Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01476

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  07 сарын 06 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/01476

        Улаанбаатар хот

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Х дугаар хороо, Их тойруугийн гудамж-ХХ, П палас цогцолбор, ХХ тоотод байрлах, Т Ч ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, Зайсангийн гудамж, Х, хаалга ХХ байрлах, П П М ХХК /рд:000000/-д холбогдох,

 

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 162 473 206 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /ШТЭҮД-ХХХХ/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч М.А /ШТЭҮД-ХХХХ/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т Ч ХХК, П П М ХХК нарын хооронд 07/2017 тоот дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр П П М ХХК нь гэрээнд заасан чанар, стандартад нийцсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Swiss Krono брэндийн паркетин шал, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Dollken брэндийн шалны хүрээ болон дэвсгэр нийлүүлэх, захиалагч Т Ч ХХК нь гэрээний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дээрх рийн №07/2017-1 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, бараа бэлтгэн нийлүүлэх эцсийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд шалаа нийлүүлээгүй, гэрээгээ зөрчиж байсан тул манай талаас гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч П П М ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0046 тоот албан бичгээр алдаагаа хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлахгүй байхыг хүссэн тул гэрээний дагуу паркетин шал нийлүүлэгдэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Премиум ресиденс орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь Номун виллаж орон сууцны хотхонд угсрагдсан. Гэтэл угсарсан паркетин шал нь ирмэг хэсгээрээ сөрдийж, хөндийрч, 4 булан нь хаталт өгч дээшээ сөрдийж, паркет хооронд зай засвар их гарсан тул энэ талаар нийлүүлэгч талд мэдэгдэж, тус компанийн менежер, технологич нар газар дээр нь ирж үзээд өөрсдөө угсарсан боловч мөн адил доголдол гарч энэ талаар хоёр тал харилцан байлцаж, видео бичлэг хийж, харилцан акт үйлдсэн. Манай компани паркетин шалны чанар байдлыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт дээж өгч шинжилгээ хийлгэхэд тус газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 02-07-099/1311 тоот албан бичгээр Монгол улсын стандарт MNS3027:81, шахмал хавтан MNS CAN/CGSB-11.3:2011 стандартын шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон талаарх дүгнэлтийг Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний хамт ирүүлсэн. Гэрээний ерөнхий нөхцлийн 5.1-д “Нийлүүлэгч нь барилгын норм дүрэм, стандарт шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг захиалагчид хүргүүлнэ. Бараа материалын чанарт 3 жилийн баталгаат хугацаа өгнө” гэж заасны дагуу бид П П М ХХК-д нийлүүлсэн барааны доголдлыг арилгах тухай шаардлагыг тавьсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй тул манай компани өөрийн зардлаар шалыг хуулан авч, гуравдагч компаниас шал худалдан авч суурилуулсан. Мөн Т Ч ХХК-иас П П М ХХК-д холбогдуулан санаатайгаар чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж цагдаад гомдол гаргасан бөгөөд гомдлыг шалгах явцад мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/102/10 тоот дүгнэлтээр “П П М” ХХК-ийн нийлүүлсэн шал нь чанар, стандартын шаардлага хангахгүй болох нь давхар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 256 515 182 төгрөг шилжүүлсэн, үүнээс 246 701 255 төгрөгийн шалыг манай тал хүлээж авсан, дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч үзлэгээр нийт 52 330 297 төгрөгийн шал байгаа болох нь тогтоогдсон тул олон жилийн явцад хадгалах, зөөж тээвэрлэхэд хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байгаа 204 184 885 төгрөгийн шалны үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дээрх шаардлага хангахгүй шалны үнэд 52 330 297 төгрөг, илүү төлсөн зөрүү болох 9 813 920 төгрөг, алданги 10 854 000 төгрөг, шалыг угсрах, буцааж хуулж авах, ачих, тээвэрлэх, хадгалахад гарсан зардал, хохирол 63 314 279 төгрөг,  байгаа шалны дүн болох 52 330 297 төгрөгийн үнийн дүнгээс алданги тооцоход 26 167 148 төгрөг, нийт 162 473 206 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Бидний нэхэмжилж буй алданги нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд бодогдсон алданги тул нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хуульд заасны дагуу алдангийг тооцон гаргасан. Гэрээ хэрэгжих явцад хариуцагч тал гэрээний хугацаагаа хоцроосон байгаа бөгөөд үүнд өөрсдөө хүртэл алданги 10 850 000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч талд шал хүлээлцсэн тухай үнийн дүнтэй акт өгсөн. Тэр баримт нийтдээ 246 701 255 төгрөг болж бай, гэтэл бид 256 515 182 төгрөг төлсөн тул зөрүү 9 813 920 төгрөгийг төлөх ёсгүй. Хуулж авсан шалыг буцааж авч чадахгүй гэж хариуцагч тал тайлбарлалаа. Хуулж авсан нь хариуцагч талаас болсон гэдэг нь хавтаст хэргийн баримтаар нотлогдож байгаа” гэв.

 

Хариуцагч П П М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд худалдах хуралдан авах гэрээ байгуулагдсан. Свисс кроно брендийн шалыг нийлүүлнэ гэдгийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дагуу шалыг нийлүүлсэн бөгөөд нийлүүлснээс хойш 2 сарын дараа нэхэмжлэгч нь энэ шалтай холбоотой гомдол санал гаргасан нь шалыг угсраад хийсний дараа шалны ирмэг сөрдийсөн гэсэн гомдлыг гаргаж тавьсан. Худалдагчийн үүрэг бол тухайн бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн, дутагдалгүй, механик гэмтэлгүйгээр хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Тухайн шалны хадгалалт угсралтын стандарт нь маш нарийн технологитой байдаг. Шалны доголдол 11 дүгээр сард илэрсэн нь энэ үе нь хүйтний улирал байсан. Хүйтэн нөхцөлд халаалт аваагүй барилга дотор шалыг угсарснаараа шалны хадгалалтын болон угсралтын технологийн горим алдагдсан байх магадлалтай. Хоёр удаагийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт гарсан боловч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан нотлох баримт бөгөөд тэрхүү эрүүгийн хэрэг нь хожим нь хэрэгсэхгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлээгүй нотлох баримт юм. Дээрх Мэргэжлийн хяналтаас гарсан дүгнэлтүүд нь бүгд манай нийлүүлсэн шалнаас дээж аваагүй, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн доголдол мөн эсэхэд эргэлзээтэй байна. Манай байгууллага нь шал үйлдвэрлэгч компани биш, гэрээт борлуулагч бөгөөд хэрвээ үйлдвэрлэгчийн шал доголдолтой байвал доголдлыг мэдсэн даруйд үйлдвэрлэгчид буцаан солиулж өгөх эрх нь байгаа. Хоёр талаасаа уулзаж 2018 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдөр үзлэг хийсэн. Үзлэгээр 576 м.кв шалыг 10-ны өдөр, 1205 м.кв шалыг 11-ний өдөр үйлдвэрлэгчийн шалтгаантай доголдол биш гэсэн  угсарсан байсан шал нь сөрчихсөн байна гэсэн байдаг. Гэрээгээр П П М ХХК нь гэрээний зүйлийн хадгалалтын талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй, угсралттай холбоотой байгууллага олж өгөх талаар ямар нэгэн зүйлд оролцоогүй. Тийм учраас тухайн шал яг юунаас шалтгаалж доголдол үүссэнийг тогтоох зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу шүүх хуралдаанаар хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гаргах байгууллагыг томилоод, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ямар ч шинжээчийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байдаг. Тийм учраас энэ журмаар тухайн шалыг доголдолтой гэснийг нотолсон нотлох баримт энэ хавтаст хэрэгт байхгүй. П П М ХХК-д Т Ч ХХК-аас ирсэн албан бичгүүд байдаг бөгөөд тэдгээрт албан ёсоор гэрээнээс татгалзсан эсхүл цуцалсан талаар албан тоот байдаггүй зөвхөн чанарын доголдол илэрсэн учраас цаашид ямар нэгэн байдлаар шал авахгүй, гэрээ дуусгавар болж байгаа гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн байдаг тул гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, харин цаашид шал авахгүй гэрээг дуусгавар болгож байгаа агуулгатай байсан. Гэрээгээр тал нэхэмжлэгчид 15 625 м.кв шал нийлүүлэх ёстой байснаас 10 510 м.кв шал нийлүүлсэн байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл, 1 м.кв-ийн үнэ болох 19 900 төгрөгийн шалнаас 6700,86 м.кв шал нийлүүлсэн нь 133 347 028,03 төгрөг, 1 м.кв-ийн үнэ 23 000 төгрөгийн үнэтэй шалнаас 3809,97 м.кв шал нийлүүлсэн нь 87 956 256,72 төгрөг, зөөлөвч 6094 м.кв-ийг үнийн дүн нь 45 188 000 төгрөг, нийт 266 491 293,75 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тайлбартай гэрээ байгуулсан тоотой нийлүүлэхэд 52 330 297 төгрөг гэдэгт хуулсан шал, хайрцагтай байсан шал нийлээд орчихсон байгаа. Боодолтой байгаа шалны хэмжээ бол 1921,26 м.кв, хуулсан шал нь 653,6 м.кв болж байгаа, ингээд 2574,9 м.кв шал болсон. Хариуцагч агуулахад үлдсэн хэрэглэсэн, хэрэглээгүй бүх шалны үнийг нийлүүлэн нэхэмжлэгч талаас нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан дээж нь угсраад тавьчихсан, эвдрэл гарсан шалнаас авсан байсан учраас дүгнэлт чанарын шаардлага хангахгүй байна гэж гарах нь ойлгомжтой. Яаг манай нийлүүлэгдсэн байгаа хайрцагтай, задлаагүй шалнаас дүгнэлт гаргасан бол өөр үр дүн гарах байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт, боодолтой байгаа 1921,26 м.кв шалыг нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглана уу, хураана уу яах нь өөрсдийнх нь эрхийн асуудал байх тул бидэнд хамааралгүй гэж үзэж байна. Дэвсээд хуулсан байгаа шалны тухайд ямар шалтгааны улмаас хуулсан тухай, үнэхээр шалны доголдлын улмаас хуулсан гэдэгтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа учраас үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас алданги болон учирсан хохиролд 63 314 279 төгрөг нэхэмжилж байгааг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, П П М ХХК нь нийт 266 778 361 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс Т Ч ХХК нь 156 515 182 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болон 7 дугаар сарын 28-ны өдөр тус тус 2 удаагийн шилжүүлгээр Голомт банкны данс руу шилжүүлж, 100 000 000 төгрөгийг орон сууцаар бартер хийж, тооцож төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөрт 10 263 179 төгрөг үлдсэнээс бараа, материалыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгээгүй алдангид манай компани 2 967 638 төгрөгийг суутгасан бөгөөд 7 295 541 төгрөг үлдсэн. Иймд Т Ч ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №07/2017 тоот “Бараа материал нийлүүлэх гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 7 295 541 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид Номуун виллаж хотхонд очоод тухайн шалыг үзээд фото зураг аваад баримтжуулаад угаалгаад хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч талын хайгаад олохгүй байгаа гэсэн шал нь Номуун виллаж хотхоны орон сууцуудад аль хэдийн дэвсэгдээд худалдагдсан байгаа. Иймд бид гэрээний дагуу шалаа нийлүүлсэн, нийлүүлсэн шалны хэмжээний төлбөрийг авах зайлшгүй шаардлагатай учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Ч ХХК 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хариуцагч П П М ХХК-д холбогдуулан Бараа материал нийлүүлэх гэрээний төлбөрт төлсөн 389 645 365 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 63 314 279 төгрөг нийт 452 959 644 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээний дагуу нэхэмжлэгчээс төлсөн 256 515 182 төгрөг, алданги 128 257 591 төгрөг, хохирол 63 314 279 төгрөг нийт 448 087 052 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улмаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа шалны үнэ 52 330 297 төгрөг, илүү төлсөн 9 813 920 төгрөг, алданги 10 854 000 төгрөг, хохирол 63 314 279 төгрөг, үлдсэн шалны үнийн дүнгээр тооцож алданги 26 167 148 төгрөг, нийт 162 473 206 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг шүүх хуралдаанаар тус тус хянан хэлэлцээд, дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан. ...Гэтэл хариуцагчийн нийлүүлсэн шал доголдолтойн улмаас ...суулгасан шалыг буцаан хуулж, гуравдагч компаниас шал авч суулгасан. Доголдолтой болох нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр нотлогдоно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 256 515 182 төгрөг шилжүүлсэн, үүнээс 246 701 255 төгрөгийн шалыг манай тал хүлээж авсан, дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч үзлэгээр нийт 52 330 297 төгрөгийн шал байгаа болох нь тогтоогдсон тул олон жилийн явцад хадгалах, зөөж тээвэрлэхэд хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байгаа 204 184 885 төгрөгийн шалны үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шаардлага хангахгүй шалны үнэ 52 330 297 төгрөгийг буцаан гаргуулах, илүү төлсөн зөрүү болох 9 813 920 төгрөг, алданги 10 854 000 төгрөг, шалыг угсрах, буцааж хуулж авах, ачих, тээвэрлэх, хадгалахад гарсан зардал, хохирол 63 314 279 төгрөг, шаардлага хангахгүй шалны үнийн дүн 52 330 297 төгрөгийг гүйцэтггээгүй үүрэг гэж дүгнэн алданги 26 167 148 төгрөг, нийт 162 473 206 төгрөг гаргуулна. Бид илүү мөнгө төлснөө шаардаж байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан. 

 

Хавтаст хэрэгт, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т Ч ХХК болон П П М ХХК-ийн хооронд байгуулагдсан 07/2017 тоот “Бараа материалын нийлүүлэх гэрээ” авагдсан байх бөгөөд тус гэрээгээр хариуцагч П П М ХХК нь ОХУ-ын Кроно стар фирмийн ламинатан 8 мм зузаантай шал 1 м2-ыг 19 900 төгрөгөөр тооцож, 12170,85 м2 буюу 242 199 915 төгрөгийн, 8 мм зузаантай шал 1 м2-ыг 23 000 төгрөгөөр тооцож 3454,15 м2 буюу 79 445 450 төгрөгийн, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Dollken брэндийн шалны 10 см өндөртэй цагаан хүрээг 8100 м-ыг 1 метрийг 6000 төгрөгөөр тооцож 48 600 000 төгрөгийн, 1.3 см зузаантай шалны дэвсгэрийг 9700 м2-ыг 1 м2-ыг 2000 төгрөгөөр тооцож 19 400 000 төгрөгийн, нийт 389 645 365 төгрөгийг шалыг гэрээний хавсралтад заасан хугацаанд нийлүүлэх, хариуцагч Т Ч ХХК нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.  

 

Талуудын дээрх тохиролцоогоор, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдох бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгч талаас нийт 256 515 182 төгрөгийг хариуцагчид төлсөн эсэхэд маргаагүй, харин хариуцагч нь “гэрээний дагуу чанарын шаардлагад нийцсэн бараа материалыг нийлүүлсэн, тухайн шалыг ашиглах болон угсрах явцад алдаа гарсны улмаас доголдол үүссэн. Манай тал нэхэмжлэгчид 15 625 м.кв шал нийлүүлэх ёстойгоос 266 491 293,75 төгрөгийн 10 510 м.кв шал нийлүүлсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэгчийн үлдэгдэл 52 330 297 төгрөгийн шинэ, хуучин шалны үнийг бүхэлд нь хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Дэвсээд хуулсан шалыг доголдлын улмаас хуулсан нь хэргийн баримтаар нотлогдохгүй тул алданги, хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хайгаад олохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үнийн дүнтэй шал Номуун виллаж хотхоны орон сууцуудад аль хэдийн дэвсэгдээд худалдагдсан” гэж тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Т Ч ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчид хүргүүлсэн 02/425 тоот “...танай нийлүүлсэн паркетан шалыг шаланд шахсанаас хойш тодорхой хугацааны дараа шалнаас хөндийрч, захаараа нумарч гарч ирээд байгаа, ...Премиум резиденс орон сууцанд нумарч хөндийрсөн шалнуудыг дахин ирж үзэж, хариу өгөхийг хүсье” гэх агуулга бүхий албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/461 тоот “...танай нийлүүлсэн шаланд илэрч буй доголдлоос болж 3 дугаар ээлжээр шал захиалахгүй, ...гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, тооцоо нийлэх, доголдолтой шалыг хэрхэх талаар хариу өгөхийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн” гэх агуулга бүхий албан бичиг зэргээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус зааснаар гэрээ цуцлах санал хүргүүлж, гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх, дээрх албан бичигт дурдсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж тус тус үзэх үндэслэлтэй байхаас гадна хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш шал нийлүүлээгүй нөхцөл байдал, хариуцагчийн тайлбар зэргээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон байна.  

 

Иймд талууд нэгэнт нэхэмжлэгчийн төлсөн 256 515 182 төгрөгийн талаар маргаагүй тул шүүх гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хариуцагчийн нийлүүлсэн шалны хэмжээ болон тус шал доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.  

 

Доголдлын тухайд, Шүүхийн дээрх нэхэмжлэгчийг “...гэрээ цуцлах санал хүргүүлж, гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн” гэх дүгнэлт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэхэд хамааралтай бөгөөд гэрээний зүйл болсон эд хөрөнгө доголдолтой эсэх нь хэргийн бусад нотлох баримтаар нотлогдсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Паркетан шалны чанар байдлын тухай гаргасан дүгнэлт, Сорилт, шинжилгээний дүн, эрүүгийн журмаар гомдол гаргах явцад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоолоор хийгдсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/102/10 тоот дүгнэлтийг тус тус нэхэмжлэлд хавсаргаж өгсөн.

 

Дээрх дүгнэлтүүдээр, “24 цаг ус шингээсний дараах эзлэхүүний өөрчлөлт 10 хувиас ихгүй байхаас 12 хувь гарч байгаа нь Шахмал хавтан MNS CAN/CGSB-11.3:2011 стандартын шаардлагын эдлэхүүний өөрчлөлийн үзүүлэлтийг хангахгүй, Монгол Улсын стандарт MNS3027:81 стандартын 2.1-д /банзанцаруудын нүүр болон эсрэг тал тэгш зэрэгцээ байдлыг хадгалсан байх бөгөөд ирмэгүүд нь шулуун эвдрээгүй, бүтэн байх/ гэсэн заалтыг хангахгүй бүтээгдэхүүн” болохыг тогтоосон боловч тус дүгнэлтийг гаргасан шинжээч Л.Г шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “...Дүгнэлтэд дурдсан Монгол Улсын стандарт MNS3027:81 гэдэг нь яг энэ паркетин шалны стандарт биш юм. Манай улсад паркет, ламинатан шалны үндэсний техникийн шаардлага, стандарт байхгүй, паркетин шалны техникийн шаардлага буюу жишээлбэл ус шингээлтийг заасан гэх мэт нарийн шаардлага заасан стандарт тогтоогдоогүй. Харин зүймэл шалны шаардлага гээд 1987 оны стандарт байдаг. Тэр нь цэвэр модон зүймэл шаланд тавигддаг стандартаар дүйцүүлж үзэхэд хэлбэр хэмжээ нь алдагдсан байдал дүгнэлтээр гарсан. Мөн шахмал хавтангийн стандартаар дүйцүүлсэн дүгнэлтийг гаргасан” гэж тайлбарласан тул дээрх дүгнэлтийг маргааны зүйл болсон ламинатан шаланд хамааралтай, доголдолтой болохыг тогтоосон баримт гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх дүгнэлтүүдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой, уг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангах хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй, хариуцагчийн удаа дараа гаргасан доголдлын талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар холбогдох байгууллагуудаас хариу ирснээр хариуцагч уг хүсэлтээс татгалзсан юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд уулзалт хийж, шалны доголдлын талаар видео бичлэг хийсэн, үүнийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх үзлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан, хариуцагч энэ талаар маргаагүй боловч дээрх доголдлыг нэхэмжлэгчийн буруу хадгалалт болон суулгалтаас шалтгаалж үүссэн гэж маргасан.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч дээрх нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гэрээний зүйл болсон шалны ихэнх хэсгийг ашигласан байдал, талуудын тайлбар зэргээр гэрээний зүйл болсон ламинатан шал доголдолтой байсан болох нь тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн доголдолтой холбогдуулж гаргасан Д цамхаг ХХК-д төлсөн тээвэр, ачилтын хөлс, А хайрхан ХХК-д паркет шахалтын ажлын хөлс, хадгалалтын хөлс нийт хохирол 63 314 279 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангахгүй орхив.    

 

Хариуцагчийн нийлүүлсэн шалны хэмжээний тухайд,

Нэхэмжлэгч “...шалны үнэд 256 515 182 төгрөг шилжүүлсэн атал 246 701 255 төгрөгийн шалыг хүлээж авсан тул илүү төлсөн 9 813 920 төгрөгийг гаргуулна гэж шаардсан, хариуцагч 266 491 279 төгрөгийн шал нийлүүлсэн атал 256 515 182 төгрөг хүлээж авсан тул үлдэгдэл төлбөрт 7 295 541 төгрөгийг гаргуулна” гэж маргасан.

 

Хариуцагч дээрх тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 1 дүгээр хавтаст хэргийн 182-191 дүгээр талд авагдсан баримтыг шинжлэн судлуулсан бөгөөд дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд 270 080 041 байх боловч хариуцагч нийлүүлсэн шалны үнийн дүнг 266 491 279 төгрөг гэж тодорхойлсон тул энэ дүнгээс хавтаст хэргийн 190 дүгээр талд авагдсан 8 351 491 төгрөгийн баримтад хүлээн авсан тал гарын үсэг зураагүй, уг шалыг хүлээлгэж өгсөн баримтыг үнэлэх боломжгүй тул 8 351 491 төгрөгийг хасаж тооцоход, 1 624 606 төгрөгийн зөрүү гарч байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудаар хариуцагч талаас нийт 258 137 788 төгрөгийн шал нийлүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн 9 813 920 төгрөгийн илүү төлбөр төлсөн гэх шаардлага үндэслэлгүй, мөн хариуцагч гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг шаардах эрхтэй боловч буюу шүүгчийн үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн 8 351 491 төгрөгийн үнийн дүн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 7 295 541 төгрөгөөс хэтэрч байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоны дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги шаардах эрхтэй бөгөөд тэрээр 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан П П М ХХК-аас Т Ч ХХК-д хүргүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний үүргийг үргэлжлүүлэх тухай албан бичигт 10 850 000 төгрөгийн алданги төлөхөөр хариуцагч зөвшөөрснийг үндэслэж алданги 10 850 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч уг алдангийг төлөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг хэдэн төгрөгийн хэмжээнд тодорхойлж, үүнээс хэдэн хоногийн алдангид 10 850 000 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул,

мөн нэхэмжлэгч нь үлдэгдэл шалны үнийн дүн 52 330 297 төгрөгийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хариуцагчийг гэрээ цуцлах хүртэл хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийг алданги 26 167 148 төгрөг гаргуулахаар шаардсан нь тус тус үндэслэлгүй байх тул алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Талууд гэрээнээс татгалзсанаар гэрээт харилцаа нь харилцан буцаан олгох харилцаа болж өөрчлөгддөг бөгөөд хариуцагч нэгэнт нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан  саналыг хүлээж авсан, гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар үлдэгдэл шалыг биет байдлаар хүлээн авч, нэхэмжлэгчийн тодорхойлсон шалны үнэ 52 330 297 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч талаас үлдэгдэл шалыг хариуцагчид хүлээлгэж өгөлгүй, 4 жилийн хугацаа өнгөрсөн, мөн шаардлага хангахгүй агуулахад хадгалсан болох нь үзлэгээр нотлогдсон, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.2-т зааснаар “гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан” гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу П П М ХХК-д төлбөр төлөх үүрэг үүсэхгүй байна.

 

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 162 473 206 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлага болон хариуцагчийн 7 295 541 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 422 750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 679 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч П П М ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 162 473 206 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т Ч ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 422 750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 679 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ