Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01461

 

 

 

 

 

 



 

2021 оны 07 сарын 06 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/01461

        Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-ХХ, С О-Х, өөрийн байранд байрлах Х банк ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ дугаар баг, Үйлдвэрийн район ХХ тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Жаргалан ХХ тоот хаягт байрлах, Б П ХХК /рд:000000/, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХ байр, ХХ тоотод байрлах Д Э Э К Ө ХХК /рд:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Жаргалан Х байр, ХХ тоотод оршин суух, Ж-ын Ч /рд:ЦЗ00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, Х дугаар хэсэг, Р хотхоны ХХ байр, ХХ тоотод оршин суух, Б-ийн Г /рд:ХБ00000000/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар ХХ мянгат, ХХ байр, ХХ тоот хаягт оршин суух, Т-ын Б /рд:ЧП00000000/ нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 617 539,53 ам доллар буюу 10 309 372 678,78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б П ХХК, Ж.Ч, Б.Г, Т.Б нар нь Х банкны Хан-Уул бизнес төвөөс 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2 000 000 ам.долларын зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-200ХХХХХ дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ-р баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ-р баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр, нэгж талбарын 080250081 дугаартай, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га эзэмших эрхтэй газар зэргийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулан, барьцааны гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээнд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан Д Э Э К Ө ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оролцон, зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нар нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот болон 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 170 244 ам.доллар, хүүгийн төлбөрт 449 735 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 959.30 ам.доллар нийт 620 938 ам.доллар 3 центийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 2640 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчдад зээл төлөх, зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч хариуцагч нар нь хаяг дээрээ байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхийн захирамжаар тогтоогдож байгаа нь зээлдүүлэгч болох банкийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд үзэж байна. Иймээс банк 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот болон 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 1 829 755 ам.доллар 86 цент, зээлийн хүүгийн төлбөрт 1 574 404 ам.доллар 46 цент, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 213 379 ам.доллар 20 цент, нийтдээ 3 617 539 ам.доллар 53 цент буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлбэл 10 309 372 678 төгрөг 78 мөнгийг зээлдэгч нараас гаргуулахаар шаардаж байна. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа тус тус дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Б П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Х банк ХХК нь Б П ХХК-тай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 ам.долларын зээлийг олгосон. Тус зээлийг авах болсон зорилго нь Б П ХХК-ийн 2013-2017 он хүртэлх хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр зам, төмөр замын ачих буулгах хэсэг, үйлдвэрийн барилгын өргөтгөлд зориулах байсан бөгөөд зээлээ зориулалтын дагуу ашиглаж барьцаа хөрөнгийн үнэ мөн дагаад өссөн. Гэтэл 2013 оны хавраас эхлэн төмрийн хүдрийн үнэ огцом унаж манай төмрийн хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрч, улмаар Б П ХХК-ийн борлуулалтын орлого саатсан тул 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Үүнтэй зэрэгцэн олон улсын зэх зээлд 1 ам.долларын үнэ мөн адил огцом өссөн нь манай компанид хүнд нөхцөл байдал тулгарч давагдашгүй хүчин зүйл бий болсон. Б П ХХК нь дээрх шалтгааны улмаас зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.14-ийн 5.2.14.3 дахь хэсэгт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд бичгээр мэдэгдэнэ гэж заасан үүргээ хэрэгжүүлж банканд мэдэгдэл хүргүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулах тухай санал хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл банкнаас уг хүсэлт, саналуудад албан хариу өгөхгүй байсаар 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д банк нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, шалгах, биечлэн танилцах эрхтэй гэж, 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх хэсэгт зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 7.1.10-т зээлдэгч төлбөрийн чадваргүй болох, 8 дугаар зүйлийн 8.2-т дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, 8.2.1-д 7.1.1-ээс 7.1.14 дэх хэсэгт заасан зөрчлийн аль нэг нь гарснаар гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, өөрт илт давуу байдал буюу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2640 хоногоор хэтрэхэд хүргэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцож зээлийн хүүд 1 574 404.46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 213 379.20 ам.доллар нэхэмжилж зээлдэгч талд хэт хохиролтой байдал бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй гэж заасан. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогсож, төлбөр төлөх чадваргүй болсон, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдал буюу хүдрийн үнэ огцом өсөж, зээлийг хуваарийн дагуу төлж чадахгүй болсноо удаа дараа зээлдүүлэгчид мэдэгдэж, зээл төлөх талаарх хүсэлт, саналуудыг удаа дараа гаргасаар байхад банкны зүгээс огт шийдвэрлээгүй, гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй, гэрээг зохицуулах арга хэмжээг авалгүй гэрээний хугацаа хэтрүүлж, зээлийн хүүгийн хэмжээг хэт ихэсгэхэд хүргэсэн болно. Зээлийн гэрээ байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 1410.68 төгрөг байсан бөгөөд банкны нэхэмжлэл гаргахдаа тооцсон 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2848.83 төгрөг болсон. Энэхүү ханшийн зөрүүний талаар бид 2016 онд банканд хүргүүлсэн албан бичгүүддээ дурдаж байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэн тооцох саналыг мөн хүргүүлж байсан болно. Иймд зээлдэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг баримтлах бөгөөд зээлдүүлэгчид гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн, зээлийн төлбөр төлөгдөхгүй болсон нь илт байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй зээлдэгчийг хугацаа хэтрэхэд хүргэж, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үлэмж их хэмжээгээр ихэсгэсэн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх зүйлээс үндэслэн зээлийн үндсэн төлбөрийг төгрөгөөр тооцуулах бөгөөд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй” гэв.

 

Хариуцагч Ж.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Х банк ХХК-ийн нэхэмжилсэн 10 309 372 678 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний бие иргэний хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа учир хууль эрх зүйн туслалцаа авч өөрийн өмгөөлөгчийн хамт хуульд нийцсэн дэлгэрэнгүй тайлбар болон нотлох баримтыг хүргүүлнэ” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Х банк ХХК нь өөрийн банк гэсэн давуу байдлаа ашиглаж маш их хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэж байна. Учир нь, Нэгдүгээрт, Х банк ХХК нь Б П ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот зээлийн гэрээ байгуулан 2.0 сая ам.долларыг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд уг ам.долларыг хуулийн этгээдийн харилцах данс уруу шилжүүлсэн байдаг бөгөөд иргэн миний зүгээс уг мөнгөн хөрөнгөөс 1 ам.доллар ч аваагүй болохыг энд цохон тэмдэглэж байна. Хоёрдугаарт, уг зээлийн гэрээний байгуулсан талуудад Б П ХХК-ийн захирал Ж.Ч мөн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Монгол Улсын иргэн Т.Б гэж маш тодорхой заасан бөгөөд Б.Г гэж огт заагаагүй байгааг шүүх анхааран үзнэ үү. Гуравдугаарт, Банк гэрээ байгуулах үед гэнэт манай хамтрагч нар болох Ж.Ч болон Т.Б нарт намайг ирж гарын үсэг зурахгүй бол зээл олгохгүй гэсэн утга бүхий шаардлагыг тавьж миний бие уг гэрээтэй огт танилцалгүйгээр хамгийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан. Дөрөвдүгээрт, миний бие уг зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зөвхөн хуулийн этгээд авсан зээлээ хариуцах ёстой гэж үзэж байна. Тавдугаарт, Х банк ХХК-ний зүгээс Б П ХХК-д зээл олгож, уг хуулийн этгээд төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа талаарх, мөн зээлийн өр төлбөрийг надаас нэг ч удаа шаардаж байгаагүй бөгөөд эдүгээ 8 жилийн дараа гэнэт шүүхэд намайг хариуцагчаар татаж байгаад зөвшөөрөхгүй, орон зай, хугацааны хувьд ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын иргэн миний бие Б.Г нь Х банк ХХК-ийн хариуцагч биш бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие өөрийн өмгөөлөгчийн хамт хууль зүйн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбар болон нотлох баримтуудыг хүргүүлэх болно” гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Юуны өмнө банкнаас Б П ХХК-ийн авсан 2 000 000 долларын зээлээс миний хувьд ямар ч мөнгө төгрөг аваагүй тиймээс аваагүй мөнгийг би яагаад төлөх ёстойгоо огт ойлгохгүй байна. Харин авсан компани уг зээлийг төлөх нь шударга явдал болно. 2013 онд зээлийг Б П ХХК авсан ба уг компани замын төсөлдөө зарсан байдаг. Ингээд төмрийн үнэ хэт унаж маш их хүндрэл учирсан байдаг ба энэ талаар миний мэдэхийн Х банканд мэдэгдэж, удаа дараа барьцаанд байгаа эд хөрөнгүүдээр хамтран худалдан борлуулж зээлийн өр төлбөрийг барагдуулах саналыг тэдний ТАК гэдэг өр барагдуулах албанд хүргүүлж байсан байдаг ба банк ямар ч арга хэмжээ авахгүй таг чиг болсон, ямар ч үйлдэл хийгээгүй байдаг юм. Нөгөө талаас дэлхий эдийн засгийн хямрал болж улмаар зах зээлийн нөхцөл байдал их хүнд болсон он жил байсан бөгөөд Б П ХХК нь давагдашгүй хүчин зүйлс бий болсон талаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас гэрчилгээ хүртэл гарсан байдаг юм билээ. Ийм давагдашгүй хүчин зүйл бий болж компани өр төлбөрөө барьцаа хөрөнгө зарж барагдуулах хүсэлтийг нь банк огт хүлээн авахгүй, ам.доллароор зээл олгосон учир өөрийн давуу байдлаа ашиглаж их хэмжээний ашиг олох зорилгоор ийн удаан хугацаанд хүү бодсон гэж үзэж байна. Хэрэв тухайн үед барьцаа хөрөнгийг хамтран зарж зээлийн  өр төлбөрийг төлсөн бол ийм их хэмжээний буюу 10 тэрбум төгрөг гарахгүй байсан. Үүний нэг тод жишээ зээл авч байхад1 доллар нь 1400 төгрөгтэй тэнцэж байсан харин гэтэл шүүхэд өгөхөд 2849 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл нэг дахин буюу 1489 төгрөгөөр авч байсан үеэс доллар өссөн нь зээлийн өр төлбөрийг мөн нэг дахин өссөн байна. Ингээд тооцохоор 10 тэрбум биш харин шударгаар үзвэл 5 тэрбум болох ёстой байхад банк мөнгө хүүлж, ханшны зөрүүнээс 5 тэрбумыг ашиг олж баялаг бүтээгч нарыг ийнхүү дампуурахад хүргэж байна. Банкны зүгээс иргэн намайг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байсан юм бол яагаад нэг ч удаа өр төлбөрөө төл гэж шаардаж байгаагүй, тийм албан бичиг ч ирүүлж байгаагүй юм бол оо. Долларын ханш 1 дахин нэмэгдсэн үед ийнхүү өр төлбөрөө төлөх ёстой гэж иргэн намайг шүүхэд өгч байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа миний хувьд дууссан гэж үзэж байна. Тиймээс би уг өр төлбөрийг төлөх үндэслэлгүй, мөн би уг мөнгийг аваагүй болохоор би хариуцахгүй” гэжээ.

 

Хариуцагч Д Э Э К Ө ХХК-ийн төлөөлөгч М.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус компанид гүйцэтгэх захирлын бүртгэлтэй байсан М.З нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Б П ХХК болон Д Э Э К Ө ХХК-аас албан ёсоор чөлөөлөгдөж, 2016 оны 3 сарын 01-ний өдрөөс хойш тус компаниудтай ямар ч хамааралгүй болсон болно. Д Э Э К Ө ХХК нь намайг өдий болтол тус компанийн гүйцэтгэх захирлын бүртгэлээс өөрчлөөгүйг миний бие саяхан мэдсэн бөгөөд энэ асуудал нь миний асуудал биш тус компанийн хариуцлагын асуудал билээ. Тус компани одоогийн байдлаар байгууллагын тамгаа гээсэн болон хувьцаа эзэмшигч Б.Мөнхбат нь байхгүй байгаагийн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй байгаа гэсэн. Энэ асуудлуудыг миний бие шүүхэд олон удаа тайлбарлаж хэлсэн ч гэсэн намайг улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа учир заавал авах ёстой, үгүй бол эрэн сурвалжлуулах захирамж гаргаж, хүчээр өгнө гэсэн байгаа. Иймд шүүхээс шаардсаны дагуу миний бие өөрт ямар ч хамааралгүй Д Э Э К Ө ХХК-д хамааралтай нэхэмжлэлийг хүлээн авч байна” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б П ХХК, Д Э Э К Ө ХХК,  Б.Г, Ж.Ч, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 617 539,53 ам доллар буюу 10 309 372 678,78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, өөрт илт давуу байдал буюу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2640 хоногоор хэтрэхэд хүргэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцож зээлийн хүүд 1 574 404.46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 213 379.20 ам.доллар нэхэмжилж зээлдэгч талд хэт хохиролтой байдал бий болгосон. Зээлийн гэрээнд бизнесийн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан заалтууд орсон атал банкны зүгээс ямар нэгэн санаачилга гарган арга хэмжээ аваагүйгээс өндөр хэмжээний ханшийн зөрүү бүхий өр төлбөр төлөх үүрэгтэй болсон. 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 1410.68 төгрөг байсан бол банкны нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2848.83 төгрөг болсон” гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

            Хэргийн баримтаар, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х банк ХХК болон Б П ХХК-ийг төлөөлж Ж.Ч, Т.Б нарын хооронд 2 000 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ЗГ-13/27 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.    

            Улмаар зээлдэгчийн хүсэлт, зээлийн хорооны хурлын шийдвэрт үндэслэж 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Х банк ХХК нь Б П ХХК-ийн гүйцэтгэх захирал М.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Б, Ж.Ч, Б.Г, Д Э Э К Ө ХХК-ийг төлөөлж Ж.Ч нартай байгуулж, тус гэрээгээр гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд зээлийн гэрээний зүйл болсон 2 000 000 ам.долларыг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй.  

 

            Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох тул зохигчид зээлийн гэрээгээр гадаад валют буюу 2 000 000 ам.доллар зээлдэхээр тохиролцсон, уг зээлийг нэхэмжлэгч ам.доллараар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. 

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе гэж шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд ам.долларын үнэ цэнийг тухайн өдрийн арилжааны банкуудын тогтоосон ам.доллар төгрөгийн хэмжээгээр тодорхойлох тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш 2 849,83 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн зөрчил 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлсэн гэж тайлбарласан.

 

          Зээлдэгч, зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөнөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бий болсон байхад банк тус гэрээг цуцлаагүй, улмаар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад шүүхэд хандан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.  

 

            Иймд шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа талуудын Зээлийн үлдэгдлийн тулган баталгаажуулалт гэсэн баримт үйлдэх үеэс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэж, дээрх баримтаар тогтоосон үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 2 754 752,99 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2849,83 төгрөгөөр тооцож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 7 850 577 713 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 458 794 965,78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Х банк ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр улсын бүртгэлийн Ү-200ХХХХХХХ дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр зэргийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан талаар маргаагүй, дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

          Хариуцагч Ж.Ч, Б.Г, Т.Б нарын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтээр, Д.Н тэдгээрийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулах хэн аль нь татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Улмаар хүсэлт шийдвэрлэх шатанд, хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг гаргасан. Иймд шүүх нэгэнт шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлт гаргах үе шат өнгөрсөн, мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисон явдал нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг,

          Мөн хариуцагч Д Э Э К Ө ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд  нь Мандахын Зэсэнбаатар болох нь хэргийн баримтаар тогтоогдох тул шүүх нэхэмжлэлийн хувийг М.Зт гардуулсан, улмаар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч “Би Д Э Э К Ө ХХК-тай хамааралгүй учраас очихгүй” гэх тайлбарыг өгч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн бусад хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг,

          Хариуцагч М.З эрх үүрэг тайлбарласан баримт болон нөлөөллийн мэдүүлгийн баримтад гарын үсэг зурахгүй гэж тайлбарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1ХХ дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б П ХХК, Д Э Э К Ө ХХК, Ж.Ч, Б.Г, Т.Б нараас 7 850 577 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 458 794 965,78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-200ХХХХХХХ дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХ дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 704 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 39 410 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ