Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01381

 

 

 

 

 



 

2021 оны  06 сарын 23 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/01381

        Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, Х хэсэг, Анома хотхон, ХХ дугаар байрны ХХ тоотод оршин суух, Б овогт Ш-ын А /рд:УУ00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ХХ дугаар хороо, ХХ мянгат гудамж, ХХ дугаар байрны ХХтоотод бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар байрны ХХ тоотод түр оршин суух, Б овогт Ш-ын Б/РД:ШЕ00000000/-д холбогдох,

 

Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б /ШТЭҮД-0000/, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот орон сууцны өмчлөх эрхийг Д.Ц-аас Ч ХХК-ийн авлагатай шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Д.Ц нь энэ орон сууцыг бариулахдаа Ч ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд ажлын хөлсөө өгөхгүй байсны улмаас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр барилгын ажлын 1 289 805 001 төгрөг төлөхөөр шийдвэр гарсан, энэ шийдвэрийг гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Д.Ц нь 5 үл хөдлөх хөрөнгийг Ч ХХК-д шилжүүлж, төлбөрөө төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон. Үүний дагуу Ч ХХК-ний үүсгэн байгуулагч Ч.Батнасангийн эхнэр Ш.А-ын нэр дээр шилжин, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан юм. Хариуцагчийн хэлээд байгаа зээлийн гэрээ байгуулагдаж байх үед тухайн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд үүссэн маргааны улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 69 дүгээр зүйлд заасан байдаг арга хэмжээ авагдан битүүмжлэгдсэн байсан. Н.З нь Д.Ц-тай хамааралтай л хүн болохоос биш энэ үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн хамааралгүй бөгөөд хамаарал бүхий баримт ч байхгүй. Д.Ц-аас Ш.А руу шилжсэн үл хөдлөх хөрөнгө учраас зээлийн гэрээний мөнгө болон тухайн гэрээтэй холбоотой ямар ч зүйл байхгүй. Тухайн зээлийн гэрээ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа тусдаа асуудал тул Ш.Б болон түүний гэр бүлийн гишүүдийг тус орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Ц-ийн гэр бүлийн хүн болох Н.З-той зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг Н.З-ын Хаан банкны дансанд шилжүүлэн зээлдүүлж тэдний дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны ХХ тоот хаягт орших 2 өрөө байранд үнэгүй ашиглахаар тохиролцсон. Гэхдээ гэрээнд заасан байраа болиод Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны 21-1 тоотыг ашиглуулж байсан. Энэ нь тухайн үед байрны гэрчилгээг гаргаагүй байсантай холбоотойгоор өөрчлөгдсөн. Зээлийн гэрээ хийх үед Д.Ц нь “манай нөхөртэй гэрээ хийчих, аливаа гэрээг гэрийн эзэн хийдэг юм, энэ орон сууц бидний дундын өмч” гэж хэлж байсан. Дээрх зээлийн гэрээний 5-д зааснаар талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд зээлийн гэрээ дуусгавар болж миний бие үнэ төлбөргүй ашиглаж байсан орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой. Тухайн орон сууцны өмчлөгчид болох гэр бүлийн гишүүд буюу Д.Ц, Н.З нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул миний зүгээс уг орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй юм. Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээдэд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу миний өмнөх гэрээ дуусгавар болоогүй байгаа тул хөлслөх эрх минь хэвээр хадгалагдаж байгаа. Ш.А нь үнэхээр 2019 онд маргаан бүхий орон сууцыг авсан юм бол одоо яагаад гэнэт гарч ирж байгаа юм. Энэ нь байрны хуучин болон шинэ өмчлөгч гэх хүмүүс хоорондоо холбоотой гэж хардахаар байна. Хэрвээ Н.З зээлсэн мөнгөө буцаагаад өгчихвөл би одоо ч гэсэн энэ байрнаас гарахад бэлэн байна. Нэхэмжлэгч Н.З-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байж надад холбогдуулан нэхэмжлэл гаргасанд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Ш.Бд холбогдуулан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний нөхөр Ч.Батнасан Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01102 дугаарын шийдвэрээр 1 289 805 001 төгрөгийг Д.Ц-аас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Д.Ц нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 55 дугаар байрнаас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон өгснөөр дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” тайлбарласан. 

 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байна.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.

 

Хэрэгт авагдсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01102 дугаар шийдвэр, Ч ХХК-ийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Д.Ц, Ш.А нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, Д.Ц-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл зэрэг баримтаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Ц-аас 1 289 805 001 төгрөг гаргуулан Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, тус шийдвэр хүчин төгөлдөр болж, дээрх төлбөрт маргаан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот хаягт байршилтай, 74.6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаар бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг төлбөр төлөгчийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б овогт Ш.А-г бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдох тул Ш.А нь дээрх шаардлагыг гаргах эрхтэй, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ  “..2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Ц-ийн гэр бүлийн хүн болох Н.Зтой зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг зээлдүүлж, тэдний дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны ХХ тоот хаягт орших 2 өрөө байранд үнэгүй ашиглахаар тохиролцсон боловч гэрээнд заасан байраа болиод Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны 21-1 тоотыг ашиглуулж байсан. Тухайн орон сууцны өмчлөгчид болох гэр бүлийн гишүүд буюу Д.Ц, Н.З нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул миний зүгээс уг орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй, Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээдэд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу миний өмнөх гэрээ дуусгавар болоогүй байгаа тул хөлслөх эрх минь хэвээр хадгалагдаж байгаа” гэж тайлбарлан маргасан.

 

Хэргийн баримтаар, хариуцагч Ш.Б болон Н.З нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Ш.Б нь 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Н.З нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 55 дугаар байрны ХХ тоот хаягт орших 2 өрөө байрыг зээлийн гэрээний хугацаанд үнэгүй эзэмшүүлж, ашиглуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд Н.З нь тус хэргийн оролцогч биш байхаас гадна Ш.Б дээрх зээлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Н.З-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхэд уг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа зэргээс үзвэл Ш.Б, Н.З нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээргүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ш.Б хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан хэлцлийн дагуу тус орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж буй үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот орон сууцыг хариуцагч Ш.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Ш.Бтай 2021 оны 5 дугаар  сарын 10-ны өдөр байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр Ж.Баяржавхлан ажиллагаанд оролцсон бөгөөд тус хуралдаанд хуралдаан даргалагчаас, шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас асуухад талуудын хэн аль нь татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Улмаар тус хуралдаанд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцохооргүй байх тул шүүх хүлээн авахаас татгалзаж, Н.З-ын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг гаргасан. Иймд шүүх нэгэнт шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлт гаргах үе шат өнгөрсөн, мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисон явдал нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 55 дугаар байрны ХХ тоот хаягт байрлах, 74.6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаар бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ