Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01541

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01541

 

Хбанк ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, бүрэлдэхүүнд шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01461 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хбанк ХХК--ийн нэхэмжлэлтэй, БП ХХК-, ДЭЭКӨ ХХК-, Ж.Ч-, Б.Г-, Т.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 617 539,53 ам доллар буюу 10 309 372 678,78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Б.Г-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БП ХХК-, Ж.Ч-, Б.Г-, Т.Б- нар нь Хаан банкны Хан-Уул бизнес төвөөс 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2 000 000 ам.долларын зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2003015008 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр, нэгж талбарын 080250081 дугаартай, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га эзэмших эрхтэй газар зэргийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулан, барьцааны гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээнд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан ДЭЭКӨ ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оролцон, зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нар нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот болон 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 170 244 ам.доллар, хүүгийн төлбөрт 449 735 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 959.30 ам.доллар нийт 620 938 ам.доллар 30 центийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 2640 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчдад зээл төлөх, зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч хариуцагч нар нь хаяг дээрээ байхгүй, энэ талаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон хариуцагчийн эрэн сурвалжилсан шийдвэр, захирамж хэрэгт авагдсан. Иймээс банк 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот болон 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 1 829 755 ам.доллар 86 цент, зээлийн хүүгийн төлбөрт 1 574 404 ам.доллар 46 цент, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 213 379 ам.доллар 20 цент, нийтдээ 3 617 539 ам.доллар 53 цент буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлбэл 10 309 372 678 төгрөг 78 мөнгийг зээлдэгч нараас гаргуулахаар шаардаж байна. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа тус тус дэмжиж байна гэжээ.

Хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хбанк ХХК- нь БП ХХК--тай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 ам.долларын зээлийг олгосон. Тус зээлийг авах болсон зорилго нь БП ХХК--ийн 2013-2017 он хүртэлх хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр зам, төмөр замын ачих буулгах хэсэг, үйлдвэрийн барилгын өргөтгөлд зориулах байсан бөгөөд зээлээ зориулалтын дагуу ашиглаж барьцаа хөрөнгийн үнэ мөн дагаад өссөн. Гэтэл 2013 оны хавраас эхлэн төмрийн хүдрийн үнэ огцом унаж манай төмрийн хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрч, улмаар БП ХХК--ийн борлуулалтын орлого саатсан тул 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Үүнтэй зэрэгцэн олон улсын зах зээлд 1 ам.долларын үнэ мөн адил огцом өссөн нь манай компанид хүнд нөхцөл байдал тулгарч давагдашгүй хүчин зүйл бий болсон. БП ХХК- нь дээрх шалтгааны улмаас зээлийн гэрээний 5.2.14.3-т үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд бичгээр мэдэгдэнэ гэж заасан үүргээ хэрэгжүүлж банканд мэдэгдэл хүргүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулах тухай санал хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл банкнаас уг хүсэлт, саналуудад албан хариу өгөхгүй байсаар 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээний 6.1-д банк нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, шалгах, биечлэн танилцах эрхтэй гэж, 7.1.9-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 7.1.10-т зээлдэгч төлбөрийн чадваргүй болох, 8.2-т дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, 8.2.1-д 7.1.1-ээс 7.1.14 дэх хэсэгт заасан зөрчлийн аль нэг нь гарснаар гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, өөрт илт давуу байдал буюу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2640 хоногоор хэтрэхэд хүргэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцож зээлийн хүүд 1 574 404.46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 213 379.20 ам.доллар нэхэмжилж зээлдэгч талд хэт хохиролтой байдал бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, 220.3 дах хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй гэж заасан. Зээлийн гэрээ байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 1410.68 төгрөг байсан бөгөөд банкны нэхэмжлэл гаргахдаа тооцсон 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2848.83 төгрөг болсон. Энэхүү ханшийн зөрүүний талаар бид 2016 онд банканд хүргүүлсэн албан бичгүүддээ дурдаж байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэн тооцох саналыг мөн хүргүүлж байсан болно. Иймд зээлдэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг баримтлах бөгөөд зээлдүүлэгчид гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн, зээлийн төлбөр төлөгдөхгүй болсон нь илт байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй зээлдэгчийг хугацаа хэтрэхэд хүргэж, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үлэмж их хэмжээгээр ихэсгэсэн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх зүйлээс үндэслэн зээлийн үндсэн төлбөрийг төгрөгөөр тооцуулах бөгөөд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Ж.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хбанк ХХК--ийн нэхэмжилсэн 10 309 372 678 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний бие иргэний хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа учир хууль эрх зүйн туслалцаа авч өөрийн өмгөөлөгчийн хамт хуульд нийцсэн дэлгэрэнгүй тайлбар болон нотлох баримтыг хүргүүлнэ гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хбанк ХХК- нь БП ХХК--тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/13/27 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 ам.долларыг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд уг ам.долларыг хуулийн этгээдийн харилцах данс уруу шилжүүлсэн байдаг бөгөөд иргэн миний зүгээс уг мөнгөн хөрөнгөөс 1 ам.доллар ч аваагүй болохыг энд цохон тэмдэглэж байна. БП ХХК--ийн захирал Ж.Ч-, хамтран үүрэг гүйцэтгэгч иргэн Т.Б- гэж маш тодорхой заасан бөгөөд Б.Г- гэж огт заагаагүй. Банк гэрээ байгуулах үед гэнэт манай хамтрагч нар болох Ж.Ч-, Т.Б- нарт намайг ирж гарын үсэг зурахгүй бол зээл олгохгүй гэсэн утга бүхий шаардлагыг тавьж миний бие уг гэрээтэй огт танилцалгүйгээр хамгийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан. Миний бие уг зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зөвхөн хуулийн этгээд авсан зээлээ хариуцах ёстой гэж үзэж байна. Хбанк ХХК--ний зүгээс БП ХХК--д зээл олгож, уг хуулийн этгээд төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа талаарх, мөн зээлийн өр төлбөрийг надаас нэг ч удаа шаардаж байгаагүй бөгөөд эдүгээ 8 жилийн дараа гэнэт шүүхэд намайг хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Г- нь Хбанк ХХК--ийн хариуцагч биш бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БП ХХК--ийн авсан 2 000 000 долларын зээлээс миний хувьд ямар ч мөнгө төгрөг аваагүй. 2013 онд зээлийг БП ХХК- авсан ба уг компани замын төсөлдөө зарсан байдаг. Ингээд төмрийн үнэ хэт унаж маш их хүндрэл учирсан байдаг ба энэ талаар миний мэдэхийн Хаан банканд мэдэгдэж, удаа дараа барьцаанд байгаа эд хөрөнгүүдээр хамтран худалдан борлуулж зээлийн өр төлбөрийг барагдуулах саналыг тэдний ТАК гэдэг өр барагдуулах албанд хүргүүлж байсан байдаг ба банк ямар ч арга хэмжээ авахгүй таг чиг болсон, ямар ч үйлдэл хийгээгүй байдаг юм. Нөгөө талаас дэлхий эдийн засгийн хямрал болж улмаар зах зээлийн нөхцөл байдал их хүнд болсон он жил байсан бөгөөд БП ХХК- нь давагдашгүй хүчин зүйлс бий болсон талаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас гэрчилгээ хүртэл гарсан байдаг юм билээ. Ийм давагдашгүй хүчин зүйл бий болж компани өр төлбөрөө барьцаа хөрөнгө зарж барагдуулах хүсэлтийг нь банк огт хүлээн авахгүй, ам.доллароор зээл олгосон учир өөрийн давуу байдлаа ашиглаж их хэмжээний ашиг олох зорилгоор ийн удаан хугацаанд хүү бодсон гэж үзэж байна. Зээл авч байхад 1 доллар нь 1 400 төгрөгтэй тэнцэж байсан харин шүүхэд өгөхөд 2 849 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, нэг дахин буюу 1489 төгрөгөөр авч байсан үеэс доллар өссөн нь зээлийн өр төлбөрийг мөн нэг дахин өссөн байна. Ингээд тооцохоор 10 тэрбум биш харин шударгаар үзвэл 5 тэрбум болох ёстой байхад банк мөнгө хүүлж, ханшны зөрүүнээс 5 тэрбумыг ашиг олж баялаг бүтээгч нарыг ийнхүү дампуурахад хүргэж байна. Банкны зүгээс иргэн намайг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байсан юм бол яагаад нэг ч удаа өр төлбөрөө төл гэж шаардаж байгаагүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа миний хувьд дууссан гэж үзэж байна. Тиймээс би уг өр төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 Хариуцагч ДЭЭКӨ ХХК--ийн төлөөлөгч М.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанид гүйцэтгэх захирлын бүртгэлтэй байсан М.З- нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш БП ХХК- болон ДЭЭКӨ ХХК-аас албан ёсоор чөлөөлөгдөж, 2016 оны 3 сарын 01-ний өдрөөс хойш тус компаниудтай ямар ч хамааралгүй болсон болно. ДЭЭКӨ ХХК нь намайг өдий болтол тус компанийн гүйцэтгэх захирлын бүртгэлээс өөрчлөөгүйг миний бие саяхан мэдсэн бөгөөд энэ асуудал нь миний асуудал биш тус компанийн хариуцлагын асуудал билээ. Тус компани одоогийн байдлаар байгууллагын тамгаа гээсэн болон хувьцаа эзэмшигч Б.М- нь байхгүй байгаагийн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй байгаа гэсэн. Энэ асуудлуудыг миний бие шүүхэд олон удаа тайлбарлаж хэлсэн ч гэсэн намайг улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа учир заавал авах ёстой,  үгүй бол эрэн сурвалжлуулах захирамж гаргаж, хүчээр өгнө гэсэн байгаа. Иймд шүүхээс шаардсаны дагуу миний бие өөрт ямар ч хамааралгүй ДЭЭКӨ ХХК-д хамааралтай нэхэмжлэлийг хүлээн авч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч БП ХХК-, ДЭЭКӨ ХХК, Ж.Ч-, Б.Г-, Т.Б- нараас 7 850 577 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хбанк ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 458 794 965,78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003015008 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 704 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 39 410 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухнай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд шүүх "...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа талуудын Зээлийн үлдэгдлийн тулган баталгаажуулалт гэсэн баримт үйлдэх үеэс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийн зөрчлийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлсэн гэж тайлбарласан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй, гэрээг цуцлах үндэслэл бий болсон нь зээлдүүлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлэхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дах хэсэгт заасан. Иймд гэрээний хугацаа дуусах 2017 оны 03 дугаар 20-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид шаардах эрх нь үүсч, гэрээг цуцлах нөхцөл үүссэн тул гэрээний хугацаа дууссан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны хүү болох 219 571 ам.доллар /1 829 755,86 ам.доллар *1,2% * 10 сар / * 2 849,83 = 625 740 023 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07/960 дугаартай зээлийн үлдэгдлийн тулган баталгаажуулалтад "...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар танай бүртгэлд тусгагдсан тус банкин дах доорх зээлийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүү баталгаажуулж өгнө үү, Энэхүү захидал нь төлбөрийн нэхэмжлэх биш..." гэсэн байх бөгөөд "БФП" ХХК нь "...Манай бүртгэлд 1 829 755,86 ам.доллар дүнгээр бүртгэгдсэн байгааг үүгээр уламжилж байна" гэснийг шүүх анхаарч үзэлгүй, үнийн дүнгийн зөрүүтэй байдлыг тодруулалгүй хэт нэг талыг баримталж банкны тогтоосон дүнтэй баримтыг үндэслэн үнийн дүнг тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед үйлчилж байсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт зээлийн гэрээнд "...зээлийг бүхэлд нь буюу хэсэгчпэн эргүүлэн төлөх нөхцөл"-ийг тусгах гэж заасан бөгөөд зээлийн болон нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой болохоос бус банкны баталгаажуулсан гэх баримт /хх 39 дэх тал/ зээлийн төлбөрийг тогтоох, тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Шүүхийн шийдвэрт "...нэгэнт шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах үе шат өнгөрсөн, мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисон явдал нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хуралдааныг цааш үргэлжлүүлсэн..." гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт "...Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна..." гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйл, 103.1, 103.2, 92 дугаар зүйлийн 92.2, 92.4, 92.6 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө болон шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь тус тус татгалзан гаргах хүсэлтээ гаргах эрхтэй байхаар зохицуулсан байна. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, шийдвэрлэхээр заасан байхад шүүгч өөрөөс нь татгалзсан татгалзлыг өөрөө шийдвэрлэж, Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг эдэлж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагч "БП" ХХК-ийн зүгээс зээлийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болж, давагдашгүй нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж маргасан ба өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүднээс зээлийн хувийг хэрэг, холбогдох бусад баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Иймд хэрэгт ач холбогдолтой, чухал баримтуудыг гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийг шударгаар шийдвэрлэх эсэхэд эргэлзээ төрсөн тул хариуцагчийн зүгээс шүүгчийг татгалзах үндэслэл болж, татгалзан гаргах хүсэлтийг гаргах үндэслэл болсон. Шүүхийн шийдвэрт ...бусад хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй..." гэсэн үндэслэлгүй болно. Хавтаст хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл авагдсан байх бөгөөд хариуцагч иргэн Ж.Ч-, Б.Г-, Т.Б- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна. Улсын дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 28-д заасны дагуу хариуцагч 3 иргэнд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч "ДЭЭКӨ" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх М.З- нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тус компанитай хамааралгүй болсон болохоо шүүхэд удаа дараа илэрхийлсэн байх бөгөөд уг компанийн байгууллагын тамгаа гээсэн болон хувьцаа эзэмшигч нь байхгүй байгаагийн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй байгаа тухай илэрхийлсэн. Хариуцагч "БП" ХХК-ийн өмгөөлөгч Д.Н нь мөн хамтран хариуцагчийн хувьд "ДЭЭКӨ" ХХК-ийн нөхцөл байдлын талаар шүүхэд тайлбарлан илэрхийлж, тус компанийн дийлэнх хувийн хувьцаа эзэмшигч Б.М нь сураггүй олдохгүй байгаагаас компани хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт өөрчлөлт оруулж чадахгүй байгаа, мөн компанийн тамга тэмдгээ авч чадахгүй байгаа талаар тодорхой тайлбарлаж хувьцаа эзэмшигч Б.М-ыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. М.З-ын хувьд улсын бүртгэлд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хэдий ч үүссэн нөхцөл байдлыг тайлбарласаар байтал шүүгч уг асуудлыг тодруулж, хариуцагч "ДЭЭКӨ" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд барьцааны гэрээг "ДЭЭКӨ" ХХК-ийг төлөөлөн М.З биш Ж.Ч- байгуулсан байдаг тул "ДЭЭКӨ" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг зайлшгүй тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй болно. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт тайлбарласан байна. Гэтэл шүүх хариуцагч "БП" ХХК, "ДЭЭКӨ" ХХК, Ж.Ч-, Б.Г-. Т.Б- нараас 7 850 577 713 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар зохицуулсан байх бөгөөд зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч 2 компани, 3 иргэн нь хэрхэн хариуцах эсэх, нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байна. Иймд шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хбанк ХХК- нь "БП" ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-13/27 тоот зээлийн гэрээ байгуулж 2 000 000 ам.долларыг олгосон бөгөөд уг ам.долларыг хуулийн этгээдийн зээлийн данс руу шилжүүлсэн байдаг. Уг зээлийн гэрээг компани зээл авсан болохоос иргэн Б.Г- миний бие Хаан банкнаас огт зээл аваагүй ба компанийн авсан зээлийн мөнгөнөөс иргэний хувьд нэг ч төгрөгийг ашиглаагүй. Нэгэнт л зээлийг хуулийн этгээд авсан байхад банк иргэдээр гарын үсэг зуруулчихаад тэр хүмүүсээр зээлийг хариуцуулна гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй зээл аваагүй, гэрээ байгуулаагүй, албан шаардлагаар гарын үсэг зурсан иргэн хүмүүсээр хуулийн этгээдийн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Зээл олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 21.4 дэх хэсэгт тус тус зааснаас үзвэл банк зээлдэгчид зээлийг олгох, тухайн зээлийг авсан этгээд нь буцаан төлөх үүргийг хүлээсэн байхад зээлийг хүлээн аваагүй, гэрээ байгуулаагүй иргэнд хариуцуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль ёсны болж чадаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр 9.1, 9.4, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэн Б.Г- миний эд хөрөнгийг барьцаалаагүй атлаа 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13/27 дугаар "БП" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээний арын нүүрэнд надаар гарын үсэг зуруулсан. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зуруулсан. Үндсэн зээлийн гэрээгээр иргэн Б.Г- миний бие зээлийн мөнгийг аваагүй тул тус зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт орсон гэрээнд гарын үсэг зуруулах шаардлагагүй байтал банк ямар нэгэн байдлаар гарын үсэг зурсан л бол зээлийг аваагүй байсан ч хариуцах ёстой мэтээр хариуцагч бус этгээдээс шаардаж байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг сайтар тодруулж, хуульд заасны дагуу зээлдэгчээс зээлийн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэх байтал зээлийн мөнгийг аваагүй, ашиглаагүй иргэдээс гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Зээл аваагүй, хөрөнгө барьцаалаагүй хариуцагч иргэд дээрх үнийн дүнг яагаад төлөх ёстой, төлөх хариуцагч нар нь ямар үнийн дүнгээр, хэд, хэдийг нь хариуцан төлөх ёстой нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэж боломжгүй байна. Ийнхүү шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх эсэх нь тодорхойгүй, хэн хэдэн төгрөгийг хариуцах ёстой нь ойлгомжгүй байгаагаас иргэн миний бие давж заалдах гомдол гаргахдаа ч хэдэн төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх нь тодорхойгүй байх тул 70 200 төгрөгийг төлж, гомдлоо шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд иргэн надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд очиж мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэргийн оролцогч эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч нарын шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах тайлбарыг гагцхүү зохигчид өөрсдөө гаргана гэсэн мэтгэлцэх зарчмыг хангалгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэж, хууль ёсны үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн шийдвэрийг гаргасан байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж. иргэн Б.Г- надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хбанк ХХК--ийн нэхэмжлэлтэй БП ХХК- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 617 593,53 ам.доллар буюу 10 309 372 678,78 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ нэгж талбарын 080250081 дугаартай, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га эзэмших эрхтэй газрыг орхигдуулж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Хбанк ХХК- нь хариуцагч БП ХХК-, ДЭЭКӨ ХХК-,  Б.Г-, Ж.Ч-, Т.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 617 539,53 ам доллар буюу 10 309 372 678,78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлдүүлэгч Хбанк ХХК- нь  зээлдэгч БП ХХК-, Т.Б- нартай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ-13/27 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 2 000 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, зээлдэгч нар зээл, хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл буцаан төлөх хуваарийг тус тус харилцан тохиролцсон, зээлийн барьцаанд БП ХХК--ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003015008 дугаарт бүртгэгдсэн, 000132808 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаарт бүртгэгдсэн, 000322400 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр зэргийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 15, 16,19-30 /

 

Мөн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ-13/27/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сараар сунгасан, зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 170 200 ам.доллар, хүүд 278 661,38 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 663,85 ам.доллар, нийт 449 525,23 ам.доллар төлж, өмнөх зээлийн үлдэгдэл 1 829 800 ам.доллар болохыг тодорхойлсон, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэгж талбарын 080250081 дугаарт бүртгэгдсэн, 0206927 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га эзэмших эрхтэй газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 17-30 /

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулсан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон БП ХХК--иас гадна Т.Б-, Ж.Ч-, Б.Г-, ДЭЭКӨ ХХК- нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болохыг үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээнд болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд зээлдэгч БП ХХК--иас гадна хамтран зээлдэгчээр Т.Б-, Ж.Ч-, Б.Г-, ДЭЭКӨ ХХК--ийг тус тус заасан, тэд гэрээнд гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний оролцогч талыг буруу тодорхойлсон, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахгүй гэсэн хариуцагч нарын татгалзал, хариуцагч Б.Г-ын давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 12, 17/

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба  хариуцагч тал зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 14, 17, 31, 34-38/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Гэвч анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа талуудын зээлийн үлдэгдлийн тулган баталгаажуулалт / хх-ийн 39 / гэсэн бичмэл баримтыг үндэслэн хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг буюу зээлийн үлдэгдэл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүг тооцоолсныг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.

Дээрх баримтаар тогтоосон 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 829 755,86 ам.доллар, хуримтлагдсан хүү 924 997,13 ам.доллар, нийт 2 754 752,99 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 849,83 төгрөгөөр тооцож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 7 850 577 713 төгрөгийг гаргуулан Хбанк ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 458 794 965,78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003015008 дугаарт бүртгэгдсэн, 000132808 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 315 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүхий төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нэгж талбарын 4505100258 дугаарт бүртгэгдсэн, 000322400 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах ширмэн гангийн үйлдвэрлэлийн зориулалттай 100 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баяжуулсан төмрийн хүдэр, Таваарын хүдэр зэргийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Харин шүүх барьцааны зүйл болох нэгж талбарын 080250081 дугаарт бүртгэгдсэн, 0206927 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га эзэмших эрхтэй газрыг орхигдуулсан байгааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ-ийг зээлийн хүү гэж томъёолсон байх тул зээлдэгчийн төлөгдөөгүй үндсэн зээлийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд ашигласан хугацааны төлбөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг зээлдэгчээс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш үүссэн шаардах эрхийг хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах буюу эрхийг үүрэгжүүлэн дүгнэх үндэслэлгүй, энэ нь хариуцагчийг хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хэтэрсэн хугацааны хүү 625 740 023 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар давж заалдах гомдол гаргасан, харин шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...олон улсын зах зээлд 1 ам.долларын ханш огцом өссөн нь манай компанид хүнд нөхцөл байдал тулгарч давагдашгүй хүчин зүйл бий болсон. БП ХХК- нь дээрх шалтгааны улмаас зээлийн гэрээний 5.2.14.3-т үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд бичгээр мэдэгдэнэ гэж заасан үүргээ хэрэгжүүлж банканд мэдэгдэл хүргүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулах тухай санал хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл банкнаас уг хүсэлт, саналуудад албан хариу өгөхгүй байсаар 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч тайлбараа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.

ХААН банктай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд болон 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Т.Б-, Ж.Ч-, Б.Г-, ДЭЭКӨ ХХК- нар нь хамтран зээлдэгчээр оролцсон ба зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг гэрээнд тухайлан тодорхойлоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн үүргийг тэнцүү гэж үзнэ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 302 дугаар захирамжаар хариуцагч БП ХХК-, ДЭЭКӨ ХХК-, Б.Г-, Ж.Ч-, Т.Б- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж байжээ. /хх-ийн 46-51/

Хариуцагч БП ХХК--ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр гүйцэтгэх захирал М.З-ыг чөлөөлж, Ж.Ч-ийг томилсон, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч-, хариуцагч Б.Г-, Т.Б- нарт шүүх 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан танилцуулсан байна. Шүүх эрх, үүргийг нь танилцуулах хэлбэрээр нотлох баримт бүрдүүлэх боломжийг хэргийн оролцогчид олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд нийцсэн. /хх-ийн 60/

Хариуцагч Ж.Ч-, Б.Г-, Т.Б- нар өмгөөлөгч Д.Н-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасан, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч оролцуулах талаар шүүхэд мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан /хх-ийн 109/ байх бөгөөд шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлснээс хойш хариуцагч Ж.Ч-, Т.Б- нар давж заалдах гомдол гаргаагүй байна. /хх-ийн 140/

Хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Н нар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон боловч хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, улмаар шүүгчийг татгалзах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй үндэслэлээр шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсантай холбоотойгоор шүүх хуралдааны танхимыг орхин гарсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 131-132/

Хариуцагч талын нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарт болон хүсэлтэд дурдсан асуудлаар шүүх хуралдаанаас өмнөх хангалттай хугацаанд хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт байхгүй, шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдоогүй хүсэлт гаргасныг шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангасан, хангаагүй нь шүүгчийг татгалзах бус, харин давж заалдах гомдол гаргах үндэслэлд хамаарна.

Өмгөөлөгч Д.Н- нь өөрийн хүсэлтийг шүүгчийг татгалзан гаргах гэж нэрлэсэн хэдий ч энэ нь нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хангаагүйг эс зөвшөөрсөн агуулгатай байна. /хх-ийн 128/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөл байдлаа өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хамааруулах нь мөн зүйлийн 91.2 дах хэсэгт нийцэхгүй.

Хариуцагч ДЭЭКӨ ХХК--ийн гүйцэтгэх захирал М.З-т нэхэмжлэлийн хувийг гардуулсан, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч ...шүүх хуралдаанд оролцохгүй... гэж удаа дараа мэдэгдэж байсан / хх-ийн 109, 123 / тул тэрээр мэтгэлцэх эрхээс татгалзсан гэж үзэхээс гадна эрх үүрэг тайлбарласан баримт болон нөлөөллийн мэдүүлгийн баримтад гарын үсэг зурахгүй гэж тайлбарласан болохыг шүүхийн шийдвэрт дурдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлснээс хойш давж заалдах гомдол гаргаагүй байна. /хх-ийн 140/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч БП ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Г- нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01461 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын ...зэргийг... гэсний өмнө ...нэгж талбарын 080250081 дугаарт бүртгэгдсэн, 0206927 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, Дэрст булан дахь Ган боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 080250081 дугаартай 30 га газар эзэмших эрх... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч БП ХХК--аас төлсөн 3 286 651 төгрөгийг, хариуцагч Б.Г-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ