Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 447

 

Э.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Энх-Амгалан,  

Ялтан Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Хохирогч Ё.Отгонцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Анхбаярт холбогдох эрүүгийн 201626011423 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Энхжаргалын Анхбаяр, 1990 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захад махны худалдаа эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 16 дугаар гудамжны 573 тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УЗ90030734/.

 

Э.Анхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Ямаат-Уул” ХХК-ийн агуулахын орчим хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал нараас “уурхайд мах нийлүүлэх гэж байгаа, мөнгө нь 15-20 хоногийн дотор орж ирнэ, зах зээлийн ханшаас дээгүүр үнээр худалдаж авна” гэж итгэл төрүүлэн, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 тонн 64 кг хонины махыг 55.350.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 тонн 64 кг хонины махыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 тонн ямааны махыг тус тус залилан мэхлэж авсны улмаас хохирогч Ё.Отгонцэцэгт 82.400.800 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргалд 24.100.000 төгрөг, бусдад нийт 106.500.800 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Анхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үйлдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаяраас 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Анхбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Анхбаяраас 100.094.400 /нэг зуун сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Ё.Отгонцэцэгт 79.794.400 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргалд 20.300.000 төгрөг тус тус олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Анхбаяр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Анхбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би уг хэргийг үйлдэхдээ Эрдэнэбаяр гэх залуутай хамтран үйлдсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Ууганбаатарт энэ талаар мэдүүлэг өгч шалгуулах хүсэлт тавьсан боловч албан тушаалаараа айлган сүрдүүлж, хамтран үйлдсэн Хархорин захын махны ченж Эрдэнэбаярыг энэ хэрэгт татан оролцуулж байцаалт авалгүйгээр ганцхан надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял тулган, улмаар уг хэргийн материалыг тус тасгийн мөрдөн байцаагч Төгөлдөрт шилжүүлсэн. Уг гэмт хэргийн хохирлыг хамтран шийдүүлэх хүсэлтэй байна. Эрдэнэбаяр бид 2 хохирогч Ё.Оюунцэцэг, Д.Түвшинжаргал нараас нийт 26 тонн 64 кг мах авч, махны ченж Жаргалтайболдод 85.300.000 төгрөгөөр зарж, Эрдэнэбаярт би бэлнээр 5.000.000 төгрөг өгч, үлдсэн 80.000.000 төгрөгийг Эрдэнэбаяр бид 2 цуг явж өмнөх махны зээлэнд иргэн Төрбат, Түвшинжаргал нарт өгсөн нь үнэн болно. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Э.Анхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн. Ингэхдээ мах худалдаж авах, бусдад зарж борлуулах замаар ашиг олох гэх мэт үйл ажиллагаанд Эрдэнэбаяр гэх хүн оролцсон байна. Энэ талаар хэдийгээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.Анхбаяр тодорхой мэдүүлээгүй боловч, зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрт ялыг шударгаар оногдуулах явдлыг хангахад оршино” гэж заасан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлох зайлшгүй шаардлагатай болж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээг бодитой тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Ё.Отгонцэцэгийн гэрч Л.Лувсандагвад өгсөн 2.000.000 төгрөгийг оролцуулан нэмж, хохирлын хэмжээг 105.894.400 төгрөг гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Л.Лувсандагвыг иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлтэй. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ё.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Э.Анхбаяраас өөр хүн энэ хэрэгт оролцоогүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч нарыг зөв тогтоосон. Л.Лувсандагваас би мах худалдаж аваад Л.Лувсандагвын мөнгийг төлсөн. Э.Анхбаяртай анх махны наймаа хийсэн. Эрдэнэбаяр гэх хүнийг огт харж байгаагүй” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. 2016 оны 6 дугаар сард эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлэн яллагдагч Э.Анхбаяр нь “Эрдэнэбаяр гэх хүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн” гэж огт мэдүүлээгүй. Мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан гэж байна. Прокурорын зүгээс Э.Анхбаярыг удаа дараа дуудаж уулзсан. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 1 сарын хугацаанд ажиллагаа хийх явцад хэргийг Төгөлдөр байцаагч руу шилжүүлсэн. Үүнээс хойш Төгөлдөр байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Урьд 2 удаагийн шүүх хуралдаан болоход Эрдэнэбаярын талаар яриагүй. Төрбат гэх хүнд Эрдэнэбаяртай хамт мөнгө аваачиж өгсөн гэх боловч гэрч Төрбатаас энэ талаар асуухад ганцаараа ирсэн гэж мэдүүлдэг. Яллагдагчийн давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд нь нотлох баримтгүй байна. Хохирогч махыг зээлэхдээ 4.600, 3.600 төгрөгөөр тохиролцож, кг бүрт 100 төгрөг нэмэхээр тохиролцсон учраас 2.000.000 төгрөгийг Л.Лувсандоржид өгсөн. Үүнийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийг буруу тогтоосон асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Э.Анхбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Э.Анхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Ямаат-Уул” ХХК-ийн агуулахын орчим хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал нараас “уурхайд мах нийлүүлэх гэж байгаа, мөнгө нь 15-20 хоногийн дотор орж ирнэ, зах зээлийн ханшаас дээгүүр үнээр худалдаж авна” гэж итгэл төрүүлэн, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 тонн 64 кг хонины махыг 55.350.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 тонн 64 кг хонины махыг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 тонн ямааны махыг тус тус залилан мэхлэж авсны улмаас хохирогч Ё.Отгонцэцэгт 82.400.800 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргалд 24.100.000 төгрөг, бусдад нийт 105.894.400 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ё.Отгонцэцэгийн “...2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр миний танил Хархорин захын ченж Түвшинжаргал над руу утсаар яриад “манай Хархорин захын ченж Анхбаяр гэдэг залуу Өмнөговь аймгийн уурхай руу мах шахна гэж байна, мөнгө нь 15-20 хоногийн дотор найдвартай гарна гэнэ, та нарт мах байна уу” гэхээр нь би “байгаа” гэж хэлэхэд Түвшинжаргал “10 тонн хонь, 15 тонн ямааны мах хэрэгтэй байгаа юм байна лээ, 1 кг махыг нь 1000 төгрөгөөр өсгөж авна гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Түвшинжаргалтай ярьснаас хойш 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өөрт байсан 3 тонн 400 кг ямааны махан дээр нэмж өөрийн танил Лувсандагва гэдэг хүнээс 12 тонн 600 кг ямааны махыг зээлж авсан бөгөөд 10 тонн 64 кг хонины махыг өөрт байсан мөнгөөрөө Лувсандагваас худалдаж авсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Түвшинжаргал нь Анхбаяр гэдэг залууг дагуулж ирээд надаас 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр, 10 тонн 64 кг хонины махыг 55.350.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод махнуудыг машинд ачаад явсан. Тухайн үед Анхбаяр гэдэг залуу нь бид нарт “би энэ махыг Өмнөговь аймгийн уурхайд шахаад 15-20 хоногийн дараа мөнгийг нь авна, та нар надад итгэхгүй байгаа бол гэрээ байгуулж болно” гэхээр нь би Түвшинжаргалд “бид энэ хүнийг чинь танихгүй тул чи өөрөө Анхбаяртайгаа гэрээ хий” гээд тэр өдрөө Түвшинжаргал Анхбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. ... Тэгээд 20 хоногийн дараа Анхбаяртай утсаар ярихад “нөгөө махыг чинь би уурхайдаа өгчихсөн, уурхайн дансанд махны мөнгө бол ороод ирчихсэн юм байна лээ. Харин нягтлан нь л тэр мөнгөнийх нь учрыг олчихоод бид нар луу шилжүүлэхгүй байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Түүнээс хойш Анхбаяртай удаа дараа уулзаж, утсаар ярихад сүүлдээ “би цэцэрлэгт махаа шахчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Анхбаярт үнэмшихээ болиод “чи надаас авсан махаа шахсан хүнээ зааж өг, би уулзаж байж л чамд итгэе” гэж хэлсэн чинь Анхбаяр надад мах шахсан хүнээ зааж өгөх гэж явж байгаад замдаа автомашинаа зогсоогоод буугаад гараад зугтаачихсан. Сүүлд нь мэдэхэд Анхбаяр надаас авсан махаа тэр өдрөө Хүчит шонхор захын ченж Жаргалтайболд гэдэг хүнд шууд зарчихсан юм байна лээ. Тэгэхээр Анхбаяр анхнаасаа л намайг залилах санаатай байсан бөгөөд уурхай, цэцэрлэгт махаа шахаагүй, надаас авсан махаа Жаргалтайболдод зарж мөнгө олох санаатай байсан юм байна. Би Анхбаярт нийт 10 тонн 64 кг хонины махыг 1 кг-ыг нь 5500 төгрөгөөр буюу нийт 55.350.000 төгрөгөөр, 16 тонн ямааны махыг 1 кг-ыг нь 4500 төгрөгөөр буюу нийт 72.000.000 төгрөгөөр зарсан. Анхбаярт зарсан ямааны махны 3 тонн 400 кг надад бэлэн байсан бөгөөд үлдсэн 12 тонн 600 кг ямааны мах болон 10 тонн 64 кг хонины махыг Эмээлт захын ченж Лувсандагва гэдэг хүнээс хонины махыг худалдаж аваад, ямааны махыг зээлж авсан. Тэгэхээр би Лувсандагваас нийт 91.654.000 төгрөгийн мах худалдаж авсан. Үүнээс 24.100.000 төгрөгийг нь Түвшинжаргал өгсөн. Лувсандагваас зээлж авсан махныхаа мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул бидний дунд одоо ямар нэг тооцоо байхгүй” /1 дүгээр хавтас, 13-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Түвшинжаргалын “...2016 оны эхээр манай захын ченж Энхцэцэг “манай дүү Анхбаяр нэг компанид их хэмжээгээр өндөр үнэтэй мах шахах гэж байгаа юм. Чи байнга мах олж өгөөд байгаач” гэхээр нь би тэр үед Энхцэцэгт 3 удаагийн үйлдлээр нийт 12 тонн хонины махыг 50.400.000 төгрөгөөр зараад цаг тухайд нь буюу 14-20 хоногийн дараа мөнгийг нь авч байсан. Тухайн үед Энхцэцэг л надтай төлбөр тооцоо хийдэг байсан. Эхний удаад Анхбаяр байгаагүй. Харин сүүлийн 2 удаад Анхбаяр Энхцэцэгтэй хамт байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Анхбаяр над руу утсаар яриад “би уурхайд мах шахахаар болчихлоо, танд 10 тонн хонины мах байна уу?, байвал би таны махыг зарж байгаа үнээс чинь 1 кг-ыг нь 1000 төгрөгөөр ахиулж авна” гэж хэлэхээр нь би итгээд өөрийн найз хүчит шонхор захын ченж Отгонцэцэг рүү утсаар яриад "манай захын Анхбаяр гэдэг залуу уурхайд мах шахах гэж байгаа гэнэ, та нарт мах байна уу?, мөнгө нь асуудалгүй гэж байна" гэж хэлэхэд Отгонцэцэг "боломжийн санал байна, надад бага зэрэг мах байгаа тэрэн дээрээ нэмээд мах олъё" гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сард махаа авахаар болж Лувсандагваас нийт 12 тонн 600 кг ямааны мах, 10 тонн 64 кг хонины махыг 91.654.000 төгрөгөөр худалдаж авсан. ...20 хоногийн дараа Отгонцэцэг бид 2 Анхбаяраас мөнгөө нэхэхэд "уурхай над руу мөнгөө шилжүүлээгүй байна, маргааш нөгөөдрөөс өгчих байх" гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш хэд хоног тэр тайлбараа хэлж байсан. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Отгонцэцэг, Далайбаяр бид 3 Анхбаярын гэрт нь очиж уулзаад "чи зарсан хүнээ бид нарт зааж өг, тэгэхгүй бол чамд итгэхгүй байна" гэж хэлсэн. Гэрээс нь гараад Отгонцэцэг Анхбаяртай цуг түүний автомашинд суугаад явсан бөгөөд би Далайбаяртай цуг тусдаа автомашинтай араас нь дагаж явсан. Тэгтэл замдаа зогсоож буугаад "мах зарсан хүнээ дагуулж ирнэ" гэж хэлж яваад эргэж ирээгүй. Би Анхбаярт зарсан махны мөнгөнөөс 24.100.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Тэр өдөр Анхбаяр, Отгонцэцэг, Далайбаяр, Лувсандагва бид нар байсан" /1 дүгээр хавтас, 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Лувсандагвагийн "...2016 оны 4 дүгээр сарын 15-ны үед Отгонцэцэг өөрийн нөхөр Далайбаярын хамт ирээд надаас 10 тонн 64 кг хонины мах зээлээр авсан. 15 хоногийн дараа өмнөх мөнгө болох 47.282.000 төгрөгийг надад бүрэн өгөөд дахиад 12 тонн 600 кг махыг зээлээр авсан. 15 хоногийн дараа би мөнгөө авъя гэхэд Далайбаяр "нэг хүнд махаа өгчихсөн чинь арай мөнгө гараагүй байна. Түр хүлээж бай" гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш энэ байдлаар явсаар одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Би Далайбаяраас сүүлд зарсан ямааны махны мөнгөний үлдэгдэл гэж 44.100.000 төгрөг авах ёстой. Энэ хугацаанд Далайбаяраас увуулж цувуулаад 5.000.000-6.000.000 төгрөг авсан байна" /1 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас/,

"...Далайбаяр, Отгонжаргал нар манай зоорьноос мах зээлээр авах үед тэр хоёроос мах авч байгаа гэх нэг залуу хамт яваад байсан. Тухайн үед нэрийг нь мэддэггүй байсан. Сүүлд Анхбаяр гэдэг болохыг нь мэдсэн" /1 дүгээр хавтас, 121-122 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Далайбаярын "...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө өмнө нь мах авч байсан Лувсандагва гэдэг залуутай уулзаад тэрнээс 10 тонн 64 кг хонины мах авсан. Нийт 47.300.000 төгрөгийн хонины махыг Анхбаяр гэдэг залууд 2 автомашинд ачаад өгөөд явуулсан. Мах авснаас 2 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Анхбаяр Түвшинжаргал руу “дахиад 16 тонн ямааны мах хэрэгтэй байна” гэж залгасан байсан. Тэгээд би хүний зооринд хадгалсан байсан өөрийнхөө 5 тонн махыг эхлээд авч бай гэтэл 3 тонн 400 кг-ыг нь аваад үлдсэнийг нь муу мах байна гээд үлдээсэн байсан. Тэгээд маргааш нь 16 тонн махаа гүйцээгээд өгөөч гэхээр нь би Лувсандагватай дахиж яриад өмнөхөөрөө 1 кг махнаас 100 төгрөгийн ашиг гаргаад авсан. Лувсандагвагаас нийт 12 тонн 600 кг ямааны мах авсан" /1 дүгээр хавтас, 23-25 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Жаргалтайболдын "...Э.Анхбаяртай 3-4 удаа махны наймаа хийсэн, өмнө нь бага багаар 1-2 удаа наймаа хийсэн. Харин 4 дүгээр сард 2 удаа 26 тонн хонь, ямааны махны наймаа нийсэн. Э.Анхбаяр нэг өдөр ирээд намайг “мах авах уу” гэхээр нь “авна” гээд ...10 тонн 64 кг махыг 45.000.000 төгрөгөөр авсан. Дараа нь 2 хоногийн дараа дахиад “мах авах уу” гээд надад 12 тонн 600 кг ямааны махыг 40.320.000 төгрөгөөр зарсан. Би нийт 85.300.000 төгрөгийн махыг Э.Анхбаяраас авсан" /1 дүгээр хавтас, 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баттөрийн "...4 дүгээр сарын 20-ны өдөр мөнгийг нь гаргаж өгнө гээд 4 дүгээр сарын 10-ны өдөр байх 12 тонн 120 кг махыг 43.630.000 төгрөгөөр тооцож авч яваад мөн орой нь буцаж ирж авсан махны үнэ нийт 47.452.000 төгрөгийн ямааны махыг авч явсан. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөө өгсөн. Бага зэрэг мөнгө үлдсэнийг маргааш нөгөөдрөөс нь нөхөөд өгчихсөн" /1 дүгээр хавтас, 126-127 дугаар хуудас/,

 

Э.Анхбаярын сэжигтнээр өгсөн "...2016 оны 2 дугаар сарын сүүлээр Түвшинжаргалаас 8 тонн хонины махыг 43.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж мөнгийг нь 14 хоногийн дараа өгөхөөр тохиролцсон. Тэр үед махаа өөр хүнд үнэ хүргэж зарж чадаагүй болохоор 8.000.000 төгрөгийн алдагдалтай зараад Баттөр гэдэг хүнд өртэй байсан тул 35.000.000 төгрөгөө өгчихсөн. Түвшинжаргалд ямар нэг мөнгө өгч чадаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Түвшинжаргалаас 10 тонн хонины махыг 55.350.000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа болгож 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 14 хоногийн дараа өгөхөөр тохиролцсон. Тэр үед урьд нь Түвшинжаргалд өгөх ёстой байсан 35.000.000 төгрөгөө өгөх хугацаа нь хэтэрсэн байсан учраас 10 тонн хонины махаа Жаргалтайболдод 43.000.000 төгрөгөөр зараад тэр мөнгөнөөсөө 35.000.000 төгрөгийг нь Түвшинжаргалд өгсөн. Үлдэгдэл 8.000.000 төгрөгийг нь тухайн үед хийж байсан бусад махны наймаанд оруулчихсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Түвшинжаргалаас 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. Тэгээд 16 тонн ямааны махаа Жаргалтайболдод 42.300.000 төгрөгөөр зараад тэр мөнгөө Төрбат гэдэг хүнд өрөндөө өгчихсөн. Түвшинжаргалд ямар нэг мөнгө өгч чадаагүй" /1 дүгээр хавтас, 33-34 дүгээр хуудас/,

 

Э.Анхбаярын яллагдагчаар өгсөн "...Би Жаргалтайболд гэдэг хүнд 26 тонн махыг 85.300.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр авсан. Би өмнө нь хүмүүсээс мах аваад мөнгөө өгөөгүй байсан тэр мөнгөнүүдээ өгсөн. Хүмүүсийн өр шир дарсаар байгаад надад 5.000.000 орчим төгрөг үлдсэн байсан. Би тэр мөнгөөрөө наймаа хийгээд мөнгөө эргүүлж олж авна гэж бодож байсан боловч бүтэлгүйтсэн. ..." /1 дүгээр хавтас, 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Худалдах, худалдан авахаа гэрээнүүд /1 дүгээр хавтас, 73-74 дүгээр хуудас/,

 

Хүнс барааны дундаж үнийн жагсаалт /1 дүгээр хавтас, 78-91 дүгээр хуудас/,

 

Диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас, 93-102 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээнүүд /1 дүгээр хавтас, 152, 221 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 8 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Э.Анхбаяр нь байгууллага, аж ахуйн нэгжтэй мах худалдахаар тохиролцоогүй байж 2016 оны 4 дүгээр сарын 22, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хохирогч Д.Түвшинжаргал, Ё.Отгонцэцэг нарт "шахаа байна, их хэмжээгээр мах авах газар байна. Мөнгө нь найдвартай" гэж хэлж итгэл төрүүлэн, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 105.894.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх 1 кг хонины махыг 4600 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 3600 төгрөгөөр тус тус тооцож, мөн Л.Лувсандагвад өгсөн 2.000.000 төгрөгийг нэмж, хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Э.Анхбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Э.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтан Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.