Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 140

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч Б.Анхсайхан, түүний сонгон авсан өмгөөлөгч М.Цэнгүүн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2171) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батбаатарын Анхсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2867 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Батбаатарын Анхсайхан, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан тоноглолын засварчин мэргэжилтэй, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад засварчин ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол ТЭЦ 3а-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 19 дүгээр хороо, 72 дугаар байрны 4 тоотод түр оршин сууж буй, регистрийн дугаар: УМ90050454, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Анхсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Чингис Соосэ ОУХС-ын урд зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн хохирогч П.Уртнасанг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Анхсайхан: Хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Би мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хохирогчид учирсан бүх хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан тул надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2867 дугаартай хэргээс)

1. Хохирогч П.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байх гэрээсээ гараад эмнэлэг орох гээд эхнэр Цэцэгбал болон бага насны хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 14-87 УНБ дугаартай Тоёота Саксид загварын машинтай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Чингис Соосэ сургуулийн урд зам дээр зүүнээсээ баруун хэсэг рүү явж байтал урдаас саарал өнгийн Соната-5 загварын машин их хурдтай ороод ирэхээр нь зогсоод зам тавьж өгсөн чинь миний машины буферийг шүргээд замын нөгөө талд бүтэн эргээд зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад яваад очтол хоёр согтуу залуу гарч ирсэн. Би тэр хоёрт хандан “та нар яаж байгаа юм бэ, хүн зам тавиад өгч байхад хүний машин шүргэчихлээ ш дээ” гэсэн чинь тэд “хаана тийм юм болсон юм” гэж хэлсэн. Түүнээс болж маргаан гараад миний машиныг шүргэсэн жолоочийн хажууд сууж явсан залуу “тийм юм болоогүй” гээд над руу дайраад байхаар нь би “чамтай юм ярихгүй, машины жолоочтой нь ярина” гэсэн чинь нөгөөх залуу намайг цохисон. Тэгтэл ТҮЦ-нээс нэг залуу гарч ирээд “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд намайг хажуунаас хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний хамар, амнаас цус гарсан. Цагдаа нар ирэхэд намайг эхэлж цохисон болон машин жолоодож явсан хоёр залуу явчихсан байсан. Би явуулахгүй гэж хориглоод дийлээгүй. Харин ТҮЦ-нээс гарч ирсэн өндөр нуруутай бор залуу нь байсан. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

...Миний машиныг шүргэчихээд цааш эргээд зогсох үед араас нь очиход машинд хоёр эрэгтэй хүн байсан. Жолоочийн суудал дээр сууж байсан залуу зодоонд оролцоогүй. Харин хажуугийн суудал дээр сууж явсан залуу нь эхэлж гарч ирээд, миний шанаа руу цохисон. Түүний дараа найз нь барьчихсан зууралдаж байх үед хаанаас ч юм гэнэт гарч ирсэн Анхсайхан гэх залуу миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг Анхсайхан гэх залуу учруулсан. Би шүдээ эмчлүүлчихвэл ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

2. Гэрч О.Гоомаралын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна манай найз залуу Анхсайхан халтууранд явж байгаад ирлээ гээд, манай ээжийн үйл ажиллагаа явуулдаг авто сургуулийн буудал дээр байдаг хүнсний ТҮЦ-нд ирсэн бөгөөд удалгүй гараад явсан. Би тухайн үед түүнийг хэнтэй таарсан, хэнтэй архи уусан талаар мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа ТҮЦ-нд орж ирээд “хоёр найзтайгаа таарчихлаа, машинаа ард тавьчихсан байгаа” гээд гараад явсан. Дараа нь дахин орж ирсэн бөгөөд энэ үед Баяраа эгч ТҮЦ-нд орж ирээд Анхсайханд хандан “хүн машинаар чинь машин шүргэчихсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед айхтар юм бодоогүй. Нэг мэдсэн чинь ТҮЦ-ний ертөнцийн зүгээр зүүн талд Анхсайхан нэг хүнтэй барьцалдсан байхаар нь би салгаад авч явах гэсэн чинь Уртнасан гэдэг хүн өөрөө зууралдаад салахгүй байсан. Тэгээд би түүнд хандан “би энэ хүнийг зугтаалгахгүй, энд байлгаж байя, та цагдаа дуудчих” гэж хэлсэн. Би нөгөө машины жолооч Уртнасан гэдэг хүнтэй уулзаад “яасан юм ахаа” гэж асуусан чинь “тэр хүн миний машиныг шүргэчихээд ядаж уучлаарай гэж хэлэхгүй муухай ш дээ” гэж хэлсэн. Тухайн үед намайг гарч ирэхэд Уртнасан гэж хүн Анхсайхантай зууралдчихсан зогсож байсан. Би яг хэн хэнийгээ хэрхэн цохисныг хараагүй. Энэ үед тэр хоёрын хажууд хэн нэгэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

3. Гэрч С.Цэцэгбалын мөрдөн байцаалтад өгсөн: Тэр өдөр би нөхөр Уртнасангийн 14-87 УНБ улсын дугаартай Тоёота Саксид загварын мөнгөлөг саарал өнгийн машинтай өөрийн хүүхдүүд болох Цасчихэр, Монголжингоо нарын хамт авто сургуулийн буудлын наана ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү чиглээд явж байсан чинь гэнэт урдуур цагаан өнгийн жижиг суудлын машин гарч ирээд манай машиныг шүргээд зогссон. Тэнд байдаг автобусны буудлын ТҮЦ-ний дэргэд нөгөө цагаан машин бүтэн эргээд зогссон. Манай нөхөр Уртнасан машинаасаа буугаад нөгөө хүмүүс дээр очиход жолооч нь машинаас буугаагүй. Гэтэл хаанаас ч юм нэг өөр залуу гарч ирээд манай нөхөртэй барилцаж аваад, цохиод ноцолдоод байхаар нь би машинаас буугаад гүйгээд очсон. Манай нөхөртэй ноцолдож байсан хоёр залуугийн нэг нь нөхрийн маань нүүр рүү цохиж амнаас нь цус гаргасан байсан. Харин жижигхэн бор царайтай залуу нь манай нөхрийн хувцаснаас бариад зууралдаад байсан. Би энэ үед хажуугаас нь орж нөхөр Уртнасангийн халааснаас утсыг нь аваад 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тэднийг салгах гээд дийлэхгүй байсан. Нэг харсан чинь Анхсайхан гэдэг залуу ганцаараа үлдсэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд түүнийг аваад явсан. Манай нөхрийн нүүрэнд Анхсайхан гэдэг залуу гараараа цохиж байсан. Харин жолоон дээр сууж байсан хүн бууж ирээгүй, зодоонд оролцоогүй... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

4. Гэрч А.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, авто сургуулийн ТҮЦ-ний тэндээс таксигаар хүн ачих гээд хамгийн эхний эгнээнд зогсож байсан чинь Анхуулаа гээд таксинд хааяа явдаг залуугийн машин болох цагаан өнгийн Соната-5 загварын машин Толгойт талаас Чингис Соосэ сургуулийн баруун уулзвараар эргэх гэж байгаад машинтай шүргэлцэх шиг болсон. Тэгтэл цаад машиных нь жолооч бууж ирээд “та нар машин шүргэчихлээ ш дээ” гээд байх шиг байсан. Би тэр үед хүн ачиж байсан болохоор хүнээ аваад цааш Толгойтын зүг хөдлөөд явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас),

5. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Энхээ гээд ахтай микроавтобустай нь Ихнарангаас 06 цаг 50 минутын үед гараад Шархад хүртэл нэг удаа шугаманд тойрчихоод авто сургуулийн буудал дээр 10-11 цагийн үед ирсэн. Энэ үед авто сургуулийн буудал дээр Энхээ ахын найз болох нэрийг нь мэдэхгүй царайг нь харж байсан хоёр ахтай уулзаад архи уусан. Бид авто сургуулийн ТҮЦ-ний ард нэгнийх нь цагаан өнгийн Соната-5 загварын машинд суугаад ууцгаасан. Би энэ үед авто сургуулийн буудлын урд байрлах компьютер тоглоомын үүдэнд байж байсан чинь удалгүй нөгөө архи уугаад сууж байсан цагаан машин нь шүргэлцсэн. Нөгөө машины жолооч нь буугаад, Энхээ ахыг заамдаад бариад авсан. Би наанаас нь очиж салгаж аваад Энхээ ах эрүүл жолооч дуудсан байсан болохоор удалгүй таньдаг найз нь ирээд машиныг нь бариад би Энхээ ахыг машинд нь суулгаад аваад явсан юм. Би зодоон цохион болохыг хараагүй, Энхээ ахыг нөгөө машины жолооч заамдаад авчихсан байсан болохоор салгаж аваад машинд нь суулгаад гэр рүү нь явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16488 дугаартай: “П.Уртнасангийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гурван шүдний эмтрэл, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Б.Анхсайханы мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Соната-5 загварын 24-06 УНЧ улсын дугаартай автомашинаар халтуур хийж яваад өглөө авто сургуулийн буудал дээр машинаа тавиад 07 цаг 50 минутын үед Анхаа гээд залуу ирсэн. Анхаа надад “ганц лонх юм уухуу” гэхээр нь “яасан ч яахав” гэсэн. Анхаа тухайн үед “ойрхон явчихаад ирье” гээд явсан. Тэгээд Анхааг явсны дараа Энхээ гэдэг залуу микроавтобустайгаа авто сургуулийн буудал дээр ирсэн. Тэгээд надаас Анхааг асуугаад “цаадах чинь хаашаа явчихав, ууя энэ тэр гээд залгаад байсан” гэж асуусан. Харин Анхаа 10 гаруй минутын дараа ирсэн. Тэгээд миний машиныг ТҮЦ-ний хойд талд байрлуулж тавиад бид тус бүрдээ 10.000 төгрөг гаргаж нийлүүлээд 2.5 литрийн хэмжээтэй нэг сав шар айраг, 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи аваад, миний машинд орж, бид гурав хувааж уусан. Архи дуусаад би буугаад авто сургуулийн хамгийн цаад талын ТҮЦ-нд ороод тамхи аваад тэнд зогсож байсан хүмүүстэй юм яриад байж байсан чинь миний машин хөдлөөд яваад өгөхөөр нь би гараад “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь эмнэлгийн хашаа орж бие засчихаад ирье” гэсэн. 10-15 минутын дараа Баяраа гээд эгч “чиний машинаар нэг машин шүргэчихлээ” гэж хэлэхээр нь би гарч гүйгээд очтол Энхээ нэг машины жолоочтой заамдалцаад зогсож байсан. Харин Анхаа машин дотор сууж байсан. Би наанаас нь очоод, Энхээг тэр ахаас салгаад, тэр ахын машин дээр очиж үзэхэд Энхээ дахин ирж нөгөө ахтай маргалдаад байсан. Би тэр хоёрын дундуур ороод зогсож байтал, тэр ах миний араас толгой руу цохиод авахаар нь би эргэж хараад бариад авсан. Тэгтэл тэр ах намайг боогоод байхаар нь би түүний нүүр рүү гараараа гурван удаа цохисон. Тэгсэн чинь авгай нь “машин нь зугтаачихлаа” гээд хажуугаас орилоод байсан. Тэгээд би “за ах яах гээд байгаа юм бэ, эр хүн байж” гээд салсан. Харин эхнэр нь цагдаа дуудсан гэхээр нь би “за за цагдаа иртэл би энд байж байя” гээд хүлээсэн. Тэгээд цагдаа ирэхээр нь би алаг тэргэнд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед би салгах гээд дундуур нь орсон чинь тэр ах намайг араас цохиод, хувцаснаас боогоод байхаар нь би гурван удаа нүүр рүү нь цохисон өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед Энхээ тэр машины жолооч ахтай барьцалдаад хэрэлдсэн, харин Анхаа машинд сууж байсан. Мийгаа жолоочийн суудал дээр сууж байсан, өөр хүн зодоонд оролцоогүй. Хохирогч Уртнасангийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Б.Анхсайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд сэжигтний мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар бүгдийг мэдүүлсэн тул өөр нэмж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас),

9. С.Энхтөрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би тэр өдөр өглөө 8-9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн авто сургуулийн буудал дээр байх ТҮЦ-нээс тамхи авах гээд 71-80 УНЦ улсын дугаартай микроавтобустай ирж зогссон ба тухайн үед буудал дээр Анхсайхан, Анхаа гээд миний багын танил хоёр залуу зогсож байсан. Бид гурав уулзаад архи уухаар болоод, авто сургуулийн буудал дээр байх ТҮЦ-ний ард Анхсайханы машин дотор сууж байгаад, архи хувааж уусан. Бид архи ууж байгаад, зогсож байсан газраасаа хөдлөөд, бие засах гээд авто сургуулийн урд байх эмнэлгийн 00 орсон. Тэгээд буцаж ирж байхдаа саарал өнгийн Тоёота Саксид загварын машиныг урд буферийнхээ булангаар шүргэсэн ба би буугаад жолоочтой нь уулзсан чинь буфер нь бага зэрэг зураас болсон байсан. Тэгээд “гайгүй юм байна ш дээ” гээд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь жолооч нь бууж ирээд намайг боогоод авсан. Тэгтэл Анхсайхан ТҮЦ-нээс гарч ирээд салгасан. Анхсайханыг голоор орж ирэх үед нөгөөх машины жолооч цохиод авсан. Тэгээд тэр хоёр цаана очоод зодоон хийгээд байсан. Би наана нь байсан. Тухайн үед бидний архи ууж байсан машиныг Анхаа буюу Анхбат жолоодож явсан. Энэ машин нь Анхсайханы эзэмшлийн 24-06 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 загварын машин байгаа юм. Тухайн үед миний талаар машин шүргэсэн ба бууж хараад “гайгүй юм байна ш дээ явъя” гээд буцаад машиндаа суух гэтэл араас намайг боогоод авсан. Энэ үед цаанаас ТҮЦ-ээс Анхсайхан гарч ирээд намайг салгаад нөгөө залуутай барьцалдаад авсан. Түүнээс биш би тэр хүний биед гар хүрээгүй зөрүүлээд заамдаад авах гэтэл миний гар хүрэхгүй байсан. Би хэн нэгэнтэй бүлэглэж хохирогчийг цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед Анхбат зодоонд оролцоогүй. Барьцалдаж аваад зодоон болох үед манай микроны кондуктор Мийгаа байсан, өөр тэр хавиар ганц нэг жижиг тэрэгтэй жолооч байсан байх би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 53 дугаар хуудас),

10. Б.Анхбатын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг авто сургуулийн буудал дээр Анхсайхан гээд бага байхдаа нэг байранд байдаг байсан залуу 24-06 УНЧ гэсэн дугаартай цагаан өнгийн Соната-5 загварын машинтай зогсож байсан ба би Анхсайханы машинд орж суугаад юм яриад сууж байтал Энхтөр гээд манай найз микроавтобустайгаа ирсэн. Бид гурав архи уухаар болоод дэлгүүрээс нэг лонх архи, нэг сав шар айраг авсан. Тэрийгээ буудлын ТҮЦ-ний ард Анхсайханы машинд сууж байгаад уусан. Би архийг нь тойруулж байсан болохоор уугаагүй. Анхсайхан машинаас буугаад ТҮЦ орох гээд явсан хойгуур Энхтөр бид хоёр Анхсайханы машиныг асаагаад, би машиныг нь бариад, урагшаа эмнэлгийн хашаа орж бие засчихаад, буцаад авто сургуулийн уулзвар руу нэвтэрч ортол 21 талаасаа Толгойтын чиглэлд явсан мөнгөлөг өнгийн Тоёота Саксид загварын автомашиныг хойшоо эргэх хөдөлгөөн хийх үед шүргэсэн юм байна лээ. Анхсайханы машин хойноо буфергүй байсан болохоор тухайн үед шүргэсэн эсэхийг мэдээгүй. Тэгээд хойшоо зогсоол руу ороод Анхсайханы машиныг тавиад гараад иртэл мөнгөлөг өнгийн машины жолооч гарч ирээд “машин шүргэчихлээ” гэж хэлэхээр нь Энхтөр бид хоёр хоёулаа очоод харсан чинь бага зэрэг зураас гарсан байсан. Тэгэхээр нь би машиндаа буцаж суусан. Харин Энхтөр нөгөө машины жолоочтой барьцалдаж аваад боолцоод байж байсан чинь цаанаас Анхсайхан ирээд, тэр жолоочтой зодоон хийсэн юм. Энэ үед Анхсайхан надад “миний машины бичиг баримт байхгүй, чи асаагаад нэг газар тавьчих” гэж хэлэхээр нь хойд талын байр руу оруулж тавиад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас),

11. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 2016 2601 2867 дугаартай хэргээс сэжигтэн С.Энхтөр, Б.Анхбат нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийг 208.1.2. дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэх тогтоол (хх-ийн 103-104 дүгээр хуудас),

12. Вендо хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Тоёота Саксид загварын тээврийн хэрэгсэлд 57.600 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан (хх-ийн 88 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Б.Анхсайханы хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57), гэрч Л.Батсүхийн мэдүүлэг (хх-ийн 21), гэрч О.Гоомаралын мэдүүлэг (хх-ийн 22), Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 60-62), Б.Анхсайханы ажил байдлын тодорхойлолт (хх-ийн 70), хорооны тодорхойлолт (хх-ийн 102), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг төлсөн талаарх баримт (хх-ийн 116), шүүх хуралдаанд шинээр гаргасан баримт зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Анхсайхан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Анхсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Чингис Соосэ ОУХС-ын урд зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Уртнасанг хүч хэрэглэн зодож, түүний бие махбодод дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гурван шүдний эмтрэл, нэг шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Анхсайханы мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Анхсайханы “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Уртнасанг хүч хэрэглэн зодсон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулж байна. Мөн тэрээр энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул хууль зүйн хувьд түүнийг догшин авирласан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Б.Анхсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Б.Анхсайханг “Танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “согтуурсан үедээ гудамж талбайд бусдыг үл хүндэтгэж, зохисгүй харьцаж, хэрүүл маргаан үүсгэсэн”-тэй холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 58) байх тул шүүгдэгч Б.Анхсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Анхсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Б.Анхсайханы оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 72 дугаар байрны 4 тоот хаягийн харьяаллаар тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч П.Уртнасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нийт 1.966.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Анхсайхан түүнд 2.400.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд хавсаргасан хохирол төлсөн талаарх баримтаар нотлогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Анхсайханг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч П.Уртнасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Б.Анхсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Анхсайханг “Танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхсайханд 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Анхсайхан нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч П.Уртнасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг шүүгдэгч Б.Анхсайханд анхааруулсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Анхсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Анхсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА