Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01188

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр                        Дугаар 102/ШШ2021/01188                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С аймаг, Е сум оршин суух хаягтай, Д Э-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 5 дугаар хороо оршин суух, П У,

 

Хариуцагч: Б дүүрэг, 5 дугаар хороо оршин суух,  овогт Р П

 

Хариуцагч: Б дүүрэг, 5 дугаар хороо оршин суух, Д Г нарт холбогдох,

 

10,496,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э 2018 оны 7 дугаар сараас эхлээд иргэн П.У, Р.П /П.У-гын эцэг/, Д.Г /П.У-гын эх/ нарт удаа дараа бэлэн мөнгөөр тооцоо хийж дизель түлш худалдаалж байсан. 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр П.У, Р.П нар нэхэмжлэгч Д.Эс 11,924,600 төгрөгийн үнэ бүхий 5 тонн түлшийг зээлээр худалдан авсан. Тэд “...өнөөдөр ням гариг учир банк хаагдсан байна. Маргааш банк онгойхоор мөнгийг төлье. Урд нь дансаар болон бэлэн мөнгөөр түлш авч байсан учир итгээд түлшээ өгчих. Бид итгэлийг чинь алдахгүй. Одоо яаралтай ажлаа явуулах хэрэгтэй учир түлш зайлшгүй хэрэгтэй байна” гэж гуйгаад байсан учраас нэхэмжлэгч нь зээлээр түлш өгсөн. Түүнээс хойш түлшний мөнгөө авахаар тэдэнд хандахад “...удахгүй өгнө, түр хүлээж бай” гэсээр 2 жил өнгөрлөө. Цаашид сайн дураараа мөнгөө төлөхгүй учир шүүхэд хандсан. Манайх 1 литр дизель түлшийг 2,180 төгрөгөөр зардаг байсан. Хариуцагч нар нийт 5,470 литр түлш худалдаж авсан. Худалдаж авсан нийт түлшний төлбөр 11,924,600 болсноос 1,428,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 10,496,600 төгрөгийг маргааш өгнө гээд өгөөгүй. Уг мөнгийг хариуцагч П.У, Р.П, Д.Г нараас нэхэмжилж байна.  

Нэхэмжлэгч Д.Э нь тухайн үедээ С аймгийн Е сумын  Б тосгоны шатахуун түгээх станцыг зохих зөвшөөрлийн дагуу ажиллуулж байсан бөгөөд шаардлагатай, хариуцагч энэ талаар шалгуулах ёстой гэж үзэж байгаа бол шатахуун түгээх станцын болон түлш худалдаалах зөвшөөрлийн талаарх баримтуудыг  С аймгаас гаргуулан авчрах боломжтой. Хариуцагч “түлшний мөнгийг төлнө” гээд цаасан дээр бичиж өгсөн, гэрч түлш аваачиж өгсөн талаар мэдүүлсэн. Ийм учраас эдгээр баримтуудаар нэхэмжлэлийг хангах боломжтой гэж үзэж байна. Хамгийн сүүлд түлш авахад Р.П болон П.У нар байсан. Д.Гс сүүлд нь мөнгөө нэхэмжилж, холбоо барьж байсан учраас түүнийг хариуцагчаар татсан байгаа. Ийм учраас холбогдох этгээдээс нь мөнгөө нэхэмжилж байгаа гэжээ.  

 

Хариуцагч Р.П, Д.Г нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Д.Э ий нэхэмжлэлтэй Р.П Д.Г, П.У нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Учир нь Д.Эг би огт танихгүй, хамтран ажиллаж байгаагүй бөгөөд харин манай охин П.У 2018 онд С-н Е сумын Б тосгонд үйл ажиллагаа явуулж байхдаа Д.Эс дизель түлш төлбөрийг нь төлж авч хэрэглэж байсан юм билээ. Д.Э ий нэхэмжлэлдээ бичсэн 5 тонн түлшийг зээлээр авч байсан зүйл байхгүй төлбөр тооцоо дууссан гэж байсан. Иймд Д.Э ий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: П.У миний бие 2018 оны 6 дугаар сараас С аймгийн Е сумын Б тосгонд өөрийн компаниар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны 6 сарын сүүлээс эхлэн 2018 оны 9 сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Эс шатахуун дизель түлш тухай бүр нь төлбөрийг төлж хэрэглэж байсан. Харин нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлдээ дурдсан “5 тонн дизель түлшийг зээлээр аваад төлбөр 10 сая төгрөгийг төлөөгүй” гэх зүйл огт байхгүй ба үүнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний болон манай компанийн зүгээс тухай бүр нь шатахууны төлбөрийг бэлнээр болон бэлэн бус дансаар шилжүүлэн төлж байсан билээ. Миний зүгээс Д.Эс 2018 оны 8 дугаар сарын 19-нд 5 тонн түлш зээлээр авсан зүйл огт байхгүй. Мөн Д.Э нь нэхэмжлэлдээ өөртэй нь огт хамтран ажиллаж байгаагүй, өөрөөс нь түлш авч байгаагүй миний ажилд тусалж байсан эцэг Р.П, эх Д.Г нарыг хүртэл хариуцагчаар оролцуулж байгаа нь огт зүйд нийцээгүй, хууль бус гэж үзэж байна. Иймд Д.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй. Хариуцагч П.У болон Р.П нар С аймгийн Е сумын Б тосгонд бичил уурхай эрхэлж байсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан хугацаанд нэхэмжлэгч Д.Эс дизель түлш тогтмол авдаг байсан нь үнэн. Харин хариуцагч Д.Г энэхүү маргаанд ямар ч хамааралгүй, уурхайн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Ийм учраас Д.Гт холбогдох нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй. 2018 оны 7 дугаар сараас нэхэмжлэгчээс түлш хүлээн авч байсан үйл баримт, нэхэмжлэгчээс өгсөн тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр хариуцагч гарын үсэг зурсан асуудал дээр манай зүгээс маргахгүй. Гол нь цаг тухайд нь мөнгөө бэлнээр төлсөн гэж маргаж байгаа. Хариуцагч П.У, Р.П нар нь М.Эс дизель түлш авахдаа тухай бүр төлбөрийг нь төлөөд авдаг байсан. Зээлээр авсан дизель түлш авсан, мөнгөө төлөөгүй зүйл огт байхгүй. Цаашлаад Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлүүдэд зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй. Ийм учраас нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч хариуцагчид түлш хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Харин тухайн үедээ бэлэн мөнгө төлөөд авч байсан, жолооч нь хүргэж өгдөг байсан л зүйл байгаа. Мөн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдан борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл Д.Э нь шатах, тослох материалыг зөвшөөрөлтэй эрхэлж байсан талаар баримтгүй, нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй байсан хэр нь түлш худалдах үйл ажиллагаа эрхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч П.У, Р.П, Д.Г нарт холбогдуулж 10,496,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...дизель түлшний үнэ 10,496,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” гэж тайлбарласан.  

 

Харин хариуцагч талаас “...түлшний үнийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд хэргийн оролцогчид гэрч асуулгах, шинжээч томилуулах, шүүхийн журмаар үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотлохоор дээрээ бичиглэл бүхий тэмдэглэлийн дэвтрийн цааснууд өгсөн. Уг хуудас цаас дээр “...5,470 л гэсний ард П, У” гэж бичигдсэн ба хариуцагч талаас ийнхүү бичсэн талаар маргаагүй /хх 28 хуудас, ар тал/.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр Н.Б-г хууль сануулан гэрчээр асуусан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Н.Б нь “...Р.Пд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5,470 литр дизель түлшийг өгсөн. Надад хоёр хоногийн дараа тооцоог нь Д.Энхсайхантай хийнэ гэж хэлсэн” гэж мэдүүлжээ.

 

Гэрчийн мэдүүлгийг хэрэгт цугларсан буюу дээр дурдсан бичгийн баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс үзлээ. 

 

Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

 

Нэгэнт тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн нийлүүлсэн барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч “...түлшний үнийг тухай бүрд нь төлсөн” гэж маргасан ба нэхэмжлэгчийн “...Манайх 1 литр дизель түлшийг 2,180 төгрөгөөр зардаг байсан. Хариуцагч нар нийт 5,470 литр түлш худалдаж авсан. Худалдаж авсан нийт түлшний төлбөр 11,924,600 болсноос 1,428,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 10,496,600 төгрөгийг төлөөгүй” гэх тайлбарыг үгүйсгээгүй тул 10,496,600 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангав. 

 

Харин хариуцагч Д.Г нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд орсон үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.   

 

Хариуцагч талаас “..нэхэмжлэгч нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг зөрчиж газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэсэн хэдий ч энэ талаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шат хүртэл хариуцагч тал маргаж байгаагүйгээс гадна нэхэмжлэгч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.У, Р.П нараас 10,496,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.У, Р.П нараас 182,896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ