Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01492

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01492

 

 

 

А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2ы өдрийн 183/ШШ2021/01212 дугаар шийдвэртэй, А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Г.Сконстракшн ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг, хохиролд нийт 1 042 888 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, Б.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Л.Ишжамц, Б.Гаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Сүхбаатар дүүргийн 3-р хороонд оффис үйлчилгээний зориулалттай 21 давхар барилга бариулж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчтай гадна фасадны ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээгээр гадна фасадны зураг төслийн ажил, зураг төслийг хийж дуусмагц бодит ажил буюу барилгад шилэн фасад, хөнгөн цагаан фасад гэх мэтчилэн фасадны бүх ажлыг хийж гүйцэтгэж гэрээний дагуу түлхүүр гардуулж өгөхөөр тохиролцсон. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 180 000 юанийг хариуцагчид банкаар дамжуулан шилжүүлсэн. Гэрээнд заагдсанаар эхний ажил буюу зураг төслийн ажил явагдаж эхэлсэн. Гэрээний хавсралт №1-д график ажлын төлөвлөгөө гэсэн байдаг. Түүнд ямар ажлыг ямар хугацаанд хийхийг нэг бүрчлэн огноо гаргаж тохиролцсон. Хариуцагч компаниас зургийн төсөл ирсний дараагаар тухайн зураг төслийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 5.10-т зааснаар манай компани уг төслийн зургийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулж өөрсдийн саналын дагуу нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй байсан. Энэ эрхийн дагуу зураг төслийг хүлээн авч барилгын чиглэлийн мэргэшсэн зөвлөх инженер н.Адъяадорж гэх хүнээр зургийг шалгуулахад барилгын гадна фасадны гадна талын хавтан тогтоодог рам төмрийн огтлол нь 6-р давхраас дээшээ чанарын шаардлага хангахгүй байна. Монголын уур амьсгал орчин нөхцөл, цаг агаар Хятад улсаас өөр учир монгол зөвлөх инженерээр шалгуулж дүгнэлт хийлгэж хэрэгт хавсаргасан. Дүгнэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зөвлөх инженерээс аваад хариуцагч компанид и-мэйлээр нэмэлт санал явуулахад хариуцагч нь манай явуулсан саналыг няцааж хүлээж аваагүй. Тэрээр бидний хийсэн тооцоолол 100 хувь зөв, огт өөрчлөх шаардлагагүй гээд гаргасан саналыг хүлээн аваагүй. Энэ нь бидний дундах маргааны үндэс болсон. Хариуцагч талаас 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3 үндэслэл дурдаж гэрээг цуцалъя танай компани манай компанид итгэхгүй байна, гэрээний явцад өөр гуравдагч этгээдэд хандсан байна, мөн Хятадын Цагаан сарын баяр эхэлж байгаатай холбогдуулан ажил удааширч, туслах материал авах үйлдвэрүүд бүгд амарчихсан гэх мэт шалтаг тоочиж гэрээг цуцаллаа гэсэн и-мэйлийг илгээсэн. Бидний зүгээс үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч төлбөр төлж бусдаар ажил гүйцэтгүүлж байгаа учир өөрийн 25 000 000 юань болох их хэмжээний хөрөнгөтэй барилгын ажилд өөрийн саналыг тусгах бүрэн эрхтэй байхад хариуцагч тал бидний тооцоолол зөв гэх мэтээр үл ойшоож гэрээний зорилгодоо хүрэхийг огт хүсээгүй. Манай зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагч компанийг ажлыг үргэлжлүүлэхийг их гуйсан. Арга барагдаж гуравдагч н.Тулга гэх инженерийг хөлсөлж дахин дүгнэлт хийлгүүлсэн. Уг дүгнэлтээр бас л чанарын стандарт хангаагүй гэх дүгнэлт гарсан. Түүний дараа өөр нэгэн мэргэжлийн компаниар шинжлүүлэхэд маш их хэмжээний жижиг засвар оруулах шаардлагатай, зураг төсөл эцсийн батлагдах түвшинд хүрээгүй байна гэсэн дүгнэлт өгч байсан. Эдгээр саналуудыг хариуцагч компанид мэдэгдэхэд огт хүлээж авдаггүй, цаашид ажлыг үргэлжлүүлэх ямар ч зорилгогүй гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Бидэнд гүйцэтгэгч компани сонгох гэдэг асар том ажил юм. Гүйцэтгэгч компани сонгох гэж Хятад, Солонгос гээд яваагүй газар байхгүй. Удаан судалж байгаад хариуцагч компанийн захиралтай холбогдоход бид чадна, бидэнд даатга гэсэн хариу хэлсэн учир бид итгэл хүлээлгэж гэрээ байгуулсан. Хариуцагч компани гэрээг цуцалснаас болж барилгын ажил бүрэн зогссон. Одоо дахин өөр компаниар хийлгэе гэж бодоход тэр үеийн ханш одоо үеийн ханш асар их хэмжээний ялгаатай. Гэрээ байгуулагдах үед валютын ханш 389.71 төгрөг байсан бол нэхэмжлэл гаргах үед 407.72 төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Энэ хоорондын зөрүү нь 18.01 төгрөг байгаа юм. Одоогоор зөвхөн валютын ханшны зөрүү гэхэд 424 752 500 төгрөгийн хохирол амсаад байна. Урьдчилгаа төлбөр 180,000 юань буюу 73 389 600 төгрөг, валютын ханшны зөрүү 25 250 000 юань буюу 454 752 500 төгрөг гаргуулах, гэрээний дагуу шалтгаангүйгээр гэрээг ноцтой зөрчиж гэрээг цуцалсан учир торгуулийн 5 хувийг тооцож 1 262 500 юань буюу 514 746 500 төгрөгийг авах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ханшаар тооцож нийт үнийн дүн 1 042 888 600 төгрөг болж байгаа гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Манай компани нь барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод олон өндөр барилга барьсан туршлагатай компаниудын нэг юм. Нэхэмжлэгчтэй 21 давхар барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Талуудын гэрээнд бүх зүйлийг нэг бүрчлэн дурдаж тусгасан. Гэтэл манай компани хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид зураг төслийг хүргүүлэхэд нэхэмжлэгч өөрсдийн саналыг оруулан нэмж боловсруулан манайд хүргүүлсэн. Энэ үйл ажиллагаа 2, 3 удаа давтагдсан. Олон удаа давтагдсаны үндсэн дээр 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дахин тооцоолол буруу гарсан гэсэн санал манайд ирүүлсний дараагаар 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уг саналыг нь тусгаж буцаан шинэ хавсралтыг явуулсан. Энэ нь өмнөх үзлэгээр нотлогдсон. Нэхэмжлэгч тал удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулж байгаад жишээ нь цонхны хэмжээ том болж өөрчлөгдөх, үүнд хийгдэх ажил болон материалын зардал өөрчлөгдөж цаашлаад гэрээнд заасан төлбөр нэмэгдэж өөрчлөгдөж эхэлсэн. Тийм учир манай зүгээс гэрээг цуцлах саналыг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компани уг асуудлыг шийдвэрлэх талаар хандаагүй. Мөн мэдэгдлийг хүлээн авсан байж ямар нэгэн байдлаар хугацаа шинээр бий болгох талаар зааварчилгаа өгөөгүй учир бидний гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Гэрээ цуцалснаас хойш 5 сарын дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэгч компани нь манай явуулж байсан гадна фасадны зурагт дахин дүн шинжилгээ хийлгэж танай гадна фасадны зураг төсөл хяналтын үр дүнтэй таарч тохирч байна, тиймээс гэрээг үргэлжлүүлэх саналыг манай компанид 2020 оны 5 дугаар саырн 7-ны өдөр ирүүлсэн. Гэвч энэ хугацаанд гэрээ цуцлагдаж, гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон байсан. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс анх гаргасан тооцоогоо удаа дараа өөрчилж, ямар нэгэн үндэслэлгүйгээр доголдолтой гэх үндэслэлтэй тооцоолол гаргаж ирсэн нь манай компанийг үүргээ биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд манай компани гэрээгээ гурван үндэслэлээр цуцлах санал явуулсан байгаа. Үүнд тооцооллоор тохиролцож чадаагүй тул зураг төсөл эхлэх боломжгүй болсон, 2-т загвар өнгөний сонголтоо гэрээнд заасан хугацаанд баталгаажуулаагүй тул Хятадын хаврын баяр эхэлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон тул цаашдын гэрээний гүйцэтгэлд асар том эрсдэл үүссэн, 3-т гэрээ байгуулснаас хойш нэмэлт ажил их хийх болж талуудын үнийн саналаас ихээхэн давсан шалтаанаас үүдэн манай талаас гэрээ цуцлах саналыг албан ёсоор хүргүүлсэн. Уг гэрээг цуцлах саналд манай зүгээс бүх зүйлийг тусгасан байдаг. Тийм учир гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Иргэний хуулийн 210.4, 221.1-д заасан үндэслэлүүдээр гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон учир гэрээг цуцлах санал хүргүүлсэн. Манай зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулаагүй тул уг төлбөрийг төлөх ямар нэгэн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар тайлбарлахдаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн барилгын гадна фасадны зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 70 153 200 төгрөгийг гаргуулахыг хүссэн, учир нь гэрээ байгуулагдсанаас хойш манайх гадна талын зураг төслийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн байгаа. Нэхэмжлэгч компани нь удаа дараа олон өөрчлөлт оруулж манай компанийг ажлаа хийх боломжгүй нөхцөлд оруулж гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зөвхөн зураг төслийн ажил нь 360 000 юаниас 180 000 юанийг авсан тул үлдэгдэл 180 000 юань буюу 70 153 200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэрээний 10.6-д талууд гэрээний үүргийг ноцтой зөрчвөл нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө гэж заасан байдаг. Манай талаас нэхэмжлэгч компанийг гэрээний үүргийн ноцтой зөрчсөн буюу гэрээний 14.2.3-т зааснаар гэрээнд заасан ажилд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байгаа учир уг 10.6-д заасан үндэслэлээр торгууль ногдуулах үндэслэлтэй байна. Гэвч манай зүгээс нэхэмжлэгч компанитай гэрээг цуцлах хүртэл хамтарч ажиллаж байсан зэргийг харгалзан үзэж торгуулийн хэмжээг 0,5 хувь хүртэлх хэмжээгээр бууруулж 126 250 юань буюу 50 080 580 төгрөгийг нэмж нийтдээ 120 234 050 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид гэрээгээр батлагдаад дууссан ажлын үр дүн хүлээж аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл эцэслэн батлагдаагүй санал солилцох шатандаа маргаан үүсээд явж байгаа юм. Нэгэнт дуусаагүй ажлын үр дүнд манай зүгээс нэмж мөнгө төлөхгүй. Мөн манай компанид өгсөн гээд байгаа зураг бол бидэнд цаашид ашиглагдах боломжгүй байгаа. Яагаад гэхээр хариуцагч тал гэрээг цуцалж цаашид ажлыг хийж гүйцэтгэхгүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр бидэнд дараагийн ажил гүйцэтгэгчийг олж ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлагатай болж байна. Дараагийн гүйцэтгэгч нь дуусаагүй байгаа зураг төслийг үргэлжлүүлэн дуусгах боломжгүй. Дараагийн гүйцэтгэгч нь өөрсдийн гаргасан зураг, материал хийцээр стандартын дагуу шинээр ажиллаж гүйцэтгэх юм. Тийм учир хариуцагч талын бидэнд хүлээлгэн өгсөн гэх зураг төсөл нь дуусаагүй ажлын үр дүн болж 100 хувь батлагдаагүй юм. Торгууль гэж 50 080 580 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас ажилд ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл огт байхгүй. Ноцтой зөрчил гаргаагүй төлбөрийг бүрэн төлж, өөрсдийн саналыг тавьсан боловч харамсалтай нь гүйцэтгэгч тал уг саналыг хүлээж аваагүй. Мөн дүгнэлтийг хувь хүнээр хийлгэсэн гэж байна гэж хариуцагч тал тайлбарладаг. Уг хувь хүн гээд байгаа хүн нь монгол улсад цөөн байдаг зөвлөх инженер хүн юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Г.Г.Сконстракшн ХХК-иас 572 210 900 төгрөг гаргуулж А.Ж.Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх 470 677 700 төгрөгийг, мөн А.Ж.Т ХХК-иас 120 234 050 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.Г.Сконстракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 3 019 004 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-ийн урьдчилан төлсөн 5 372 393 төгрөгийг, хариуцагч Г.Г.Сконстракшн ХХК-ийн төлсөн 917 070 /508 716+408 354/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компани гадна фассадны ажлын зургийг удаа дараа өөрчилж нэмэлт ажлууд оруулж анх тохирсон гэрээний нөхцөлөөс хэтэрсэн үнийн дүнтэй зургийг явуулж байсан. Манай талаас хүлээцтэй хандаж зургийг өөрчилж засварлаж 2 сая юанийн алдагдалд орж, зургийг 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр А.Ж.Т ХХК-д хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал зургийг баталгаажуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд үндэслэлгүйгээр доголдолтой гэх шалтаг зааж гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулсан. Иймээс гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тухай манай саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн гэрээний үнийн дүнгийн хувьд анх гэрээ байгуулахад гэрээний нийт үнийн дүн 25 250 000 юань байсан боловч нэхэмжлэгч компанийн оруулсан нэмэлт тооцоолол нь 2 555 907 юанаар хэтэрч манай компани алдагдалд орох эрсдэлтэй байсан. Гэтэл шүүхээс хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэрээг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тал нь захиалагч тал болох нь тогтоогддог. Энэ бодит байдлыг шүүх зохих ёсоор үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал манай тооцооллыг алдаатай хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байх тул гомдолтой байна.

Түүнчлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/500 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогддог. Иймээс гадна талын фассадны ажил гүйцэтгэх гэрээний 9.3-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас энэхүү гэрээ саатсан буюу хэрэгжээгүй тохиолдолд гэрээний ал нэг тал нөгөө талаасаа алданги, торгууль зэрэг аливаа хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардахгүй гэж заасан байхад манай компаниас гэрээний торгуульд мөнгө төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Харин сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дээрх нэхэмжлэгч талын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үйлдлээс болж манай компани хохирсон тул нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК нь хариуцагч Г.Г.Сконстракшн ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 180 000 юань буюу 73 389 600 төгрөг, валютын ханшны зөрүүд 25 250 000 юань буюу 454 752 500 төгрөг, торгууль 1 262 500 юань буюу 514 746 500 төгрөг нийт 1 042 888 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... зураг төслийн ажлын үлдэгдэл хөлс 180 000 юань буюу 70 153 200 төгрөг, торгууль 126 250 юань буюу 50 080 580 нийт 120 234 050 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-6, 78-79, 166-167, 207-208/

 

Хэрэгт зохигч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороонд оффис үйлчилгээний зориулалттай 21 давхар барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх10-30/

 

Гэрээний 1.6, 2.2, 2.5-д зааснаар хариуцагч нь гадна фасадны ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэх, гэрээний зүйлийг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, БНбД, МNS стандарт, олон улсад мөрдөгдөж байгаа гадна фасадны ажилтай холбоотой хууль тогтоомжийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх-ээр, гэрээний 4.1-д ажлын нийт дүн 25 250 000 юань байх-аар тохиролцсон. /хх10-30/

 

Захиалагч буюу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 180 000 юанийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Хариуцагч тал гэрээнд заагдсан эхний шатны ажил буюу зураг төслийг хийж нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримтын хувьд талууд маргаангүй. Мөн нэхэмжлэгч нь уг зураг төслийг барилгын чиглэлийн мэргэшсэн зөвлөх инженер н.Адъяадоржоор шалгуулсан, улмаар н.Тулга гэх инженерээр шалгуулсан гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй боловч уг дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гарган маргасан.

 

Хариуцагч Г.Г.Сконстракшн ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр захиалагчид хүргүүлсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /хх 44-49/

 

Талууд гэрээ цуцлагдсан шалтгаан эхний шатны ажил буюу зураг төсөлд доголдол байсан эсэх, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлтэй эсэх, гэрээ цуцлагдсаны үр дагаварт урьдчилгаа төлбөр, торгуулийг шаардах эрх үүссэн эсэх талаар маргаж байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд эхний шатны ажил буюу гадна фасадны зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэлтэй холбоотой захиалагч талын саналыг хүлээн авч, зурагт өөрчлөлт оруулах асуудлаар маргаж тохиролцоонд хүрч чадаагүйгээс ажил гүйцэтгэгчийн санаачилгаар цуцлагджээ.

 

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч фасадны зурагт засвар оруулах саналыг хүлээж аваагүй бөгөөд гэрээг цуцлах саналыг захиалагчид хандаж 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргажээ. /1хх162/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

 

Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэж нэхэмжлэгч буюу захиалагч баталж байгаа бол уг үндэслэлээ нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдох юм. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт буюу зөвлөх инженерийн дүгнэлт гэх баримтуудыг хариуцагч баримтаар няцаагаагүйгээс гадна захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх ажлынх үр дүн Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль,Монгол улсын БНбД, МNS стандарт, олон улсад мөрдөгдөж байгаа гадна фасадны ажилтай холбоотой хууль тогтоомжид чанар стандартын хувьд нийцсэн гэдгээ хариуцагч мөн нотлоогүй. Иймд хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь гэрээ цуцлагдах хүртэлх гүйцэтгэсэн гэх зургийн ажлын хөлсийг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхээс урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 71 402 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохдоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Хариуцагч ажлын үр дүнг зохих шаардлага хангасан гэх нөхцөл байдлыг нотлоогүй боловч ажил цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар буюу гэрээгээ цуцлах саналаа 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Тодруулбал, хариуцагч нь цаашдаа нэмэлт ажил их хийх болж талуудын үнийн саналаас ихээхэн давсан, Хятадын хаврын баяр эхэлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, захиалагч барааны өнгө загвараа сонгоогүйгээс цаашдаа хугацаагаа баримталж ажиллахад бэрхшээл, эрсдэл үүссэнтэй холбон бичгээр тайлбар хүргүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Ажил гүйцэтгэгчийн зүгээс нэмэлт ажил хийх шаардлага үүссэн, Хятадын хаврын баяр эхэлсэн, загвар өнгөний сонголт хийгдэж баталгаажигдаагүй, хугацааны хувьд болон гэрээний хэрэгжилт боломжгүй болсон гэж тайлбарлаж буй нь тухайн гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай агуулгатай байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал буюу нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тохиолдлыг зохицуулсан. Тодруулбал, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэжээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн гэрээ цуцлах тухай цахимаар илгээсэн тайлбар, саналд нэхэмжлэгч хариу болгон гэрээг үргэлжлүүлэх талаар бичсэн байх боловч гэрээний үнийн дүн, хугацаа зэрэг нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авсан, санал гаргасан зүйл тусгагдаагүй байна. /хх146, 148/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээ байгуулагдсан боловч нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэж аль нэг нь татгалзаж байгаа тохиолдолд гэрээг албадан үргэлжлүүлэх боломжгүй. Иймд ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй. Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээг байгуулснаас хойш 1 сарын дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар гүйцэтгэгүүлэгчид мэдэгдсэн байна. /хх150/

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээлгэсэн уг үүргийг биелүүлсэн байна.

 

Иймд ажил гүйцэтгэгчийг энэхүү мэдэгдэл өгснөөс хойш гэрээний нийт хугацаанд гүйцэтгэвэл зохих байсан үүргийг зөрчсөн гэж үзэж торгууль ногдуулах боломжгүй юм. Учир нь талууд торгууль төлөх нөхцөлийг гэрээндээ тодорхой заасан байна.

 

Тодруулбал, гэрээний 10.6-д талууд гэрээний үүргээ ноцтой зөрчвөл гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө, /захиалагч талын гэрээний үүргийн ноцтой зөрчлийг гэрээний 5.8, 14.2.1, 14.2.2, 14.2.3, гүйцэтгэгч талын гэрээний ноцтой зөрчлийг гэрээний 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.9 дэх заалтаас тус тус харах/ гэж, 10.7-д гэрээний 14.1, 14.2 дах хэсэгт заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд буруутай тал гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 6.6-д заасан фасадны зурагтай холбоотой ажил гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн зөрчилд торгууль төлөх талаар талууд гэрээндээ тухайлан зааж тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилд анзыг төлүүлэх боломжтой боловч гэрээндээ тухайлан заасан байх шаардлагатай. Аливаа үүрэг хууль болон гэрээнд зааснаар үүснэ. Гэрээнд тухайлан заагаагүй үүргийг хариуцагчид ногдуулах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан торгууль гэх 514 746 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хийсэн ажлын үр дүн Монгол Улсын барилгын стандарт чанарт нийцсэн, уг ажлын үр дүнд захиалагч ашиг сонирхолтой гэдгийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд гэрээг цуцлах асуудлыг нарийвчилан зохицуулсан. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс валютын ханшны зөрүү гэх 25 250 000 юань буюу 454 752 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. /хх 239-242/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2ы өдрийн 183/ШШ2021/01212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 572 210 900 гэснийг 73 389 600 гэж, 470 677 700 гэснийг 969 499 000 гэж, 2 дахь заалтын 3 019 004 гэснийг 524 898 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 019 004 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД