Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01358

 

 

 2021 оны 06 сарын 22 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01358                       Улаанбаатар хот

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНҮТ ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б У” Олон улсын нисэх буудлын захирал Д.М намайг Үндэсний Аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00/00 дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн ИНЕГ-ын ИНҮТ-ийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/111 тушаалаар Ч Х ОУНБ-ын захирлын ажлаас чөлөөлсөн. Миний бие энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаныг Монгол улсын Дээд шүүх хүлээн авч хянаад Монгол улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/0000 дугаар тогтоолоор намайг “Б У” Олон улсын нисэх буудлын захирлаар эгүүлэн томилж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 14 662 292 төгрөгийг авахгүй байхаар тохиролцож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилд томилогдох хүртэлх буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18 881 676 төгрөгийг авах эрхтэй байна. /2020.08.15-2021.01.14-ний өдөр хүртэл ажлын 99 хоног, нэг өдрийн цалин 190 724 төгрөг = 18 881 676 төгрөг байна/

Иймд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж Ч Х Олон улсын нисэх буудлын захирал Д.М миний ажилгүй байсан ажлын 99 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18 881 676 төгрөгийг олгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж шүүхэд хандсаны дагуу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч намайг ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдсан боловч хэвээр үлдсэн. Харин хариуцагчаас Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргасан боловч дарга П.М нь эвлэрэх санал тавиад бид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14 662 292 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэснийг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт шүүхээс тогтоосон 14 662 292 төгрөгийг авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Одоо шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртлэх хугацааны цалингаа нэхэмжилж байгаа юм. Харин ч миний бие байгууллагаасаа урамшуулал болон бусад зардал нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй, мөн өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон цалингаа ч аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нийт 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртлэх хугацааны цалин 18 881 676 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийж өгнө үү, тухайн үедээ цалингаас тооцож төлнө гэж тохиролцож байсан юм гэв.    

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.М-ын тус шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.М-ын “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдох иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын дээд шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд тус байгууллага болон Д.М нар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрсэн тухай №01 дугаар Эвлэрлийн гэрээг баталж, манай байгууллагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай байгууллага болон нэхэмжлэгч Д.М нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №01 дугаар Эвлэрлийн гэрээний 2.1.1-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т нэхэмжлэгчийг одоогийн Б У Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна”, 2.1.2-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 14 662 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба талууд харилцан тохиролцсноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна”, 2.1.3-т “Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, эвлэрч байна” гэж эвлэрсэн. Дээрх эвлэрлээс дүгнэвэл, хариуцагч буюу Иргэний нисэхийн үндэсний төв нь хариуцагч Д.Мыг ажилд томилох тушаал гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нөхөн бичилт хийнэ гэж, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.М нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг авахгүй, харин ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлнэ гэж эвлэрчээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Талууд энэ асуудлаар Улсын Дээд шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1.1-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14 662 292 төгрөгийг авахгүй” гэсэн, 2.1.3-т нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг нэхэмжлэгчийг ажилд томилох шийдвэр гарах хүртэл хугацаагаар гэж тохирсон. Гэтэл нэхэмжлэгч нь нэгэнт эвлэрсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч гэдэг нь ажилд томилогдох хүртэл гэж ойлгоно, мөн энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр тушаал гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл гэж хугацааг бас харилцан тохиролцсон гэж логикийн хувьд ойлгогдоно. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар төлөгдөөгүй гэж харагдаад байна, үүнийг бид төлнө учир нь гэрээгээр тохирсон юм гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ИНҮТ ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

 Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ажилгүй байсан хугацааны олговорыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг ажилд томилох шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Д.М-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/0000 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ч Х Олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14 662 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-нийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНҮТ ТӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 16-26-р хуудас/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 тоот магадлалаар Д.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГ-т холбогдох хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/0000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 12-15-р хуудас/

Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00000 дугаар тогтоолоор  “...Иргэний нисэхийн үндэсний төв болон Д.М нар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрч, “...нэхэмжлэгчийг Б У  Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5/тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна. ...Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14 662 292 төгрөгийг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. Хариуцагч нь эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн” ... тухай №01 дугаар “Эвлэрлийн гэрээ”-г баталж” шийдвэрлэжээ. /хэргийн 6-11-р хуудас/

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад хариуцагч тал буюу ажил олгогч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГазар нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.М-ыг өмнө эрхэлж байсан Ч Х Олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргасан боловч 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Д.М-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №Б/550 тоот ИНҮТ-ийн даргын тушаалаар Д.М-ыг Б У Олон улсын нисэх буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс авч ажиллуулахаар томилсон болох нь хэрэгт авагдсан ИНҮТ-ийн даргын тушаал, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны олговор 14 662 292 төгрөгийг  эвлэрлийн гэрээний дагуу авахгүй гэж харилцан тохиролцсон, мөн хяналтын шатны шүүх хуралдаанд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилд томилох тушаал гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхээр эвлэрсэн нь ажилд томилох тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгатай гэж маргасан.

Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон ажлаас үндэслэлгүй халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор болох 14 662 292 төгрөгийг л авахгүй гэж тохирсон болохоос ажилд эгүүлэн тогтоох тушаал гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэж гэрээнд заагаагүй, энэ талаар тохиролцоогүй, харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрсэн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №001/ХТ2020/00000 тогтоолд дурдсан талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-нд “...1.1 Зохигчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалтай иргэний хэрэгт эвлэрч нэгдсэн тохиролцоонд хүрч, талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригоо илэрхийлж түүнийгээ баталгаажуулан энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулсан болно.

2.1 Зохигчид шүүхийн шийдвэрээр тогтоосон дараах асуудлаар дор дурдсан тохиролцоонд хүрч эвлэрлэв. Үүнд:

2.1.1 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-т Нэхэмжлэгчийг одоогийн Б У олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна.

2.1.2 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2-т хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14 662 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна.

2.1.3 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг Хариуцагчид даалган шийдвэрлэсэн байх ба Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

3.1 Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ нь талуудын хоорондын бүхий л ойлголт ба тохиролцоог төлөөлөх ба талууд хоорондын бүх тохиролцоо, амлалт, ойлголтыг орлоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 9-10-р хуудас/

Хариуцагч нь эвлэрлийн гэрээний 2.1.2-т заасан “....нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна” гэсэн нь ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгатай, 2.1.3-т “...байх ба...” гэсэн холбоос нь олговор болон нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл аль аль нь ажилд томилох тушаал шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл гэж логикоор ойлгогдоно гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний утга ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй, агуулгыг тодорхойлох боломжгүй гэх үндэслэлгүй, эвлэрлийн гэрээний 2.1.2-т “...энэхүү олговор” гэсэн нь “...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 14 662 292 төгрөгийг”, 2.1.3-т нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг ажилд томилох шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл” гэсэн агуулгатай байна гэж дүгнэв.  

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлсэн тогтоосон боловч ажилд эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг олговрыг авахгүй гэж харилцан тохиролцсон, энэ талаар эвлэрлийн гэрээний агуулгад тусгасан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарч, ажилд эгүүлэн томилсон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр нэг өдрийн цалин 190 724 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 190 724 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /хэргийн 24-р хуудас/  

Хариуцагчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 99 хоног буюу 18 881 676 төгрөг /190 724х99хоног=18 881 676 төгрөг/ байх тул Иргэний нисэхийн үндэсний төв ТӨААТҮГазраас нэхэмжлэгч Д.Мын ажилгүй байсан 99 хоногийн цалинд 18 881 676 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1.3-т ажилд орох тушаал гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахаар эвлэрсэн байх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг цалингаас тооцож суутгана гэж тохиролцсон, гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр суутгаж байгаа гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд шимтгэлийг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцоогүй, хариуцагчийн төлөөлөгч нь хуулийн дагуу шимтгэлийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлгүй байгаа гэж Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолд тусгагдсан, уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон учир шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болно. 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Д.М-ын ажилгүй байсан хугацааны цалин 18 881 676 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252 359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 252 359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН