Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01659

 

 

 

 

 

 

 

   2023       08          25                                    210/МА2023/01659

 

 

Р.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХӨСҮТ-д холбогдох,

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ХӨСҮТ-д хүний их эмчээр ажиллаж, төрийн үйлчилгээний ажилтан 6 гэх ангиллаар цалин авч, төрийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээс нийтийн албан тушаалд хоёр жил ажиллахыг хориглосон шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХӨСҮТ-д албан бичиг явуулж, нийтийн албан тушаалтан гэж тодорхойлж хууль бусаар ажлаас халсан. ХӨСҮТ- нь намайг ажил үүргээ гүйцэтгээд алдаа дутагдал гаргаагүй байхад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж намайг хууль бусаар ажлаас халсан тул нэхэмжлэл гаргасан. ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг гаргахдаа нийтийн албанд томилох эрхийг хассан тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг ирсэн тул халсан гэж хариуцагч талаас тайлбар гаргадаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн үйлчилгээний албан тушаалтны удирдах ажилтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарна гэж хуульчилж зааж өгсөн. Нийтийн албан тушаалтан биш, нийтийн алба эрхэлдэггүй хүнийг нийтийн албан тушаал эрхэлдэг мэтээр тооцож ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Хуулийг буруу хэрэглэж тушаал гаргасан тул ХӨСҮТ-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгож, Р.А- намайг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд хүний их эмчээр эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Р.А- нь тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд их эмчээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажилтныг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн гэдгийг тус төв мэдээгүй байсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/25072 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор Р.А-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул тухайн ажилтныг ажлаас нь чөлөөлж хариу ирүүлэхийг мэдэгдэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг албан бичигт хавсарган ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт “ялтныг сонгох, томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хүлээх үүргийг тогтоосны дагуу тус төв нь мөн хуулийн 178 дугаар зүйлийн 178.2.3-д заасны дагуу үүргээ биелүүлж, Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 дугаар тушаалаар Р.А-г ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.2.4-д гэж заасны дагуу Р.А-г ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай албан бичиг болон тушаалын хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн алба гэдэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд нийтлэг эрх ашгийн үүднээс төрийн үйлчилгээг нийтэд хүрэх үйл ажиллагаа, төрийн алба гэдэг өөрөө нийтийн алба юм гэж хуульд тодорхойлсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтан гэж зааж өгсөн, үүнийг үндэслэж нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзэж байгаа. Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой албан тушаалтнуудыг нэрлэн зааж, тэр хүмүүсийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох, хязгаарлах, нэмэлт үүрэг хүлээх үйл ажиллагааг зохицуулсан. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан тул нийтийн албан тушаалд ажиллаж байна гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хассан ял нь энд хамаарч байна гэж үзэж шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан учир нийтийн албанд томилогдох эрх хасагдсан учир цаашдаа үргэлжлүүлж энэ албан тушаалд ажиллах боломжгүй болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох заалт бөгөөд энэ заалтыг барьж тушаал шийдвэр гаргаж, цалин мөнгийг нь хуульд зааснаар өгч, ажил хүлээлцэх тодорхой заалтуудыг зааж өгч тушаалаа гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Р.А- нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн. Тус гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, эрх үүргийг танилцуулан бүртгэлд авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3/25047 дугаар албан бичгээр Р.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаарх мэдээллийг хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06/242 дугаар албан бичигт Р.А- нь ХӨСҮТ-ийн БЗДХ/ДОХ-ын их эмчээр ажиллаж байгаагаар бүртгэлтэй байна гэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасны дагуу ХӨСҮТ-д мэдэгдлийг хүргүүлсэн. Уг тушаалд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4/25072 дугаар албан тоотыг дурдаагүй бөгөөд Р.А-гийн эрхэлж буй албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй гэж үзсэн тохиолдолд хариу ирүүлэн, мэдэгдэлд дурдсан үндэслэлд хамаарахгүй тул биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлэх боломжтой байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар  зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-г ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХӨСҮТ-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,680,095 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 13,680,095 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ХӨСҮТ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 223,547 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 10,814 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.А-д олгож, хариуцагч ХӨСҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 226,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.б. Р.А-д Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор ял ногдуулж, уг шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Зохигчид Р.А-г “нийтийн албан тушаалтанд тооцох эсэх” тухай маргаагүй тул эрх зүйн маргаантай харилцаа нь Р.А-г нийтийн албан тушаалтанд тооцох эсэх тухай маргаан бүхий харилцаа биш юм. Гэтэл шүүх эрх зүйн маргаантай харилцааг Р.А-г нийтийн албан тушаалтанд тооцох эсэх тухай маргаантай харилцаа гэж тогтоон нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан тул иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Р.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой маргаантай харилцаа юм.

Р.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д заасан “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсэн заалт болон Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Р.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцон ял ногдуулсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

            5.в. Тушаалд Р.А-г нийтийн албан тушаалтан мөн биш гэдгийг тодорхойлсон ямар нэг үг, өгүүлбэр, үндэслэсэн хууль тогтоомж байхгүй бөгөөд тухайн иргэн ХӨСҮТ-д ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн үндэслэлээр л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан.

Дээрх үйл баримт, нотлох баримтуудыг шүүх бүх талаас нь бүрэн дүгнэхгүйгээр эрх зүйн маргаантай харилцааг ХӨСҮТ- болон нэхэмжлэгч Р.А-гийн хооронд үүссэн “нийтийн албан тушаалтанд тооцох эсэх тухай” маргаантай харилцаа гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “Тайлбар” хэсгийг үндэслэн тайлбарлаж дүгнэлт гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан. Тус хуульд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан, ахлах нягтлан багтсан. Төрийн албан хаагч нь нийтийн албан хаагч биш гэдэг нь үүгээр нотлогдож байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дугаар зүйлд үүрэг хариуцлагын талаар тусгасан. Тухайн хуулийн заалтыг төрийн үйлчилгээнээс бусад албан хаагчид ногдуулна гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан тушаалтанд Хөдөлмөрийн тухайн хуулийн 123 дугаар зүйлд заасан хэсэгт сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Энэ нь эрх хассан ял байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д хамааралгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            1. Нэхэмжлэгч Р.А- нь хариуцагч ХӨСҮТ-д холбогдуулан ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.

 

            3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.а. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор Р.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/25072 албан бичгээр ХӨСҮТ-д мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэл болон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоол зэргийг үндэслэн ажил олгогч ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/6 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6, 83 дугаар зүйлд заасныг баримтлан, ажилтан Р.А-г ДОХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хх 5/

 

4. Нэхэмжлэгч Р.А- дээрх тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаж, үндэслэлээ шийтгэх тогтоолоор ногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ял нь түүний ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахгүй гэж тайлбарлан, талууд маргажээ.  

 

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/6 дугаартай тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д заасныг тус тус зөрчөөгүй гэж дүгнэв.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”,

Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж, 178 дугаар зүйлийн 178.2.3-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрх хасах ял шийтгүүлсэн мэдэгдлийг хүлээж авснаас хойш ажлын 3 өдрийн дотор ял шийтгүүлсэн ажилтныг ажлаас чөлөөлөх” гэж тус тус заасан тул ажил олгогчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.

 

7. Нөгөөтэйгүүр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх төрлийн гэмт хэрэгт бус, харин тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулахаар хуульчилсан байгаа нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн байгууллагад авлига, албан тушаалын гэмт хэрэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль ч байгууллагад ажиллуулах явдлыг хязгаарлах агуулгатай байх тул нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч Р.А-гийн эрхэлж байсан “эмч” албан тушаал нь төрийн албаны ангилалд хамаарах бөгөөд түүнд нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулсан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж заасан тодорхойлолтын хүрээнд түүний эрхэлж буй албан тушаалыг нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж тайлбарлах нь дээрх хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ХӨСҮТ-д холбогдох, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Р.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ХӨСҮТ- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ