2022.01.10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны өдрийн 101/ШШ2023/02582 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-г ХӨСҮТийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХӨСҮТөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,680,095 /арван гурван сая зургаан зуун наян мянга ерэн таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 13,680,095 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ХӨСҮТд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.08.23-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2022.11.11-ний өдөр төлсөн 223,547 төгрөг, 2022.12.14-ний өдөр төлсөн 10,814 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч ХӨСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 226,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.25-ны өдрийн 210/МА2023/01659 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны өдрийн 101/ШШ2023/02582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ХӨСҮТд холбогдох, ХӨСҮТийн ерөнхий захирлын 2022.01.10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ХӨСҮТ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч *******- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.25-ны өдрийн 210/МА2023/01659 дугаартай магадлалыг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны өдрийн 101 /ШШ2023/02582 дугаартай шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1, Авлигын эсрэг тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-д нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх талаар тодорхой хуульчлаад өгсөн байхад давж заалдах шатны шүүх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль ч байгууллага ажиллуулах явдлыг хязгаарлах агуулгатай байх тул нийтийн албан тушаал гэдгийг төрийн албан хаагчтай адилтган агуулгыг дэлгэрүүлж тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж дүгнэсэн байна. Мөн Авлигын эсрэг тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-д заасан тодорхойлолтын хүрээнд эмчийн албан тушаал ба төрийн үйлчилгээний албан тушаалыг нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж тайлбарлах нь дээрх хуулийн зорилго үзэл баримтлалд нийцэхгүй гэж үзэн дүгнэж байгаа нь эргэлзээ төрүүлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял нь миний эрхэлж буй ажилд ямар ч хамааралгүй юм. Энэ бүлэгт заасан нийтийн албанд ажиллах эрхийг хасах гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.11.03-ны өдрийн 001ШХТ2023/01329 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч *******-гийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч *******-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч *******- хариуцагч “ХӨСҮТ”-д холбогдуулан ХӨСҮТийн ерөнхий захирлын 2022.01.10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... миний бие ХӨСҮТд хүний их эмчээр ажилладаг байсан бөгөөд Төрийн үйлчилгээний эрүүл мэндийн ажилтан 6 ангилалд хамаарах албан тушаал эрхэлдэг байхад Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй, нийтийн албан тушаалтан биш, нийтийн алба эрхэлдэггүй хүнийг нийтийн албан тушаал эрхэлдэг мэтээр тооцож ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч ХӨСҮТ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... *******-г Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрх хасах ял ногдуулсан тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2021.12.24-ний өдрийн 4/25072 дугаар албан бичиг ирүүлж түүнийг ажлаас нь чөлөөлөхийг мэдэгдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 178 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь хэсэгт ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь үндэслэлтэй ...” гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор *******-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийтгэсний дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн” гэх тайлбарыг гаргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******-г ХӨСҮТийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлстэй тэнцэх олговорт 13,680,095 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. Шийдвэрт “...Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нь нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулжээ. *******-гийн эрхэлж байгаа их эмчийн албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамааралгүй.” гэж дүгнэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Магадлалд “Нэхэмжлэгч *******-гийн эрхэлж байсан “эмч” албан тушаал нь төрийн албаны ангилалд хамаарах бөгөөд түүнд нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулсан тул Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэж заасан тодорхойлолтын хүрээнд түүний эрхэлж буй албан тушаалыг нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж тайлбарлах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай  хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй.” гэж дүгнэсэн байна.

12. Хоёр шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болох талаар нэхэмжлэгч гомдолдоо дурдсан нь үндэслэл бүхий байх тул тус хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцүүлэхээр танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас үзсэн.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар адил дүгнэлт хийсэн хэдий ч холбогдох хуулийн зохицуулалтын талаар ялгаатай дүгнэлт өгч, зөрүүтэй шийдэл гаргажээ.

Нэхэмжлэгч *******- нь ХӨСҮТд ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байна. Шийтгэх тогтоолоор “...улсын яллагчаас *******-д ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт хийсэн”-ийг дурдаж, “... шүүгдэгч Р.Н- нь ... албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн ... автокраныг ... өөрийн шууд удирдлагад байх “ХЦТС” ХХК-д 47,950,000 төгрөгөөр нийлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн”, “... шүүгдэгч *******- нь ...өөрийн төрсөн ах болох ... Р.Н-ын ... автокраныг “ХЦТС” ХХК-д 47,950,000 төгрөгөөр худалдаж, бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нь ... тогтоогдсон” гэж дүгнэн Р.Н-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хамжсан үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.

Дээрх нөхцөл байдал нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

Анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нь нийтийн албанд хамаарахаар заасны дагуу *******-гийн эрхэлж байгаа их эмчийн албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарахгүй гэж үзжээ.

Харин давж заалдах шатны шүүх дээрхээс эсрэг дүгнэлт хийж, “...нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх төрлийн гэмт хэрэгт бус, харин тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулахаар хуульчилсан байгаа нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн байгууллагад авлига, албан тушаалын гэмт хэрэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль ч байгууллагад ажиллуулах явдлыг хязгаарлах агуулгатай байх тул нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ” гэж үзсэн байна.

14. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй. Харин ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг тодруулах шаардлагатай.

Тодруулбал, *******-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамжсан үндэслэлээр нэмэгдэл ялын чанартай нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг  Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан байх ба уг шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардсаны дагуу түүнийг ажил олгогч ажлаас халсан байна.

*******-г ажлаас халах шийдвэр гаргасан тухайн нөхцөл байдлыг авч үзэхэд Эрүүгийн хуульд тодорхойлсон нийтийн албан тушаалтан, нийтийн албанд ажиллах эрхийг хасах гэсэн хууль зүйн ойлголтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтны хүрээг тус хуулийн зорилготой уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулиар нийтийн албанд томилогдох, хаших явцад нийтийн ба хувийн ашиг сонирхол өөр хоорондоо зөрчилдөх, ийнхүү зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулахын тулд “нийтийн алба” гэх ойлголтыг томьёолсон. Энэ ч агуулгаар төрийн үйлчилгээний албаны хувьд нийтийн албыг төлөөлөн шийдвэр гаргах түвшний албан хаагчдыг Авлигын эсрэг хуулиар дамжуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

Харин Эрүүгийн хууль нь нийгмийн хор уршиг өндөр эрх зүйн зөрчлөөс сэргийлэх, нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хэвийн байдалд буцаан сэргээх, нийгмийн харилцааг дэг журам, эмх цэгцтэй, айдас түгшүүргүй, амгалан тайван үргэлжлүүлэх, зөрчил гаргасан этгээдэд зохих ял шийтгэл ногдуулах зорилготой. Улмаар Эрүүгийн хуульд “нийтийн алба” гэх ойлголт нь нэгдүгээрт, тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн бий эсэхийг тогтоох; хоёрдугаарт, зарим төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн агуулгыг тодорхойлох хоёр зорилгоор хэрэглэгдсэн байна.

Дээр дурдсан нэгдүгээр зорилго буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо Эрүүгийн хууль нь “нийтийн албан хаагч” гэх ойлголтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдийн хүрээнд хязгаарлахаар байх бол ял шийтгэлийн агуулгыг тодорхойлох хоёр дахь зорилгын хүрээнд “нийтийн алба” гэх ойлголтыг дээрх хоёр хуулийн үйлчлэлээс өргөжүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь нийтийн албаны чиг үүргийг тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн болон үйлдэхэд хамжиж тусалсан аливаа этгээд хэрэгжүүлэх боломжгүй, ийм этгээд нийтийн албан хаагчаар ажиллах нь нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, нийтийн төлөө ёс зүйтэй ажиллана гэх итгэл үнэмшил төрүүлэхгүй. Энэ үүднээс нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял шийтгэлийг гагцхүү нийтийн албан хаагч (өргөн ба явцуу аль ч утгаар)-д ногдуулахыг шаардахгүй, иймд ял шийтгэлд заасан хугацаанд нийтийн албан хаагч нь тус албанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүйг илэрхийлэх төдийгүй энэ хугацааны дотор нийтийн албан тушаалд томилогдох боломжгүй аль ч агуулгыг багтаана.   

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж томьёолсон байна. Нийтийн алба гэх ойлголтыг онолын түвшинд өргөн ба явцуу утгаар тодорхойлох бөгөөд дээр дурдсанчлан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хүрээнд нийтийн албаны хязгаарыг тогтоох явцуу ойлголтоос гадна тэдгээрт үйлчлэх нийтийн зорилготой нийтийн хэрэгцээний болон нийгмийн үйлчилгээний бусад этгээдэд ажиллаж буй албан хаагчдыг хамтад нь нийтийн албанд хамруулан өргөн хүрээнд ойлгох тохиолдлууд бий.

Гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн этгээдийг нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах ял шийтгэлийг хэрэгжүүлэхдээ нийтийн алба гэх ойлголтыг өргөн утгаар авч үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлийг эдгээр үндэслэлээр тодруулан тайлбарлаж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Харин 2022.12.16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон уг зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулсан, эдгээр заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Уг хуулиар Эрүүгийн хуульд тодорхойлсон “нийтийн албан тушаалтан”, “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэсэн ойлголтуудад хууль тогтоогч аутентик тайлбар хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтанд ямар субъект хамаарахыг нарийвчлан хязгаартай тодорхойлж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг хэнд, ямар нөхцөлд хэрэглэхийг тогтоосон байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01659 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-гийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь *******- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

                          

                           ДАРГАЛАГЧ                                                   Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРМАА

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД