Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01382

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01382

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Махамтма гандийн гудамж, Р хороолол, Х дугаар байрны ХХ тоотод оршин суух, О овогт, П-ийн Б /рд:БЭ00000000/-ын нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч Ч.А /ШТЭҮД-ХХХХ/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б нь Л.Ц-тай 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр том хүү Б.ТД, 2003 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Б.А, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Х, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.ТБ нар төрсөн. Энэ хугацаанд П.Б нь хөдөө орон нутагт байнга томилолтоор ажилладаг байсан. Энэ маргааны гол асуудал болох Хан-Уул дүүргийн харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв орон сууцны тухай асуудлыг нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сард санамсаргүй байдлаар гэрээсээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хаягтай дугтуйтай албан бичиг олж уншихад тус байр нь 2020 оны  10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан тухай олж мэдсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Ц-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв орон сууцыг П.Б,  Б.ТД, Б.А, Б.Х, Б.ТБ нарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг бөгөөд тус шүүхээс  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дундын өмчөөр тогтоосон шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэр гарсан боловч хууль зүйн үр дагаврын хувьд биелэгдээгүй бөгөөд энэхүү байртай холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12290678/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолууд гарсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн байранд албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан байдаг. Гэтэл эдгээр үйл явдал болоод өнгөрсний 6 сарын дараа нэхэмжлэгч нь олж мэдээд хууль ёсны эрхээ хамгаалахаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэснийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс гэр бүлийн дундын өмч мөн болох нь тогтоогдсон байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00796 тоот шийдвэрээр Л.Ц-гаас 48 250 000 төгрөгийг гаргуулж Н.С-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэлийн 19290678 тоот тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.Ц-гийн эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1032 дугаар албан бичгээр Л.Ц-гийн өмчлөлд /нэг иргэний өмч/ улсын бүртгэлийн Ү-2206016741 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв 1 өрөө орон сууц бүртгэлтэй байх бөгөөд иргэн Н.С-тай байгуулсан 2018 оны барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Л.Ц-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Л.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016741 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв 1 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19290678/01 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/356 дугаар тогтоолоор хөрөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК дээрх хураасан хөрөнгийг 63 739 500 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгчид 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн болно. Төлбөр төлөгч Л.Ц үнэлгээг зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан боловч төлбөр төлөгдөөгүй. Анхны дуудлага худалдаа явуулах тухай төлбөр төлөгч Л.Ц-д 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв орон сууц нь 54 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг төлбөр төлөгч Л.Ц өөрөө мэдэж байсан нь түүний гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байх бөгөөд дээрх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргах эрхтэй, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байдаг. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 1 жилийн дараа гомдлоо гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дуудлага худалдаа болсон талаар мэдээгүй гэж бичсэн байсан. Дуудлага худалдаа хувьд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд хавтаст хэргийн 78 дугаар талд төлбөр төлөгч Л.Ц-д мэдэгдсэн тэмдэглэл байгаа. Мөн хавтаст хэргийн 80 дугаар талд нэхэмжлэгч П.Б нь дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан тухай баримтууд байгаа. Үүнээс харахад энэ тухай мэдэж байсан гэдэг нь харагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус байр нь нэг хүний өмчлөлийнх гэсэн байсан бөгөөд энэ дагуу ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байдаг. Харин ажиллагаа явагдаад орон сууц дуудлага худалдаагаар худалдагдсаны дараа нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд хандаж дундын өмчлөлөөр тогтоолгосон шийдвэр гаргуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн байсан. Манай байгууллагын удирдлагаас энэ асуудлаар дуудлага худалдаагаар тухайн байр нь нь 54 500 000 төгрөгөөр зарагдсан бөгөөд төлөх ёстой төлбөр 48 250 000 төгрөг байснаас илүү гарсан мөнгийг бусад хамтран өмчлөгчөөр тогтоолгосон хүмүүст гаргаж өгнө” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

            Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...П.Б би хөдөө орон нутагт байнга томилолтоор ажилладаг байсан. Хан-Уул дүүргийн харш хороолол, ХХ дугаар байр, ХХ тоотод орших 30.21 м.кв орон сууц 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан болохыг 2021 оны 01 дүгээр сард санамсаргүй байдлаар гэрээсээ олж мэдсэн. Дээрх орон сууц нь П.Б, Б.ТД, Б.А, Б.Х, Б.ТБ нарын гэр бүлийн дундын өмч болохыг шүүх тогтоосон боловч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12290678/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолууд гарч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн байранд албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

                       Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаар, Н.С, Л.Ц нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч Л.Ц дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Н.С шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 183/ШШ2019/00796 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Ц-гаас 48 250 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 399 200 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 183/ГХ2019/00467 тоот гүйцэтгеэх хуудас олгосон болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 6 дугаар сарын 10, 20-ны өдрүүдэд төлбөрөө төлөх талаар Л.Ц-д мэдэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1032 тоот албан бичгээр Л.Ц нь өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, ХХ дугаар байрны 3 тоот орон сууцыг Н.С-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь тогтоогдох тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19290678/01 дүгээр тогтоолоор дээрх эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот тогтоолоор тухайн эд хөрөнгийг хураан авсан нь хуульд нийцжээ.  

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог боловч төлбөр төлөгчийн гаргасан саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/356 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай мөн нийцсэн, хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч маргаагүй, шаардлага гаргаагүй байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/02 тоот тогтоолоор тухайд эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 63 739 500 төгрөгийн 70 хувиар буюу 44 617 650 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, албадан дуудлага худалдаагаар худалдсаныг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Мөн хэргийн баримтаар маргаан бүхий орон сууц П.Б, Л.Ц, Б.ТД, Б.А, Б.Х, Б.ТБ нарын хамтран өмчлөх дундын өмч мөн болох нь тогтоогдох боловч энэ талаарх шүүхийн шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан, дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үед тухайн орон сууц Л.Ц-гийн өмчлөлд байсан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  





 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ