Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01769

 

2022.09.19 Дугаар 210/МА2022/01769

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч .....-төв ААТҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 18,881,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....-, түүний өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М....- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирал ....-ыг Үндэсний Аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/842 дугаар дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/20 дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн .....- газрын .....-төвийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/111 тушаалаар ажлаас чөлөөлсөн. ....- энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор ....-ыг.....- буудлын захирлаар эгүүлэн томилж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 14,662,292 төгрөгийг авахгүй байхаар тохиролцож эвлэрсэн. Харин 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,881,676 төгрөгийг авах эрхтэй. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажлын 99 хоног, нэг өдрийн цалин 190,724 төгрөг, нийт 18,881,676 төгрөг байна. ....-ыг ажилд авах шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. ....- 4 сар гаруй хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй гэж маргаан таслах комисст өргөдөл гаргаж тус комиссоос 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөн олговорыг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ....-т ажилгүй байсан хугацааны олговорт 18,881,676 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус тогтоолын 2.1.2-т хариуцагчаас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 14,662,292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэж, 2.1.3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар эвлэрсэн. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн эсэх нь харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны нөхөн олговорыг хувьд тохиролцоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулсан үйл баримт нь нэхэмжлэгч гомдол гаргасан гэсэн үйл баримт байхгүй, тэр нь тогтоогдоогүй. ....-аас...-д даргад гомдол ирээгүй, ямар нэгэн гомдол хүлээж аваагүй талаар манай ёс зүйн хороонд гомдол гаргаад уг гомдлыг хянан шийдвэрлэсэн. Албан бичиг хийж өгснийг нь ёс зүйн дүрэм зөрчсөн гэж арга хэмжээ авсан. ....- 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Давж заалдах шатны шүүх өмнө нь магадлал гаргахдаа шийдвэр гарах өдрөөс гэж тоолсон. ....-аас гарсан өргөдлийг хэлэлцсэн гэж үзэхгүй. Тухайн үед хөдөлмөрийн маргаан таслах комиссын даргыг орлож байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бичиг нь Хөдөлмөрийн маргааны дүрмийн 3.1, 3.5-т тус тус зааснаар баримтаар нотлогдох ёстой. Гэтэл бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт...-ын ...-ын /....-/-ын ажилгүй байсан хугацааны цалин 18,881,676 төгрөгийг хариуцагч .....-төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,359 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ....-т буцаан олгож, хариуцагч .....-төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 252,359 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад ажил олгогч .....-төв ААТҮГ нь ажилтан ....-ыг өмнө эрхэлж байсан .....- буудлын захирлын ажилд нь эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргасан боловч ....-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/550 тоот .....-төвийн даргын тушаалаар ....-ыг.....- буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулахаар томилсон нь .....-төвийн даргын тушаал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож гэж дүгнэсэн.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, тус төв болон ....- нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 01 дугаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг .....-төв ААТҮГ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжпэлийг шүүхэд гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар заасан. Хариуцагчийн төлөөлөгч нь ....-ыг.....- буудлын захирлаар томилсон тушаал гарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс гурван сарын хугацааг тоолоход 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж байгаа, мөн Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол гарснаар эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан.

Шүүх Нэхэмжлэгчийг Улсын дээд шүүхийн тогтоол гаргаснаар эрх зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй, уг тогтоолд ...гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна гэсэн байх тул тогтоол гарснаар мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй, талууд шүүхэд Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авсан талаарх баримтыг ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нь ... ажилд томилсон тушаал гарсан гэдгийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирээрэй... ирж танилцуулснаар мэдсэн гэж тайлбарласан, хариуцагч нь тушаал гарсан өдрөөр мэдэх боломжтой байсан гэсэн боловч уг тушаалыг танилцуулсан эсэх талаар баримтгүй, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн талаар маргаагүй. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилдаа ирээд тушаалтай танилцсан, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шууданд хийснээр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан ... эвлэрлийн гэрээнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилд томилох тушаал гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны шимтгэлийг нөхөн бичилт хийхээр эвлэрсэн нь ажилд томилох тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгатай гэж маргасан. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор 14,662,292 төгрөгийг авахгүй гэж тохирсон болохоос ажилд эгүүлэн тогтоох тушаал гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэж гэрээнд заагаагүй, энэ талаар тохиролцоогүй, харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрсэн гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх ....-ын нэхэмжлэлийн шаардлага буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 18,881,676 төгрөгийг шаардах эрх нь хэдийд эхэлж буйг зөв тогтоож энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хөөн хэлэлцэх хугацааг хэдийд эхэлж байгааг тогтоохын тулд юун түрүүнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тайлбарлах нь зүйтэй. Эвлэрлийн гэрээг бүхэлд нь дүгнэвэл, нэхэмжлэгч 1-рт .. эн тэргүүнд ажилдаа эгүүлэн томилогдох..., 2-рт ... ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор авахгүй..., 3-рт ... ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх...-ээр эвлэрсэн байна. Эвлэрлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нь ....- 2020 оны 09, 10 дугаар сард ногдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор авахгүй, түүнчлэн уг эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан өмнө эрхэлж байсан албан тушаалд томилуулахаар эвлэрсэн. ....- нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор авахгүй гэдгээ мэдэж, эн тэргүүнд ажилдаа эгүүлэн томилогдох хүсэл зоригтой байсан гэдгийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэзээ биелүүлэх нь тодорхойгүй, ирээдүйд бий болох ажилдаа эгүүлэн томилогдох үйл явдлын хугацаанд хамаарах ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг авахгүй гэж эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй. ....-ыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэсэн. Тэгэхээр ....- 2020 оны 9, 10, 11, 12 дугаар сард ногдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг авахгүй гэдгээ мэдэж байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн тухайд уг үр дагаврыг тооцоололгүй эвлэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд ....-ын шаардах эрх эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс, эсхүл Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас авах байсан бол эвлэрлийн гэрээ байгуулахгүй, эсхүл 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 18,881,676 төгрөгийг авах талаар эвлэрлийн гэрээнд тусгах байсан.

Мөн ....- 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэгт заасныг зөрчин, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Эрх нь зөрчигдсөн үйлдэл үргэлжилсээр 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд томилогдсоноор зөрчил дуусч байгаа. Зөрчил дууссанаар шаардах эрх нь үүсч 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цалинг нэхэмжилж шүүхэд хандсан. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс авахгүй гэж эвлэрсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Тухайн нэхэмжилж байсан үнийн дүнгээр эвлэрсэн. Түүнээс биш ирээдүйд зөрчигдсөн эрх, маргаан хянан хэлэлцэгдэж байх үеийн цалин хөлсөнд эвлэрээгүй. Тухайн үед Ковид-19 цар тахалтай үе байсан тул нэхэмжлэлийг шуудангаар шүүхэд хүргүүлсэн. Мөн Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд цалин хөлсийг шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч .....-төв ААТҮГ-т холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 18,881,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч ...талууд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар эвлэрлийн гэрээг байгуулж ....- нь ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны олговрыг авахгүй байхаар тохиролцсон, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэж маргажээ.

 

1.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрээр ....-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг .....- буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, .....-төв болон ....- нар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрч ... нэхэмжлэгчийг.....- буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна. ... Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14,662,292 төгрөгийг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. ... Хариуцагч нь эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр (тушаал) гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх-30-42)

 

Хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг хариуцагч .....-төв ААТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар ....-ыг.....- буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилжээ. (хх-ийн 18)

 

1.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, талууд ....-ын ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хүртэл хугацаан олговор 14,662,292 төгрөгийг авахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгч авахгүй байхаар хариуцагч .....-төв ААТҮГ-тай харилцан тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, дээрх тогтоолд нэхэмжлэгчийг ажилд томилох шийдвэр (тушаал) гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийхээр тохиролцох нь мөн хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрын талаар тохиролцоогүй нээлттэй үлдээсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч ....- нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .....-төв ААТҮГ-аас шаардах эрхтэй, ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй байхаар талууд эвлэрсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзлал үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

1.г. Өмнө дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг өдрийн 190,724 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч .....-төв ААТҮГ-аас 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 99 хоногийн олговорт 18,881,676 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгож шийдвэрлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

1.д. Ажил олгогч .....-төв ААТҮГ нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр биелүүлж ажилтан ....-ыг.....- буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс авч ажиллуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр биелүүлсэн тул энэ өдрийг хүртэл хариуцагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр үргэлжилж байгаа гэж үзэх тул Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс гомдол гаргах хугацаа тоологдоно гэж хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мөн Хариуцагч байгууллага 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргасан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн өдөр тушаалтай танилцаж мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцааж чадаагүй байна. Тодруулбал хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргэ биелүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч тушаалын талаар мэдсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс гомдол гаргах хугацааг тоолоход 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ шууданд хийсэн болох нь Монгол Шуудангийн дардас бүхий дугтуйгээр нотлогдсон тул шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

1.д. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор ....-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацааны олговор 14,662,292 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан ... гэх гомдол үндэслэлгүй. Учир нь: ....-ын ажилгүй байсан 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны олговорр 18,881,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш юм.

 

1.д Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгджээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/001471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 252,358 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ