Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01466

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01471

 

 

Ш.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01381 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Аын хариуцагч Ш.Бд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ерөнхий Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.А нь шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 21а тоот орон сууцны өмчлөх эрхийг Д.Цэндмаагаас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг шийдвэрийг гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Д.Цэндмаа нь 5 үл хөдлөх хөрөнгийг Чимо ХХК-д шилжүүлж, төлбөрөө төлж дуусгахаар талууд тохиролцсон. Үүний дагуу Чимо ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Батнасангийн эхнэр Ш.Аын нэр дээр шилжин, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Н.Зоригт нь Д.Цэндмаатай хамааралтай болохоос үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн хамааралгүй. Д.Цэндмаагаас Ш.А руу шилжсэн үл хөдлөх хөрөнгө учраас зээлийн гэрээний мөнгө болон тухайн гэрээтэй холбоотой ямар ч зүйл байхгүй гэжээ. 

Хариуцагч Ш.Бгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 12 сарын 03-ны өдөр Д.Цэндмаагийн гэр бүлийн хүн болох Н.Зоригттой зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг Н.Зоригтын Хаан банкны дансанд шилжүүлэн зээлдүүлж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны 22 тоот хаягт орших 2 өрөө байранд амьдрахаар тохиролцсон. Гэрээнд заасан байраа болиод Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55 дугаар байрны 21-1 тоотыг ашигласан. Энэ нь тухайн үед байрны гэрчилгээг гаргаагүй байсантай холбоотой. Зээлийн гэрээ хийх үед Д.Цэндмаа нь нөхөр Н.Зоригттой гэрээ хийчих, аливаа гэрээг гэрийн эзэн хийдэг юм, энэ орон сууц бидний дундын өмч гэж хэлсэн. Дээрх зээлийн гэрээний 5-д зааснаар зээлдэгч тал зээлээ бүрэн төлснөөр орон сууцыг хүлээлгэн өгнө. Д.Цэндмаа, Н.Зоригт нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцыг өгөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 55 дугаар байрны 21а тоот хаягт байрлах, 74.6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206074142 дугаар бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч талаар гэрч оролцуулах, сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хангаагүй. Мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад шүүгч шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан. Түүнчлэн шийдвэрийг танилцуулахдаа хариуцагчийг оролцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Ш.Бд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэн Д.Цэндмаа нь Чимо ХХК-д төлөх 1 289 805 001 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 21а тоот орон сууцны өмчлөх эрхийг Ш.Ад шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, орон сууц захиалгын гэрээ, улсын бүртгэлийн хэлтэст гаргасан бүрдүүлбэр зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 21а тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх 5, 23-26,36-41/

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч Ш.Аыг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хууль ёсны өмчлөгч болохыг зөв дүгнэжээ.

Хариуцагч Ш.Б нь иргэн Н.Зоригттой байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 55 дугаар байр, 22 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг үнэгүй ашиглахаар тохиролцсон гэж тайлбарлаж, зээл төлөгдөөгүй тул орон сууцыг чөлөөлөхгүй гэж маргаж, зээлийн гэрээг нотлох баримтаар гаргажээ. /хх 14/

Гэвч дээрх зээлийн гэрээг хариуцагч Ш.Бтай байгуулсан гэх Н.Зоригтоос Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасан эрх, үүрэг нэхэмжлэгч Ш.Ад шилжсэн гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй. Учир нь нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөх эрхийг Н.Зоригтоос шилжүүлэн аваагүй байна.

Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг А.Аюур гэж алдаатай бичсэнийг П.А гэж залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг давхар бичсэн байгааг хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01381 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 21а тоот гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ