Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01372

 

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01328 дугаар шийдвэртэй

Г.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хны ЗГ201843613266 тоот 3ээлийн гэрээ, Барьцааны гэрээ-нээс Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г.Гийн өөрийн төрсөн эгч Г.Мөнхзулын нөхөр байсан Э.Б нь 5 000 000 төгрөг хэрэгтэй болоод байна, би 5 000 000 төгрөг зээлэх гэсэн боловч хамтран зээлдэгч хэрэг болоод байна, надад тус болооч гэж гуйсан. Иймд хүсэлтийг нь зөвшөөрч, хоёулаа хамт яваад зээлийн гэрээг чинь байгуулчихъя гэхэд Э.Б нь би өөрөө очно чи надад зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээ өгөхөд л болно гэж хэлсний дагуу нотариатаар Г.Гийн нэрийн өмнөөс цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Э.Б Х ХХК дээр очин 5 000 000 төгрөг биш, 14 900 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 20.4 хувийн хүүтэй зээлсэн байсан. Х нь төлөөлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр эрх олгоогүй байхад, хэнээс, ямар хэмжээ, хугацаа ба хүүтэй авах тухай эрх олгоогүй итгэмжлэлийг үндэслэн 14 900 000 төгрөгийн зээл олгосон байсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4 дэх хэсгүүдэд зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Мөн Х нь Г.Гээс ямар хэмжээ, хугацаатай зээл авах гэж байгаа тухай итгэмжлэл дээрх утсаар ч залгаж асуугаагүй, зөвхөн мөнгө зээлж, хүү авах өөрийн ашиг сонирхлыг илүүд үзэж зээлийн болон барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулаагүй. Иймээс энэхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээний Г.Гэд холбогдох хэсэг нь хуульд заасан төлөөлөлтэй холбоотой хэм хэмжээг зөрчсөн, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Г.Г нь UNMISS энхийг сахиулах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сард яваад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад ирсэн. Гэтэл Х Г.Гэд мэдэгдэхгүйгээр түүний энхийг сахиулах ажиллагааны цалингаас 23 278 000 төгрөгийг татан авч Э.Б-ын зөвшөөрөлгүйгээр авсан бүх зээлийг төлүүлсэн, барьцааны гэрээнд Э.Б-ын 20 000 000 төгрөгийн цалинг барьцаалсан атал Г.Гийн цалингаас шууд 23 273 854 төгрөгийг суутгаж авсан. Хэрвээ Г.Гийг хамтран зээлдэгчээр оролцуулсан бол тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, Э.Баттулгыг зээлээ төлөхийг шаардах, банк түүний хаягийг олж шаардлага тавьж чадахгүй байсан тохиолдолд хаягийг нь олоод, араас нь хөөцөлдөөд үүргээ гүйцэтгэхийг шаардах зэрэг боломж байсан. Гэтэл Г.Гийн хүсэл зоригоос гадуур, Э.Б зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж 14 900 000 төгрөг авсан тул зээлийн болон барьцааны гэрээний Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, хууль бусаар шилжүүлэн авсан цалин болох 23 273 854 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан. Г.Г нь Э.Бд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 1336 дугаартай итгэмжлэл олгосон, итгэмжлэлд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийг нотариат гэрчилсэн болохоор хуулийн дагуу хүчин төгөлдөр бичиг баримт гэж банкны зүгээс үзсэнээс гадна хүсэлтэд хавсаргасан Г.Гийн ...Ханд, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 449, дэслэгч цолтой Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны Б/273 дугаар тушаалаар тус ангид ротын ажиллагааны офицер албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд сарын 748 534 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно, ...Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны Б/87 дугаар тушаалаар тус ангид ротын ажиллагааны офицер албан тушаалд сарын 759 412 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно, Ханд гэх тодорхойлолтуудаас түүний хүсэл зоригийн илэрхийлэл харагдаж байна гэж үзэж уг зээлийг олгосон. Уг зээлийн гэрээнд Г.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж, түүнийг төлөөлж Э.Б нь гарын үсэг зурж, өөрөө үндсэн зээлдэгчээр орсон байдаг. Зээлийн данс нь үндсэн зээлдэгчийн нэр дээр үүсдэг ба энэ талаар Монгол банкны холбогдох журмаар зохицуулж өгсөн. Банк нь ерөнхийдөө Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зохицуулагч байгууллага буюу Монгол банкнаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг итгэмжлэлд хэдэн төгрөгийн зээл авахыг дурдаагүй байсан бөгөөд банкны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үл маргах журмаар Г.Гийн данснаас зээлийн төлбөрийг бүрэн төлүүлсэн. Нэхэмжлэгч тал итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл, шаардлагын хувьд Х нь хариуцагч биш юм. Учир нь итгэмжлэл нь Г.Г Э.Б нарын хооронд үүссэн харилцаа байна. Зээлийн гэрээний 1.2, 3.2, 3.2.1, 5.1.2-т тус тус заасан бөгөөд дээрх гэрээ нь иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ тул банк зээлийн гэрээний үүргийг Г.Гийн данснаас суутгаж авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Түүнчлэн итгэмжлэлтэй холбоотой төлөөлүүлэгчид учирсан хохирлыг хэн хариуцах талаар хуульд тодорхой буюу төлөөлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол төлөөлөгч хариуцна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Гэд учирсан хохирлыг Х биш Э.Б хариуцахаар байгаа юм. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ШҮҮХ: Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны гэрээний Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн данснаас үндэслэлгүйгээр суутгаж авсан 23 278 000 төгрөгийг Х ХХК-иас буцаан гаргуулж Г.Гэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274 340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 3580 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг зарим хэсэг буюу хариуцагч Х ХХК-иас 23 278 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Зээлдэгч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ байгуулан Хны Дархан плаза тооцооны төвөөс 19 973 800 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийн гэрээнд Г.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон бөгөөд ингэхдээ Г.Г нь Э.Бд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1336 дугаартай итгэмжлэлээр тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосны үндсэн дээр тус зээлийн хамтран зээлдэгчээр Г.Гийг оролцуулж түүнийг төлөөлж Э.Б нь гарын үсэг зурсан. Уг итгэмжлэлд хэдэн төгрөгийн зээлд хамтран орох талаар дурдаагүй итгэмжлэлд Энэхүү итгэмжлэлийн дагуу миний өмнөөс цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна гэжээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4-д тус тус заасантай нийцсэн болно. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Учир нь банк Г.Гийн Э.Б-ын цалиигийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулахдаа Э.Батгулгад олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэсэн бөгөөд энэхүү итгэмжлэлээр Г.Гийн зөвшөөрлийг авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зорчсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2, 242.2, зээлийн гэрээний 2.4.6, 3.1.8-д тус тус зааснаар зээлийн төлбөрийг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг үл харгалзан шууд суутгахаар тус тус тохиролцсон. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үүргийг Э.Б, Г.Г нарын аль нэгээс шаардах эрхийн хүрээнд гэрээнд заасан тохиролцооны дагуу Г.Гийн харилцах данснаас зээлийн төлбөрийг суутган авсныг буруутгах үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хны ЗГ201843613266 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-нээс өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Г.Гээс Б.Бд олгосон итгэмжлэл нь тэдний хоорондын асуудал тул Х ХХК-д хамаарахгүй бөгөөд манай байгууллага хариуцагч биш гэж маргаж байна. /хх.30,31/

Хэргийн 10 дугаар талд Х ХХК, Э.Б нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Э.Б 14 900 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Г оролцсон байна. /хх.8, 10-14/

Г.Г нь /төлөөлүүлэгч/ Э.Бд /төлөөлөгч/ 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл олгож, өөрийн нэрийн өмнөөс цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгожээ. /хх.7/ Нэхэмжлэгч Г.Гээс Э.Бд олгосон итгэмжлэлийг үндэслэн түүнийг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Х ХХК зээлдэгч Э.Бтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, Э.Б зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж 14 900 000 төгрөг авсан гэж тайлбарласан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Гээс Э.Бд олгосон итгэмжлэлээ хэрхэн үзэж, зээл болон барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлага гаргасан нь ойлгомжгүй, түүнчлэн зээлийн гэрээний нэг тал болох Э.Б-ын эрх ашиг хөндөгдөж болохоор байгааг анхаараагүй байна.

Иймд зээлийн гэрээний тал болох Э.Б-ын эрх, ашиг хөндөгдөж буй эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.

Иймээс давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО