Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01523

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01523

 

 

ТЧ ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01476 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТЧ ХХК--ийн нэхэмжлэлтэй, ППМ ХХК- холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 162 473 206 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ТЧ ХХК-, ППМ ХХК- нарын хооронд 07/2017 тоот дугаартай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ППМ ХХК- нь гэрээнд заасан чанар, стандартад нийцсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Swiss Krono брэндийн паркетин шал, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Dollken брэндийн шалны хүрээ болон дэвсгэр нийлүүлэх, захиалагч ТЧ ХХК- нь гэрээний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дээрх №07/2017-1 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, бараа бэлтгэн нийлүүлэх эцсийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд шалаа нийлүүлээгүй, гэрээгээ зөрчиж байсан тул манай талаас гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч ППМ ХХК- нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0046 тоот албан бичгээр алдаагаа хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлахгүй байхыг хүссэн тул гэрээний дагуу паркетин шал нийлүүлэгдэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Премиум ресиденс орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь Номун виллаж орон сууцны хотхонд угсрагдсан. Гэтэл угсарсан паркетин шал нь ирмэг хэсгээрээ сөрдийж, хөндийрч, 4 булан нь хаталт өгч дээшээ сөрдийж, паркет хооронд зай засвар их гарсан тул энэ талаар нийлүүлэгч талд мэдэгдэж, тус компанийн менежер, технологич нар газар дээр нь ирж үзээд өөрсдөө угсарсан боловч мөн адил доголдол гарч энэ талаар хоёр тал харилцан байлцаж, видео бичлэг хийж, харилцан акт үйлдсэн. Манай компани паркетин шалны чанар байдлыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт дээж өгч шинжилгээ хийлгэхэд тус газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 02-07-099/1311 тоот албан бичгээр Монгол улсын стандарт MNS3027:81, шахмал хавтан MNS CAN/CGSB-11.3:2011 стандартын шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон талаарх дүгнэлтийг Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний хамт ирүүлсэн. Гэрээний ерөнхий нөхцлийн 5.1-д заасны дагуу бид ППМ ХХК--д нийлүүлсэн барааны доголдлыг арилгах тухай шаардлагыг тавьсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй тул манай компани өөрийн зардлаар шалыг хуулан авч, гуравдагч компаниас шал худалдан авч суурилуулсан. Мөн ТЧ ХХК--аас ППМ ХХК--д холбогдуулан санаатайгаар чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж цагдаад гомдол гаргасан бөгөөд гомдлыг шалгах явцад мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/102/10 тоот дүгнэлтээр ППМ ХХК--ийн нийлүүлсэн шал нь чанар, стандартын шаардлага хангахгүй болох нь давхар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 256 515 182 төгрөг шилжүүлсэн, үүнээс 246 701 255 төгрөгийн шалыг манай тал хүлээж авсан, дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч үзлэгээр нийт 52 330 297 төгрөгийн шал байгаа болох нь тогтоогдсон тул олон жилийн явцад хадгалах, зөөж тээвэрлэхэд хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байгаа 204 184 885 төгрөгийн шалны үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дээрх шаардлага хангахгүй шалны үнэд 52 330 297 төгрөг, илүү төлсөн зөрүү болох 9 813 920 төгрөг, алданги 10 854 000 төгрөг, шалыг угсрах, буцааж хуулж авах, ачих, тээвэрлэх, хадгалахад гарсан зардал, хохирол 63 314 279 төгрөг,  байгаа шалны дүн болох 52 330 297 төгрөгийн үнийн дүнгээс алданги тооцоход 26 167 148 төгрөг, нийт 162 473 206 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Гэрээ хэрэгжих явцад хариуцагч тал гэрээний хугацаагаа хоцроосон байгаа бөгөөд үүнд өөрсдөө хүртэл алданги 10 850 000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч талд шал хүлээлцсэн тухай үнийн дүнтэй акт өгсөн. Тэр баримт нийтдээ 246 701 255 төгрөг болж бай, гэтэл бид 256 515 182 төгрөг төлсөн тул зөрүү 9 813 920 төгрөгийг төлөх ёсгүй. Хуулж авсан шалыг буцааж авч чадахгүй гэж хариуцагч тал тайлбарлалаа. Хуулж авсан нь хариуцагч талаас болсон гэдэг нь хавтаст хэргийн баримтаар нотлогдож байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах хуралдан авах гэрээ байгуулагдсан. Свисс кроно брендийн шалыг нийлүүлнэ гэдгийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дагуу шалыг нийлүүлсэн бөгөөд нийлүүлснээс хойш 2 сарын дараа нэхэмжлэгч нь энэ шалтай холбоотой гомдол санал гаргасан нь шалыг угсраад хийсний дараа шалны ирмэг сөрдийсөн гэсэн гомдлыг гаргаж тавьсан. Худалдагчийн үүрэг бол тухайн бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн, дутагдалгүй, механик гэмтэлгүйгээр хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Шалны доголдол 11 дүгээр сард илэрсэн нь энэ үе нь хүйтний улирал байсан. Хүйтэн нөхцөлд халаалт аваагүй барилга дотор шалыг угсарснаар шалны хадгалалтын болон угсралтын технологийн горим алдагдсан байх магадлалтай. Хоёр удаагийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт гарсан боловч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан нотлох баримт бөгөөд тэрхүү эрүүгийн хэрэг нь хожим нь хэрэгсэхгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлээгүй нотлох баримт юм. Дээрх Мэргэжлийн хяналтын газраас гарсан дүгнэлтүүд нь бүгд манай нийлүүлсэн шалнаас дээж аваагүй, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн доголдол мөн эсэхэд эргэлзээтэй байна. Манай байгууллага нь шал үйлдвэрлэгч компани биш, гэрээт борлуулагч бөгөөд хэрвээ үйлдвэрлэгчийн шал доголдолтой байвал доголдлыг мэдсэн даруйд үйлдвэрлэгчид буцаан солиулж өгөх эрх нь байгаа. Хоёр талаасаа уулзаж 2018 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдөр үзлэг хийсэн. Үзлэгээр 576 м.кв шалыг 10-ны өдөр, 1205 м.кв шалыг 11-ний өдөр үйлдвэрлэгчийн шалтгаантай доголдол биш гэсэн  угсарсан байсан шал нь сөрчихсөн байна гэсэн байдаг. Гэрээгээр ППМ ХХК- нь гэрээний зүйлийн хадгалалтын талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй, угсралттай холбоотой байгууллага олж өгөх талаар ямар нэгэн зүйлд оролцоогүй. Тийм учраас тухайн шал яг юунаас шалтгаалж доголдол үүссэнийг тогтоох зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу шүүх хуралдаанаар хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гаргах байгууллагыг томилоод, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ямар ч шинжээчийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байдаг. Тийм учраас энэ журмаар тухайн шалыг доголдолтой гэснийг нотолсон нотлох баримт энэ хавтаст хэрэгт байхгүй. ППМ ХХК-ТЧ ХХК--аас ирсэн албан бичгүүд байдаг бөгөөд тэдгээрт албан ёсоор гэрээнээс татгалзсан эсхүл цуцалсан талаар албан тоот байдаггүй зөвхөн чанарын доголдол илэрсэн учраас цаашид ямар нэгэн байдлаар шал авахгүй, гэрээ дуусгавар болж байгаа гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн байдаг тул гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, харин цаашид шал авахгүй гэрээг дуусгавар болгож байгаа агуулгатай байсан. Гэрээгээр манай тал нэхэмжлэгчид 15 625 м.кв шал нийлүүлэх ёстой байснаас 10 510 м.кв шал нийлүүлсэн байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл, 1 м.кв-ийн үнэ болох 19 900 төгрөгийн шалнаас 6700,86 м.кв шал нийлүүлсэн нь 133 347 028,03 төгрөг, 1 м.кв-ийн үнэ 23 000 төгрөгийн үнэтэй шалнаас 3809,97 м.кв шал нийлүүлсэн нь 87 956 256,72 төгрөг, зөөлөвч 6094 м.кв-ийг үнийн дүн нь 45 188 000 төгрөг, нийт 266 491 293,75 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тайлбарт 52 330 297 төгрөг гэдэгт хуулсан шал, хайрцагтай байсан шал нийлээд орчихсон байгаа. Боодолтой байгаа шалны хэмжээ бол 1921,26 м.кв, хуулсан шал нь 653,6 м.кв болж байгаа, ингээд 2574,9 м.кв шал болсон. Хариуцагч агуулахад үлдсэн хэрэглэсэн, хэрэглээгүй бүх шалны үнийг нийлүүлэн нэхэмжлэгч талаас нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Яг манай нийлүүлэгдсэн байгаа хайрцагтай, задлаагүй шалнаас дүгнэлт гаргасан бол өөр үр дүн гарах байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Боодолтой байгаа 1921,26 м.кв шалыг нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглана уу, хураана уу яах нь өөрсдийнх нь эрхийн асуудал байх тул бидэнд хамааралгүй гэж үзэж байна. Дэвсээд хуулсан байгаа шалны тухайд ямар шалтгааны улмаас хуулсан тухай, үнэхээр шалны доголдлын улмаас хуулсан гэдэгтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа учраас үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас алданги болон учирсан хохиролд 63 314 279 төгрөг нэхэмжилж байгааг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, ППМ ХХК- нь нийт 266 778 361 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс ТЧ ХХК- нь 156 515 182 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болон 7 дугаар сарын 28-ны өдөр тус тус 2 удаагийн шилжүүлгээр Голомт банкны данс руу шилжүүлж, 100 000 000 төгрөгийг орон сууцаар бартер хийж, тооцож төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөрт 10 263 179 төгрөг үлдсэнээс бараа, материалыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгээгүй алдангид манай компани 2 967 638 төгрөгийг суутгасан бөгөөд 7 295 541 төгрөг үлдсэн. Иймд ТЧ ХХК--аас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №07/2017 тоот Бараа материал нийлүүлэх гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 7 295 541 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид Номуун виллаж хотхонд очоод тухайн шалыг үзээд фото зураг аваад баримтжуулаад угаалгаад хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч талын хайгаад олохгүй байгаа гэсэн шал нь Номуун виллаж хотхоны орон сууцуудад аль хэдийн дэвсэгдээд худалдагдсан байгаа. Иймд бид гэрээний дагуу шалаа нийлүүлсэн, нийлүүлсэн шалны хэмжээний төлбөрийг авах зайлшгүй шаардлагатай учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ППМ ХХК--аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 162 473 206 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ТЧ ХХК--ийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 422 750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 679 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Худалдагч тал нь өөрсдийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь доголдолтой болохыг хүлээн зөвшөөрөөд акт үйлдчихсэн, тухайн доголдлыг талууд газар дээр үзэж бэхжүүлээд видео бичлэг хийсэн, тухайн шал нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу чанар стандартын шаардлага хангахгүй болох талаар эрх бүхий байгууллагын 2 шинжээчийн дүгнэлт хэрэгт байхад тэдгээрийг огт үнэлэлгүйгээр, харин хариуцагчийн татгалзлыг баталсан нэг ч ширхэг нотлох баримтгүй тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хуулж авсан доголдолтой шаланд шүүхээс үзлэг хийж тоо хэмжээг нь тогтоосон бөгөөд дээрх шалны хэмжээнд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түүнд оногдох төлсөн төлбөрийг гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүх бараа бүтээгдэхүүний ихэнхи хэсгийг нь ашигласан байна, тийм учраас 52 330 297 төгрөгийн бүтээгдэхүүн доголдолтой байх нь хамааралгүй, хариуцагчийн доголдолтой барааг өөрсдөд нь аваачиж өгөлгүй зориулалтын бус агуулахад хадгалсан байна гэх илт хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс дээрх доголдолтой барааг сольж өгөх, эсвэл төлбөрийг буцаан төлөх тухай шаардлагыг хариуцагчид тавьсан ч хүлээн аваагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ тухай баримт хэрэгт хангалттай байхад шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргалаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ТЧ ХХК- нь хариуцагч ППМ ХХК--д холбогдуулж доголдолтой бараа материал нийлүүлсний улмаас гэрээний үүрэгт төлсөн 389 645 365 төгрөгийг буцаан гаргуулах, доголдлыг арилгахтай холбоотой хохирол 63 314 279 төгрөг, нийт 452 959 644 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шалны үнэд төлсөн  52 330 297 төгрөг, илүү төлсөн 9 813 920 төгрөг, алданги 10 854 000 төгрөг, хохирол 63 314 279 төгрөг, үлдсэн шалны үнийн дүнгээр тооцож алданги 26 167 148 төгрөг, нийт 162 473 206 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээгээр хариуцагч компани нь ОХУ-ын Кроно стар фирмийн ламинатан 8 мм зузаантай шал 1 м.кв-ыг 19 900 төгрөгөөр тооцож, 12170,85 м2 буюу 242 199 915 төгрөгийн, 8 мм зузаантай шал 1 м2-ыг 23 000 төгрөгөөр тооцож 3454,15 м.кв буюу 79 445 450 төгрөгийн, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Dollken брэндийн шалны 10 см өндөртэй цагаан хүрээг 8100 м-ыг 1 метрийг 6 000 төгрөгөөр тооцож 48 600 000 төгрөгийн, 1.3 см зузаантай шалны дэвсгэрийг 9700 м.кв-ыг 1 м.кв-ыг 2 000 төгрөгөөр тооцож 19 400 000 төгрөгийн, нийт 389 645 365 төгрөгийн шалыг гэрээний хавсралтад заасан хугацаанд нийлүүлэх, захиалагч ТЧ ХХК- нь бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон орон сууцаар төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг зөв тогтоосон байна. /хх-ийн 5-10 /

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч компани хариуцагч компанид нийт 256 515 182 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй, харин хариуцагч компанийн нийлүүлсэн шалны хэмжээний талаар зохигчид өөр өөр тайлбар гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан санхүүгийн баримтад үндэслэн хариуцагч компанийг нийт 258 137 788 төгрөгийн шал нийлүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлбөр төлсөн гэх 9 813 920 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн үлдэгдэл төлбөр гэх 7 295 541 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Талууд хариуцагч компанийн нийлүүлсэн ламинатан шал доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар ...гэрээний дагуу паркетин шал нийлүүлэгдэж, Премиум ресиденс, Номун виллаж орон сууцны хотхонд угсрагдсан. Гэтэл угсарсан паркетин шал нь ирмэг хэсгээрээ сөрдийж, хөндийрч, 4 булан нь хаталт өгч дээшээ сөрдийж, паркет хооронд зай засвар их гарсан тул энэ талаар нийлүүлэгч талд мэдэгдэж, тус компанийн менежер, технологич нар газар дээр нь ирж үзээд өөрсдөө угсарсан боловч мөн адил доголдол гарч энэ талаар хоёр тал харилцан байлцаж, видео бичлэг хийж, харилцан акт үйлдсэн... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон байна.

 

1. Нэхэмжлэгч компани 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/425 тоот шалны тухай гэсэн утга бүхий албан бичгээр хариуцагч компанид ...танай нийлүүлсэн паркетин шалыг шаланд шахсанаас хойш тодорхой хугацааны дараа шалнаас хөндийрч, захаараа нумарч гарч ирээд байгаа... талаар мэдэгджээ. /хх-ийн 24/

Мөн нэхэмжлэгч компанийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/461 тоот шаардлага хүргүүлэх нь гэсэн утга бүхий албан бичгээр танай компанийн нийлүүлсэн паркет хэсэг хугацааны дараа ирмэгүүд нь дээш сөрдийж, босч ирж байгаагаас болж 3-р ээлжээр шал захиалахгүй, гэрээг цуцлах болсныг, доголдолтой шалны талаар хариу өгөхийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний албан бичгээр мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн... болохыг хариуцагч компанид мэдэгдсэн байна. /хх-ийн 195/

 

2. Нэхэмжлэгч компанийн захирал Б.Ундрахбаяр хариуцагч компанийн төлөөлөгч Ч.Саранчимэг, Б.Уранчимэг нарт Номун виллаж орон сууцны барилгын зарим орон сууцанд шалласан ламинатан шалны доголдлын талаар 2018 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд танилцуулж, энэ тухай дүрс бичлэг хийсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд уг дүрс бичлэгт талууд акт үйлдэх талаар тусгагдсан, үүний дараа талуудын төлөөлөл Шалны хэмжээ тогтоосон тухай акт үйлдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. /2хх-ийн 17-21, 29-30, 39, 41/

Шалны хэмжээ тогтоосон тухай 2018 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрийн акт нь хэлбэрийн хувьд бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй боловч хариуцагч тал уг бичмэл нотлох баримтыг эсэргүүцээгүй, эдгээр актууд үйлдэгдсэн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг актад тусгагдсан баримтат мэдээлэл нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм. Эдгээр актуудад ...нийлүүлсэн шалыг шахахад булан нь сөрдийсөн, шахсаны дараа уулзвараар босож ирсэн зарим орон сууцанд шалласан шалны нийт талбайг энэ комиссоор тогтоов... гэж тусгажээ. /хх-ийн 14, 15/

 

3. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Паркетан шалны чанар байдлын тухай гаргасан дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/102/10 тоот дүгнэлтүүдээр, 24 цаг ус шингээсний дараах эзлэхүүний өөрчлөлт 10 хувиас ихгүй байхаас 12 хувь гарч байгаа нь Шахмал хавтан MNS CAN/CGSB-11.3:2011 стандартын шаардлагын эдлэхүүний өөрчлөлийн үзүүлэлтийг хангахгүй, Монгол Улсын стандарт MNS3027:81 стандартын 2.1-д /банзанцаруудын нүүр болон эсрэг тал тэгш зэрэгцээ байдлыг хадгалсан байх бөгөөд ирмэгүүд нь шулуун эвдрээгүй, бүтэн байх/ гэсэн заалтыг хангахгүй бүтээгдэхүүн болох талаар дүгнэгджээ. /хх-ийн 16-22/

 

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийг бичмэл нотлох баримтын хувьд үнэлэх боломжтой болохыг зөв дүгнэсэн хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй гэж үзсэн нь буруу байх бөгөөд эдгээр бичмэл нотлох баримтыг дээр дурдсан бусад бичмэл нотлох баримтуудтай, түүнчлэн гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэж чадаагүй байна.

 

4. Шинжээч Л.Ганбаатар шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо ...Дүгнэлтэд дурдсан Монгол Улсын стандарт MNS3027:81 гэдэг нь яг энэ паркетин шалны стандарт биш юм. Манай улсад паркет, ламинатан шалны үндэсний техникийн шаардлага, стандарт байхгүй, паркетин шалны техникийн шаардлага буюу жишээлбэл ус шингээлтийг заасан гэх мэт нарийн шаардлага заасан стандарт тогтоогдоогүй. Харин зүймэл шалны шаардлага гээд 1987 оны стандарт байдаг. Тэр нь цэвэр модон зүймэл шаланд тавигддаг стандартаар дүйцүүлж үзэхэд хэлбэр хэмжээ нь алдагдсан байдал дүгнэлтээр гарсан. Мөн шахмал хавтангийн стандартаар дүйцүүлсэн дүгнэлтийг гаргасан гэж тайлбарласан.

 

Гэвч тэрээр дээрх гаргасан дүгнэлтийн үндэслэлээ ...би газар дээр нь очоод шалнуудыг үзэхэд доголдолтой, нумарч хөндийрч сөрдийсөн, шаардлага хангахгүй байгаа нь тодорхой байсан... үйлдвэрээс гарч ирсэн бүтээгдэхүүний орц найрлага, бүтцээс хамаарч ус шингээсний дараах эзлэхүүний зузааны өөрчлөлт нь тогтоогддог. Түүнээс биш хадгалалт, угсралтаас шалтгаалан ус шингээлтийн үзүүлэлт өөрчлөгдөх үндэслэл байхгүй... гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 37-38/

 

Дээр дурдсан бичмэл нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд чанарын шаардлага хангахгүй эд хөрөнгө буюу доголдолтой паркетан шал нийлүүлсэн хариуцагч компани өөрийн гэм буруугүй байдлаа нотлоогүй тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч тал гэрээний дагуу чанарын шаардлагад нийцсэн бараа материалыг нийлүүлсэн, тухайн шалыг ашиглах болон угсрах явцад алдаа гарсны улмаас доголдол үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, гэрч Л.Ганбаатарын ...хадгалалт, угсралтаас шалтгаалан ус шингээлтийн үзүүлэлт өөрчлөгдөх үндэслэл байхгүй... гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна. /хх-ийн 37-р талын ар тал/

Мөн гэрээний 5.1 дэх хэсэгт ...Бараа материалын чанарт 3 жилийн баталгаат хугацаа өгнө... гэж заасан, нэхэмжлэгч хамгийн сүүлийн шал нийлүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 2 сарын дараа доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн, ...нийлүүлсэн ламинатан шалыг шаланд шахсанаас хойш тодорхой хугацааны дараа нумарч хөндийрч сөрдийсөн... болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон зэргээс үзэхэд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэх хариуцагчийн татгалзал тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үздэг байна.

Дээрх байдлаар хариуцагч компани нь доголдлыг арилгах худалдан авагч буюу нэхэмжлэгч компанийн шаардлагыг биелүүлээгүй учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзнэ.

 

Мөн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой болох нь дээрх байдлаар тогтоогдож, нэхэмжлэгч компани нь худалдан авагчийн хувьд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шалны үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг оролцуулан ламинатан шал хадгалж буй агуулахад үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хуулсан болон боодолтой байгаа 2574.9 м.кв талбай бүхий ламинатан шал байгаа болох нь талуудын тайлбар болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /2хх-ийн 45-46, 99/ Улмаар нэхэмжлэгч тал үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Гэрээнд ламинатан шалны загвараас хамаарч 1 м.кв шалны үнийг 19 900 төгрөгөөр, 23 000 төгрөгөөр тус тус тооцсон байдаг боловч үзлэгээр аль загварын шалнаас хэдий хэмжээний шал үлдсэн болохыг ялгаж тодорхойлоогүй, зохигчид аль аль нь шалны 1м.кв-ийн үнийг 19 900 төгрөгөөр тооцохоор тайлбар гаргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2574.9 м.кв талбай бүхий ламинатан шалны үнийг 19 900 төгрөгөөр тооцож, 51 240 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч уг хохирол учирсан, зардал гаргасан нь нотлогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч доголдолтой холбогдуулж гаргасан хадгалалтын хөлс Эм Эс Пи Пи ХХК-д төлсөн гэж 21 000 000 төгрөг нэхэмжилсэн байх боловч тус компанитай байгуулсан хадгалалтын гэрээ хэрэгт авагдаагүй, кассын зарлагын ордер гэсэн нэг талын баримтаар нэхэмжлэгч компаниас Эм Эс Пи Пи ХХК-д 16 500 000 төгрөгийн болон 4 500 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Мөн Даацын цамхаг ХХК-д төлсөн гэх тээвэр, ачилтын хөлс 1 960 000 төгрөгийн кассын зарлагын ордероор нэхэмжлэгч компаниас шилжүүлсэн зарлагын гүйлгээг хийгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүйгээс гадна хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх-ийн 27-34/

 

Аараг-5 хайрхан ХХК-д паркет шахалтын ажлын хөлс төлсөн гэж нийт 40 354 279 төгрөг нэхэмжилснээс 2574.9 м.кв талбай бүхий ламинатан шалны үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ хэмжээгээр ламинатан шалыг хуулсан болон буцаан шахсан ажлын хөлсийг хохиролд тооцох боломжтой.

 

Хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлийн баримтаас үзэхэд паркетан шал шахах үнэлгээ нь м.кв нь 8 000 төгрөг, паркетан шал хуулахад 2400 төгрөгөөр тооцсон байгаагаас үзэхэд 26 769 600 төгрөгийг /2574.9*2400+2574.9*8000/ хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч компани нь ППМ ХХК--ийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0056 тоот албан бичигт үндэслэн 10 850 000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан боловч уг алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй ямар гэрээний үүрэгт тооцсон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн 12/

 

Түүнчлэн, доголдлын улмаас хариуцагч компанийн нийлүүлсэн нийт шалны зарим хэсгээр буюу 51 240 510 төгрөгийн хэмжээнд гэрээ цуцлагдсан тул түүнтэй холбоотой нэмэгдэл үүрэг нэгэн зэрэг дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 26 167 148 төгрөг гаргуулахаар шаардсан хэсгийг хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч компаниас 78 010 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01476 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ППМ ХХК--аас 78 010 110 төгрөгийг гаргуулж ТЧ ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 463 096 төгрөгийг, хариуцагчийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 295 541  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 гэснийг 2 гэж дугаарлан, тус заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч ППМ ХХК--аас 548 001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТЧ ХХК--д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970 317 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ