Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/01212

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/01212

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК -д холбогдох,

 

Гэрээний үүрэг, хохирол нийтдээ 1,042,888,600  төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсний үлдэгдэл, торгууль 120,234,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь ..... дүүргийн ...... хороонд оффис үйлчилгээний зориулалттай 21 давхар барилга бариулж байгаа бөгөөд 2019.12.23-ны өдөр хариуцагч компанитай гадна фасадны ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гадна фасадны зураг төслийн ажил, зураг төслийг хийж дуусмагц бодит ажил буюу барилгад шилэн фасад, хөнгөн цагаан фасад гэх мэтчилэн барилгын гадна фасадны бүх ажлыг хийж гүйцэтгэж гэрээний дагуу түлхүүр гардуулж өгөхөөр тохиролцсон байсан. 2019.12.23-ны өдөр урьдчилгаа 180.000 юанийг хариуцагч компани руу банкаар дамжуулан шилжүүлсэн байдаг, барилгыг хариуцагч компани 2021.05.15-ны өдөр манай компанид түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэрээнд заагдсанаар ажил явж эхэлж эхний ажил буюу зураг төслийн ажил явагдаж эхэлсэн. Гэрээний хавсралт №1-д график ажлын төлөвлөгөө гэсэн байдаг. Түүнд ямар ажлыг ямар хугацаанд хийхийг нэг бүрчлэн огноо гаргаж тохиролцсон байдаг. Хариуцагч компаниас зургийн төсөл ирсний дараагаар тухайн зураг төсөлд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Ажил гүйцэтгэлийн  гэрээний 5.10-т зааснаар манай компани уг төслийн зургийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулж өөрсдийн саналын дагуу нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй байсан. Энэ эрхийн дагуу зураг төслийг хүлээн авч барилгын чиглэлийн мэргэшсэн зөвлөх инженер н.Адъяадорж гэх хүнээр зургийг шалгуулсан. Гэтэл барилгын гадна фасадны гадна талын хавтан тогтоодог рам төмрийн огтлол нь 6-р давхраас дээшээ чанарын шаардлага хангахгүй байна. Монголын уур амьсгал орчин нөхцөл, цаг агаар Хятад улсаас өөр учир Монгол зөвлөх инженерээр шалгуулж дүгнэлт хийлгэж хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Дүгнэлтийг 2020.01.13-ны өдөр зөвлөх инженерээс аваад хариуцагч компани руу и-мэйлээр нэмэлт санал явуулахад хариуцагч компани манай явуулсан саналыг няцааж хүлээж аваагүй. Учир нь бидний хийсэн тооцоолол 100 хувь зөв, огт өөрчлөх шаардлагагүй гэж манай гаргасан саналыг хүлээн аваагүй байдаг. Энэ нь бидний дундах маргааны үндэс болсон. Хариуцагч талаас 2020.01.23-ны өдөр 3 үндэслэл дурдаж гэрээг цуцалъя танай компани манай компанид итгэхгүй байна, гэрээний явцад өөр гуравдагч этгээдэд хандсан байна, мөн Хятадын Цагаан сарын баяр эхэлж байгаатай холбогдуулан ажил удааширч, туслах материал авах үйлдвэрүүд бүгд амарчихсан гэх мэт шалтаг тоочиж гэрээг цуцаллаа гэсэн и-мэйлийг илгээсэн. Бидний зүгээс үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч гэдэг бол төлбөр төлж бусдаар ажил гүйцэтгүүлж байгаа учир өөрийн 25.000.000 юань болох их хэмжээний хөрөнгө барилгын ажилд өөрийн саналыг тусгах бүрэн эрхтэй байхад хариуцагч тал бидний тооцоолол зөв гэх мэтээр биднийг үл ойшоож гэрээний зорилгодоо хүрэхийг огт хүсээгүй. Манай зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагч компанийг ажлыг үргэлжлүүлэхийг их гуйсан. Арга барагдаж гуравдагч н.Т гэх инженерийг хөлсөлж дахин дүгнэлт хийлгүүлсэн. Уг дүгнэлтээр бас л чанарын стандарт хангаагүй гэх дүгнэлт гарсан. Түүний дараа өөр нэгэн мэргэжлийн компаниар шинжлүүлэхэд маш их хэмжээний жижиг засвар оруулах шаардлагатай байна. Зураг төсөл эцсийн батлагдах түвшинд хүрээгүй байна гэсэн дүгнэлт өгч байсан. Эдгээр саналуудыг хариуцагч компанид мэдэгдэхэд огт хүлээж авдаггүй, цаашид ажлыг үргэлжлүүлэх ямар ч зорилгогүй гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Бидэнд гүйцэтгэгч компани сонгох гэдэг асар том ажил юм. Гүйцэтгэгч компани сонгох гэж Хятад, Солонгос гээд яваагүй газар байхгүй. Удаан судалж байгаад хариуцагч компанийн захиралтай холбогдоход бид чадна, бидэнд даатга гэсэн хариу хэлсэн учир бид итгэл хүлээлгэж гэрээ байгуулсан. Хариуцагч компани гэрээг цуцалснаас болж барилгын ажил бүрэн зогссон. Одоо дахин өөр компаниар хийлгэе гэж бодоход тэр үеийн ханш одоо үеийн ханш асар их хэмжээний ялгаатай. Гэрээ байгуулагдах үед валютын ханш 389.71 төгрөг байсан бол нэхэмжлэл гаргах үед 407.72 төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Энэ хоорондын зөрүү нь 18.01 төгрөг байгаа юм. Одоогоор зөвхөн валютын ханшны зөрүү гэхэд 424.752.500 төгрөгийн хохирол амсаад байгаа юм. Тийм учир манай зүгээс нэхэмжлэл гаргаж хариуцагч компанид төлсөн урьдчилгаа төлбөр 180,000 юань буюу 73,389,600 төгрөг, валютын ханшны зөрүү 25,250,000 юань буюу 454,752,500 төгрөг гаргуулах, гэрээний дагуу шалтгаангүйгээр гэрээг ноцтой зөрчиж гэрээг цуцалсан учир торгуулийн 5 хувийг тооцож 1,262,500 юань буюу 514,746,500 төгрөгийг  авах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2020.08.02-ны өдрийн ханшаар тооцож нийт үнийн дүн 1,042,888,600 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Манай компани нь барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод олон өндөр барилга барьсан туршлагатай компаниудын нэг юм. Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж нэхэмжлэгч талын ярьж байгаачлан 21 давхар барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Талуудын гэрээнд бүх зүйлийг нэг бүрчлэн дурдаж тусгасан байгаа. Гэтэл манай компани хугацаандаа буюу 2019.12.30-ны өдөр нэхэмжлэгч компанид зураг төслийг хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компани өөрсдийн саналыг оруулан нэмж боловсруулан манай компанид санал хүргүүлсэн байдаг. Энэ үйл ажиллагаа 2, 3 удаа давтагдсан. Олон удаа давтагдсаны үндсэн дээр 2020.01.16-ны өдөр дахин тооцоолол буруу гарсан байна гэсэн санал манай компанид ирүүлсний дараагаар 2020.01.18-ны өдөр уг саналыг нь тусгаж буцаан шинэ хавсралтыг явуулсан. Энэ нь өмнөх үзлэгээр нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч тал удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулж байгаад жишээ нь цонхны хэмжээ том болж өөрчлөгдөх, үүнд хийгдэх ажил болон материалын зардал өөрчлөгдөж цаашлаад гэрээнд заасан төлбөр нэмэгдэж өөрчлөгдөж эхэлсэн. Тийм учир манай зүгээс гэрээг цуцлах саналыг 2020.01.23-ны өдөр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч компани уг асуудлыг шийдвэрлэх талаар хандаагүй. Мөн мэдэгдлийг хүлээн авсан байж ямар нэгэн байдлаар хугацаа шинээр бий болгох талаар зааварчилгаа өгөөгүй учир бидний гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Гэрээ цуцалснаас хойш 5 сарын дараа буюу 2020.05.04-ний өдөр нэхэмжлэгч компани нь манай явуулж байсан гадна фасадны зурагт дахин дүн шинжилгээ хийлгэж танай гадна фасадны зураг төсөл хяналтын үр дүнтэй таарч тохирч байна. Тийм учир гэрээг үргэлжлүүлэх саналыг манай компанид 2020.05.07-ны өдөр ирүүлсэн. Гэвч энэ хугацаанд гэрээ цуцлагдаж, гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон байсан. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс анх гаргасан тооцоогоо удаа дараа өөрчилж, ямар нэгэн үндэслэлгүйгээр доголдолтой гэх үндэслэлтэй тооцоолол гаргаж ирсэн нь манай компанийг үүргээ биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд манай компани гэрээгээ гурван үндэслэлээр цуцлах санал явуулсан байгаа. Үүнд тооцооллоор тохиролцож чадаагүй тул зураг төсөл эхлэх боломжгүй болсон, 2-т загвар өнгөний сонголтоо гэрээнд заасан хугацаанд баталгаажуулаагүй тул Хятадын хаврын баяр эхэлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон тул цаашдын гэрээний гүйцэтгэлд асар том эрсдэл үүссэн, 3-т гэрээ байгуулснаас хойш нэмэлт ажил их хийх болж талуудын үнийн саналаас ихээхэн давсан шалтаанаас үүдэн манай талаас гэрээ цуцлах саналыг албан ёсоор хүргүүлсэн. Уг гэрээг цуцлах саналд манай зүгээс бүх зүйлийг тусгасан байдаг. Тийм учир гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Иргэний хуулийн 210.4, 221.1-д заасан үндэслэлүүдээр гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон учир гэрээг цуцлах санал хүргүүлсэн. Манай зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулаагүй тул уг төлбөрийг төлөх ямар нэгэн үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар тайлбарлахдаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн барилгын гадна фасадны зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 70,153,200 төгрөгийг гаргуулахыг хүссэн, учир нь гэрээ байгуулагдсанаас хойш манайх гадна талын зураг төслийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн байгаа. Нэхэмжлэгч компани нь удаа дараа олон өөрчлөлт оруулж манай компанийг ажлаа хийх боломжгүй нөхцөлд оруулж гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зөвхөн зураг төслийн ажил нь 360,000 юаниас 180,000 юанийг авсан тул үлдэгдэл 180,000 юань буюу 70,153,200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэрээний 10.6-д талууд гэрээний үүргийг ноцтой зөрчвөл нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө гэж заасан байдаг. Манай талаас нэхэмжлэгч компанийг гэрээний үүргийн ноцтой зөрчсөн буюу гэрээний 14.2.3-т зааснаар гэрээнд заасан ажилд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байгаа учир уг 10.6-д заасан үндэслэлээр торгууль ногдуулах үндэслэлтэй байна. Гэвч манай зүгээс нэхэмжлэгч компанитай гэрээг цуцлах хүртэл хамтарч ажиллаж байсан зэргийг харгалзан үзэж торгуулийн хэмжээг 0.5 хувь хүртэлх хэмжээгээр бууруулж 126,250 юань буюу 50,080,580 төгрөгийг нэмж нийтдээ  120,234,050 төгрөг нэхэмжилсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэгдүгээрт бид гэрээний дагуу батлагдаад дууссан ажлын үр дүн хүлээж аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл эцэслэн батлагдаагүй санал солилцох шатандаа маргаан үүсээд явж байгаа юм. Нэгэнт дуусаагүй ажлын үр дүнд манай зүгээс нэмж мөнгө төлнө гэдэг бол байж болшгүй зүйл юм. Мөн манай компанид өгсөн гээд байгаа зураг бол бидэнд цаашид ашиглагдах боломжгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Яагаад гэхээр хариуцагч тал гэрээг цуцалж цаашид ажлыг хийж гүйцэтгэхгүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр бидэнд дараагийн ажил гүйцэтгэгчийг олж ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлагатай болж байгаа юм. Дараагийн гүйцэтгэгч нь дуусаагүй байгаа зураг төслийг үргэлжлүүлэн дуусгах боломжгүй. Дараагийн гүйцэтгэгч нь өөрсдийн гаргасан зураг, материал хийцээр стандартын дагуу шинээр ажиллаж гүйцэтгэх юм. Тийм учир хариуцагч талын бидэнд хүлээлгэн өгсөн гэх зураг төсөл нь дуусаагүй ажлын үр дүн болж 100 хувь батлагдаагүй юм. Торгууль гэж 50,080,580 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас ажилд ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл огт байхгүй. Ноцтой зөрчил гаргаагүй төлбөрийг бүрэн төлж, өөрсдийн саналыг тавьсан боловч харамсалтай нь гүйцэтгэгч тал уг саналыг хүлээж аваагүй. Мөн дүгнэлтийг хувь хүнээр хийлгэсэн гэж байна гэж хариуцагч тал тайлбарладаг. Уг хувь хүн гээд байгаа хүн нь Монгол улсад цөөн байдаг зөвлөх инженер хүн юм гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А ХХК ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 180,000 юань буюу 73,389,600 төгрөг, гэрээ  байгуулагдах үеийн ханш гэрээ цуцлагдах үетэй харьцуулахад өссөн гэх үндэслэлээр зөрүү 25,250 юань буюу 454,752,500 төгрөг, гэрээний дагуу торгууль 25,250 юанийн 5 хувь  1,262,500 юань буюу 514,746,500 төгрөг нийтдээ 1,042,888,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, юанийн ханшийг нэхэмжлэл гаргах үеийн 2020.08.02-ны өдрийн ханш 407,72 төгрөгөөр  тооцож байна гэжээ.

 

Харин хариуцагч Г ХХК гэрээний дагуу зургийн ажлын хөлсний үлдэгдэл 180,000 юань буюу 70,153,200 төгрөгийг, гэрээний дагуу  торгуулийн хэмжээг 0.5 хувь хүртэлх хэмжээгээр бууруулж 126,250 юань буюу 50,080,580 төгрөгийг нэмж нийтдээ  120,234,050 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан, үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулах үеийн 2019.12.23-ны өдрийн ханш 389.74 төгрөгөөр, торгуулийг 2020.01.23-ны өдрийн ханш 396,68 төгрөгөөр тус тус тооцсон гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд А ХХК, Г ХХК-ийн хооронд 2019.12.23-ны өдөр Гадна талын фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний 1.6, 2.2, 2.5-д зааснаар хариуцагч компани нь Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт  А ХХК-ийн барьж буй оффис, үйлчилгээний төвийн 21 давхар барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, гэрээний хугацааг 2021.05.15-ны өдрөөс хэтрэхгүй байхаар, барилгын ажлын үе шат бүр нь тодорхой хугацаатай байх, гүйцэтгэгч нь үе шат бүрт заасан хугацааг чанд баримтлахаар тохирсон байна.    

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 Дээрх гэрээний зүйлийг захиалагчийн барилгын гадна фасадны ажлыг Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, БНбД, МNS стандарт, Олон улсад мөрдөгдөж байгаа гадна фасадны ажилтай холбоотой хууль тогтоомжийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх ажил  гэж гэрээний 3.1-д тодорхойлсон, гэрээний 4.1-д ажлын нийт төлбөрийг 25,250,000 юань байхаар, гэрээний 4.2-т нийт төлбөр нь захиалагч талд түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр тохирсон төлбөр болно гэж тус тус заажээ.

Гэрээний 4.5, 4.6-д зааснаар санхүүжилтийн төлөвлөгөөг хавсралт 2-оор баталгаажуулж, санхүүжилтийн төлөвлөгөөг 4 хэсэг болгон ангилж, зураг төслийн боловсруулалтын явц болон баталгаажуулах явцын төлбөрийг гэрээний 4.6.1-д,  гадна талын фасадны зураг төсөл батлагдсанаас хойш захиалагч тал зураг төсөлд өөрчлөлт оруулахгүй гэж тохирсоныг гэрээний 4.9-д тус тус заасан байна.

Талуудын тайлбар, хоорондоо харьцаж байсан удаа дараагийн цахим шуудан, албан тоотоос үзэхэд гадна фасадны зураг төсөл боловсруулах,   захиалагч тал болон зураг төслийн хяналтаар баталгаажуулах ажлын явцад талуудын хооронд үл ойлголцол үүссэн, улмаар гүйцэтгэгч тал болох Г ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах хүсэлтийг 2020.01.23-ны өдрийн албан тоотоор ирүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д зааснаар захиалагч талаас архитекторын зураг болон  бүтээцийн зураг гаргаж өгөх, фасадны зураг төслийг шалгах, захиалагчийн ирүүлсэн саналын дагуу өөрчлөлт оруулах,  ажлын зургийг эцэслэн баталгаажуулах хугацаа нь 2019.12.24-нөөс 2020.02.16-ны хооронд хийгдэх,  гэрээний хавсралт 2-т зааснаар зураг төслийн боловсруулалтын явц болон баталгаажуулах явцын төлбөрийг 360,000 юань, урьдчилгаа 180,000 юанийг 2019.12.25-ны өдрөөс өмнө, 153,000 юанийг 2020.02.15-ны өдрөөс өмнө, 18,000 юанийг бартераар, 9,000 юанийг гэрээний баталгаат хугацаанд тус тус төлөхөөр тохирсон байх бөгөөд урьдчилгаанд 180,000 юанийг хариуцагч хүлээн авсан, энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Г ХХК нь гэрээний 6.1, 6.6, 6.11, 7.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, улмаар гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад гэрээг цуцалсан нь хариуцагч буруутай гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-т “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 Хариуцагч гэрээ цуцлах болсон шалтгааныг “...гадна фасадны тооцооллын талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй, загвар өнгөний сонголтоо гэрээнд заасан хугацаанд баталгаажуулаагүй тул Хятадын хаврын баяр эхэлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон тул цаашдын гэрээний гүйцэтгэлд асар том эрсдэл үүссэн, мөн гэрээ байгуулснаас хойш нэмэлт ажил их хийх болж талуудын үнийн саналаас ихээхэн давсан” гэсэн 3 үндэслэлээр тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас гэрээг үргэлжлүүлэхийг хүсч байсан нь имейл, удаа дараагийн албан тоотоор тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 3-т зааснаар гадна фасадны зураг төсөл боловсруулан захиалагч тал болон зураг төслийн хяналтаар баталгаажуулах, гуравдагч хяналтаар Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулахаар тохирсон, мөн гэрээний 5.10-т зааснаар гүйцэтгэгчийн боловсруулсан гадна фасадны зураг төслийг захиалагч тал нь хөндлөнгийн хяналтаар шалгуулах, хянуулах бүрэн эрхтэй, гэрээний 6.6-д зааснаар гадна фасадны зураг төсөл боловсруулах явцад захиалагч талын саналыг хүлээн  авч зураг төсөлд өөрчлөлт оруулан баталгаажуулах үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна.

 

Гэрээний 5.10-т заасан эрхийн дагуу гүйцэтгэгч талаас ирүүлсэн барилгын дай төмрийн тооцоог захиалагч хүлээн авч, зөвлөх инженер Д.Адъяадоржоор хянуулсан байх бөгөөд 2020.01.16-ны өдрийн зөвлөх инженерийн дүгнэлтийн дагуу “...6 давхараас дээш пропель төмөр нь шаардлага хангахгүй байгаа тул дахин яаралтай тооцох, техникийн  давхарын 80х60х4 мм хэмжээтэй рамд ганц хоёр хүчитгэл нэмэх хэрэгтэй” талаар 2020.01.16-ны өдөр гүйцэтгэгч  талд имейл илгээсэн нь нэхэмжлэгч А ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Гэрээний 14.4-т гэрээний аль нэг тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцална гэж заасан атал хариуцагч тал 2020.01.23-ны өдрийн албан тоотоор гэрээг цуцлах хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээний үүргээ ноцтой зөрчвөл гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлөх, гүйцэтгэгч талын ноцтой зөрчлийг гэрээний 6.1-6.4, 6.9-г харах талаар ажил гүйцэтгэх гэрээний 10.6-д заасан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн  227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч А ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаанд төлсөн 180,000 юанийг гэрээ цуцлах үеийн ханшаар 396.68 төгрөгөөр тооцож 71,402,400 төгрөг, гэрээний торгуулийг 25,250,000 юанийн 5 хувь буюу 1,262,500 юанийг гэрээ цуцлах үеийн ханш 396,68 төгрөгөөр тооцож 500,808,500 төгрөг нийтдээ 572,210,900 төгрөгийг хариуцагч  Г ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 470,677,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар гэрээ цуцлагдах үеийн буюу 2020.01.23-ны өдрийн юанийн ханш 396.68 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Харин гэрээ байгуулах үеийн болон гэрээ цуцлагдах үеийн юанийн ханшийн зөрүүг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож зөрүү 454,752,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан заалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл гарсан зардал, алдагдал эсхүл олох байсан орлого алин болох нь тодорхойгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан,  зураг төслийн ажлын хөлс 360,000 юаниас үлдэгдэл 180,000 юань буюу 70,153,200 төгрөг, гэрээний 14.2.3-т зааснаар гэрээнд заасан ажилд санаатайгаар саад учруулсан гэсэн үндэслэлээр захиалагчийг буруутгаж, гэрээний 10.6-д заасны дагуу торгуулийн хэмжээг 0.5 хувь хүртэлх хэмжээгээр бууруулж 126,250 юань буюу 50,080,580 төгрөгийг нэмж нийтдээ  120,234,050 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хангах үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний эхний үе шат буюу  зураг төслийн боловсруулалтын явц болон баталгаажуулах явцын ажил дуусаагүй  байхад хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан нь ажил гүйцэтгэчийн буруу гэж шүүх дүгнэсэн, мөн ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 115.2.3, 116, 118, 73  дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Г ХХК-иас 572,210,900 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх 470,677,700 төгрөгийг, мөн А ХХК-иас 120,234,050 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 3,019,004 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч А ХХК-ийн урьдчилан төлсөн 5,372,393 төгрөгийг, хариуцагч Г ХХК-ийн төлсөн 917,070 /508,716+408,354/ төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ