Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/01642

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/01642

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, С.Шаравын гудамж, 00 байрны 000 тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, ХХ настай, эрэгтэй, О овогт Г-ын Б /рд: УХ00000000/-гийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00192 дугаар шийдвэрээр Г.Б болон Э.Ба нараас 76 069 633,77 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний зээлийн барьцаанд тавьсан миний нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо Үйлдвэр хотхоны 00в-ХХХ тоот хаягтай /Ү-2200000000/ орон сууц, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо ХХ дүгээр хороолол, ХХа-ХХ тоот орон сууц /Ү-22000000/-ыг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгожээ. Албадан дуудлага худалдааны үнэлгээ тогтоохоор шийдвэр гүйцэтгэгчийг дуудахад нь миний хувьд эд хөрөнгөө үнэлэх боломжгүй талаараа бичгээр санал гаргасан. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч д/ч Б.Ч 308 дугаартай тогтоол гарган шинжээчээр хөрөнгийн үнэлгээний В В ХХК-г томилон үнэлгээ тогтоолгосон бөгөөд тус үнэлгээний тайланд Сүхбаатар дүүргийн байрыг 58 911 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн байрыг 80 274 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019  оны 00 дүгээр сарын 13-ны өдрийн 4/25615 дугаар албан бичгээр барьцааны хөрөнгүүдийг үнэлгээг 50 хувь болтол бууруулж Хан-Уул дүүргийн байрыг 40 137 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн байрыг 29 455 500 төгрөг буюу хэт доогуур үнээр албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, нийтэд зарласан тухай мэдэгдсэн. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх орон сууцууд хотын төвийн А бүсэд ашигтай байрлалтай мөн иж бүрэн засвар хийж тохижуулсан. Зах зээлд бодит ханшаар 100-130 сая төгрөгийн хооронд үнэлэгдэн борлуулагддаг байтал зориудаар бидний олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцуудыг ямар аргаар хэрхэн үнэлсэн нь тодорхойгүйгээр хэт доогуур үнэлгээ тогтоолгож, хэт нэг талыг барьсан үйлдэл гаргаж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаартай шинжээч томилох тогтоол болон В В ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00192 дугаар захирамжаар Г.Б, Э.Ба нараас 75 793 509 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 276 154 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Б, Э.Ба нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо Үйлдвэр хотхоны 00В байрны ХХ5 тоотод байрлах 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 00 дүгээр хороолол, 00а дугаар байр, ХХ тоот орон сууцуудыг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19290508/06, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19290508/05 тоот тогтоолуудаар тус тус хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт заасныг үндэслэн хураасан хөрөнгөнд үнийн санал авахад төлбөр төлөгч Э.Ба нь байраа үнэлэх боломжгүй шинжээч томилуулах хүсэлтэй, Г.Б нь Хан-Уул дүүрэг ХХ дугаар хороо, Үйлдвэр хотхоны 00в-ХХХ тоот 42 м.кв талбайтай орон сууцыг 180 000 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 00 дүгээр хороолол, 00а-ХХ тоотод байрлах 30.52 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул тус газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн хөрөнгийн үнэлгээг В В ХХК тогтоож, тайланг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн. Шинжээч нь улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 58  911 000 төгрөгөөр, Ү-2200000000 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 80 274 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг талуудад 2019 оны 4/2273ХХ дугаар албан бичгээр мэдэгдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт зааснаар Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнийн 70 хувь болох 41 237 700 төгрөгөөр, Ү-2200000000 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 56 191 800 төгрөгөөр дуудах үнийг тогтоон 2019 оны 00 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 12/А байрны ХХ тоот орон сууц нь 42 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Дээрх ажиллагаатай холбоотойгоор төлбөр төлөгч Э.Ба нь 2019 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллаа явагдан шүүх хурлыг товлоход нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хурлын товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул 2020 оны  183/ШЗ2020/05425 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан боловч хариуцагч байгууллага Г.Бд үнэлгээний талаар мэдэгдсэн эсэхээ нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэгчийг дээрх шаардлагыг гаргах эрхтэй гэж дүгнэн, шүүх хуралдаанаар хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзвэл, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 00В байрны ХХ5 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Э.Ба, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Денвер гудамж, 00а байрны ХХ тоот хаягт байршилтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Б байх бөгөөд Худалдаа хөгжлийн банк ХХК, Г.Б, Э.Ба нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Г.Б, Э.Ба нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 183/ШШ2019/00192 дугаар захирамжаар хариуцагч Г.Б, Э.Ба нараас 75 793 509,77 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 276 154 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох, Ү-2200000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 00В байрны ХХ5 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2200000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Денвер гудамж, 00а байрны ХХ тоот хаягт байршилтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 183/ГХ2019/00239 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Г.Б, Э.Ба нарт төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19290508/02 дугаар тогтоолоор Э.Баийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 00В байрны ХХ5 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн өдрийн 19290508/04 дугаар тогтоолоор Г.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Денвер гудамж, 00а байрны ХХ тоот хаягт байршилтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19290508/05, 19290508/06 тоот тогтоолуудаар дээрх эд хөрөнгүүдийг хураан авсан байна.   

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

 В В ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 00В байрны ХХ5 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 80 274 000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Денвер гудамж, 00а байрны ХХ тоот хаягт байршилтай, 1 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 58 911 000 төгрөгөөр тус тус тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...дээрх орон сууцууд хотын төвийн А бүсэд ашигтай байрлалтай мөн иж бүрэн засвар хийж тохижуулсан. Зах зээлд бодит ханшаар 100-130 сая төгрөгийн хооронд үнэлэгдэн борлуулагддаг байтал хэт доогуур үнэлгээ тогтоолгож, хэт нэг талыг барьсан үйлдэл гаргасан” гэх тайлбар гаргасан боловч үүнийг нотлоогүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  




 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ