Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01328

 

 

 

 

 

 



 

2021 оны 06 сарын 21 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/01328

        Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ХХ дугаар хороо, З ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 29 настай, эрэгтэй, С овогт Г-ын Г /рд:ФЯ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-ХХ, С О -Х, өөрийн байранд байрлах Х банк ХХК /рд:0000000/-д холбогдох,

 

 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны ЗГ201843613266 тоот “3ээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-нээс Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э /ШТЭҮД-ХХХХ/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З оролцов.

                                                                                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г.Г-ийн өөрийн төрсөн эгч Г.М-ын нөхөр байсан Э.Б нь “5 000 000 төгрөг хэрэгтэй болоод байна, би 5 000 000 төгрөг зээлэх гэсэн боловч заавал хамтран зээлдэгч хэрэг болоод байна надад тус болооч” гэж гуйсан. Тэгэхэд нь эгчийнх нь нөхөр байсан учир, мөн эгч нь зээл авах гэж байгаа учраас Г.Г энэ хүсэлтийг нь зөвшөөрч, “хоёулаа хамт яваад зээлийн гэрээг чинь байгуулчихъя” гэхэд Э.Б нь “би өөрөө очно чи надад зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээ өгөхөд л болно” гэж хэлсний дагуу нотариатаар “Г.Г-ийн нэрийн өмнөөс цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна” гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Э.Б Х банк ХХК дээр очин 5 000 000 төгрөг биш, 14 900 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 20.4 хувийн хүүтэй зээлсэн байсан. Г.Г өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Х банкнаас ийм их хэмжээний мөнгө авсныг сүүлд мэдсэн ба энэ тухай хэлэхэд би өөрөө төлнө гэж хэлсэн байдаг. Ийнхүү Х банк нь төлөөлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр эрх олгоогүй байхад, хэнээс, ямар хэмжээ, хугацаа ба хүүтэй авах тухай эрх олгоогүй итгэмжлэлийг үндэслэн 14 900 000 төгрөгийн зээл олгосон байсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4 дэх хэсгүүдэд зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Мөн Х банк нь Г.Г-ээс ямар хэмжээ, хугацаатай зээл авах гэж байгаа тухай итгэмжлэл дээрх утсаар ч залгаж асуугаагүй, зөвхөн мөнгө зээлж, хүү авах өөрийн ашиг сонирхлыг илүүд үзэж зээлийн болон барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулаагүй. Иймээс энэхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээний Г.Г-д холбогдох хэсэг нь хуульд заасан төлөөлөлтэй холбоотой хэм хэмжээг зөрчсөн, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Г.Г нь UNMISS энхийг сахиулах ажиллагаанд 2019 оны 10 сард яваад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад ирсэн. Гэтэл Х банк Г.Г-д мэдэгдэхгүйгээр түүний энхийг сахиулах ажиллагааны цалингаас 23 278 000 төгрөгийг татан авч Э.Б-ын зөвшөөрөлгүйгээр авсан бүх зээлийг төлүүлсэн, барьцааны гэрээнд Э.Б-ын 20 000 000 төгрөгийн цалинг барьцаалсан атал Г.Г-ийн цалингаас шууд 23 273 854 төгрөгийг суутгаж авсан. Төлөөллийн нэг онцлог шинж нь төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үйлдэл хийж байгаа нь тодорхой байх ёстой байдаг бөгөөд төлөөлүүлэгч итгэмжлэлийн улмаас үүссэн эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой байдаг. Хэрвээ Г.Г-ийг хамтран зээлдэгчээр оролцуулсан бол тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, Э.Б-ыг зээлээ төлөхийг шаардах, банк түүний хаягийг олж шаардлага тавьж чадахгүй байсан тохиолдолд хаягийг нь олоод, араас нь хөөцөлдөөд үүргээ гүйцэтгэхийг шаардах зэрэг боломж байсан. Гэтэл Г.Г-ийн хүсэл зоригоос гадуур, Э.Б зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж 14 900 000 төгрөг авсан тул зээлийн  болон барьцааны гэрээний Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, хууль бусаар шилжүүлэн авсан цалин болох 23 273 854 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулахаар нэхэмжилж байна” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан. Г.Г нь Э.Б-д 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн  дугаар 1336 дугаартай итгэмжлэл олгосон, итгэмжлэлд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийг нотариат гэрчилсэн болохоор хуулийн дагуу хүчин төгөлдөр бичиг баримт гэж банкны зүгээс үзсэнээс гадна хүсэлтэд хавсаргасан Г.Г-ийн “...Х банканд, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 449, дэслэгч цолтой Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны Б/273 дугаар тушаалаар тус ангид ротын ажиллагааны офицер албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд сарын 748 534 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно”, “...Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны Б/87 дугаар тушаалаар тус ангид ротын ажиллагааны офицер албан тушаалд сарын 759 412 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно, Х банканд” гэх тодорхойлолтуудаас түүний хүсэл зоригийн илэрхийлэл харагдаж байна гэж үзэж уг зээлийг олгосон. Уг зээлийн гэрээнд Г.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж, түүнийг төлөөлж Э.Б нь гарын үсэг зурж, өөрөө үндсэн зээлдэгчээр орсон байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд банк зээл олгохдоо зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан. Зээлийн данс нь үндсэн зээлдэгчийн нэр дээр үүсдэг ба энэ талаар Монгол банкны холбогдох журмаар зохицуулж өгсөн. Банк нь ерөнхийдөө Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зохицуулагч байгууллага буюу Монгол банкнаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг итгэмжлэлд хэдэн төгрөгийн зээл авахыг дурдаагүй байсан бөгөөд банкны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үл маргах журмаар Г.Г-ийн данснаас зээлийн төлбөрийг бүрэн төлүүлсэн. Нэхэмжлэгч тал итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл, шаардлагын хувьд Х банк нь хариуцагч биш юм. Учир нь итгэмжлэл нь Г.Г Э.Б нарын хооронд үүссэн харилцаа байна. Зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт зээлдэгч гэж энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдийг хэлнэ гэж, 3.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийг банканд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэж, 3.2.1-д Х банк ХХК дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авна гэж, 5.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Банк дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банк дахь хугацаатай хадгаламжид барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээ нь иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ тул банк зээлийн гэрээний үүргийг Г.Г-ийн данснаас суутгаж авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Түүнчлэн итгэмжлэлтэй холбоотой төлөөлүүлэгчид учирсан хохирлыг хэн хариуцах талаар хуульд тодорхой буюу төлөөлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол төлөөлөгч хариуцна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Г-д учирсан хохирлыг Х банк биш Э.Б хариуцахаар байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны ЗГ201843613266 тоот “3ээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-нээс өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

            Хавтаст хэрэгт, Э.Бас Г.Г-д 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон 1336 дугаар итгэмжлэл, тус итгэмжлэлийг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х банк ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан 14 900 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ, мөн өдөр Х банк ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан цалингийн орлогыг барьцаалсан барьцааны гэрээ тус тус авагдсан байх бөгөөд талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэхэд маргаагүй.

 

          Харин нэхэмжлэгч нь “...Итгэмжлэлээр зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар намайг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон атал хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан, гэрээнд үнийн дүн заагаагүй байхад 14 900 000 төгрөгийг зээл олгож, улмаар цалингаас үндэслэлгүйгээр суутгаж авсан нь хууль зөрчсөн” гэж маргасан,

          хариуцагч “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Г.Г-ийн данснаас зээлийн төлбөрийг бүрэн төлүүлсэн нь хуульд нийцсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл, шаардлагын хувьд Х банк нь хариуцагч биш. Учир нь итгэмжлэл нь Г.Г Э.Б нарын хооронд үүссэн харилцаа юм” гэж тайлбарласан.

 

          Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд Г.Г нь дээрх итгэмжлэлээр өөрийн өмнөөс цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Э.Б-д олгосонтой маргаагүй тул Г.Г, Э.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл буюу итгэмжлэл нь нэхэмжлэгч Г.Г-ийн хүсэл зоригийг илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.  

 

          Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

          Гэтэл Х банк ХХК нь дээрх хүчин төгөлдөр итгэмжлэлд үндэслэж, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.Б-тай зээлийн гэрээ байгуулахдаа Г.Г-ийг түүний хүсэл зоригоос гадуур, өөрөөр хэлбэл хамтран зээлдэгчээр оролцохоор эрх олгосон байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь тогтоогдох тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “…хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.    

 

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х банк ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг, талууд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч Г.Г-ийн данснаас зээлийн төлбөрт суутгаж авсан 23 278 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х банк ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний тал нь Г.Г биш байх тул шүүх уг гэрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х банк ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны гэрээний Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн данснаас үндэслэлгүйгээр суутгаж авсан  23 278 000 төгрөгийг Х банк ХХК-иас буцаан гаргуулж Г.Г-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        277 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274 340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 3580 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ