Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01093

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01188 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ы нэхэмжлэлтэй, хариуцагч П.У, Д.П, Д.Г нарт холбогдох, 10,496,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.Э- нь 2018 оны 07 сараас эхлэн П.У-, Р.П-, Д.Г- нарт удаа дараа бэлэн мөнгөөр тооцоо хийж дизель түлш худалдаалсан. 2018 оны 08 сарын 19-ний өдөр П.У-, Р.П-, Д.Г- нар 5 тонн буюу 10,496,600 төгрөгийн дизель түлш худалдан авахаар болж, төлбөрийн “маргааш банк онгойхоор шилжүүлнэ, өмнө байнга бэлэн мөнгөөр болон дансаар мөнгө шилжүүлэн авч байсан учраас та итгээд өгчих, бид итгэлийг чинь алдахгүй, ажлаа яаралтай явуулах зайлшгүй шаардлагатай байна” гэж гуйсан юм. Удаа дараа дизель түлш авч байсан учраас итгээд П.У-, Р.П-, Д.Г- нарт 10,496,600 төгрөгийн 5 тонн дизель түлш өгсөн. Гэтэл хариуцагч нар одоо болтол мөнгийг маань өгөхгүй, өгнө хүлээж бай гээд 2 жил болж байгаа тул П.У-, Р.П-, Д.Г- нараас 10,496,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Р.П-, Д.Г- нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э-ыг бид огт танихгүй, хамтран ажиллаж байгаагүй бөгөөд харин манай охин П.У-2018 онд Сэлэнгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байхдаа Д.Э-аас дизель түлш төлбөрийг нь төлж авч хэрэглэж байсан юм билээ. Д.Э-ы нэхэмжлэлд бичсэн 5 тонн түлшийг зээлээр авч байсан зүйл байхгүй, төлбөр тооцоо дууссан гэж байсан. Иймд Д.Э-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч П.У-хариу тайлбартаа: 2018 оны 06 сараас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантад өөрийн компаниар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны 06 сарын сүүлээс эхлэн 2018 оны 09 сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Э-аас тухай бүр шатахуун, дизель түлш тухай бүр төлбөрийг нь төлж хэрэглэж байсан билээ. Харин нэхэмжлэгч Д.Э-ы нэхэмжлэлдээ дурдсан 5 тонн дизель түлшийг зээлээр аваад төлбөр 10 сая төгрөгийг төлөөгүй гэх зүйл огт байхгүй ба үүнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний болон манай компанийн зүгээс тухай бүр нь шатахууны төлбөрийг бэлнээр болон бэлэн бус дансаар шилжүүлэн төлж байсан билээ. Миний зүгээс Д.Э-аас 2018 оны 08 сарын 19-ний өдөр 5 тонн түлш зээлээр авсан зүйл огт байхгүй бэлээ. Мөн Д.Э- нь нэхэмжлэлдээ өөртэй нь огт хамтран ажиллаж байгаагүй, өөрөөс нь түлш авч байгаагүй миний ажилд тусалж байсан эцэг Р.П-, Д.Г- нарыг хүртэл хариуцагчаар оролцуулж байгаа нь огт зүйлд нийцэхгүй, хууль бус гэж үзэж байна. Иймд Д.Э-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.У-, Р.П- нараас 10,496,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,896 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.У-, Р.П- нараас 182,896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Н.Батжав нь “Р.П-д 2018 оны 08 сарын 19-ний өдөр 5,470 литр дизель түлшийг өгсөн. Надад хоёр хоногийн дараа тооцоог нь Д.Э-тай хийнэ гэж хэлсэн” гэж мэдүүлжээ” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д “...Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө” гэж заасныг 2021 оны 03 сарын 03-ны өдөр хийсэн гэрч Н.Батжаваас авсан мэдүүлгийн тэмдэглэл зөрчсөн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 102/ШЗ2021/01620 дугаар захирамжаар гэрч асуулгах даалгаврыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн 2021 оны 03 сарын 03-ны өдөр гүйцэтгэхдээ гэрч Н.Батжаваас мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад үүнийг дахин гүйцэтгүүлэхийг шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...Гэрчийн мэдүүлгийг хэрэгт цугларсан буюу дээр дурдсан бичгийн баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, хэргийн бодит үнэнд нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарт дизель түлшийг зээлээр худалдсан гэж тайлбарлаж байхад шүүх Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлүүдийг огт хэрэглээгүй төдийгүй, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар “газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдах” гэх заалтуудыг огт хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч П.У-д дизель түлш хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохоор тэмдэглэлийн дэвтрийн хуудас гаргаж өгсөн боловч зээлээр худалдсан, тухайн 2018 оны 08 сарын түлшний төлбөрийг нэхэмжлэгч аваагүй гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч П.У-, Р.П-, Д.Г- нарт холбогдуулан 5,470 литр дизель түлшний үнэ нийт 10,496,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч П.У-нь “мөнгийг нь төлж дизель түлш авдаг байсан, мөнгийг нь төлөхгүйгээр дизель түлш авсан удаагүй, 2018 оны 08 сарын 19-ний өдөр 5 тонн дизель түлш авсан зүйл байхгүй” гэсэн үндэслэлээр, харин хариуцагч Р.П-, Д.Г- нар нь “нэхэмжлэгчийг огт танихгүй, хамтран ажиллаж байгаагүй” гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 20, 22/

 

Хэрэгт авагдсан “Пүрвээ 99043501, Уянга 89618888, Эхнэр 99854527, 10-р хороолол, 87-3 61 тоот”, “Пүрэвсүрэн өөрөө утас гэрийн хаягаа өгөв”, “...5,470 л...” гэсэн бичиглэл бүхий бичмэл баримт, уг бичмэл баримтад “...5,470 л...” гэсний ард Р.П- гарын үсэг зурсан нөхцөл байдал /хх 28, 28-арын нүүр/, гэрч Н.Батжавын шүүхэд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд байрладаг ... компаниудад ... түлш түгээдэг байсан...”, “...Дэвтэр хөтөлдөг байсан. Түлшний тоолуураа харуулаад тэдэн литр өглөө гээд худалдаж авсан хүнээр нь гарын үсэг зуруулдаг байсан...”, “...Би 2018 онд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дизель түлш түгээдэг байхдаа Р.П-г мэддэг болсон. Надаас хоёр, гурван удаа өөрөө болон охин нь дизель түлш авдаг байсан...”, “...Р.П-д 2018 оны 08 сарын 19-ний өдөр 5,470 литр дизель түлшийг өгсөн. Надад 2 хоногийн дараа тооцоог нь Д.Э-тай хийнэ гэж хэлсэн...”, “...Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд түлш түгээдэг байхдаа Р.П-, П.У-нарыг мэддэг болсон. ... Д.Г-ийг танихгүй, мэдэхгүй...”, “...2018 оны 08 сарын 19-ний өдөр 5,470 литр дизель түлшийг Р.П-д хүлээлгэж өгсөн. Өгөхдөө хоёулаа тоолуураа харж байгаад тооцооны дэвтэр дээрээ Р.П-гээр гарын үсэг зуруулсан...” гэсэн тайлбар /хх 49-51/, хариуцагч П.Уянгын шүүхэд гаргасан “...Миний бие 2018 оны 06 сараас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантад өөрийн компаниар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны 06 сарын сүүлээс эхлэн 2018 оны 09 сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Э-аас тухай бүр шатахуун, дизель түлш тухай бүр төлбөрийг нь төлж хэрэглэж байсан билээ...” гэсэн тайлбар зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Д.Э- болон хариуцагч П.У-, Р.П- нар өмнө нь дизель түлш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэж байсан. Улмаар нэхэмжлэгч Д.Э- болон хариуцагч П.У-, Р.П- нар 5,470 литр дизель түлш худалдах, худалдан авахаар, төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу жолооч Н.Батжав нь хариуцагч Р.П-д 2018 оны 08 сарын 19-ний өдөр 5,470 литр түлшийг хүлээлгэн өгч, тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэг талын дизель түлш худалдан авах хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан, нийлүүлэх дизель түлшний хэмжээ, төлбөрийг дараа төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, улмаар дизель түлшийг хүлээлгэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасны дагуу төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй байх тул талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул “Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийг хэрэглээгүй” гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Э- нь хүлээлгэн өгсөн дизель түлшний үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П.У-, Р.П- нараас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн “хүлээлцсэн талаар гарын үсэг зурсан гэдэгтэй маргадаг юм уу” гэсэн шүүх хуралдаан даргалагчийн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “түлшээ хүлээж авсанд маргахгүй. Харин мөнгөө төлсөн, зээлээр аваагүй л гэж маргаад байгаа юм” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх 59/ байх ба хариуцагч тал дээрх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч талын гаргасан “5,470 литр түлшний төлбөр 11,924,600 төгрөг болсноос 1,428,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10,496,000 төгрөгийг төлөөгүй” гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй учир хариуцагч П.У-, Р.П- нараас нийт 10,496,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шийдэл зөв. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г-тэй эрх зүйн харилцаанд оролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Хариуцагч талын давж заалдах гомдолдоо дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан “тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрх” нь уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан этгээдэд хамааралтай эрх тул “тэмдэглэлд өөрчлөлт оруулах эрхийг хангаагүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүхийн даалгавраар гүйцэтгүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 43 дугаар зүйлд нийцсэн байх тул “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 14-ний өдөр төлсөн 182,896 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

                                             

                ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР